Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/00796

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/00796

 

Э.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 02-ны өдрийн 184/ШШ2023/00599 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Э.Э-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.Э-д холбогдох,

137,989,242 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гүлдарь, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Э.Э-ын эцэг Г.Э- нь 2016 оны 07 сарын 07-ны өдөр нас барах үед түүний өмчлөлийн 2 автомашиныг Г.Э- гараашдаа байлгаж байсан. Гэтэл Г.Э- нь талийгаачийн гарын үсгийг хуурамчаар зурж 2016 оны 10 сарын 04-ний өдөр 00-00УБС улсын дугаартай, Тоёота кроун маркийн автомашиныг өөрийн нэр дээр, 2016 оны 11 сарын 13-ны өдөр 00-01 УНО улсын дугаартай, Киа пронтер маркийн автомашиныг В.У-ын нэр дээр шилжүүлсэн байсан. Э.Э- нь тус автомашинуудыг өвлөх хүсэлт гаргах гэтэл Г.Э- нь тээврийн хэрэгслүүдийн бичиг баримтыг өгөөгүй учир өвлөж чадаагүй. Шинжээчийн үнэлгээгээр Киа пронтер маркийн автомашиныг 7,653,800 төгрөгөөр, Тоёота кроун автомашиныг 19,835,442 төгрөгөөр үнэсэн учир хариуцагчаас 27,489,242 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

1.2. Эцэг Г.Э-ын үл хөдлөх эд хөрөнгө, газрыг 2017 оны 02 сарын 24-ний өдөр өвлөж, улсын бүртгэлийн 00738122 дугаартай гэрчилгээг 2019 оны 08 сарын 22-ны өдөр авсан. Э.Э- нь өвлөх эрх үүссэн үе, газар эзэмшиж эхэлсэн цаг хугацаанаас эхлэн хариуцагч Г.Э-ас өөрийн эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгө болох 441 м.кв талбайтай авто засварын газрыг чөлөөлөхийг шаардаж байсан ч хариуцагч нь 2022 оны 11 сарын 15-ны өдөр хүртэл эзэмшин засварын үйл ажиллагаа явуулж орлого олсон. Иймд нэхэмжлэгч нь дээрх 441 м.кв газар, түүн дээрх авто засварын газрыг шаардах эрх үүссэн үеэс бусдад түрээслүүлсэн бол 2019 оны 12 сарын 24-ний өдрөөс 2020 оны 12 сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд 1 сарын 2,500,000 төгрөгөөр, нийт 12 сарын хугацаанд 40,000,000 төгрөгийн орлого олох байсан. Мөн 2020 оны 12 сарын 24-ний өдрөөс 2022 оны 11 сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд 1 сарын 3,000,000 төгрөгөөр, нийт 23 сарын хугацаанд 80,500,000 төгрөгийн орлого олох байсан. Иймд нийт 110,500,000 төгрөгийн олох ёстой байсан орлого, 2 автомашины үнэ 27,489,242 төгрөг, нийт 137,989,242 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Тоёота кроун 00-00 УБС улсын дугаартай автомашин нь тухайн үед эвдрэлтэй моторгүй байсан. Би төрсөн ах Г.Э-аас 4,500,000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед ахаас автомашиныг шилжүүлж аваагүй байсан. Түүнийг нас барснаас хойш 2 жилийн хугацаа өнгөрөхөд хэн нэг нь энэ автомашины талаар ямар нэгэн зүйл хэлээгүй. Учир нь миний ах Г.Э- нь эхнэрээсээ салаад олон жил болсон. Бид хамт амьдарч, бизнес хийдэг байсан. Хүүхдүүд нь ээжийн хамт амьдардаг байсан ба ямар нэгэн харилцаа холбоо байгаагүй.

Мөн нэхэмжилж байгаа 2 дахь автомашины хувьд надад ямар ч хамааралгүй. Нэмэгдүүлсэн шаардлага буюу 110,500,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Өмнөх эзэмшил, түрээс, гэм хортой холбоотой шүүхийн шийдвэр гарч, шүүхээр шийдсэн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсгэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Г.Э-ас 27,489,242 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Э-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 110,500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,133,400 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.Э-ас 295,396 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Э-д олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Нэхэмжлэгч нь төрсөн эцэг Г.Э-ын хөрөнгийг хууль ёсоор өвлөн авч Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 0003 тоот хаягт байх 000 м.кв талбайтай Автомашины гарааш, засварын газрын өмчлөгч, газрын эзэмшигч болсон. Нэхэмжлэгч нь өвлөх эрх үүссэн болон үл хөдлөх эд хөрөнгийг өмчилж, газрыг эзэмшсэн хугацаанаас эхэлж буюу 2019 оны 06 сарын 21-ний өдрөөс хариуцагчийг дээрх хөрөнгийн хууль бус эзэмшлээс чөлөөлөхийг шаардаж байсан ч хариуцагч 2022 оны 11 сарын 15-ны өдрийг хүртэл эзэмшиж, авто засварын үйл ажиллагаа эрхлэн ашиг олж байсан нь хэргийн баримтаар нотлогддог. Хэрэгт "Буфа үнэлгээ ХХК"-ийн 2019 оны 11 сараас 2022 оны 12 сар хүртэлх 176,860,000 төгрөгийн үнэлгээтэй хариуцагч маргаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй үндэслэлээр хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож 27,489,242 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Г.Э- нь 2016 оны 07 сарын 06-ны өдөр нас барснаас хойш дүү Г.Э- нь 2016 оны 10 сарын 04-ний өдөр, 11 сарын 13-ны өдөр автомашин худалдах, худалдан авах гэрээг хуурамчаар үйлдэж нэрийг шилжүүлсэн нь Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2020 оны 04 сарын 17-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, 2020 оны 05 сарын 13-ны өдрийн хариу мэдэгдэх хуудас, 2020 оны 01 сарын 31-ний өдөр эрүүгийн хэрэгт өгсөн гэрчийн мэдүүлгээр нотлогдсон. Иймд анхан шатны шүүхээс үндэслэлтэй шийдвэр гаргасан. Мөн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т заасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах шүүгчийн захирамж нь гарааштай холбоотой авагдаагүй. Зөвхөн Э.Э-ын Г.Э-аас авсан газрын талаар арга хэмжээ байгаа гэжээ.

7. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Олох ёстой байсан орлого 82,000,000 төгрөгийг гаргуулах хүсэлтийг үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч Э.Э- нь хариуцагч Г.Э-д холбогдуулан автомашины үнэ 53,000,000 төгрөг, хөрөнгийг 2019 оны 12 сарын 24-ны өдрөөс 2022 оны 11 сарын 16-ны өдрийн ашигласан хугацаанд олох ёстой байсан орлого 110,500,000 төгрөг, нийт 163,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч автомашины үнэ 53,000,000 төгрөг гаргуулах шаардлагаа 25,510,758 төгрөгөөр багасгаж, 27,489,242 төгрөг гаргуулахаар шаардаж, нийт 137,989,242 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх 1, 22, 102-103, 148, 201/

 

3. Нэхэмжлэгч Э.Э-, иргэн Э.Э- нар Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар талийгаач Г.Э-ын хууль ёсны өвлөгч болох нь Монголын нотариатчдын танхимын 2022 оны 10 сарын 04-ний өдрийн 709 тоот лавлагааны хариу, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 0000 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 0001 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2022 оны 003 дугаар тогтоол буюу хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар тухайн үйл баримтыг шүүх дахин дүгнэхгүй. /хх 74-76, 104-163/

 

4. Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532.1 дэх хэсэгт Өвлөгдсөн эд хөрөнгийг өв залгамжлалд оролцсон бүх өвлөгчид хэлэлцэн зөвшөөрөлцөж, хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч бүрт оногдвол зохих хэмжээгээр хуваарилах бөгөөд энэ талаар маргаан гарвал шүүх шийдвэрлэнэ гэж зохицуулсан. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг өвлөгдвөл зохих хоёр ширхэг автомашины үнийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнэхдээ нэхэмжлэгчтэй адил эрхтэй өвлөгч Э.Э-гийн эрх, ашиг сонирхол хөндөгдөх эсэхийг анхаараагүй байна.

 

5. Иргэний хуулийн 533 дугаар зүйлийн 533.1 дэх хэсэгт Хууль ёсны өвлөгчдийн аль нэг нь өөрт оногдох хэсгийг хэнд олгохыг заалгүй өвлөхөөс татгалзсан, эсхүл өвлөх эрхээ алдсан бол түүнд оногдох хэсгийг хууль ёсны бусад өвлөгчдөд тэгш хуваан олгоно гэж зааснаар өвлөгч Э.Э- нь нэхэмжлэгчийн хариуцагчаас шаардаж буй автомашины үнийг нэхэмжлэгчийн нэгэн адил шаардах эрхээсээ татгалзсан эсхүл шаардлага гаргах эрхээ алдсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

6. Иймд нэхэмжлэгч Э.Э-ыг маргаан бүхий хоёр ширхэг автомашины үнэ 27,489,242 төгрөгийг хариуцагч Г.Э-ас дангаараа шаардах эрхтэй эсэх нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй өөр этгээдийн талаар шүүхээс тодруулж улмаар уг асуудлаар талуудыг мэтгэлцүүлэн, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоогоогүй гэж үзнэ.

 

7. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт, хууль хэрэглээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 02-ны өдрийн 184/ШШ2023/00599 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 710,500 төгрөг, хариуцагчийн төлсөн 295,396 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Э.ЭНЭБИШ