Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 1237

 

ХХны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2016/02535 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХны нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Х” ХХК, “ХХХ” ХХК, “ХХХХ” ХХК, “ХХХХХ” ХХК-иудад холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 255 394 013 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х, ХХХХХХ,

Хариуцагч“Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ,

Хариуцагчийн өмгөөлөгч ХХХ,

Хариуцагч “ХХХ” ХХК, “ХХХХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэгч үндэсний үйлдвэрийг дэмжих тухай Засгийн газрын 2013 оны 250 дугаар тогтоолыг үндэслэн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцсыг батлагдсан жишиг загвар, стандартын дагуу үйлдвэрлэх, нийлүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулахад зориулан хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээлийг үйлдвэрлэгчдэд дамжуулан зээлдүүлэх үйл  ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Үйлдвэр хөдөө аж ахуйн яам /хуучнаар/, Хөдөлмөрийн яам хооронд ҮХААЯ-20130716-001, ХЯ-9/2013/02 тоот Дамжуулан зээлдүүлэх гэрээг байгуулсан. Тус гэрээний 4.1-т заасны дагуу Хөдөлмөрийн яам нь өөрийн харьяа газрууд болох Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 17 тэрбум төгрөг, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас 6 тэрбум төгрөг, нийт 23 тэрбум төгрөгийг Монголын оёдлын нэгдсэн холбооны сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэл төслийн Хаан банкин дахь 509 9999 690 тоот дансанд шилжүүлэх үүргийг хүлээсэн бол гэрээний 3.4-т заасны дагуу Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам нь сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдтэй “зээлийн гэрээ” байгуулж, хэрэгжилтийг хангах, 3.2-т “хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр олгосон зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлүүлэхийг үйлдвэрлэл эрхлэгчидтэй байгуулах гэрээнд тусгаж хэрэгжилтийг хангах”, мөн гэрээний 2.7-д “зээл, зээлийн хүүг эргэн төвлөрүүлэх, зээлийн эрсдэлийг Засгийн газрын өмнө Үйлдвэр хөдөө аж ахуйн яам /хуучнаар/ бүрэн хариуцах” нийт 18 аж ахуйн нэгжтэй зээлийн гэрээ байгуулсан. Иймд 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам /хуучнаар/, Хөдөлмөрийн яамны хооронд байгуулсан ҮХААЯ-20130716-001, ХЯ-9/2013/02 тоот “Дамжуулан зээлдэх гэрээ” болон 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам /хуучнаар/, “ХХ” ХХК-ийн аж ахуйн яамны эрх үүрэг, эрх залгамжлагч болох ХХанд шилжсэн болно.

            Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан “Оёдол, нэхмэл, сүлжмэлийн үйлвэрийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхэд зээлийн бодлогоор дэмжиж, борлуулалтад нь дэмжлэг үзүүлэх” бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Монголын Оёдлын нэгдсэн холбоо”, “Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо”-оос санаачлан “Сурагчийн дүрэмт хувцсыг кластераар үйлдвэрлэх”, “Монгол ноосон даавуу” үйлдвэрлэх төслүүдийг дэмжихийг хүсч төслөө ирүүлсэн. Тус компанитай 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдөр сурагчийн дүрэмт хувцасны нэмэлт иж бүрдэл болох сүлжмэл майк, кардиган үйлдвэрлэх зориулалттай хонины ноосон ээрмэл утсанд шаардагдах санхүүжилтэд нь зориулж 225 000 000 төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг аливаа хөрөнгийн барьцаагүйгээр 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй олгох үндсэн нөхцөлтэй ХҮГСДХ-1/11 тоот зээлийн гэрээг байгуулсан.

Ингэснээр зээлдэгч нь тус зээлийн гэрээний 2.2.2-д “зээлийн гэрээний хавсралт 2-т заасан хуваарийн дагуу эргэн төлөх”, 2.2.11-д “зээлийн эрсдэлийг бүрэн хариуцах”, 2.2.12-д “үндсэн зээл, зээлийн хүүг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн өдөр тутамд нийт зээлийн үлдэгдлээс 0.01 хувиар тооцож алданги төлөх”, 3.3-д “ зээлдэгч тал өөрийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан үүссэн аливаа зардлыг бүрэн хариуцах” гэсэн үндсэн үүргийг тус тус  хүлээсэн боловч өнөөг хүртэл зээлдэгч нь зээлийн эргэн төлөлт хангалтгүй, авсан зээл, хүү, алдангийг төлөхгүй, Төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, улсыг хохироосоор байна. Зээлийн төлбөрт 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар дөнгөж 10 447 588 төгрөгийг л төлөөд байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч компани нь “ХХХХ” ХХК, “ХХХ”,  “ХХХХХ” ХХК-иудыг хамтран хариуцагчаар татан оролцуулсан бөгөөд зээлийг хариуцах хариуцагч нар мөн болно. Иймд “Х”ХХК, “ХХХХ” ХХК,  “ХХХ” ХХК, “ХХХХХ” ХХК-иудаас зээлийн төлбөрт 255 394 013 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Х” ХХК нэхэмжлэлд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ, ХХХХХХ нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр нэг талаас Үйлдвэр, Хөдөө аж ахуйн яам /зээлдүүлэгч/ нөгөө талаас “Х” ХХК нар Бага дунд боловсролын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэг, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 30.3, 186.5 дахь заалтууд, Засгийн газрын 2011 оны 103 дугаар тогтоол, Засгийн газрын 2013 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 250 дугаар тогтоол, Иргэний хуулийн 343 дугаар болон бусад холбогдох заалт, үйлдвэр хөдөө аж ахуйн яамны 20130716-001, Хөдөлмөрийн яамны 9/2013/02 тоот “Дамжуулан зээлдүүлэх гэрээ”, Аймаг Нийслэлийн боловсролын газар, үйлдвэрлэгч захиалагчийн “ажил гүйцэтгэх гурван талт гэрээ”-г тус тус үндэслэн сурагчдын дүрэмт хувцасны нэмэлт иж бүрдэл болох сүлжмэл майк, кардиган үйлдвэрлэх зориулалттай хонины ноосон ээрмэл утсанд шаардагдах санхүүжилтэнд зориулж 225 000 000 төгрөгийг 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх хугацаатай жилийн 7 хувь, төсөл хэрэгжих хугацааны хяналтын зардал 1 хувийн нэмж төлөхөөр тооцон зээлийн гэрээний 2.2.1-т заалтад тусгагдсан хонины ноосон ээрмэл утас нийлүүлэх үйлдвэрүүд болох “ХХХХ” ХХК, “ХХХХХ” ХХК, “ХХХХХХХХ” ХХК, “ХХХ” ХХК, “ХХХХХХХХХ” ХХК-тай Хонины ноосон ээрмэл утас худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдах ээрмэлийн тоо хэмжээ, үнийг харилцан тохиролцон сурагчийн дүрэмт хувцасны нэмэлт иж бүрдэл болох майк, кардиган үйлдвэрлэх зориулалттай хонины ноосон ээрмэл утас монгол хонины ноос 60 хувь, 40 хувийн акрилын орцтой, будгийн тогтвор сайн, чанарын болон эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан бүтээгдэхүүнийг зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаан дээрх үйлдвэрүүдэд ээрмэл утас нийлүүлэх графикийн дагуу хүлээлгэн өгч, акт зохих санхүүгийн баримтууд үйлдсэн бөгөөд одоо ч байгаа болно. Манай компани 10 447 588 төгрөг төлсөн, одоо 20 гаруй сая төгрөг төлөхөд татгалзах зүйлгүй. Өөрөөр хэлбэл худалдан авагч сүлжмэлийн үйлдвэрүүд агуулахын боломж муу, мөн борлуулалт муу байгаагаас авахгүй гэсэн шалтгааны улмаас анх үйлдвэрлэсэн 7.103.5 кг утаснаас үлдсэн 808 кг утас нь манай компанийн агуулахад байгаа тул энэ утасны үнэ болох 24 619 760 төгрөгийг төлж барагдуулах саналтай байна. Харин нэхэмжлэгчийн нэхэмжилж буй зээлийн хүү 22 592 586 төгрөг, алданги 11 780 419 төгрөг нийт 34 373 005 төгрөгиийг төлөх үндэслэлгүй гэж үзэж төлөхөөс татгалзаж байна. Бусад төлбөрийг хариуцагч компаниудаас гаргуулж зээлдүүлэгчийг хохиролгүй болгож өгнө үү. Дээрх компаниуд хонины ноосон ээрмэл утсаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж ашиг олчихоод эргээд утасныхаа үнийг төлөөгүйгээс манайх зээлийн өртэй байсаар байна. Зээлийн хөрөнгийн зориулалтын дагуу зээлийн гэрээний 2.2.1-т заалтад тусгагдсан хонины ноосоэ ээрмэл утас нийлүүлэх үйлдвэрүүд болох “ХХХХ” ХХК, “ХХХХХ” ХХК, “ХХХХХХХХ” ХХК, “ХХХ” ХХК, “ХХХХХХХХХ” ХХК-иуд Оёдлын нэгдсэн холбооны дэргэдэх сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэл төслийн Хаан банкны 5099999690 тоот дансанд төвлөрүүлж түүнээс үндсэн зээл, зээлийн хүүг холбогдох сангуудын дансанд шилжүүлнэ гэж гэрээ байгуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагын өөрт ногдох хэсгийг хариуцаж төлнө гэжээ.

 

Хариуцагч “ХХХХ” ХХК нэхэмжлэлд гаргасан тайлбарт болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХХХ, түүний өмгөөлөгч ХХХХХХ нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь зээлдүүлэгч ҮХААЯ, зээлдэгч “Х” ХХК-ийн хооронд 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан № ХҮГСДХ-1/11 дугаартай зээлийн гэрээний оролцогч биш учир зээл, зээлийн хүү, алданги төлөх үүрэг хүлээхгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Манай компаниас “Х” ХХК-тай байгуулсан гэрээний асуудал тусдаа тул энэ хэрэгт хамааралгүй. Гэрээний 2.1.5 дахь заалтад өөрчлөлт хийгээгүйгээс өөрсдөө борлуулах гэхээр саад болдог юм. Түүнчлэн нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан шинжтэй байна гэжээ.

 

Хариуцагч: “ХХХ’’ ХХК шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХХХ, түүний өмгөөлөгч ХХХХХХ нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь зээлдүүлэгч ҮХААЯ, зээлдэгч “Х” ХХК-ийн хооронд 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан № ХҮГСДХ-1/11 дугаартай зээлийн гэрээний оролцогч биш учир зээл, зээлийн хүү, алданги төлөх үүрэг хүлээхгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Манай компаниас “Х” ХХК-тай байгуулсан гэрээний асуудал тусдаа тул энэ хэрэгт хамааралгүй. Гэрээний 2.1.5 дахь заалтад өөрчлөлт хийгээгүйгээс өөрсдөө борлуулах гэхээр саад болдог юм. Түүнчлэн нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан шинжтэй байна гэжээ.

 

Хариуцагч “ХХХХХ” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани “Х” ХХК-иас гэрээний дагуу хонины ноосон хар хөх өнгийн 2615,65 кг, 79.698.855,5 төгрөгний ээрмэл утас хүлээн авч, бага ангийн сурагчийн кардиган цамц 9094 ширхэгийг үйлдвэрлэж, “ХХХХ” ХХК-д өгсөн. Мөн үлдэгдэл 434,7 кг ээрмэл утсыг ч өгсөн. Иймд манай компаний төлөх төлбөрийг “ХХХХ” ХХК хариуцах юм. Шүүх хуралдаанд биечлэн оролцох шаардлагагүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Х” ХХК-иас 134 916 946 төгрөг, “ХХХХ” ХХК-иас 61 814 063 төгрөг, “ХХХ” ХХК-иас 47 225 416 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ХХанд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан “ХХХХХ” ХХК-д холбогдуулах үүсгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар төлөх улсын тэмдэгтийн хураамжаас нэхэмжлэгч ХХ мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар чөлөөлөгдөх тул хариуцагч “Х” ХХК-иас 823 535 төгрөг, “ХХХХ” ХХК-иас 467 020 төгрөг, “ХХХ” ХХК-иас 394 077 төгрөг тус тус гаргуулж, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХХ давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Монгол улсын Засгийн газар, холбогдох яамдаас хэрэгжүүлж буй үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжиж тэдгээрээр Ерөнхий боловсролын сургуулийн Сурагчдын дүрэмт хувцсыг үйлдвэрлэх, нийлүүлэх тухай хөтөлбөрийн хүрээнд хуучнаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам нь үндэсний 18 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж зээл олгосон байдаг. Тэдгээрийн нэг болох манай “Х” ХХК-д тус яамнаас 225 сая төгрөгийн санхүүжилт олгосон. Уг мөнгөөр бид самнах үйлдвэрүүдээс түүхий эд угааж самнасан ноос худалдан авч, ээрч ээрмэл утас боловруулан нэр бүхий сүлжмэлийн үйлдвэрүүдэд нийлүүлэх, сүлжмэлийн үйлдвэрүүд нь цаашаа оёдлын компаниудтай гэрээ байгуулан, бидний нийлүүлсэн утсаар сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэн, түүнийгээ борлуулснаар уг төслийн эргэн төлөлт хийх /бүх борлуулалтын орлогыг Оёдлын нэгдсэн холбооны дэргэдэх “Сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэл төсөл”-ийн нэгдсэн дансанд төвлөрүүлж, түүнээсээ эргэн төлөлт хийх/ тохиролцоог баталгаажуулсан 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн ХҮГСДХ-1/11 тоот Зээлийн гэрээг байгуулсан.

“Х” ХХК нь гэрээгээр заасан хугацаандаа яамнаас олгосон санхүүжилтээр түүхий эд угааж самнасан ноос худалдан авч боловсруулан 7.103.5 кг ээрмэл утас үйлдвэрлэж, дээрх утсаа уг гэрээнд утас нийлүүлэхээр заасан сүлжмэлийн үйлдвэрүүд болох “ХХХ” ХХК, “ХХХХ” ХХК, “ХХХХХ” ХХК-иудтай тус тус “Хонины ноосон ээрмэл утас худалдах, худалдан авах” гэрээ байгуулан утсаа зээлээр худалдсан байдаг.

Ингээд 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны төслийн ажлын хэсгийн нягтлан бодогч ХХХХХХтай тооцоо нийлж, үйлдвэрлээгүй 280.8 кг утасны үнэд 8 555 441 төгрөг болон зээлийн хүүнд 1 892 147 төгрөг, нийт 10 447 588 төгрөгийг Оёдлын нэгдсэн холбооны дэргэдэх “Сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэл төсөл”-ийн дансанд шилжүүлсэн. Үүгээр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамтай байгуулсан 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн ХҮГСДХ-1/11 тоот Зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн болно. Гэтэл ээрмэл утсыг хүлээн авсан тэдгээр сүлжмэлийн компаниуд зээлийн эргэн төлөлтөө хийгээгүй тул ХХ нь ХҮГСДХ-1/11 тоот Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 255 394 013 төгрөгийг “Х” ХХК-иас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “ХХХ” ХХК, “ХХХХ” ХХК, “ХХХХХ” ХХК нь дээрх зээлийг хариуцах хариуцагч мөн болохыг тодорхойлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар татан оролцуулсан байдаг.

Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүхээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитоор судалж, үйл баримтыг зөв үнэлж дүгнэлтгүйгээр өнгөц үндэслэл муутай дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

Нэхэмжлэгч ХХ нь “Х” ХХК-иас ХҮГСДХ-1/11 тоот Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 221 021 008 төгрөг, үүн дээр гэрээ байгуулснаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх 673 хоногийн зээлийн хүүнд 22 592 586 төгрөгийг, алдангид 11 780 420 төгрөгийг 255 394 013 нийт тооцон нэхэмжилснийг шүүхээс бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Иймд ХХын зээлийн гэрэээний хүүнд 22 592 586 төгрөг, алдангид 11 780 420 төгрөг нийт 34 373 006 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй юм. Гэтэл шүүхээс ХХ, хариуцагч “Х” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээг “ажил гүйцэтгэх гэрээ гэж зөв дүгнэсэн байх атлаа хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь ул суурьтай нягтлан үзэлгүйгээр үйл баримтыг буруу дүгнэж дээрх хүү, алдангийг “Х” ХХК-иас төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

2. Мөн “Х” ХХК нь үйлдвэрлээгүй 280.8 кг утасны үнэд 8 555 441 төгрөг болон зээлийн гэрээний 2 хавсралтад зааснаар зээлийн хүүнд 1 892 147 төгрөг, нийт 10 447 588 төгрөгийг 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төлж, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны төслийн ажлын хэсгийн нягтлан бодогч ХХХХХХтай тооцоо нийлсэн байдаг. Эндээс үзэхэд ХХ нь нэхэмжлэл гаргахдаа үйлдвэрлэгдээгүй утасны үнэ болох 8 555 441 төгрөгийг үндсэн зээлээс хасаж тооцох байсан гэдгийг шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгчийн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн боловч шүүхээс шийдвэр гаргахдаа дээрх алдааг залруулаагүй орхисон нь учир дутагдалтай болжээ.

3. Шүүхээс “ХХХХ” ХХК, “ХХХ” ХХК-иуд нь хэрэгт хамтран хариуцагчаар татагдсан, гэрээгээр тохирсон хэмжээ, стандарт, үнэ, өнгөний дагуу хонины ноосон ээрмэл утасыг хүлээн авсан нь хэрэгт цугларсан акт, санхүүгийн баримтууд, зээлдэгч зээлдүүлэгч нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.1.1-т тусгасан хяналтын зөвлөлийн протокол зэрэг нотлох баримтаар тогтоогдсон тул дээрх компаниудын зээлээр худалдан авсан хонины ноосон ээрмэл утасны төлбөрийг тогтоогдсон хэмжээгээр нь алдангийн хамт төлүүлэх үндэслэлтэй байна” гэж тухайн үйл баримтыг зөв дүгнэсэн байх атлаа тэдгээр компанийн хариуцах төлбөрийг тооцоолохдоо илэрхий алдаатай болжээ.

Тодруулбал “ХХХХ” ХХК-иас 2 000 000 төгрөгийг, “ХХХ” ХХК-иас 6 000 000 төгрөгийг тус тус ээрмэл утасны үнэд 2015 оны .. сарын .. тэдний өдөр буюу нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойшхи хугацаанд төлснийг урьд төлөгдсөн төлбөр гэж үндсэн төлбөрөөс шууд хасч тооцсон нь үндэслэлгүй байх бөгөөд алдангийг чухам ямар хувь хэмжээгээр, хэдий хугацаагаар тооцсон нь ойлгомжгүй байна.

“Х” ХХК-иас дээрх сүлжмэлийн компаниудтай байгуулсан 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн “Хонины ноосон ээрмэл утас худалдах худалдан авах гэрээ”-ний 6.3-т “талууд гэрээт ажлаа графикт хугацаанд биелүүлээгүй буюу гэрээнд заасан үнийг бүрэн болон хэсэгчилж төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хожимдсон хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө” гэж заасан бөгөөд үүний дагуу “ХХХХ” ХХК нь зээлээр худалдан авсан утасны үнэд 61 534 287 төгрөг, хугацаа хэтрүүлсний алдангид 30 767 144 /ҮХААЯ-тай тооцоо нийлсэн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан 2014 оны 5 дугаар сарын 28-ныг хүртэл 533 хоногийн алданги 61 534 287 х 0.5%=163 988 856 төгрөг байх боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50%-д тооцов/ нийт 92 301 431 төгрөгөөс сүүлд төлсөн 2 000 000 төгрөгийг хасч 90 301 431 төгрөгийг, “ХХХ” ХХК нь зээлээр худалдан авсан утасны үнэд 50 532 057 төгрөг, хугацаа хэтрүүлсний алдангид 25 266 029 /50 532 057 х 0.5% 533 хоног /134 667 940 төгрөг байх боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50%-д тооцов/ төгрөг нийт 75 798 086 төгрөгөөс сүүлд төлсөн 6 000 000 төгрөгийг хасч 69 798 086 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй юм.

4. Мөн 102/ШШ2016/02535 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт “.. “ХХХХХ”   ХХК-иас 79 698 855 төгрөг төлөхөө 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа №3-т нягтлан бодогч нь гарын үсэг зурж баталгаажуулсан, 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр “Х” ХХК-тай “Хонины ноосон ээрмэл утас, худалдах авах” гэрээгээр төлбөр төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцсоны дагуу төлөх үндэслэлтэй гэж дүгнэсэн атлаа хэрэгт тухайн хуулийн этгээдийн статус болон төлөөлөх эрхтэй этгээдийн талаарх холбогдох баримт цугларч чадаагүй гэсэн үндэслэлээр тус компанид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тус компаний төлөх төлбөрийг “Х” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” юм.

Тус компанийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар татан оролцуулсантай холбогдуулан 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “манай компани “Х” ХХК-иас гэрээний дагуу хонины ноосон хар хөх өнгийн 2645,65 кг, 79 698 855,5 төгрөгний ээрмэл утас хүлээн авч, бага ангийн сурагчийн кардиган цамц 9094 ширхэгийг үйлдвэрлэж, “ХХХХ” ХХК-д өгсөн. Мөн үлдэгдэл 434,7 кг ээрмэл утсыг ч өгсөн. Иймд манай компаний төлөх төлбөрийг “ХХХХ” ХХК хариуцах юм. Шүүх хуралдаанд биечлэн оролцох шаардлагагүй гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байдаг. Эндээс үзэхэд “ХХХХХ” ХХК нь “Х” ХХК-иас ээрмэл утас зээлээр худалдаж авснаа хүлээн зөвшөөрсөн, түүний үнэ хэмжээ зэрэг дээр маргаангүй байх бөгөөд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ бусдад өгсөн гэж тайлбарлаж байгаа, шүүх хуралдаанд оролцоогүй зэрэг нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Шүүх хуралдааны явцад ч ирцтэй холбоотой хүсэлт хэлэлцэхдээ хариуцагч “ХХХХХ” ХХК-ийг байлцуулалгүйгээр хурлыг цааш үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд “ХХХХХ” ХХК-д холбогдох хэсгийг шийдвэрлэх бүрэн боломжтой байсан. Үүний хүрээнд “Х” ХХК болон “ХХХХХ” ХХК-иудын хооронд байгуулагдсан Хонины ноосон ээрмэл утас, худалдан авах гэрээний дагуу нийлүүлсэн 2645,65 кг утасны үнэд 79 698 855,5 төгрөг, гэрээний 6.3-т заасны дагуу алдангид 39 849 428 төгрөг нийт 119 548 284 төгрөгийг “ХХХХХ” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгуулах хүсэлтэй байна.

Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2016/02535 дугаар шийдвэрийг хянан үзэж, шийдвэрийн “Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож бусад хэсэгт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч ХХ шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч “Х” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 255 394 013 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч “Х” ХХК нь эс зөвшөөрч, өөрт ногдох хэсгийг төлнө гэж маргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаан дээр хариуцагч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ хамтран хариуцагчаар “ХХХ” ХХК, “ХХХХ” ХХК, “ХХХХХ” ХХК-иудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар оролцуулах тухай хүсэлт гаргасныг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч тайлбар гаргасан байхад, шүүх мөн өдрийн 102/ШЗ2015/25244 дугаар шүүгчийн захирамжаар дээрх компаниудыг хамтран хариуцагчаар оролцуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсгийг зөрчиж, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт тогтоосон журмыг уг хуулийн 6.1 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчимд нийцүүлэн хэрэгжүүлээгүйгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчигджээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагч оролцуулахыг зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргасан байхад шүүх хамтран хариуцагчаар “ХХХ” ХХК, “ХХХХ” ХХК болон “ХХХХХ” ХХК-иудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх журмыг ноцтой зөрчсөн гэж үзнэ. /хэргийн 171, 172 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт зааснаар хамтран хариуцагч татан оролцуулах зохицуулалт нь нэхэмжлэгчийн шаардлага гаргаагүй этгээдийг бусдын болон шүүх өөрийн хүссэнээр татан оролцуулж хэргийг шийдвэрлэнэ гэсэн ойлголт биш юм.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг үгүйсгэж, татгалзаж буй үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу нотлох үүрэгтэй болохоос бус нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, багасгах, ихэсгэх, эвлэрэх тухай зохицуулсан мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэгчийн эрхийг эдлэхгүй болно. Өөрөөр хэлбэл, хэнээс юу шаардах нь нэхэмжлэгчийн эрх бөгөөд хариуцагч уг шаардлагыг хариуцахгүй гэдгээ нотлох баримтаар үгүйсгэх үүрэгтэй болохоос өөр этгээдийг хамтран хариуцагчаар татан оролцуулах эрхтэй гэсэн үг биш юм.

 

Нэхэмжлэгч хэргийг шийдвэрлэсэн 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдааны явцад хамтран хариуцагчаар дээрх компаниудыг шүүх, хариуцагчийн хүсэлтээр татан оролцуулсныг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн зарим хэсгийг тэднээс гаргуулах тайлбар гаргасан байгаа хэдий ч, хэрэгт тухайн компаниудад холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61, 62 дугаар зүйлд заасан журмын дагуу гаргасан нэхэмжлэл авагдаагүй байна.

 

Мөн шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХХт хуульд заасан эрх үүргийг нь тайлбарлан өгөөгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Иймд давж заалдах шатны шүүх дээрх зөрчлүүдийг арилгаж, хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2016/02535 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахад хариуцагч “Х” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 832 550 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                                   

                                                  ШҮҮГЧИД                             Т.ТУЯА

 

                                                                                                С.ЭНХТӨР