Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2023/00892

 

 2023 04 28 210/МА2023/00892

 

 Б.Э-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2023/00355 дугаар шийдвэртэй Б.Э-гийн нэхэмжлэлтэй Т.Н-д холбогдох 4,350,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие 2019 онд 7,000,000 төгрөг Т.Н зээлж, 11 дүгээр сарын 13-ны өдөр 3,350,000 төгрөг буцааж шилжүүлэн авсан. Гэвч 3,350,000 төгрөгийг буцааж төлөхдөө дахин 6,000,000 төгрөгийг зээлэхдээ банкнаас зээл аваад өгнө гэж авсан. Ингээд мөнгөө өгөхгүй алга болсон. Үүний дараа би 2021 онд Т.Н-ийг цагдаад өгсөн. Хариуцагч цагдаа дээр байхдаа 2022 оны 02 дугаар сард 2,000,000 төгрөг, 04 дүгээр сард 3,000,000 төгрөг төлсөн. Иймд үлдэгдэл 4,350,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Т.Н-д бэлнээр мөнгөө өгсөн, бид гэрээ байгуулаагүй мөн энэ хугацааны хүү, алданги нэхэмжлээгүй гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр би Хятад улс руу явахдаа Б.Э-гаас 7,000,000 төгрөг зээлж авсанаас 3,000,000 гаруй төгрөгийг өгсөн. Тухайн үед бараа авчирсан боловч хүйтрэхгүй байсан учраас орлого муудсан. Тэгээд Худалдаа хөгжлийн банк ХХК-аас зээл авахаар хүсэлтээ өгсөн. Банкнаас зээл авахад хангалттай, кредит картны зээлээ хаагаад ир гэхээр нь Б.Э-гаас дахиад 6,000,000 төгрөгийг зээлж авсан. Гэтэл банкнаас сарын сүүл болоод таны зээлийг гаргахаас татгалзсан гэж хэлсэн. Яагаад татгалзсан талаар асуухад Монгол улсад Ковид-19 цар тахал гарсан. Б.Э-тай уулзаад учир байдлаа хэлэхэд намайг залилан хийсэн гэж хэлээд маргаан болсон. Дандаа бэлнээр мөнгө авдаг. Мөн 2019 оны 12 дугаар сард ажлын газрын хүмүүстэй нийлж хөзөр тоглож байхад Б.Э, н.Б гэдэг эмэгтэй дүүтэйгээ хамт ирээд надаас мөнгөндөө 1,800,000 гаруй төгрөгийн барааг явсан. Би хавар зээл хөөцөлдөж явахдаа тэмдэглэл бичдэг бор дэвтрээ алга болгосон тул шүүхэд гаргаж өгөх нотлох баримт байдаггүй. Нэхэмжлэлийн шаардлагаас 1,800,000 төгрөгийг хасаж тооцвол үлдэгдэл мөнгийг төлөхийг зөвшөөрнө гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Н-ээс зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 4,350,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Э-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,600 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 85,600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Б.Э-гаас өмнө нь удаа дараа өдрийн 1 хувийн хүүтэй мөнгө зээлж авч байсан. 2019 онд 7,000,000 төгрөг зээлж аваад 11 дүгээр сард 3,350,000 төгрөг өгөөд дахин нэмээд 6,000,000 төгрөг зээлж аваад 2022 оны 02 дугаар сард 2,000,000 төгрөг, 04 дүгээр сард 3,000,000 төгрөг өгч, үлдэгдэл 4,350,000 төгрөгийг үлдээж, үүнээс өөрийн ажлаасаа 1,800,000 төгрөгийн барааг /хувцас/ өгсөн боловч аваагүй гээд байгаа. Бараа авч байхад харсан гэрчийг оролцуулсан боловч хүчингүйд тооцсон учир миний гомдлыг харгалзан үзэж, бараагаар өгсөн 1,800,000 төгрөгийг хасуулж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Би хариуцагч Т.Н-ээс ямар нэгэн бараа бүтээгдэхүүн аваагүй, зээлийн үлдэгдэл мөнгөө нэхэмжилсэн. Анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж, хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 2. Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Т.Н-д холбогдуулан 4,350,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа Т.Н эхлээд 7,000,000 төгрөг, дараа нь 6,000,000 төгрөг, нийт 13,000,000 төгрөг зээлж авсан. Эхлээд 3,350,000 төгрөг, дараа нь 5,000,000 төгрөг, нийт 8,350,000 төгрөг буцааж төлсөн гэжээ.

 Хариуцагч Т.Н нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч 7,000,000 төгрөг зээлж авсан. 3,000,000 гаруй төгрөгийг өгсөн. Б.Э-гаас дахиад 6,000,000 төгрөгийг зээлж авсан. 1,800,000 гаруй төгрөгийн барааг өгсөн тул 1,800,000 төгрөгийг хасаж тооцвол үлдэгдэл мөнгө төлөхийг зөвшөөрнө гэж маргасан байна.

 3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 4. Зохигчид зээлийн гэрээг амаар байгуулж нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Т.Н-д 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 7,000,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 6,000,000 төгрөг, нийт 13,000,000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч нь 2019 онд 3,650,000 төгрөг, 2022 онд 5,000,000 төгрөг, нийт 8,650,000 төгрөгийг буцаан өгсөн үйл баримтын талаар талууд маргаагүй. Харин хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт тооцуулахаар нэхэмжлэгчид 1,800,000 төгрөгийн бараа өгсөн эсэх талаар талууд маргасан байна.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч маргааны зүйлтэй холбоотой өөрсдийн нотлох баримтыг гаргаснаас гадна шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Баянгол дүүргийн Прокурорын газраас нотлох баримт шаардан авч, талуудын хоорондоо харилцсан гар утасны мессежинд үзлэг хийж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Б.Т-г гэрчээр асуух ажиллагааг хийжээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хууль зүйн дүгнэлт өгөх учиртай. Гэрчийн мэдүүлгээр хэдэн төгрөгийн ямар барааг өр төлбөртөө авсан болохыг тогтоох боломжгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, хэргийн баримтаар хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх зээлийн гэрээний үүрэгт 1,800,000 төгрөгийн бараа өгсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. Иймд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч 13,000,000 төгрөг зээлдүүлсэнээс хариуцагч 8,650,000 төгрөгийг төлсөн тул үлдэх 4,350,000 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Дээр дурдсанаар анхан шатны шүүх хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтыг харьцуулан үнэлэх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна. Иймд хариуцагчийн бараагаар өгсөн 1,800,000 төгрөгийг хасуулах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

5. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2023/00355 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 Д.БЯМБАСҮРЭН