Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 155

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Ганболд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо,

Шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ад холбогдох эрүүгийн .....дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр давж заалдах шатны шүүхээс хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д.А

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Д.А нь 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Айраг сум, 4 дүгээр баг, 33 дугаар зөрлөг гэх газарт өөрийн эцэг Ч.Дын толгой, цээжин тус газарт гараараа цохин, хөлөөрөө дэвсэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн талаар болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: өмнө өгсөн мэдүүлэгтээ нэмж ярих зүйлгүй гэв, Шүүгдэгч Д.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...аав Д нь миний ... улсын дугаартай Эксел маркийн автомашиныг мөргүүлчихсэн байсан. Тэгээд би аавдаа уурлаад та яаж байгаа юм бэ гээд хэлтэл тэр машин чинь угаасаа миний л машин гэж хэлсэн. Тухайн үед миний уур хүрээд аав Дын толгой тус газарт нэг удаа цохиж гэмтээсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19- 20 дугаар хуудас/,

Хохирогч Ч.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хөдөө худаг дээрээ хэдэн малаа услах гээд явж байгаад өөрийн хүү Агийн эксел маркийн автомашиныг нь шонгийн мод мөргүүлчихсэн юм. Тэгээд уг машинаа гэрийн гадаа аваачиж тавиад байж байтал орой 19 цагийн орчимд хүү Д.А нь С гэдэг хүнтэй хамт ирсэн ба гэрийн гадаа байсан өөрийн эксел машинаа хараад яагаад мөргүүлчихсэн юм гэж уурлаад намайг газарт унагааж цээжин тус газарт хөлөөрөө дэвсээд, толгой руу гараараа нилээн хэдэн удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/,

Гэрч Д.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр өөрийн гэртээ байж байтал аав над руу залгаад ах А чинь ирчихсэн намайг зодоод хонь аваад явчихлаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-6 дугаар хуудас/,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Анхбаярын ... дугаартай дүгнэлтэнд: “...Ч.Дын биед зүүн 5 дугаар хавирганы хугарал, дух, цээж, баруун шуу, баруун шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэдэн хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Ч.Дын биед учирсан зүүн 5 дугаар хавирганы хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дух, цээж, баруун шуу, шилбэний зулгаралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т заасан эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Ч.Дын биед учирсан гэмтлүүд нь тогтоолд тусгагдсанаар 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой эдгэрч буй гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 12 дугаар хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-37/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.А нь 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Айраг сум, 4 дүгээр баг, 33 дугаар зөрлөг гэх газарт өөрийн эцэг Ч.Дын толгой, цээжин тус газарт гараараа цохин, хөлөөрөө дэвсэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу олж авсан нотлох баримтууд болох Шүүгдэгч Д.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...аав Д нь миний ... улсын дугаартай Эксел маркийн автомашиныг мөргүүлчихсэн байсан. Тэгээд би аавдаа уурлаад та яаж байгаа юм бэ гээд хэлтэл тэр машин чинь угаасаа миний л машин гэж хэлсэн. Тухайн үед миний уур хүрээд аав Дын толгой тус газарт нэг удаа цохиж гэмтээсэн...” гэсэн мэдүүлэг, Хохирогч Ч.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр .... намайг газарт унагааж цээжин тус газарт хөлөөрөө дэвсээд, толгой руу гараараа нилээн хэдэн удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг, Гэрч Д.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр өөрийн гэртээ байж байтал аав над руу залгаад ах А чинь ирчихсэн намайг зодоод хонь аваад явчихлаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Анхбаярын ... дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ. Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Д.Ад холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Шарбазар овогт Дын Аг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Ад холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар санал гаргасан ба шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ зэргийг харгалзан ялын саналын хүрээнд түүнд 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Хохирогч Ч.Д нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “ надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй ” гэсэн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.А нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн шүүхийн шатанд цагдан хоригдсон 94 хоногийг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялтай дүйцүүлэхэд 752 цаг болж байх тул шүүгдэгчийг ял эдэлсэнд тооцлоо.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй байдлыг ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөлд тооцлоо.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Дын Аг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ад 700 / долоон зуу / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Д.А нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурьдсугай.

4. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Агийн урьд 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 94 хоногийн нэг хоногийг нь / 94*8=752/ нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар дүйцүүлж, шүүгдэгч Д.Аг ялаа бүрэн эдэлсэнд тооцсугай.

5. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Х.ГАНБОЛД