Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 665

 

С.Х, Н.О нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч /хохирогч/ Н.О , шүүгдэгч /хохирогч/ С.Х  ийн өмгөөлөгч П.Учралгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 633 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 1196 дугаар магадлалтай, С.Х, Н.О нарт холбогдох 2009 0000 00726 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, Н.О

2. Монгол Улсын иргэн, С.Х

Н.О, С.Х нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Х овогт Н.О, Б овогт С.Х  нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О, С.Х нарт оногдуулсан торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус бүрт тогтоож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.О-н гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч /хохирогч/ Н.О гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Н.О надад Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсанд 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/233 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд:

Анхан шатны шүүхээс надад С.Х-н биед тархи доргилт учруулсан хөнгөн гэмтэл бий болгосон гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь тухайн цаг хугацаанд хэрүүл маргааныг С.Х нь эхлүүлсэн бөгөөд улмаар намайг сууж байхад өөрийн ууж байсан аягатай халуун цайгаа миний нүүр рүү цацан, “алчихъя чамайг” гээд үснээс минь зулгаан босгоод ширээн дээр байсан ус буцалгагчинд байсан буцалсан халуун усыг миний нуруу руу хийж түлж хохироосон. Ингэж намайг хохироосон нь анх удаагийн хэрэг биш бөгөөд 2006 онд намайг 7 сартай давхар биетэй байхад мөн л цай уугаад сууж байхад хэрүүл үүсгэн өөрийн ууж байсан аягатай халуун цайгаа нүүр рүү минь цацан, над руу дайрч зодож гэр бүлийн хүчирхийллийг үйлдэж байсныг С.Х-н төрсөн дүү С.Ганпүрэв болон үел дүү Ч.Алтанхүү нар салгаж байсан. 2020 оны 04 дүгээр сарын 25-нд болсон хэргийн талаар түүний нөхөр П.А  гэрчээр мэдүүлэг өгөхдөө гэр бүлийнхээ хүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийнхээ хүрээнд намайг цохиж зодсон мэтээр худал мэдүүлэг өгснийг шүүх нотлох баримт болгож шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. 

2. Анхан шатны шүүхийн тогтоолд Н.О гоос өөрөө С.Х рүү довтолж, түүний биеийн болон олон хэсэг газарт хүч хэрэглэсэн гэх худал мэдүүлгийг дүгнэн тухайн үед бүх үйл явцыг ажиглан сууж байсан 14 настай миний охин П.Номингийн мэдүүлгийг огт авч хэлэлцэхгүй, хийсвэр дүгнэлт хийсэн. Мөн миний бие С.Х руу довтлох ямарч шалтаг шалтгаан байгаагүй ба маргаан үүсэх үед би түүний 14 наснаас нь эхлэн түүнтэй бэлгийн харилцаанд ордог байсан олон залуучуудынх нь нэрсийг нөхрийнх нь дэргэд тоочин хэлсэнд С.Х нь нөхрөөсөө ичсэндээ намайг үсдэн, буцалсан халуун усыг нуруу руу минь хийж хохироох шалтгаан болсон ба тэрээр энэ үйлдэлдээ огт харамссан шинжгүй байгаа нь өнөөдрийг хүртэл надаас огт уучлалт гуйгаагүйгээр илэрч байна. Мөн тэр үед С.Х нь нөхөр гэх А ийгөө “Чи гарч бай, би энийг алаадахъя” гэхэд төрсөн эх Н.Төмөр нь хүргэн А ийгөө “битгий гараарай, байж бай” гэсэн ба магадгүй ширээн дээр хутга байсан бол миний амь насыг хохироохоор хэмжээний ихээр уурласан байсан нь түүний өгсөн мэдүүлэг болох “Би уурласан үедээ юм санахгүй байдаг”-ээр нотлогдож байна. Удалгүй миний нөхөр С.Пүрэвдоржийг гаднаас орж ирэхэд айн хүүхдээ тэврээд ор руугаа орсноор уг над руу хийсэн довтолгооноо зогсоосон. Би түлэгдсэн даруйдаа өмсөж явсан цамцаа тайлах гэхэд үснээс минь зулгаасан хэвээрээ хурдан хугацаанд цамцаа тайлах боломжийг олгоогүй учир нурууны доод хэсгээр гүн түлэгдэж одоо миний биеийн ар нуруу хэсэгт том соривтой болсонд, гоо сайхныг минь ихээр алдагдуулсанд туйлын гомдолтой байна. Мөн хэрэг болсон өдрийн маргааш буюу 2020.04.26-нд С.Х нөхөр А ийн хамт хөгжлийн бэрхшээлтэй том хүү А ба бага хүүхэд Г нарын хамт Дамбадаржаад байдаг талийгч аавынхаа эзгүй гэрт ирсэн ба тэднийг тэндээ хэрүүл маргаан үүсгэснийг хөрш айлын хүн нь надад хэлсэн ба нөхөр Аптантөгс нь С.Х  дээ “Чамд Гомбоо, Түгжээ, Улмаа, ... гээд олон найзууд байдаг бол чи тэд нар руугаа явахгүй юу” гэж хэлсэн гэдэг. Мөн С.Х-н хөл хөх болчихсон байсныг хараад хөл чинь яачихсан юм бэ? гэж асуухад “Төгсөөд битгий хэлээрэй” гэж нуусан байдаг. Энэ нь ямар учир шалтгаантайгаар нууцалсан нь анхаарал татахуйц. Энэ үйл явц нь түүний шүүх шинжилгээний дүгнэлтээр гарсан гэмтлийг нөхөр А  үүсгэсэн байхаар хангалттай нотлох баримт юм.

Миний бие С.Х-с хохирлоо барагдуулахаар шүүхэд гомдол гаргахад анхан шатны шүүхээс намайг С.Х  ийг зодож танхайрсан мэт болгож шийтгэх тогтоол гаргасанд, мөн С.Х нь хийсэн үйлдэлдээ огт харамссан шинжгүй намайг өөрийг нь зодсон гэж гүтгэсэн нь, огтхон ч уучлалт гуйгаагүй нь өнөөдрийн миний дээд шүүхэд хандах шалтгаан маань юм.

П.Учралгэрэл өмгөөлөгч С.Х-н ангийн хүүхэд юм. С.Х-н гэр бүлийн хүн болох А нь н.С аваргын цүнх баригчдын нэг бөгөөд хууль эрх зүйн  хувьд маш их мэдлэгтэй хүмүүс байгаа, миний хувьд инженер мэргэжилтэй хуулийн хувьд мэдлэггүй. н.Болортуул прокурор миний бие ийм их түлэгдсэн байгааг мэдсээр байж шүүх эмнэлгийн дүгнэлтэд үнэлэлт дүгнэлт өгөхгүй, яагаад тэр олон цагдаагийн хажууд хувцсаа тайлж түлэнхий нуруугаа үзүүлэхийг шаардсан. Намайг түлэгдсэн ийм стрессээ барьж явж чадахгүй байхад Б.Дуламсүрэн шүүгч намайг “чи нийгэмд яаж ингэж амьд явж чадаж байнаа гэж хэлсэн”, сэтгэл зүйч эмчтэй уулзах намайг 2 жил ийм шокноос гарахгүй гэж хэлсэн. Мөн толгойн доргилт, савны доргилтод эмийн эмчилгээ хийдэггүй, яагаад анхан шатны шүүх надаас нөхөн төлбөрийг гаргуулж байгаа юм. Миний өмгөөлөгч рүү хүртэл С.Х-н өмгөөлөгч утсаар ярьсан байсан. Шүүх хурал болоод дууссаны дараа би С.Х-н ээжид би танай хүүхдийг зодоогүй гэдгээ хэлсэн. Тэгэхэд шүүгчээр дамжуулж чамд мөнгө өгөх гэж байсан, түүнийг авахгүй яасан юм бэ гэж хэлсэн.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, намайг цагаатгаж, миний хохирлыг барагдуулж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч /хохирогч/ С.Х  ийн өмгөөлөгч П.Учралгэрэл шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал Эрүүгийн хуулийг зөв тайлбарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэл байхгүй. Н.О  бол буцалсан ус цацсан учраас аргагүй хамгаалалтын хийсэн гэж үздэг. Гэтэл өмгөөлөгчийн зүгээс аргагүй хамгаалалт хийсэн зүйл тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Учир нь өөрөө С.Х   рүү дайр довтолж түүний олон хэсэгт гэмт учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хэрэгт авагдсан баримтаар С.Х  ийн мэдүүлэг, гэрч А ийн мэдүүлэг, гэрч Номингийн мэдүүлэг, шинжээч эмчийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан баримтаар С.Х, Н.О нар нь маргалдаж, ноцолдох явцдаа бие биедээ хөнгөн хохирол учруулсан, ингэж ноцолдож байх явцдаа С.Х   гарт тааралдсан халуун усаар Н.О гийн биеийг түлсэн нөхцөл байдал хангалттай тогтоогдсон. Ийм учраас анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч С.Х, Н.О нар гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, эрхийг ноцтойгоор хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Гэм бурууд нь тохирсон ял шийтгэлийг шүүгдэгч нарт оногдуулсан байна. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Н.О гийн гаргасан гомдлыг үндэслэн Н.О , С.Х   нарт холбогдох эрүүгийн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Н.О г 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьтын зусланд С.Х  тэй хэрүүл маргаан үүсгэн, харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

С.Х  ийг мөн өдөр Н.О той хэрүүл маргаан үүсгэн, ус буцалгагч авч шидсэний улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд уг шаардлагыг хангаагүй анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх зөвтгөн залруулж чадаагүй байна.

Тодруулбал, хохирогч Н.О гийн бие үзлэг хийсэн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 5111 дугаартай дүгнэлтээр “... Н.О гийн биед нурууны хэсэг буюу биеийн нийт гадаргуун 8,5 орчим хувийг хамарсан түлэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. ... эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна” гэсэн боловч хэрэгт авагдсан фото зургаас үзэхэд дээрх гэмтэл нь нурууны хэсэг буюу гадаргуун 8,5 орчим хувийг хамарсан гэж үзсэн дээрхи дүгнэлт эргэлзээтэй байх тул дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж хяналтын шатны  шүүх үзэв.

Шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “Хэргийн бодит байдлыг тогтоох”-д чухал ач холбогдолтой байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 633 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 1196 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч С.Х, Н.О нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцаасугай.

 

 

                                         ДАРГАЛАГЧ                                              Б.ЦОГТ

                                       ШҮҮГЧ                                                       Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                            Ч.ХОСБАЯР