Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 213/МА2023/00013

 

 

*******гийн  нэхэмжлэлтэй

*******т холбогдох иргэний хэргийн тухай

                                                          

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж,  шүүгч В.Цэцэнбилэг, Ц.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 131/ШШ2023/00267 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй хариуцагч *******т холбогдох

Зээлийн гэрээний үүргийн 10,200,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хариуцагч хариуцагч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар  Б.Бадамсүрэн нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Миний бие *******тэй манай зээлийн төвөөс зээл чөлөөлөхийг хүссэн манай салбар банк бусын зээлийг чөлөөлөхгүй гэдэг тайлбарыг хэлээд явуулсан боловч Транс капитал ББСБ-ын захирал *******г явуулж, энэ зээлийг хаах юм бол зээл нэмж гарах боломжтой гэхээр нь 11,500,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Авах үедээ 2 хоногийн хугацаатай аваад буцаагаад авна гэсэн. *******ээс нь банк бусаас авахдаа болиод Хаан банкнаас авахаар боллоо гээд гээд дахин 7 хоногийн хойшилж Хаан банкнаас зээл авсан мөртөө мөнгөө таллаж өгсөн. Нийт 20,200,000 төгрөг авсан үүнээс одоо үлдэгдэл 10,200,000 төгрөгийг өгөхгүй 1 сар гаруй хугацаа өнгөрч байна. Өгсөн мөнгө дансны хуулгаар баталгаажиж байгаа мөн Төрийн банкнаас зээлээ аваад өгсөн гэж 25,000,000 зээл аваад өгөөгүй тэгэхээр залилан маягаар яваад байгаа тул шүүхэд хандаж байна. *******ээс 10,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

*******ийг би сайн танихгүй. 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлээд яриад байсан, тэгээд Нэт капиталын захирлыг над руу яриулсан тэгэхээр нь би ******* гэх хүнээс мөнгө зээлээд ******* рүү нийт 20,200,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд *******т зээл нь гарсан боловч надаас зээлсэн мөнгөө бага багаар өгсөөр байгаад одоо 10,200,000 төгрөг үлдсэн байгаа. Би хүү огт бодоогүй гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

******* миний бие *******гаас хувь хүүтэй мөнгө зээлж зээл хаасан нь үнэн, буцаад төлж барагдуулж байгаа бөгөөд өдрийн 10 хувиар бодон хувь хүү нэхсэн учраас хоорондын үл ойлголцол үүссэн. Гэвч ******* нь надад бие болоод сэтгэлийн дарамт маш их үзүүлсэн төдийгүй хүний нэр төрд хэд хэдэн удаа өөрөө болон өрөөл гэх /нөхөр болон төрийн банкны Н.Мөнхзаяа/-аар намайг үг хэлээр доромжлуулах, данснууд хаах, утас булаах, биед цохих гэх мэтээр гэмт хэргийн шинжтэй дарамтыг удаа дараа үзүүлсэн. Миний бие тухай үед өөрийгөө ч цагдаад өгөх гэж шийдэж байсан. Одоо энэ нэхэмжлэлд харилцан тохиролцоно гэж ойлгож байгаа учир та бүхэн нэхэмжлэлийг хүлээн авалгүйгээр хугацааг үндэслэж шийдвэрлэж өгнө үү.

Энэ хүн банк бус санхүүгийн байгууллагын зээл хаадаг гэхдээ өдрийн 1 хувь гэж хэлж байсан. Энэ их хүүг төлж чадахгүй учраас надад дарамт үүссэн. 10,200,000 төгрөг төлөх нь үнэн маргах зүйлгүй, гэхдээ 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулмаар байна гэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн  тогтоох хэсэгт:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,200,000 /арван сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 178,150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, шийдвэрлэжээ.

Хариуцагч *******ийн  тус шүүхэд гаргасан гомдлын агуулга:

... Миний бие *******гаас хувь хүүтэй зээл авсан нь үнэн боловч тохирсон зээлийн хүүгийн хувийг надад мэдэгдэлгүй өгсөж нэхэмжлэн, банкны ажилтанг оролцуулан дарамталж хэрэг үүсгүүлэн шийдвэр гаргуулсан нь иргэн миний эрхий зөрчсөн гэж үзэж байгаа учраас иргэд хоорондын тохиролцоог харгалзан үзэлгүйгээр нэхэмжлэгчээс гаргасан хууль бус баримтыг үндэслэн шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд хэргийг бүрэн хянан шийдвэрлэж хариуцагч миний гаргасан тайлбар шаардлагыг ханган үнэн зөв шийдвэр гаргаж өгнө үү. Иргэн миний бие Иргэний хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу хэлцлийг хийсэн хэдий ч уг хэлцэлд заасан гэрээгээ нэхэмжлэгчийн зүгээс зөрчсөн гэж үзэж байгаа болно гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд  хянаад  анхан шатны шүүхийн шийдвэрийг  хэвээр үлдээж шийдвэрлэв.

Учир нь:

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******тэй  амаар харилцан тохиролцож өөрийн  5246252601 дугаарын данснаас 2023 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр 11,500,000 төгрөг, 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр 5,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 700,000 төгрөг нийт 20,200,000 төгрөгийг  зээлдүүлсэн, энэ асуудлаар талууд маргаангүй байна.

2. Хариуцагч *******  нь 2023 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр 200,000 төгрөг, 2023 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр 3,000,000 төгрөг, 2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 1,800,000 төгрөг, 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг, нийт 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгч *******д төлсөн, энэ талаар талууд маргаангүй байна. /хавтаст хэргийн 15 дугаар тал/

3. Хариуцагч ******* нь  зээлийн 20,200,000 төгрөгийн   үлдэгдэл  10,200,000 төгрөгийг нэхэмжлэгч *******д төлөхийг зөвшөөрсөн, маргаангүй байна.

4. Зээлийн гэрээний хэлбэрийг хуульд тусгайлан заагаагүй тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар хэлцлийг талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийж болох бөгөөд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д заасны дагуу хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон бөгөөд талуудын хооронд үүссэн дээрх харилцааг Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

5. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээдэг.

6. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох  зээлийн 10,200,000 төгрөгийг хариуцагч 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.”, 106 дугаар зүйлийн 106.5-д “...хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна.” гэж тус тус заасны дагуу хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр  “...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн...” үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжийг  анхан шатны шүүх анхаараагүй байна.

7. Иймд хариуцагч *******ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,200,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

8. Давж заалдах шатны шүүхээс  анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул  хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.1-т   заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 131/ШШ2023/00267 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1-т тус тус   зааснаар хариуцагчийн   Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112.950 төгрөгийг  төвлөрсөн төсвийн дансанд хэвээр  үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасныг баримтлан  анхан болон давж заалдах шатны шүүх  хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл  зохигч талууд тэдгээрийн өмгөөлөгч нар  давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол  гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД В.ЦЭЦЭНБИЛЭГ

Ц.ОЮУН-ЭРДЭНЭ