Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2021/0063

 

Л.Д-ын нэхэмжлэлтэй,

Байгаль орчин, аялал жуулчлалын

 сайдад холбогдох захиргааны

хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                   Танхимын тэргүүн, шүүгч Ч.Тунгалаг

Шүүгчид:                       Х.Батсүрэн                                                            

                                          Д.Мөнхтуяа

                                          П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:          Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал  

Нэхэмжлэлийн шаардлага:Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/32 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх     

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2020/508 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 623 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Л.Д, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц нарыг оролцуулж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2020/508 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх заалтыг баримтлан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/32 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулж, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх” тухай Л.Д-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 623 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 508 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.5, Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Д-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/32 дугаар тушаалыг хүчингүй болгож, Л.Д-ыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг зохих журмын дагуу тооцож Л.Д-т олгох, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад тус тус даалгасан.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. ...Давж заалдах шатны шүүх “Гэвч хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч нь маргаан бүхий Б/32 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг төрийн албанаас халахдаа хуульд заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмыг баримтлаагүй, шийдвэр гаргахад хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийгээгүй байх тул маргаан бүхий шийдвэрийг гаргасан хариуцагчийн үйл ажиллагааг хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлгүй...’’ гэж хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дутуу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн тухайд: Байгаль орчин, аялал жуулчлалын яам Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааны мэдэгдлийг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 15.00 цагт Монгол шуудангаар Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд байрлах Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Л.Д-т хүргүүлэхээр явуулсан баримт, тус баримтыг 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 10.00 цагт ажилтан Д.Ү-д гардуулсан талаарх Монгол шуудан компанийн шүүхэд ирүүлсэн баримт, мөн Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны албан ёсны цахим шуудан [email protected] хаягт хүргүүлсэн талаарх баримт зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад хариуцагч баримтаар няцаагаагүй, хариуцагчаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт ирээгүй талаар, үүнтэй холбоотой ажлаас халах үр дагавар үүсч буй талаар танилцуулж тайлбар, санал гаргах боломжийг олгосон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж илт үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

4. Тус яамны 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн сонсох ажиллагааны мэдэгдэлд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д заасан сонсох ажиллагаа явуулах журам, он, сар, өдөр, цаг, байрлал, захиргааны шийдвэр гаргах болсон хууль зүйн үндэслэл, захиргааны шийдвэр гаргах тухайн асуудлын талаарх мэдээлэл, үндэслэл зэргийг тодорхой тусгаад тайлбар, саналаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасан хэлбэрээр ирүүлэх, хуульд нийцсэн мэдэгдлийг утсаар, баталгаат болон цахим шуудан зэргээр хүргүүлсэн, мөн мэдэгдэл хүргүүлж, сонсох ажиллагааг явуулсан талаарх тэмдэглэл үйлдсэн зэрэг нь хангалттай нотлох баримтуудаар тогтоогдож байхад тайлбар, санал гаргах боломжийг олгосон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх хэрэгт зайлшгүй ач холбогдолтой нотлох баримтыг үнэлэхгүй орхиж, нэхэмжлэгч талд давуу байдал бий болгож хэргийг шийдвэрлэсэн. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.5-д тус тус заасан хуулийн шаардлагад нийцүүлж, сонсох ажиллагааг зохих журмын дагуу явуулсан талаарх баримт буюу сонсох ажиллагааны мэдэгдлийг 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүргүүлсэн талаарх баримт, сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлж Л.Д-тай утсаар ярьж мэдэгдсэн талаар протокол, тухайн мэдэгдэлд тайлбар, саналаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т дурдсан аль ч хэлбэрээр 2020 оны 06 дугаар сарын 17-ны ажлын өдрийн 17:30 цагаас өмнө ирүүлэх ба ямар шалтгаанаар Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан үндэслэлээр халах болсон талаар тодорхой тусгасан.

5. Гэвч Л.Д нь мэдэгдэлд дурдсан асуудлаар санал, тайлбар ирүүлээгүй бөгөөд яамны 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 10/695 дугаар албан тоотоор өгсөн үүрэг даалгавар, Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр баталсан Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт хийгдсэн хяналт шалгалтын дагуу хийх ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг ч ирүүлээгүй. Л.Д-т сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлж, санал, тайлбар гаргах боломжоор хангасан ч санал, тайлбараа үндэслэлтэй гаргаж оролцоогүй тул 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр буюу шийдвэр гаргах болсныг мэдэгдсэнээс хойш 22 өдрийн дараа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны Б/32 дугаар тушаалаар албан тушаалаас нь халсан. Л.Д 22 хоногт нэг ч удаа тайлбар, санал эсвэл үүрэг даалгаврын биелэлтийг ирүүлээгүй, энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдоод байхад давж заалдах шатны шүүх илт үндэслэлгүйгээр баримтаар няцаагаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 22.4-т заасны дагуу хариуцагч тайлбар санал гаргах бололцоотой байтал хуульд заасан журмын дагуу эдгээр үйл ажиллагааг явуулаагүй гэж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хуулийг буруу тайлбарласан.

6. “Шүүх нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн хүрээнд хариуцагчаас албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлж байгаа ажилтныг халах хуулиар олгогдсон эрх хэмжээгээ хэрэгжүүлж холбогдох шийдвэрийг гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдэд сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу хийсэн эсэх, ажлаас халах болсонтой холбогдуулан тайлбар, санал гаргах боломжийг олгосон эсэх, мөн шийдвэрийн үндэслэлийг нэг бүрчлэн тогтоох хуулиар хүлээсэн үүргээ хариуцагч биелүүлсэн эсэхийг нягтлан шалгах үүрэгтэй. Гэтэл анхан шатны шүүх эдгээрт хамаарах маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно” гэх тухайд: ...Чиглэл хүргүүлэх тухай 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 10/695 дугаар албан бичиг болон Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт хийгдсэн хяналт шалгалтын дагуу хийх ажлын төлөвлөгөөнд ямар үүрэг даалгаврыг, ямар хугацаанд, хэрхэн гүйцэтгэх талаар дэлгэрэнгүй байдлаар жагсааж хүргүүлсэн бөгөөд Л.Д нь тухайн үүрэг даалгавруудыг төлөвлөгөө, чиглэлийн дагуу гүйцэтгэж ирүүлээгүй. Энэ нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогддог.

7. Давж заалдах шатны шүүх Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 36 дугаар албан бичгийг хавсралтын хамт хариуцагч хүлээн авсан гэх үйл баримт тогтоогдоогүй байна гэж дүгнэсэн атлаа шийдвэрийн үндэслэлийг нэг бүрчлэн тогтоох хуулиар хүлээсэн үүргээ хариуцагч биелүүлсэн эсэхийг нягтлан шалгах үүрэгтэй байтал анхан шатны шүүх эдгээрт хамаарах маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн хэмээн агуулгын зөрчилтэй дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосонд гомдолтой байна. ...Нэхэмжлэгч өгсөн үүрэг даалгаврыг хангалттай биелүүлээгүй гэдэг нь дээр дурдсан баримтуудаар илэрхий тогтоогдож байхад анхан шатны шүүхийг үндэслэлтэй зөв дүгнэлт хийгээгүй гэж буруутгаж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 24, 26, 27 дугаар зүйл, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7.1.1, 22.4 дэх заалтуудтай холбож хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

8. Давж заалдах шатны шүүх “...Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Чиглэл хүргүүлэх тухай” 10/695 дугаар албан бичигт дурдсан 11 төрлийн үүрэг нь нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгт хамаарах эсэхэд бүрэн дүүрэн, тодорхой дүгнэлт хийгээгүй” гэх тухайд: ...Давж заалдах шатны шүүх өөрөө тухайн 11 үүрэг даалгаврыг тус бүрт нь албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, хуулийн зохицуулалттай холбож тайлбарлаагүй байж нэхэмжлэгчээс уг албан бичгээр өгсөн үүрэг даалгаврын зарим хэсгийг Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа хийх боломжгүй, эрх хэмжээнд хамаарахгүй асуудал байсан гэж маргасныг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгаж дүгнэжээ. ...Газар ашиглах хүсэлтэй байгаа иргэн, аж ахуйн нэгж нь тухайн газрын талбайн хэмжээ, солбицлын цэгээ тодорхойлоод хамгаалалтын захиргаанд хүргүүлж, хамгаалалтын захиргаа мэдээллийн сангаас бусад газар, эсвэл ойн сан болон усан сан зэрэг олгохыг хориглосон газартай давхцалтай эсэхийг тогтоогоод ямар нэгэн давхцалгүй, аливаа зөрчилгүй гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд санал ирүүлбэл тухайн саналыг үндэслээд зохих шийдвэрийг гаргадаг. ...Л.Д нь 2019 оны 3 дугаар сарын 01-ний дотор 11 үүрэг даалгаврын биелэлт, тайланг ирүүлээгүй гэдэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч дангаараа хариуцах хууль зүйн боломжгүй гэж хэргийн нөхцөл байдлаас хальсан, үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

9. Давж заалдах шатны шүүх Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 3/1746 дугаар албан бичиг зэргээс үзэхэд уг үүрэг даалгаврыг хийж гүйцэтгээгүй гэж шууд буруутгахааргүй гэж дүгнэсэн тухайд: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Шинээр газар ашиглах тушаал, шийдвэр гаргахыг түр зогсоох, лэнд менежер программ хангамжийг нэвтрүүлэх тухай” А/509 дүгээр тушаалаар газрын кадастрын мэдээллийн сангийн лэнд менежер программ хангамжийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагаанд тогтмол ашиглаж, олон нийтэд үйлчлэх, газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдөл мэдээг засварлах ажлыг эрчимжүүлж ажиллахыг Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга нарт даалгасан, мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 10/695 дугаар албан бичгийн 3 дахь үүрэг даалгавраар лэнд менежер программ нэвтэрч байгаатай холбоотойгоор нэгж талбар бүрээр зөрчлийг арилган мэдээллийг 2019 оны 3 дугаар сарын 01-ний дотор оруулж эцэслэх хугацаатай үүрэг даалгаврыг Л.Д нь хугацаандаа бүрэн биелүүлээгүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. ...Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 10/695 дугаар албан бичгийн 3 дахь үүрэг даалгаварт тус даалгаврыг гүйцэтгэж эцэслэх үүрэг өгсөн.

10. Гэтэл давж заалдах шатны шүүх “Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2020 оны “Хариу хүргүүлэх тухай” 3/1746 дугаар албан бичиг зэргээс үзэхэд уг үүрэг даалгаврыг хийж гүйцэтгээгүй гэж шууд буруутгахааргүй байхад шүүх лэнд менежер программд 3 дугаар сарын 01-ний дотор оруулах үүрэг хэрэгжүүлээгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэжээ. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2020 оны “Хариу хүргүүлэх тухай” 3/1746 дугаар албан бичигт 81 талбарын мэдээллийг засварлан бүртгэж, 38 нэгж талбарын мэдээллийг засвар хийгдэж байгаа төлөвт шилжүүлэх ажлыг гүйцэтгэсэн гэж ирүүлсэн нь тухайн ажил бүрэн эцэслэгдэж дуусаагүй болохыг нотлоод байхад давж заалдах шатны шүүх дүгнэлтдээ ишилж анхан шатны шүүхийг буруутгаж байгаа нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадсангүй. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан Хамгаалалтын захиргааны тусгай чиг үүргээс гадна, Төрийн албаны тухай хуулийн 3.1.5, 37.1, 37.1.13, 37.1.8, 37.1.15 дахь заалтуудыг огт хэрэглээгүй, орхигдуулж, Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.1 дэх заалтыг илт буруу тайлбарлаж хэрэглэсэн. Нэхэмжлэгч нь тус 11 үүрэг даалгаврыг биелүүлээгүй тул Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт хийгдсэн хяналт шалгалтын дагуу хийх ажлын төлөвлөгөө”-ний биелэлт хугацаандаа гарах боломжгүйд хүрсэн нь мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог.

11. Э.С дарга нэхэмжлэгчийн шууд удирдах албан тушаалтан нь байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчээс шалтгаалж төлөвлөгөөний хэрэгжилт хангалтгүй биелэгдсэн гэж үзсэн нь учир дутагдалтай хэмээн Төрийн албан хаагчийн үүргээ ухамсарлаагүй, хуулиар олгосон тусгай чиг үүргээ хэрэгжүүлдэггүй албан хаагчдыг өөгшүүлсэн магадлал гаргасан. Өөрөөр хэлбэл, дээр дурдсанчлан Л.Д-аас 11 үүрэг даалгаврын биелэлт яаманд ирээд, түүнийг тухайн асуудал хариуцсан газрын дарга нэгтгээд төлөвлөгөөний биелэлтийг гаргах нь ойлгомжтой байхад түүнд үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь нэхэмжлэгч Л.Д-т Захиргааны ерөнхий хуульд заасан оролцогчийн сонсох, тайлбар, санал гаргах боломжийг бүрэн олгосон бөгөөд тайлангийн биелэлтээ ирүүлээгүй нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогддог. Давж заалдах шатны шүүх Л.Д-ын гаргаж өгсөн гэх 36 дугаар албан бичиг яаманд огт ирээгүй, мөн шүүхийн үзлэгүүдээр  11 үүрэг даалгаврын тайлан, биелэлт ирээгүй гэдэг нь нотлогдоод байхад  тус албан бичгээр тайлан, биелэлтийг хугацаанд нь ирүүлсэн мэт дүгнэлт хийж, дээр дурдагдсан холбогдох хуулиудыг буруу тайлбарлаж, хэрэглэх ёстой хуулийг зөв хэрэглэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

12. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй байна.

13. Маргаан бүхий актаар нэхэмжлэгч Л.Д-ыг Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан үндэслэлээр “удирдлагаас 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 10/695 дугаар албан тоотоор өгсөн үүрэг даалгавар, Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр баталсан Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт хийгдсэн хяналт шалгалтын дагуу хийх ажлын төлөвлөгөөний хэрэгжилт хангалтгүй биелүүлж тусгай хамгаалалттай газарт хууль тогтоомжийг мөрдүүлж ажиллаагүй, дээд шатны удирдлагаас өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг биелүүлээгүй үйлдэл болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/52, мөн оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/64 дүгээр тушаалыг удаа дараа биелүүлээгүй” гэсэн үндэслэлээр албан тушаалаас нь халсныг давж заалдах шатны шүүхээс “хариуцагч уг тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй, захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмыг баримтлаагүй, шийдвэр гаргахад хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийгээгүй байх тул хариуцагчийн үйл ажиллагааг хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь зөв байна.

14. Учир нь, төрийн жинхэнэ албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д зааснаар “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” нэмэгдэл баталгаагаар хангагддаг тул хэн нэгэн төрийн албан хаагчийг албан тушаалаас нь түр болон бүр чөлөөлөх, халах зэрэг тохиолдолд хуульд заасан урьдчилсан нөхцөл нь бодит байдалд бүрэн дүүрэн тогтоогдсон байх учиртай, ингэснээр төрийн жинхэнэ албан хаагчийг өөр бусад субъектив шалтгаанаар /улс төрийн, хувийн гэх мэт/ төрийн албанаас халахгүй байх бодит баталгаа хэрэгжих юм.   

15. Иймд, төрийн албанд ажиллах мэдлэг, ур чадвар, ёс зүйтэй гэдгээ нотлон төрийн албаны шалгалт өгч тэнцэн, тухайн албан тушаалд тогтвортой ажиллаж буй төрийн жинхэнэ албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан “хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэсэн үндэслэлээр халах тохиолдолд энэхүү хуулийн урьдчилсан нөхцөл нь бодит байдалд бүрэн дүүрэн, эргэлзээгүйгээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл, халагдаж буй албан хаагч нь тухайн ажлыг хийх мэдлэг, ур чадваргүй, хариуцлагагүй, албан тушаалдаа тэнцэхгүй болох нь удаа дараа нотлогдсон, албан тушаалаас нь халахаас өөр аргагүй болох нь бодитой тогтоогдсон байх ёстой, үүнийг хариуцагч нотлох үүрэгтэй.

16. Гэтэл энэхүү хэргийн хувьд давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн, маргаан бүхий актад заасан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 10/695 дугаар албан бичгээр 11 төрлийн үүрэг даалгавар өгснөөс “хяналт шалгалтад хамрагдсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар олгогдсон 66 иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас 41 нь газрын давхцалтай, талбайн хэтрэлттэй, солбицлын алдаатай зэрэг зөрчил дутагдлыг арилгах; бичиг баримтын болон газар ашиглалтын зөрчилтэй иргэн, аж ахуйн нэгж байгууллагад зөрчил арилгах хугацаатай албан шаардлагыг хүргүүлж гүйцэтгэлийг хангах; “лэнд менежер” программд нэгж талбар бүрээр зөрчлийг арилгах” гэсэн гурван үүргийг 3 дугаар сарын 01-ний дотор гүйцэтгэхээр заасан, нэхэмжлэгчийн зүгээс өгөгдсөн даалгаврын хүрээнд зөрчил арилгуулах тухай албан шаардлагыг нэр бүхий аж ахуйн нэгж байгууллагад хүргүүлсэн, “лэнд менежер” программд 135 засварлаагүй нэгж талбараас 81 нэгж талбарын газар ашиглагч иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл болон газар ашиглах эрх олгосон шийдвэрийн мэдээллийг засварлан бүртгэж, “засвар дууссан” төлөвт, 38 нэгж талбарын мэдээллийг “засвар хийгдэж байгаа” төлөвтэй байгаагаас үзвэл (түүнчлэн нэхэмжлэгчээс энэхүү программд оруулсан 115 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын дэлгэрэнгүй мэдээллийг 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргад явуулсан байх ба үүнийг албан даалгавар өгөхөөс өмнө хийсэн тул уг үүрэг даалгаварт огт хамаагүй гэж үзэх боломжгүй) хугацаатай үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж шууд буруутгах үндэслэлгүй, мөн сайдын тушаалаар олгогдсон 41 аж ахуйн нэгжийн зөрчил дутагдлыг 2019 оны 3 дугаар сарын 01-ний дотор нэхэмжлэгч дангаараа хариуцах хууль зүйн боломжгүй, бусад үүрэг даалгаврын хувьд ямар хугацаанд, яаж гүйцэтгэх, ямар түвшинд гүйцэтгэгдсэн бол хангалттай гэж үзэх шалгуур үзүүлэлт нь тодорхойгүй, жишээ нь усны цооног, шугам хоолой бүрийг тоолууржуулах ажлыг зохион байгуулах; Хөвсгөл нуурыг дэлхийн өвд бүртгүүлэх ажлыг хангах; газар ашиглах гурвалсан гэрээг жил бүр дүгнэж, мэдээллийн бааз бий болгох; орон нутгийн байгаль орчны хяналтын улсын байцаагч, газрын даамал, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнүүдийг үе шаттайгаар чадавхжуулах арга хэмжээ авах; хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчдыг үе шаттайгаар чадавхжуулах арга хэмжээ авах зэрэг ажлууд нь хугацаа шаардсан, тодорхой үе шаттайгаар, төлөвлөгөөний дагуу тогтмол хэрэгжүүлэх ажлууд байхад нэг албан бичгээр 11 үүрэг даалгавар жагсаагаад, тэдгээрийг “удаа дараа хангалтгүй биелүүлсэн” гэж үзэх нь бодит байдалд нийцэхгүй юм.

17. Иймд, уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 8-11-д заасан “...нэхэмжлэгч нь 2019 оны 3 дугаар сарын 01-ний дотор 11 үүрэг даалгаврын биелэлт, тайланг ирүүлээгүй гэдэг нь тогтоогдсон байхад давж заалдах шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-ийг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэсэн утгатай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.  

18. Мөн “нэхэмжлэгчийн гаргаж өгсөн гэх 36 дугаар албан бичиг, 11 үүрэг даалгаврын тайлан, биелэлт яаманд ирээгүй гэдэг нь нотлогдоод байхад давж заалдах шатны шүүх холбогдох хуулийг буруу тайлбарласан” гэх гомдлын тухайд /Тодорхойлох хэсгийн 11/, хэдийгээр тухайн албан бичиг яаманд ирсэн гэдэг нь тогтоогдоогүй боловч тус албан бичигт тайлагнасан ажлуудыг бодит байдалд үгүйсгэх боломжгүй /дээр дурдсанчлан/, энэ утгаараа давж заалдах шатны шүүхийн “...хариуцагч нь нэхэмжлэгчийг төрийн албанаас халахдаа хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагааг явуулж, тайлбар санал гаргах боломжийг олгоогүй, шийдвэрийн үндэслэлд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооход хамааралтай, ач холбогдолтой, шаардлагатай ажиллагаа хийгээгүй, нотлох баримтыг цуглуулж үнэлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүйгээс захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаанд баримтлагдах шийдвэр нь зорилгодоо нийцсэн, бодит байдалд тохирсон, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тусгай зарчим алдагдсан...” гэсэн дүгнэлт үндэслэлтэй.

19. Өөрөөр хэлбэл, аливаа захиргааны байгууллага нь хэн нэгэн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг, тухайлбал нөхцөл байдлыг бүрэн тогтоох, нотлох баримт цуглуулах, оролцогчийг сонсох, тайлбар, санал гаргах боломжийг хангах зэрэг ажиллагааг хэлбэрийн төдий хийх бус, харин өөрийн шийдвэрээ үндэслэлтэй, хууль ёсны гаргахын тулд бодитойгоор, үр нөлөөтэйгөөр хэрэгжүүлэх учиртай, үүнд ч уг журмын зорилго оршино.

20. Иймээс “сонсох ажиллагааг хууль ёсны дагуу явуулсан байхад давж заалдах шатны шүүх нотлох баримтыг үнэлэлгүйгээр хэт нэг талыг барьж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэгчийн явуулсан гэх 36 дугаар албан бичгийг хариуцагч хүлээн авсан гэх үйл баримт тогтоогдоогүй байна гэж дүгнэсэн атлаа агуулгын зөрчилтэй дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон...” гэсэн утгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 3-7-д заасан хяналтын гомдлыг хангах боломжгүй.

21. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.      

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 623 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН, ШҮҮГЧ                                     Ч.ТУНГАЛАГ  

ШҮҮГЧИД                                                                         Х.БАТСҮРЭН

                                                                                               Д.МӨНХТУЯА

                                                                                                       П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                             Г.БАНЗРАГЧ