Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2023/00910

 

 

2023 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2023/00910

 

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 184/ШШ2023/00180 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б ХХК-д холбогдох,

59,273,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Бадрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч М.Шаравнямбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. А ХХК нь Б ХХК-тай 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж, 245,000,000 төгрөгийн үнэтэй, М200 марк, 1400 м.куб хэмжээтэй зуурмагийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нийлүүлэх, бетон зуурмагийн төлбөрийн 30 хувийг бэлнээр, 70 хувьд тус хотхоны 67.2 м.кв талбайтай, 168,000,000 төгрөгийн үнэтэй амины орон сууцыг шилжүүлэн өгөхөөр тохиролцсон байна.

Гэрээний хугацаанд 386 м.куб хэмжээтэй, 73,466,000 төгрөгийн бетон зуурмагийг нийлүүлснээс хариуцагч нь 5,932,500 төгрөгийг төлж, 8,260,000 төгрөгийн төлбөрт цемент өгсөн.

1.2. Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээний 4.1.2-т зааснаар хариуцагч нь бүтээгдэхүүний захиалгыг өгсөн өдрөө манай нэхэмжлэхийн дагуу захиалсан бүтээгдэхүүний төлбөрийн 30 хувийг бэлнээр төлөх үүргийг хүлээсэн боловч энэ үүргээ биелүүлээгүй. Улмаар хариуцагч нь 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр манай компанид гэрээг цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлэн дахин бетон зуурмаг худалдан аваагүй.

Иймд бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээг цуцалж, хариуцагчаас худалдан авсан бетон зуурмагийн төлбөр 59,273,500 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээнд заасны дагуу захиалагч талын захиалсан бетон зуурмаг 25 хоног саатсаны улмаас 98,750,000 төгрөгийн алдагдалд орсон.

Энэ талаар мэдэгдлийг 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч компанид хүргүүлсэн. Уг мэдэгдлээр манай компани нэг өдрийн ажилчдын цалин, хэв хашмал болон тоног төхөөрөмжийн түрээсийн төлбөрт 3,950,000 төгрөг зарцуулдаг болох нь баримтаар нотлогддог. Өмнөх мэдэгдэл хүргүүлснээс хойш бүтээгдэхүүн нийлүүлээгүй байдлаас болж дахин их хэмжээний хохирол манай компани хүлээсэн тул талуудын байгуулсан гэрээг 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр цуцалж байгааг мэдэгдсэн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б ХХК-аас 59,273,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 454,320 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 454,320 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд хариуцагч тал оролцож чадаагүй бөгөөд хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн. Шүүхээс гэрээг хэрэгжүүлэх явцад нэхэмжлэгч тал хүлээсэн үүргээ цаг тухайд нь биелүүлээгүй нөхцөл байдлыг тогтоосонгүй. Б ХХК нь энэ нөхцөл байдлаас болж гэрээг цуцалсан боловч энэхүү шалтгаан нөхцөлийг шүүх дутуу үнэлж шийдвэрийг хэт нэг талыг баримталж гаргасан.

Захиалсан бетон зуурмаг 25 хоног саатсаны улмаас 98,750,000 төгрөгийн цэвэр алдагдалд орж хохирол хүлээсэн талаар А ХХК-д мэдэгдсэн боловч нь удахгүй нийлүүлэлт хэвийн болно гэж бидэнд итгүүлсэн.

Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч тал хохирол учирсан тухай мэдэгдэл, шаардлагыг нэхэмжлэгчид хүргүүлсэн. Гэтэл А" ХХК-ийн буруутай үйлдлээр бий болсон нөхцөл байдлыг шүүх тал бүрээс нь дугнээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан 59,273,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1. Зохигч нь 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр нийлүүлэгч А ХХК нь М200 маркийн 1,400 м.куб хэмжээтэй, 245,000,000 төгрөгийн үнэтэй бетон зуурмагийг нийлүүлэх, захиалагч Б ХХК нь төлбөрийн 30 хувийг бэлнээр, 70 хувийг бартераар буюу хувийн сууц шилжүүлэн төлөх үүргийг хүлээсэн. /хх 5-7/

3.2. Гэрээнд заасны дагуу нийлүүлэгч А ХХК нь 73,466,000 төгрөгийн үнэ бүхий 386 м.куб бетон зуурмагийг захиалагч Б ХХК-д нийлүүлсэн /хх 32-83/,

3.3. 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ-г талууд 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр цуцалсан. /хх 25/

 

4. А ХХК болон Б ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээг байгуулж, мөн хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр ирүүлсэн албан бичгийг нэхэмжлэгч хүлээн авснаар гэрээ цуцлагдсан гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

4.1. Гэрээ цуцлагдсантай холбогдуулан нэхэмжлэгч нь 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 06 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд нийлүүлсэн бетон зуурмагийн үнэ 73,466,000 төгрөгөөс хариуцагчийн банкны дансаар төлсөн 5,932,500 төгрөг, цемент нийлүүлэх хэлбэрээр төлсөн 8,260,000 төгрөг нийт 14,192,500 төгрөгийг хасч тооцож, үлдэх 59,273,500 төгрөгийг нэхэмжилсэн.

 

4.2. Хүлээн авсан бетон зуурмагийн үнэ, хэмжээ, төлсөн болон нэхэмжилсэн төлбөрийн тооцооллыг хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар үндэслэл бүхий баримтаар няцаагаагүй.

Хариуцагч нь нэхэмжлэгч тал гэрээнд заасан бетон зуурмаг нийлүүлэх үүргээ цаг хугацаанд нь нийлүүлээгүйгээс 98,750,000 төгрөгийн алдагдалд орж хохирсон гэж тайлбарласан боловч энэ тайлбараа баримтаар нотлоогүйн зэрэгцээ хариуцагчийг гэрээний 5.1.1-д заасан төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

4.3. Иймд анхан шатны шүүх хариуцагчаас хүлээн авсан бетон зуурмагийн үнэ 59,273,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлөх үүрэгтэй гэж заасантай нийцсэн байна.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 184/ШШ2023/00180 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 454,450 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Т.БАДРАХ