Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2023/00748

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2023/00748

 

Ж.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 20-ны өдрийн 102/ШШ2023/00372 дугаар шийдвэртэй,

Ж.Б-ийн нэхэмжлэлтэй,

Ө.Ш-, Х.Э-, Ш.З-, Ш.З- нарт холбогдох,

Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэлтэй,

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Б-э /цахим/, түүний өмгөөлөгч Т.Минжмаа /цахим/, хариуцагч Ө.Ш-, түүний өмгөөлөгч Н.Баярсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл болон сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга: Би иргэн Б.Б-аас 2021 оны 7 сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 0000 тоот 1 өрөө 41 м.кв орон сууцыг худалдан авч, улсын бүртгэлд өмчлөгчээр бүртгүүлсэн. Гэвч Ө.Ш- нь одоог хүртэл уг орон сууцыг суллаж өгөөгүй бөгөөд өөрийн охид Ш.З-, Ш.З-, хүргэн Х.Э- нарын хамт хууль бусаар эзэмшин амьдарч, нэхэмжлэгч миний өмчлөх эрхийг зөрчсөөр өнөөдрийг хүрлээ. Миний хууль ёсны өмчлөлийн байр учир хариуцагч нараас уг үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлж өгнө үү.

Ө.Ш- нь сөрөг нэхэмжлэлдээ миний хүү Б.Т-ийг Япон улс руу явуулахын тулд худалдах, худалдан авах гэрээг хуурамчаар хийсэн гэж тайлбарлажээ. Би өөрийн хүүг Япон улсад мэргэжил дээшлүүлэхээр дадлагажихад нь баталгаа болгож ах В.Лхагвацэрэнгийн үл хөдлөх хөрөнгийг 2017 оны 12 сарын 09-ний өдөр барьцаалж хүүгээ явуулсан. Иймд Ө.Ш-ын гаргасан сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлал болон сөрөг нэхэмжлэлийн агуулга: Ж.Б-э нь хүү Б.Т-ийг Япон улсад дадлагажигч ажилтнаар явуулах гэтэл мөнгөний хэрэг гараад байна, чиний байрыг өөрийн нэр дээр түр шилжүүлж, ББСБ-д цөөн мөнгөний барьцаанд тавьж мөнгө авч явуулаад хүүхэд очсон хойноо мөнгө явуулахаар буцааж өгнө гэж гуйсны дагуу зөвшөөрч 2017 оны 12 сарын 21-ний өдөр Ж.Б-эд орон сууцаа 27,000,000 төгрөгөөр худалдсан гэсэн хуурамч гэрээ хийж нотариатаар гэрчлүүлэн шилжүүлсэн. Гэтэл 2018 оны 05 сарын үед Б.Б- гэх хүн энэ байрыг худалдаж авсан, байрнаас гар гэснээр Ж.Б-э нь намайг залилан мэхэлснийг мэдэж, цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэн шалгаж байгаад 2021 оны сүүлчээр Ж.Б-э, Ө.Ш- нар хамтран амьдарч байхдаа үүссэн өр авлагаас үүдэлтэй маргаан учир залилан мэхлэх гэмт хэрэг болохгүй гээд хаагдсан. Гэтэл Ж.Б-э нь Б.Б-аас худалдаж авсан байраа чөлөөлүүлнэ гэж хуурамч нэхэмжлэл гаргаж, энэ асуудалд хамааралгүй миний хүүхдүүдийг татан оролцуулж байна.

Миний бие орон сууцаа 2014 оны 08 сарын 13-ны өдөр худалдан авч одоог хүртэл амьдарч байна. Гэтэл Б.Б- гэх хүн манай байрыг худалдаж авсан, түрээсийн байраа чөлөөлж өг гэх зэргээр ярихад нь Ж.Б-ээс асуухад ББСБ-д мөнгө төлж чадаагүй, 30,000,000 төгрөг төлөөд байраа авчих, дараа нь учраа олъё гээд хэрүүл болж дараа нь Ж.Б-этэй уулзахад чамайг байрнаас чинь гаргах гэж танилдаа түр шилжүүлсэн, буцаагаад авчихна, чи надад 40,000,000 төгрөг өг гэсэн. Ж.Б-э нь миний байрыг хууран мэхэлж авсан бөгөөд гэрээнд заасан шиг 27,000,000 төгрөгийг надад шилжүүлээгүй бөгөөд мөнгө төлөлгүй миний байрны гэрчилгээг шилжүүлж авснаа цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ хэлсэн. Иймд бидний хооронд 2017 оны 12 сарын 21-ний өдөр хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Голомт банк ХХК-ийн гаргасан тайлбарын агуулга: Голомт банк нь Ж.Б-э, Б.Т- нартай 2021 оны 12 сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 40,000,000 төгрөгийг жилийн 13,2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлийн гэрээний үүргийг хангуулахаар 2021 оны 12 сарын 31-ний өдөр ипотекийн гэрээ байгуулж Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 0000 тоот, 41 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг барьцаалсан. Барьцаа хөрөнгийн талаар улсын бүртгэлийн лавлагаа авахад эрхийн зөрчилгүй байсан ба улсын бүртгэлийн тэмдэглэл үнэн зөв байх зарчмын дагуу Голомт банк ХХК нь барьцаалагч болсон байдлыг харгалзан үзэж нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ барьцаалагчийн эрх ашгийг хөндөхгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэлгүй тул улсын бүртгэлийн Ү-2205032984 дугаартай, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 0000 тоот, 41 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг Ө.Ш-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай Ж.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5-д зааснаар улсын бүртгэлийн Ү-2205032984 дугаартай, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 0000 тоот, 41 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг хариуцагч Ө.Ш-ын өмчлөлд буцаан шилжүүлэхийг нэхэмжлэгч Ж.Б-эд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас төлсөн 292,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.Б-ээс 292,950 төгрөг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хариуцагчийн тайлбарыг нотлох баримтаар үнэлж бусад ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлээгүй. Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг 2017 онд байгуулсан байхад Ө.Ш- нь тус гэрээг хүчин төгөлдөр бус гэж эсэргүүцэж шүүх болон улсын бүртгэлийн байгууллагад хандаж байгаагүй. Гэтэл шүүх хэрэгт авагдсан баримтыг бус, хариуцагчийн тайлбарыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь зээлийн гэрээний харилцаа тусдаа гэж тайлбарласан байхад шүүх нэхэмжлэгч талын зээл авах үүднээс гэрээ хийсэн гэсэн" гэх тайлбарыг дүгнэсэн нь үндэслэлгүй. Харин Ж.Б-э хүү Б.Т-ийгээ Япон улсад явуулахын тулд хүргэн ах В.Лхагвацэрэнгийн үл хөдлөх эд хөрөнгийг итгэмжлэлээр 2017 оны 12 сарын 09-ний өдөр авч шаардлагатай төлбөр тооцоог гаргасныг нотлох итгэмжлэл, Япон улсад үйлдвэрлэлийн дадлага хийлгэх гэрээ, батлан даалтын гэрээ зэргийг нотлох баримтаар гаргасан. Иймд шүүх орон сууцыг худалдах, худалдан авах хүсэл зориг байгаагүй, зөвхөн зээл авах үүднээс хийсэн болох нь зохигчдын тайлбар, бусад баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэсэн нь нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

Зээл авахын тулд дүр үзүүлэн хэлцэл хийсэн гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд Ө.Ш-ын "Ө.Ш-, Ж.Б-э нарын хооронд 2017 оны 12 сарын 21-ний өдөр хийсэн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай" сөрөг нэхэмжлэлд хамааралгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд хамааралгүй нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1-д заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Ө.Ш-, Ш.З-, Х.Э-, Ш.З- нараас Баянгол дүүргийн 7-р хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 0000 тоот 1 өрөө, 41 м.кв орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалд нийцээгүй буюу хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг тал бүрээс нь үнэлээгүй гэж гомдол гаргаж байна.

Шүүх манай банкны байгуулсан зээлийн гэрээ, ипотекийн гэрээг харгалзаж үзэлгүй, хэрэгт авагдсан эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагааг ялгамжтай байдлаар үнэлсэн. Гуравдагч этгээд нь барьцааны эрхтэй холбогдолтой, ирээдүйд гарч болох шаардлагаас урьдчилан сэргийлж, өөрийн эрх ашгийг хөндүүлэхгүй байх зорилгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог бөгөөд нэхэмжлэгчийн Голомт банк ХХК-тай байгуулсан зээлийн гэрээ, гэрээний үүргийн баталгаа болгосон орон сууцыг барьцаалсан асуудалд тайлбар гаргаж оролцсон. Гэтэл шүүхээс гуравдагч этгээдийн барьцааны эрх хэвээр үлдсэн эсэх, өөрчлөгдсөн эсэхэд дүгнэлт өгөөгүй байна.

Анхан шатны шүүх нь банкны барьцааны эрх хэвээр хадгалагдах байдлыг харгалзаж үзээгүй, дүгнэлт хийгээгүй учир гуравдагч этгээд нь маргаан бүхий барьцаа хөрөнгийн барьцааны эрхийн шударга эзэмшигч тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, банкны барьцааны эрхийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

7. Нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч нь хууран мэхэлсэн гэж тайлбарлаж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж тодорхойлсон. Нэхэмжлэгч нь хүүхдээ Япон улс руу явуулах гэж байраа барьцаанд түр тавиулахыг гуйж хууран мэхэлж авсан гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч нотариатаар гэрчлүүлэхээс өмнө цайны газарт уулзаж 27,000,000 төгрөг бэлнээр өгсөн гэж худлаа тайлбарласан ба анх нэхэмжлэл гаргахдаа дансаар мөнгө шилжүүлсэн гэж дансны хуулгыг нотлох баримтаар гаргасан ч хожим аргаа өөрчилж бэлнээр өгсөн гэж байна. Хэргийн 116, 117 дахь талд Ж.Б-э нь цагдаагийн байгууллагад бэлэн мөнгөө өгөөгүй байсан гэж мэдүүлсэн гэрчийн мэдүүлэг нь байгаа. Худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөл нь тохирсон эд зүйлийг хүлээлгэн өгөх, нөгөө тал нь тохирсон мөнгөө өгөх ёстой байдаг ч хариуцагч мөнгө авсан зүйл байхгүй. Тухайн үед залилан мэхэлсэн гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан ч хамтран амьдарч байсан, гэр бүлийн хүмүүс гэж үзээд хэргийг хаасан учир иргэний шүүхэд хандсан.

Би тус байрыг 99,000,000 төгрөгөөр худалдан авч байсан. 2021 оны 05 сард Б.Б- гэх хүн байрыг 30,000,000 төгрөгөөр авсан гэхэд нь юу яриад байна, би байраа зарахгүй гэхэд 30,000,000 төгрөг шилжүүлчих, би чамд байрыг чинь буцааж өгье гэж хэлсэн. Түүний дараа иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах гэж байхад 2021 оны намар Ж.Б-э надтай уулзаж 200,000,000 төгрөгийн өрөнд орчихлоо гэж уйлж, шүүхэд нэхэмжлэл битгий гаргаарай, түр байр аваад тавья гэж надаас гуйж хуурсан.

Гуравдагч этгээд Голомт банк ХХК-ийн гомдлыг давж заалдах шатны шүүх эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх боломжтой, тайлбар байхгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасан үндэслэл илэрсэн учир анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Ж.Б-э нь хариуцагч Ө.Ш-, Ш.З-, Ш.З-, Х.Э- нарт холбогдуулж Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжав гудамж, 0000 тоот хаягт байх 41 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч Ө.Ш- нь 2017 оны 12 сарын 21-ний өдөр Ө.Ш- болон Ж.Б-э нарын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3. Маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой зохигчдын болон Ж.Б-э, Б.Б- нарын хооронд дараах хэлцэл хийгджээ.

3.1. Ө.Ш-, Ж.Б-э нар 2017 оны 12 сарын 21-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч Ө.Ш- нь Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж 0000 тоот хаягт байх 41 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч Ж.Б-э нь худалдагчид 27,000,000 төгрөгийг төлөх үүргийг харилцан хүлээсэн байна. /1хх 40-41/

3.2. Тус гэрээг үндэслэн Нийслэлийн улсын бүртгэлийн газраас Ж.Б-ийг орон сууцны өмчлөгчөөр мөн өдөр улсын бүртгэлд бүртгэж, 000615588 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгожээ.

3.3.Улмаар нэхэмжлэгч нь орон сууцыг 37,000,000 төгрөгөөр Б.Б-д худалдахаар түүнтэй Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г 2018 оны 05 сарын 08-ны өдөр байгуулж, Б.Б- мөн өдөр маргаж буй орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн. /2хх 59, 62/

Гэвч Б.Б- нь орон сууцыг 2021 оны 07 сарын 28-ны өдөр Ж.Б-эд буцаан шилжүүлснээр нэхэмжлэгч Ж.Б-э маргаж буй орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.

 

4. Нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг үндэслэн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нарыг тухайн орон сууцнаас албадан чөлөөлүүлэхээр шаардлага гаргасан хэдий ч хуульд заасан хүчин төгөлдөр шаардах эрх үүсээгүй байна.

4.1. Нэхэмжлэгч нь 2017 оны 12 сарын 21-ний өдөр уг орон сууцыг хариуцагчаас худалдан авах гэрээ хийснээс хойш гэрээнд заасан орон сууцны үнийг төлөөгүй, хөрөнгөө шилжүүлэн аваагүй байна. Өөрөөр хэлбэл зохигчийн хэн алинд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хариу төлбөртэй өмчлөлд шилжүүлэх бодит хүсэл зориг байсан нь хэргийн баримтаар тогтоогдоогүйг анхан шатны шүүх зөв тогтоож зохигчдын хооронд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан хүсэл зоригийн илэрхийлэл бий болоогүй гэж дүгнэсэн нь хуульд нийцжээ.

4.2. Үл хөдлөх хөрөнгийн үнэ төлөгдсөн эсэх нь гэрээний хүчин төгөлдөр байдлыг илэрхийлж байх ба нэхэмжлэгч үнийг хариуцагчид шилжүүлэн өгснөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тул нотлох үүрэгтэй.

Нэхэмжлэгчээс ...худалдах-худалдан авах гэрээний 2.2-т бэлнээр төлж төлбөр тооцоог дуусгасан... гэх тайлбараа баримтаар нотлоогүй байна. Энэ үндэслэлээр нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаж, хариуцагч нь гэрээний 2.2-т зааснаар мөнгөө авсныг баталж, нотариатч гэрчилсэн байхад шүүх нотлох баримтыг хуульд нийцүүлэн үнэлээгүй гэсэн нь бодит байдалд нийцэхгүй, дээрх тохиролцоо нь талууд мөнгө хүлээлцсэнийг гэрчлэхгүй тул гомдлыг хүлээн авах боломжгүй.

4.3. Хариуцагч татгалзлаа илэрхийлж нэхэмжлэгч мөнгөний хэрэг гараад байна. Чиний байрыг өөрийн нэр дээр түр шилжүүлж, ББСБ-д мөнгөний барьцаанд тавьж мөнгө авч хүүхдээ явуулаад ... буцаагаад өгье ... ББСБ заавал худалдаж авсан байх шаардлага тавьдаг тул худалдан авах гэрээгээр шилжүүлье гээд шилжүүлсэн... гэж тайлбарласныг мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар бодит байдалд нийцсэн, үнэн зөв гэж шүүх үнэлсэн нь зөв байна.

Учир нь, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаагаар нэхэмжлэгч нь тус орон сууцыг 2018 оны 01 сарын 31-ний өдөр П- ХЗХ-нд 25,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан, мөн иргэн Б.Б-тай 2018 онд 30,000,000 төгрөгөөр худалдах, 2021 онд 10,000,000 төгрөгөөр буцаан худалдан авах хэлцэл хийсэн зэргээс нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх зорилгоор бус зээл авахын тулд ашиглаж байсан, харин орон сууц өмчлөгчийн хувиар хөрөнгийг хариуцагчаас шаардаж байгаагүй нь зохигчдод Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан гэрээний эрх, үүрэг бодитой үүсгэх хүсэл зориг байгаагүй гэж үзнэ. /1хх 53-54/

4.4. Шүүх зохигчдын хооронд байгуулсан 2017 оны 12 сарын 21-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг зөв тогтоож, хүчин төгөлдөр бус хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байх тул нэхэмжлэгчийг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэж үзэхгүй гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт нийцсэн байна.

4.5. Нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдэх үндэслэл болсон хэлцэл нь зөвхөн хэлцлийн гадаад илэрхийллийг бий болгосон хүчин төгөлдөр бус учир түүнийг өмчлөгч гэж тооцохгүй. Түүнчлэн Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д заасан нь зохигчдын хооронд үүссэн маргаанд хамаарахгүй, харин уг хэлцлийн үр дагаварт гуравдагч этгээдийн эрх хөндөгдсөн нөхцөлд хэрэглэгдэх зохицуулалт юм. Иймд гэрээ хүчин төгөлдөр бөгөөд нэхэмжлэгч хууль ёсны өмчлөгч гэх нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

 

5. Хариуцагч Ө.Ш- татгалзлаа нотлохоор зохигчдын хооронд байгуулсан гэрээг дүр үзүүлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт зааснаар бие даасан нэхэмжлэлийн шаардлага гэж үзсэн нь буруу.

Тодруулбал, хариуцагч сөрөг нэхэмжлэлээр хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шаардаагүй, татгалзлаа илэрхийлсэн тайлбарын агуулгатай байхад анхан шатны шүүх орон сууцыг хариуцагчийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг нэхэмжлэгчид даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт нийцээгүй байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдол үндэстэй.

5.1. Иймд хариуцагчийг сөрөг нэхэмжлэл гаргаагүй гэж дүгнэх тул сөрөг нэхэмжлэл гэж тодорхойлон шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, хариуцагчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогоос буцаан олгох нь зүйтэй.

 

6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 20-ны өдрийн 102/ШШ2023/00372 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

2 дахь заалтыг хүчингүй болгож,

3 дахь заалтыг 2 гэж дугаарлаж ...7.1.1 гэсний дараа ...7.1.2 гэж, 56.1 гэсний дараа 59 дүгээр зүйлийн 59.3 гэж тус тус нэмж, ...70,200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.Б-ээс 292,950 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгосугай гэснийг 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292,950 төгрөгийг улсын орлогоос буцаан олгосугай гэж өөрчилж,

4 гэж дугаарласныг 3 гэж, 5 гэж дугаарласныг 4 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 140,400 төгрөг, гуравдагч этгээд Голомт банк ХХК-аас төлсөн 71,718 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Э.ЭНЭБИШ