Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 218/МА2023/00004

 

 

Б.Мийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.О даргалж, шүүгч Ш.Т, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Т нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Г даргалж шийдвэрлэсэн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 139/ШШ2022/00.. тоот шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.М

Хариуцагч Г” цогцолбор сургуульд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай

хэргийг хариуцагчийн төлөөлөгч Г.Мийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Тын илтгэснээр хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Д.Д, нарийн бичгийн дарга Ж.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: ...Би 2006 оноос тус сургуульд багшаар ажилд ороод тасралтгүй 17 жил түүх, нийгмийн ухааны багшаар ажилласан. Би 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр өглөө 10 цагт 12 дугаар ангийнхнаас нийгмийн ухааны хичээлээр улсын шалгалт авсан. Шалгалт дууссаны дараа сургалтын менежер Н.Б намайг дуудаад “хичээл заадаггүй ангиа зөрж засалт хийгээрэй”, засалт хийхэд Боловсролын үнэлгээний төвөөс ирсэн шалгуурын дагуу засалт хийнэ шүү, ямар нэг асуудал байхгүй шүү” гэж хэлсэн. Ингээд Б.Уийн хичээл заадаг 12в ангийн засалтыг хийж дуусаад сургалтын менежерт материалаа хүлээлгэж өгчхөөд сургуулиас гарч явсан. Сонгон хичээл орж байхад сургалтын менежер над руу утсаар яриад “сургууль дээр ирэх шаардлагатай байна” гээд би 16 цагт сургууль дээр очиход Б.Уийг дуудсан байсан. Шалгалтын материалын засалт дээр асуудал гарсан гэж хэлсэн. Хянаж үзэхэд Б.У багш манай хүүхдүүд дээр оноо тавиагүй байна гэсэн шаардлага тавьсан. Тэгээд дахиж засаж оноог өгсөн. Хариуд нь Б.У багш танай хүүхдүүд шалгалтынхаа материалыг муу өгсөн гэхэд нь хариуд нь яагаад шалгуур дээр байхгүй хариултын дагуу бичсэн зүйл дээр оноо өгсөн юм бэ гэсэн. Ингээд бид хоёрын хооронд маргаан үүссэн. Сүүлдээ намайг чи хичээлээ заагаагүй учраас хүүхдүүд чинь муу авч байна гэж хэлсэнд би биеэ барьж чадаагүй Б.Уийн толгойн тус газар нь цохисон. Тухайн үед түргэн дуудаж үзүүлээд шаардлагатай бол цагдаа дуудъя гэхэд Б.У багш цагдаа гээд яах вэ, учраа олъё гэсэн. Миний буруу байсан учраас уучлалт гуйгаад Сургуулийн ёс зүйн зөвлөлийг дуудъя гэхэд Н.Б менежер ёс зүйн зөвлөл байдаг эсэхийг мэдэхгүй гэж хэлсэн. 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр би гэртээ амарч байхад орой 18 цаг өнгөрч байх үед бичиг хэрэг хийж байсан Н.Г утсаар яриад албан мэдэгдэл өгөх гэсэн юм гэж авчирч өгсөн. Албан мэдэгдэлтэй танилцаад ажлын 3  өдөр хариу тайлбараа хүргүүлсэн. Ингээд 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр ажилдаа орох байсан боловч 2022 оны 8 дугаар сарын 26-ны үед Г.М захирал утсаар яриад үдээс хойш ирж уулзаарай гэсэн. Тэгээд 14 цагийн үед уулзахад өргөдлөө өгөөд ажлаасаа гар, таны асуудлыг хэлэлцсэн гэж хэлсэн. Хариуд нь өөрийнхөө хүсэлтээр ажлаасаа гарахгүй гэж хэлээд ажлаас халах тушаалаа авсан. Албан мэдэгдэл хүлээж авснаасаа хойш 2 сарын дараа ажлаас халагдах тушаал авсан. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Намайг ажлаас халах болсон гол үндэслэл сургуулийн ёс зүйн зөвлөлийн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хурлын дүгнэлт гэх бичиг юм. Гэтэл ёс зүйн зөвлөл нь тус дүгнэлтээ надад огт танилцуулаагүй, тийм ёс зүйн зөвлөл байдаг эсэхийг мэдэхгүй учир тэр байгууллагын гаргасан дүгнэлт нь шударга ёсонд нийцэхгүй юм. Ёс зүйн зөвлөл хуралдахад 2 талыг хоёуланг нь байлцуулж байгаад хурлаа хийх боломжтой байсан. Нэг ч удаа дуудаж асуугаагүй. Би 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс Эрдмийн далай цогцолбор сургуульд нийгмийн ухааны багшаар ажилд орсон тул ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

           2.Хариуцагч талын тайлбар, агуулга: 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Нийгмийн ухааны багш Б.Уээс сургуулийн захиргаанд гомдол ирсэн. Улсын шалгалтын материал засах үеэр Б.М багш миний толгойн тус газар хоёр удаа цохиж биед халдсан арга хэмжээ авч өгнө үү гэсэн гомдол байсан. ёс зүйтэй холбоотой учраас сургуулийн ёс зүйн хороонд шилжүүлсэн. Ёс зүйн хороо 14 хоногийн дотор авч хэлэлцээд Б.М багшийг ёс зүйн зөрчил гаргасан нь үнэн байна гэсэн дүгнэлт гаргасан. Ёс зүйн хорооноос гарсан дүгнэлтийг Сургуулийн удирдах зөвлөлд танилцуулна гэсэн журмын дагуу захирлын дэргэдэх зөвлөл хуралдсан. Энэ хурлаас 100 хувийн саналаар Б.М багшийг ажлаас нь чөлөөлөх нь зүйтэй гэж шийдвэр гарсан. Ингээд багшид өөрт нь мэдэгдье гэсэн үүднээс албан мэдэгдэл өгөхөд Б.М багш хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбар ирүүлсэн. Багш нарын амралт 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс эхэлсэн байдаг. Ээлжийн амралт дуусахаар нь чөлөөлөх шийдвэрийг төлөвлөөд зуны амралтыг дуусгасан. Нэхэмжлэлдээ захирал энэ талаар хэлээгүй гэсэн байдаг. Б.М багшийн нөхөр нь бас манай сургуульд ажилладаг. Энэ хоёр хүн 9-ний өдрөө чөлөө аваад Багануур явсан. Ийнхүү эзгүй байсан учраас нэхэмжлэгчид хэлж амжаагүй. Хичээл эхлэхийн өмнөхөн Б.М багшийг дуудаад та өөрөө өргөдлөө өгөх бодол байна уу гэж асуусан. Тэгэхэд Б.М багш сонирхолгүй, тушаалаа авъя гэсэн. Яагаад ийм шийдвэр гарах болсон гэхээр бичлэгээс үзэж байхад тэнд байсан хүмүүсийн ярианаас харж байхад уураа барьж дийлэхгүй 2 удаа хүчтэй цохисон гэж гэрчүүд хэлдэг. Энэ нь ёс зүйн хувьд маш том асуудал. Уураа барьж дийлэхгүй толгойн тус газарт нь хоёр удаа цохино гэдэг багшийн хувьд ёс зүйн алдаа. Б.М багшид алдаагаа ухамсарлаж байгаа шинж байгаагүй, уучлаарай ч гэж хэлж байгаагүй. Мөн дахиж 3 ангийн материалыг засуулахад Б.М багшийн орсон 2 ангийн хүүхдүүд муу үнэлгээтэй байсан. Б.У багшийн ангийн хүүхдүүд нэлээн өндөр үнэлгээтэй байсан. Б.У багшийн хэлсэн үг үндэслэлтэй байна гэж харсан. Ийм нөхцөлд харин тийм байна, тааруу заачихжээ гэж хэлэх байтал өөрийгөө өмөөрөөд хүний толгойн тус газар хоёр удаа цохино гэдэг ёс зүйн том алдаа гаргасан гэж харж байна. Нөгөө талаар хүүхэд хамгаалал талаас нь хүүхдүүдээ эрсдэлээс хамгаалсан. Хүүхэд хамгааллын тухай хуульд эрсдэлээс урьдчилан сэргийлэх гэсэн заалт байдаг. Манай сургууль дотоод журамтай. Энэ дотоод журмаа зөрчиж бусад багш нарт муу үлгэр дуурайлал үзүүлсэн учраас би түүнийг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан. Энэ шийдвэрээ үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.  

           3. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Дундговь аймгийн С сумын ерөнхий боловсролын Г цогцолбор сургуулиас ажилгүй байсан хугацааны цалин олговорт 2.576.431 /хоёр сая таван зуун далан зургаан мянга дөрвөн зуун гучин нэгэн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б овогт Эийн Мт олгож,

3.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар Б.Мийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон цахим бүртгэлд бүртгүүлж, баталгаажуулахыг хариуцагч Дундговь аймгийн С сумын ерөнхий боловсролын Г цогцолбор сургуульд даалгаж,

3.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.М нь Дундговь аймгийн С сумын ерөнхий боловсролын Г цогцолбор сургуулийн түүх, нийгмийн ухааны багшийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

3.4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Мийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар Б.Мийн төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Дундговь аймгийн С сумын ерөнхий боловсролын Г цогцолбор сургуулиас 56.172 /тавин зургаан мянга нэг зуун далан хоёр/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 4. Хариуцагчийн төлөөлөгч Г.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ... Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Анхан шатны шүүх нь шийдвэрийнхээ Үндэслэх хэсгийн 6 дугаарт ...” Ёс зүйн зөвлөл нь Б.Мийг ёс зүйн алдаа гаргасан гэж дүгнэлт гаргахдаа түүнээс холбогдох асуудлаар тайлбар аваагүй, улмаар маргаан шийдвэрлэх журмаа зөрчсөн байх тул ёс зүйн зөвлөлийн дүгнэлт үндэслэлгүй гарсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй, энэ талаар хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.”

Боловсрол Соёл Шинжлэх Ухаан, Спортын сайдын 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/243 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Ёс зүйн зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журам”-ын 3.3.2-т “Ёс зүйн зөрчлийг хянан шалгахаар томилогдсон ажилтан, ажлын хэсэг нь гомдол хүсэлтэй холбоотой нотлох баримт цуглуулж, тухайн асуудалд хамааралтай этгээдүүдтэй ярилцлага хийсний үндсэн дээр дүгнэлт гарган.. захирлын зөвлөлд танилцуулж шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд 1. “... хамааралтай этгээдүүдтэй ярилцлага хийсний үндсэн дээр”... гэж байгаа боловч хамаарал бүхий этгээдүүдийг бүгдийг оролцуулна заавал зөрчил гаргасан этгээдийг оролцуулна гэж заагаагүй байна. 2. Ёс зүйн зөвлөлийн бүх гишүүд зөрчил гаргагч багш Б.Мийг оролцуулах шаардлагагүй гэж үзсэн 3. Бусад хамааралтай этгээдүүдтэй ярилцлага хийсэн байдаг 4. Нотлох баримт цуглуулах үед буюу 6 дугаар сарын 07-ны орой “ ... Аавын бие Багануурт муудсан шалтгаанаар гэр бүлийн хүн Ж.Бы өргөдлөөр зөрчил гаргагч этгээд багш Б.М ажлаас чөлөө авч явсан ба 6 дугаар сарын 10-аас багш нарын ээлжийн амралт эхэлсэн тул холбогдох боломжгүй байсныг ёс зүйн зөвлөлийн гишүүд тайлбарладаг.

Мөн хэсэгт “...Дундговь аймгийн С сумын “Г” цогцолбор сургуулийн захирлын 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/38 дугаар тушаалын үндэслэл нь Б.Мийг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр багш Б.Уийн биед халдаж ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн байх бөгөөд талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.3-т хэд хэдэн зөрчлийг ноцтой зөрчилд тооцохоор тусгасан ба ёс зүйн ноцтой алдаа гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар заасан байна.

....Хариуцагчийн татгалзлын үндэслэл нь Б.Мт хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын шийтгэл ноогдуулсан гэж тайлбарлах боловч ажил олгогчийн ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд актад тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй, үндэслэл болгосон хуулийн зохицуулалт тодорхойгүй, ажилтанд хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын шийтгэл ноогдуулсан гэх атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан сахилгын шийтгэлийн аль төрлийн шийтгэлийг ноогдуулсан талаар хуулийн үндэслэлийг баримтлаагүй тул тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасны дагуу ажил олгогч сахилгын шийтгэлийг ноогдуулахдаа бичгээр гаргана гэсэнтэй нийцээгүй байна.. “ гэжээ.

Захирлын тушаалд ажил олгогч Хөдөлмөрийн хуулийн 80.1.4 заалтаар “...хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэх заалтыг сонгон авч багш Б.Мийн гаргасан үйлдэл нь сахилгын зөрчил мөн юм гэдгийг 123.1 дэх заалтаар баталгаажуулаад тушаалд дурдагдсан “Тус сургуулийн нийгмийн ухааны багш Б овогтой М нь ёс зүйн ноцтой алдаа гаргасан тул 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг цуцалсугай" гэсэн өгүүлбэр нь өөрөө 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан төрлүүдээс 123.2.5 дахь заалтыг илэрхийлэхүйц байх тул 123.3 дахь хэсэгт заасны дагуу “Ажил олгогч сахилгын шийтгэлийг ноогдуулахдаа бичгээр гаргана” гэсэнтэй нийцнэ гэж үзэж байна.

Дундговь аймгийн С сумын “Г” цогцолбор сургуулийн захирлын 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/38 дугаар тушаал хууль, журамд нийцсэн, үндэслэл бүхий шийдвэр гэж үзэж байгаа ба өөрийнхөө уур уцаараа барьж, өөрийгөө хянах чадваргүй хэн боловч хамтран ажиллагчийнхаа биед халдаж, хохироож болохгүй бөгөөд ийм хандлага ёс зүйтэй багш суралцагч хүүхдүүдэд ийм байдлаар хандахаас сэргийлж гаргасан шийдвэр юм.

Иймд давж заалдах гомдлыг хүлээн авч, Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 139/ШШ2022/0.. дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэрэг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2022 оны 12 сарын 16-ны өдрийн 531 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрсөн давж заалдсан гомдлыг дэмжиж оролцож байна. Иргэний хуулийн 168.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Б.Мийн хамтрагч ажилчныхаа толгой руу цохиж байгаа нөхцөл байдал, түргэний эмч үзэж байгаа зэргийг бичсэн Си Ди хэрэгт авагдсан, мөн гэрчээр У багш оролцсон. Үүнийг нэхэмжлэгч анхан шатны шүүх дээр бүрэн хүлээн зөвшөөрсөн. Ийм хандлагатай байгаа багш хүүхдэд халдах эрсдэлтэй гэдгээр ажлаас чөлөөлсөн. Эдгээр дүгнэлтийн дагуу хөдөлмөрийн гэрээний 2.3-т ёс зүйн ноцтой алдаа гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах заалттай. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 123.2-д заасан ерөнхий заалтыг барьсан. Энэ шийдвэрийг бичгээр гаргах хуулийн шаардлагатай нийцсэн. Болсон үйл баримтад тулгуурлаж эрх бүхий албан тушаалтан ёс зүйн зөвлөлийн дүрмийн дагуу батлагдсан баримт бичигт үндэслэж гарсан шийдвэр нь сургуулийн хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалсан хууль журамд нийцсэн шаардлага байсан тул гомдлын шаардлагыг дэмжиж байна гэв.

ХЯНАВАЛ:

            Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 16-ны өдрийн 139/ШШ2022/00.. тоот шийдвэрийг хариуцагч Г цогцолбор сургууль, түүний төлөөлөгч Т.Мийн давж заалдсан гомдлын дагуу хянав.

Нэхэмжлэгч Бийн М нь өөрийгөө  2022 оны 8 сарын 29-ний өдөр түүх нийгмийн ухааны багшийн ажлаас үндэслэлгүйгээр халагдсан учир ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага тавьж шүүхэд ханджээ.

Иргэний хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзсэн байна.

Нэхэмжлэгч Б.М нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөр ажилд орсон тул ажилд эргүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзаж, ажилгүй байсан хугацааны цалинг шаардсан хэвээр байсан тул шүүх түүний ажилгүй байсан хугацааны цалинг тухайн байгууллагын ажилтнуудын цалингийн тодорхойлолт баримтыг үндэслэн Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар Говийн ирээдүй цогцолбор сургуулиас 2526431 төгрөгийг гаргуулж олгохоор тогтоожээ.

Шүүхийн шийдвэрийг хариуцагчийн төлөөлөгч Т.М давж заалдсан байна.

Хариуцагч тал давж заалдсан гомдолдоо ёс зүйн зөвлөлийг ажиллуулсан талаар дурдсанаас гадна, мөн Захирлын тушаалд ажилд олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4 заалтаар “...хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэх заалтыг сонгон авч багш Б.Мийн гаргасан үйлдэл нь сахилгын зөрчил мөн юм гэдгийг 123.1 дэх заалтаар баталгаажуулаад тушаалд дурдагдсан “Тус сургуулийн нийгмийн ухааны багш Б овогтой М нь ёс зүйн ноцтой алдаа гаргасан тул 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэх хөдөлмөрийн гэрээг цуцалсугай” гэсэн өгүүлбэр нь өөрөө 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан төрлүүдээс 123.2.5 дахь заалтыг илэрхийлэхүйц байх тул  123.3 дахь хэсэгт заасны дагуу “Ажил олгогч сахилгын шийтгэлийг ноогдуулахдаа бичгээр гаргана” гэсэнтэй нийцнэ гэж үзэж байна.

Дундговь аймгийн С сумын “Г” цогцолбор сургуулийн захирлын 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/38 дугаар тушаал хууль, журамд нийсэн, үндэслэл бүхий шийдвэр гэж үзэж байгаа ба өөрийнхөө уур уцаараа барьж, өөрийгөө хянах чадваргүй хэн боловч хамтран ажиллагчийнхаа биед халдаж, хохироож болохгүй бөгөөд ийм хандлага ёс зүйтэй багш суралцагч хүүхдүүдэд ийм байдлаар хандахаас сэргийлж гаргасан шийдвэр юм гэснэ утга бүхий тайлбар хийжээ.

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Нэхэмжлэгч Б.Мийн ажлаас үндэслэлгүйгээр халагдсан талаархи гомдол болон ажилд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг үндэстэй байна гэж анхан шатны шүүх үзсэнийг буруутгах үндэсгүй байна.

Ажил олгогч Г цогцолбор сургуулийн зүгээс Б.Мийг бусдыг зодсон гэж ажлаас халсан боловч үүнийг эрх бүхий байгууллагаас шалган тогтоосон тухай нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

Багшийн ёс зүйн зөвлөлөөр хэлэлцэж арга хэмжээ авсан гэх боловч үүнийг багш Б.М эс зөвшөөрч үндэслэлгүй гэж үзсэн нь түүний тайлбараар нотлогдож байна.

Сургуулийн багш ажилтны хувьд юуг ёс зүйн зөрчил гэж үзэх болон түүнээс урьдчилан сэргийлэх ёс зүйн дүрмийг болон түүний ажиллах журмыг эрх бүхий байгууллага болох Боловсрол шинжлэх ухааны яамнаас батлан мөрдүүлж байна.

Энэхүү зөвлөлийг тодорхой субьектүүдийг оролцуулан аймгийн засаг даргын дэргэд байгуулж ажиллуулахаар дүрэмдээ заасан байхад Г сургууль хэзээ байгуулсан нь тодорхойгүй, шаардлагад нийцээгүй зөвлөл гэж байгуулан багш Б.Мийн талаар хэлэлцэн ажлаас халах саналыг захирал Т.Мд оруулж шийдвэрлүүлжээ.

Шаардлагад нийцээгүй” гэдэг уг зөвлөлийг хэзээ байгуулсан нь тодорхойгүй, ямар зарчим, шалгуурыг хангасан субьект уг зөвлөлд ажиллаж байгаа нь эргэлзээтэй, тухайлбал багш Б.М, Б.У нарын маргаан үүсэн үндэслэлийг бий болгосон Б гэх менежер уг зөвлөл болон хуралдааныг удирдсан, бүгд зуун хувийн саналаар шийдвэрлэсэн, асуудлаа хэлэлцүүлж буй ажилтанд мэдэгддэггүй, хуралд оролцуулдаггүй зэрэг асуудлууд байхаас гадна маргаанд оролцсон хоёр багшийн зөвхөн нэгийг нь сонгон хэлэлцсэн нь нэг талыг барьсан шинжтэй болсон зэрэг нөхцөлийг хэлж болно.

Дүрэм журмыг зөрчсөн ёс зүйн зөвлөл гэх байгууллагаар ажилтны эрхийг зөрчин хэлэлцэж ажлаас үндэслэлгүй халсан гэх Б.Мийн гомдол нь үндэслэл бүхий байх бөгөөд түүнийг хянан хэлэлцээд ажилтны эрхийг хангаж гарсан шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Ажилтан Б.М нь ажлаас үндэслэлгүй халагдсан гэсэн шаардлагаасаа татгалзсан нь өөр ажилд орсонтой холбоотой байх бөгөөд өөрийн гэм буруутай үйлдэл байгааг хүлээн зөвшөөрсөн зүйл биш тул ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж олгосныг зүйтэй гэж үзэж байна.

Иймд Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 139/ШШ2022/00.. тоот шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч давж заалдах  шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын  тэмдэгтийн  хураамж  төлөхөөс  чөлөөлөгдсөнийг  дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан  сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан  авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын   журмаар   гомдол   гаргах   хугацааг   тоолоход    саад   болохгүй,   шүүх

хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

4.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын  журмаар  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ                              Ц.О

 

                                  ШҮҮГЧИД                              З.Т

 

                                                                                                             Ш.Т