Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2017/00727

 

Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2016/05911 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 379 дүгээр магадлал,

Нэхэмжлэгч : Хас банк ХХК,

Хариуцагч : Ц.Ган-Эрдэнэ,

Хариуцагч : Ц.Ганцэцэг,

Нэхэмжлэлийн шаардлага : Зээлийн гэрээний үүрэгт 35.241.550 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай

Хариуцагч Ц.Ганцэцэгийн өмгөөлөгч Б.Димагийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бархас, Х.Батдэлгэр, хариуцагч Ц.Ганцэцэг, түүний өмгөөлөгч Б.Дима, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Ц.Ганцэцэг нь 2013.4.11-ний өдөр Хас банктай барьцаат зээлийн гэрээ байгуулж, 30 сая төгрөгийг 36 сарын хугацаатай жилийн 27,6 хувийн хүүтэйгээр зээлдэж авсан. Зээлийн барьцаанд Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 12 дугаар байрны 9 тоотод орших 12 м.кв нэг өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Монлаа 16 дугаар гудамжны 5 тоот 48 м.кв хувийн сууц, 700 м.кв өмчлөх эрхтэй газрыг тавьсан байдаг. Ц.Ганцэцэг нь зээлийн эргэн төлөлтийг 834 хоногоор хугацаа хэтрүүлсэн учраас бид шүүхэд нэхэмжлэл гаргасан. Зээлийн үндсэн төлбөр 20, 9, зээлийн хүүнд 12.325.855 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1.413.946 төгрөг, нотариатын хөлс 28.000 төгрөг, нийт төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага хангасан. Зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгөөр хангуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Ц.Ганцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 2013 онд Хас банкнаас зээл авсан. Зээлээ хугацаанд нь төлж барагдуулж, явж байгаад сүүлийн жил хагас миний бие хүндээр өвдсөний улмаас зээлээ төлж чадаагүй. Уг зээлийг авахад нөхөр Л.Цэрэннадмидтай хамт амьдарч байсан. Нөхөр маань зээл авсан мөнгөнөөс 15 сая төгрөгийг аваад надаас салсан. Нөхөр Л.Цэрэннадмидаас тодорхой хэмжээний мөнгө авч зээлийн төлбөрт төлөх бодолтой яваад байсан. Ээж дүү нарын маань хашаа байшин давхар зээлийн барьцаанд байгаа. Би өөрийнхөө байрыг зарж, зээлийнхээ төлбөрийг барагдуулах гээд сонинд зар тавьсан боловч эдийн засгийн хямралаас шалтгаалан зарагдахгүй байна. Би Хас банкнаас авсан зээлээ төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Миний бие Хас банкинд миний байдлыг харгалзан үзээд зээлийн хүүг зогсоож өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байсан. Би өөрөө хөөцөлдөөд Л.Цэрэннадмидыг олж чадахгүй байгаа. Харин шүүхийн журмаар Л.Цэрэннадмидыг энэ хэрэгт татаж оролцуулах хүсэлтэй байгаа. Л.Цэрэннадмидыг хамтран хариуцагчаар оролцуулах ёстой байсан. Л.Цэрэннадмидыг хамтран зээлдэгчээр гарын үсэг зуруулсан байгаа гэжээ.

Хариуцагч Ц.Ган-Эрдэнэ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2013.4.09-ний өдөр манай эгч Ц.Ганцэцэг, хүргэн ах Л.Цэрэннадмид нар нь зээл авах гэсэн юм. Баталгаа гаргаж, өгөөч гэсний дагуу миний бие Хас банкин дээр очиж, юунд гарын үсэг зурж байгаагаа ч сайн ойлгохгүй гарын үсгээ зураад явсан. Хүргэн ах болон эгч маань банкны зээлийг 100 хувь өөрсдөө төлнө гэж надад хэлсэн. Зээлдэгч нь нийт 17 сая төгрөг төлсөн байдаг. Л.Цэрэннадмидтай ямар холбоотойг Цагдаагийн байгууллагаар шалгуулах хүсэлтэй байна. Ц.Ган-Эрдэнэ эгч, хүргэн ахынхаа гуйсны дагуу зээлийн гэрээнд гарын үсэг зурсандаа орон гэрээ алдаж, хөгшин эх, эхнэр хүүхдийнхээ хамт орон гэргүй болох гэж байгаа байдлыг огт хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээ нь 2 талын хүсэл зоригийг илэрхийлсэн байх ёстой байдаг. Хариуцагч нь хүсэл зоригоо мэдээгүйгээр гарын үсэг зурсан байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2016/05911 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг баримтлан Ц.Ганцэцэгээс 35.213.550 төгрөгийг гаргуулж Хас банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан Ц.Ганцэцэг нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл Ц.Ганцэцэг, Ц.Ган-Эрдэнэ нарын барьцааны хөрөнгийг хуульд нийцүүлэн худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 334.157 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Ц.Ганцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид 334.017 төгрөгийг гаргуулан Хас банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 379 дугаартай магадлал гаргаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2016/05911 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.  

Хариуцагч Ц.Ганцэцэгийн өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Барьцаат зээлийн 2013.4.11-ний өдрийн 1490004408 тоот гэрээний 4-ийн хариуцлагын заалтад зээлдэгч, хамтран зээлдэгчийн хүлээх үүргийг адил тэнцүү гэдгийг заасан өгсөн байхад зөвхөн Ц.Ганцэцэгээр зээлийг төлүүлэх үндэслэлтэй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Банкнаас авсан зээлийн 30 сая төгрөгийг зээлийн гэрээнд хамтран хариуцагчаар гарын үсэг зурсан Л.Цэрэннадмид авсан, зээлийн баталгааны бүх баримтыг Л.Цэрэннадмидын бизнесийн үйл ажиллагааны баримтаар баталгаа болгосон гэдгийг хэлээд мэдүүлээд байхад хариуцагчаар татан оролцуулахгүй байна гэдэгтэй маргасан. Банк Л.Цэрэннадмидыг олдохгүй байна гэдэг үндэслэлээр шүүхэд оруулж ирэхгүй байгаа юм. Энэ нь Л.Цэрэннадмидыг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Анхан шатны шүүх нь Л.Цэрэннадмидыг хариуцагчаар татах эсэх асуудлыг шүүх хуралдаан дээр гомдол гаргах эрхгүйгээр шууд шийдвэрлэсэн. Иймд дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 Хас банк  нь  Ц.Ганцэцэг, Ц.Ган-Эрдэнэ нарт холбогдуулан үндсэн зээл 20.909.090 төгрөг, хүү 12.890.513 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.413.946 төгрөг, нотариатын зардал 28.000 төгрөг нийт  35.241.550 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг Баянгол дүүрэг, 11-р хороо, НААҮ-ний 12-р байр 9 тоот 12 кв.м нэг өрөө орон сууц, Сонгино-хайрхан дүүрэг, 7-р хороо, Монлаа 16-р гудамж, 5 тоотын 48 кв.м хэмжээтэй байшин, 700 м.кв газар буюу  барьцааны  хөрөнгөөр хангуулахыг шаардсан байна.

Ц.Ганцэцэг нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...хамтран үүрэг гүйцэтгэгч Л.Цэрэннадмидыг хариуцагчаар оролцуулж өгнө үү...” гэж, Ц.Ган-Эрдэнэ “...би зээл аваагүй ...барьцаа шаардлагатай болж би гэрээнд гарын үсэг зурсан...” гэсэн үндэслэл заажээ. /хх 48-49/

Анхан шатны шүүх нотариатын зардлаас бусад шаардлагыг хангаж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулахаар заасныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Хариуцагч Ц.Ганцэцэгийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Зохигчдын хооронд 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан 1490004408 дугаар гэрээгээр Ц.Ганцэцэг, Л.Цэрэннадмид нар 30 сая  төгрөгийг 30 хоногт 2,3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлснээс гадна уг зээлд Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 12 дугаар байрны 9 тоот, 12 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц, Сонгино-хайрхан дүүргийн 7 дугаар хороо, Монлаа 16 дугаар гудамжны 5 тоот 48 м.кв хувийн сууц, 700 м.кв өмчлөх эрхтэй газрыг барьцаалж, хариуцагч нар мөн өдөр 1490004408-01 дугаар “Баталгаат ипотекийн гэрээ” хийсэн байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр байх тул  зохигчид гэрээнд заасан үүргээ биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг хэн аль нь шаардах эрхтэй. Шүүх хэрэгт байгаа баримт, зохигчдын  тайлбарын  хэмжээнд  нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж,  хариуцагчаас 35.213.550 төгрөг гаргуулсан нь Иргэний хуулийн 451-453  дугаар зүйлд нийцжээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, Иргэний хуулийн 242, 451-453 дугаар зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул гомдлыг хангах үндэслэлгүй байна. Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох тул төлбөрийг Ц.Ганцэцэгээс гаргуулсныг буруутгах боломжгүй.

 Харин шүүх нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ барьцааны хөрөнгийг нэрлэн заагаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118, Иргэний хуулийн 175 дугаар зүйлд нийцээгүй байх тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1.  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 379 дүгээр магадлалын тогтоох хэсгийн нэг, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 102/ШШ2016/05911 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан Ц.Ганцэцэг шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцааны хөрөнгө болох Баянгол дүүрэг,11-р хороо, НААҮ-ний 12-р байр 9 тоот 12 кв.м нэг өрөө орон сууц, Сонгино-хайрхан дүүрэг, 7-р хороо, Монлаа 16-р гудамж, 5 тоотын 48 кв.м хэмжээтэй байшин, 700 м.кв газар-г худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай...” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалыг бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Н.Ганцэцэгийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Хариуцагч Ц.Ганцэцэг хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 04-ны өдрийн 102/ШЗ2017/04726 дугаар захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                    Б.УНДРАХ