Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 37

 

 

 

 

 

 

 

   2019         01           07                                     37

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                     

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Б.Ядмаа, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Намдаг,

шүүгдэгч: Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Бадамцэцэгийн Гд холбогдох эрүүгийн 1805 0342 40821 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Өөд” ХХК-д жолооч ажилтай, сард 2 000 000 төгрөгийн цалинтай, ам бүл 3, Г.

 

Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 6 дугаар сарын 19-ний шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эргэн дурсахуй” баарны орчим иргэн Б.Атай маргалдан зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Г мэдүүлэхдээ:

Тухайн үед бидэнтэй хамт явж байсан найз маань согтоод унтсан байхад  баарны хамгаалагч нар манай найзыг зодсон тул бид тэдэнтэй маргалдсан. Гэтэл  баарны гадаа такси үйлчилгээ үзүүлдэг жолооч нар хамгаалагч нарыг өмөөрөөд бид нар руу дайрсан. Би өөрийн биеэ хамгаалж байгаад хохирогчид гэмтэл учруулсан. Би тухайн үед эрүүл байсан. Би хохирогчид 2 500 000 төгрөг өгсөн. Уг мөнгөөр хохирогч наадаг шүд хийлгэсэн байх. Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Цаашид хохирогч өөрт учирсан гэмтлээ эмчлүүлэхтэй холбоотой нэмэлт зардал гаргасан гэж хохирол нэхэмжлэвэл төлнө. Одоогоор би Өвөрмонголын “Өөд” гэдэг нэртэй компанид том тэрэг жолооддог ажил хийж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.А мэдүүлэхдээ:

Би Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эргэн дурсахуй” баарны гадаа байнгын халтууранд явдаг бөгөөд 2018 оны 6 дугаар сарын 20-ны шөнө 01 цагийн орчим уг баарнаас 4 залуу, нэг эмэгтэйн хамтаар нэлээд согтуу, хүмүүстэй маргалдаад тэр баарны хамгаалагч гаргаж ирсэн. Тэгээд тэр залуус тэнд байсан хүмүүс рүү орилоод “ална, тална, муу сайн хужаа нар” гээд агсамнаж байснаа урагш гарч буцаад такси барих гэж байгаа бололтой ирээд надаас 100 метрийн зайд мөн таксинд явдаг залуус руу очицгоосон. Тэгээд харж байтал тэр залуус нөгөө таксинд явдаг хоёр залуутай муудалцаад тэр хоёрыг зодох гэхэд тэд булан эргээд зугтаахад хоёр нь хөөсөн. Тэгээд үлдсэн хоёр залууг нь “одоо боль, наадуулаа аваад яв” гэхэд тэр хоёр залуугийн нэг болох Гоони гэж дуудаад байсан залуу эргэж хараад шууд нүүрэн дундуур гараараа цохихоор нь би амаа дараад доош суутал бас араас дагз руу 2, 3 удаа цохисон. Тэгтэл манай найз Б салгахад нөгөө хоёр жолоочийн араас хөөсөн хоёр залуу эргэж ирэхээр нь нэмж зодуулаад яах вэ гэж бодоод Б бид хоёр машинаа унаад зугтаасан. Тэгээд машинаа аваад эргээд иртэл нөгөө 3 залуу байсан бөгөөд 2 залуу нь нэг залуугаа таксинд суулгаад харин яг намайг цохисон залуу түүнтэй хамт байсан эмэгтэй хоёр байхгүй болчихсон байсан. Тэгэхээр нь би аркны тэнд эргэж хараад зогстол аркнаас нэлээд доохон талд намайг цохисон залуу нөгөө хүүхэнтэйгээ байхаар нь би явж очоод “чи яаж байгаа юм бэ, миний шүднүүд уначихлаа” гэхэд тэр залуу хүүхнээ хаяад зугтачихаар нь тэр хүүхнийг цагдаад барьж өгсөн. Тэр 4 залуугийн саарал кепкэн малгайтай, шорт өмссөн, цайвар өнгийн фудболк өмссөн, өндөрдүү залуу нүүр рүү цохиод, дараа нь араас дагз руу 2, 3 удаа цохисон. Миний үүдэн 4 шүд унасан, мөн доод уруул язарч оёдол тавиулсан, мөн дээд уруул язарсан, тохой болон өвдөгөөрөө зулгарсан байсан.

Намайг цохисон Г гэх залуу надад одоогийн байдлаар нэг төгрөг ч өгөөгүй байна. Харин надтай нэлээд хэд хоногийн өмнө уулзаад банкинд тавьсан байгаа машиныг түр авч байгаач гэхээр нь би зөвшөөрөөгүй, тохирсон мөнгөө л авна гэсэн. Би түүнтэй “надад шүдээ хийлгэх 3 000 000 төгрөг өгчихөө, тэгвэл надад гомдол байхгүй” гэхэд би яаж ийгээд мөнгө олохыг бодьё, тэгээд орой эргээд залгана гэсэн боловч залгаагүй. Хэрэв Г надтай тохирсон 3 000 000 төгрөгөө өгчихвөл надад гомдол санал, нэмж нэхэмжлээд байх зүйл байхгүй. Би уг нь адилхан эр улсууд гээд нэлээд удаан хугацаанд хүлээсэн.

Эмчилгээний зардал 2 500 000 төгрөг авсан. Одоо надад цаашдаа гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр эвлэрсэн учир энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хэргийн 10, 97, 135 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Э.Б мэдүүлэхдээ:

Манай найз А таксинд явдаг бөгөөд 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 23 цаг орчим түүнтэй “Эргэн дурсахуй” баарны гадаа уулзсан. Тэгээд А бид хоёр гадаа юм яриад зогсож байтал “Эргэн дурсахуй” баарнаас 3 залуу гарч ирээд тэр хавиар хүн, хүн рүү үсчээд байхаар нь цаана байсан хоёр таксины жолоочийн нэгэнтэй юм ярьж байснаа түүнийг саарал кепктэй, цэнхэр фудболк, биеийн тамирын өмдтэй залуу цохиод авсан бөгөөд тэр цохиулсан залуу цааш зугтаангуут нөгөө залуу “та нарыг алаад хаячихъя, та нар төмөр замд байгаа шүү” гээд орилоод байхаар нь манай найз А очоод “боль” гэсэн чинь Аыг нөгөө саарал кепктэй залуу шууд нүүр рүү нь цохисноо угсруулаад хэд, хэд цохисон. Тэгэхээр нь би уг залууг болиулах гээд “боль, боль” гээд араас нь тэврээд авахад А доошоо тонгойгоод, эвгүй болчихлоо гэхээр нь яасан бэ гээд хартал үүдэн шүднүүд нь унасан байсан. Тэгээд эргээд хартал нөгөө залуу цааш зугтаасан. Гэтэл тэдэнтэй хамт байсан нөгөө хоёр залуу алнаа гэхэд тэр хавьд байсан таксины жолооч бүгд айгаад зугтаасан. Мөн тэр хоёр залуу Аыг нэмж зодох гээд байхаар нь бид хоёр машинаа хаяад тэр газраас зугтаасан. Энэ үед тэнд байсан таксины жолооч цагдаад дуудлага өгсөн байсан. Би Аыг зодсон залуутай хамт байсан хоёр залууг зүс таних бөгөөд Ган зам 20 дугаар сургуулийг 2009 онд төгссөн залуус байсан гэжээ. (хэргийн 13 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Г.Л мэдүүлэхдээ:

2018 оны 2 дугаар сарын 20-ны 00:00 цаг өнгөрч байсан байх. Би “Эргэн дурсахуй” бааранд таньдаг ах болох Энхбаяр ах над руу залгасан. Тэр бааранд очиход Энхбаяр ах тэрний найз болох бүжгийн талбай дээр нилээн хэдэн залуучууд, 2 хүүхэн, архи уугаад тасарсан бацаан байсан. Тэнд би Энхбаяртай 50 грамм виски уугаад, бүжиглэж байгаад 00:50 цагийн үед баарнаас Энхбаяр ах тасарсан нэг бацаан нарын араас гарсан. Гарахад Энхбаяр баарны гадаа хөгшин ах нартай муудалцаад байсан. Тэгэхээр нь би салгаад аваад явсан чинь гадаа шатан дээр нөгөө тасарсан байсан хамт гарсан бацаан хамгаалагч нартай муудалцсан чинь хамгаалагч тэрнийг цохиод унагаасан. Тэгээд тэр залуу би зодуулчихлаа гээд орилоод байж байхад цаанаас хоёр залуу ирээд муудалцаад  байсныг салгасан. Зодоон салгаж байсан залуугийн фудболкыг нэг нь урсан. Тэгээд би салгасан. Цагдаа дээр надтай хамт ирсэн шүдээ цохиулсан хүний найз нь гэх Алтангэрэл гэж хүн нь намайг өшиглөсөн. Тэгээд хэрүүл хийж байхад тэнд зодолдоод байсан залуучууд намайг миний шүдийг цохиж зодсон хүмүүстэй хамт байсан хүүхэн гээд барьж үлдээд цагдаа дуудсан. Тэгээд цагдаа дээр хамт ирсэн. Тэр үед Энхбаяр тэр тасарсан байсан залуу хоёр нэг мэдсэн алга болсон байсан. Намайг өшиглүүлсэний дараа алга болсон байсан. Надтай хамт цагдаа дээр шүдээ цохиулаад ирсэн гэх залууг хэн цохисныг хараагүй. Тэнд байсан хүмүүс л байсан. Сайн хэлж мэдэхгүй байна. Энхбаярыг таньдаг эсэхийг мэдэхгүй байна. Ямартай ч зодоон салгасан хүмүүс л байсан гэжээ. (хэргийн 11-12 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 7824 тоот дүгнэлтэд:

1. Б.Аын биед 4 шүдний булгарал, доод уруулын дотор салстад мэс заслын оёдол бүхий шарх, дээд уруулын дотор салстад язралт, цус хуралт, тохой, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.52.3-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15 хувиар тогтонги алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэжээ. (хэргийн 17 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Б.Г нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 172 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 150 000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан гэжээ. (хэргийн 24 дүгээр хуудас)

 

                                                ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 6 дугаар сарын 19-ний шөнө архи ууж согтуурсан үедээ Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эргэн дурсахуй” баарны гадна хохирогч Б.Атай маргалдан, улмаар түүнийг  зодож, эрүүл мэндэд нь 4 шүдний булгарал, доод уруулын дотор салстад мэс заслын оёдол бүхий шарх, дээд уруулын дотор салстад язралт, цус хуралт, тохой, өвдөгт зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.А, гэрч Э.Б, Г.Л нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 7824 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Иймд Б.Гантулгыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хүндэвтэр гэмтлийг эмчлүүлсэн зардлаа нотлох баримтаар нотолж хохирол нэхэмжлээгүй боловч шүүгдэгч түүнд 2 500 000 төгрөг төлжээ. Б.А надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй гэж мэдүүлсэн тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй болно.

 

Хохирогч Б.А нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хүндэвтэр гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Г 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний 2 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хохирогч нь энэ хэргийн улмаас өөрт  учирсан хүндэвтэр гэмтлээ эмчлүүлэхэд цаашид гарсан эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Г цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН