Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2019/0168

 

“Б К ТМЗ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

  

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.С, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С,  Б.Г нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2017/0796 дугаар шийдвэртэй, “Б К ТМЗ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2017/0796 дугаар шийдвэрээрЗахиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7-д заасныг баримтлан “Б К ТМЗ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/23 дугаар тушаалын Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны А/84 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсон хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, “Б К ТМЗ” ХХК-ийн үйлчлүүлэгчдийн А/84 дүгээр тушаалд нийцүүлэн гаргасан 2015 оны 07 дугаар сараас 2017 оны 09 сар хүртэлх хугацааны тайланг хүлээн авч баталгаажуулахыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад даалгаж, нэхэмжлэлээс үлдсэн “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны А/84 дүгээр тушаалаар батлагдсан зааврын 3.9-д заасныг бүрэн хэрэгжүүлэн ажиллах үүрэг чиглэлийг харьяа нэгжүүдэд хүргүүлэн, мөрдүүлэн ажиллуулах хуульд заасан үүргээ Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.З-т давж заалдах гомдолдоо:  “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2017/0796 дугаар шийдвэрт дараах гомдол гаргаж байна. Үүнд:

Нэхэмжлэгч “Б К ТМЗ” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжпэлийн шаардлагадаа:

  1. “...Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар батлагдсан зааврын 3.9-т заасныг бүрэн хэрэгжүүлэн ажиллах үүрэг чиглэлийг харьяа нэгжүүдэд хүргүүлэн, мөрдүүлэн ажиллуулах хуульд заасан үүргээ Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох”,
  2. "... Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар баталсан зааврын 3.9-т заасныг бүрэн хэрэгжүүлэн “Б К ТМЗ” ХХК-ийн үйлчлүүлэгчдийн А/84 дүгээр тушаалд нийцүүлэн гаргасан 2015 оны 7 дугаар сараас хойших хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хүлээн авч баталгаажуулахыг үүрэг болгох чиглэлийг харьяа нэгжүүдэд хүргүүлэн, мөрдүүлэн ажиллахыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад даалгах”,
  3. “... Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/23 дугаартай “Тушаал хүчингүй болгох тухай” тушаалын “...Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалыг тус тус...” гэсэн хэсэг нь илт хууль бус болохыг тогтоолгохыг тус тус хүсчээ.

1. Маргааны зүйл болох Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар батлагдсан зааврын 3.9 дэх заалт нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь заалтыг зөрчсөн хуульд нийцэхгүй тушаал юм. Учир нь тус хуулийн 7-д “Ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн улсын дундаж цалин болон Үндэсний статистикийн хорооноос дундаж цалинд тус тус үндэслэн Засгийн газар жил бүр тогтооно.” гэж хуульчилсан байна.

Энэхүү заалтын дагуу зөвхөн Монгол Улсын Засгийн газарт захиргааны хэм хэмжээний акт батлан гаргах эрх олгогджээ.

Гэтэл Нийгмийн даатгалын ерөнхий газар нь Монгол улсын Засгийн газарт хууль тогтоомжоор олгогдсон захиргааны хэм хэмжээний актыг батлан гаргах эрх хэмжээнд халдаж, эрх хэмжээгээ хэтрүүлэн, хуулиар тусгайлан эрх олгогдоогүй байхад өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар хууль зөрчиж 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр А/84 дугаартай “Заавар батлах тухай” хууль бус тушаалыг гаргасан байдаг.

Монгол Улсын Засгийн газрын ...  1996 оны 80 дугаар тогтоол, 1998 оны 92 дугаар тогтоолууд нь Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 251 дүгээр тогтоол гарах хүртэл хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан байна.

Тодруулбал Засгийн газрын 1996 оны 80 дугаар тогтоолын 1 дэх заалтад даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 1996 онд баримтлах дээд хэмжээг 80.000 төгрөг байхаар тогтоосон бөгөөд уг тогтоолын 2 дахь заалтад ажил олгогчийн хувьд энэ хэмжээг хамааруулахгүй байхаар тогтоосон.

Үүний дараа Засгийн газрын 1998 оны 92 дугаар тогтоолоор даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар шинэчлэн тогтоосон бөгөөд Засгийн газрын 1996 оны 80 дугаар тогтоолын 1 дэх заалтыг хүчингүйд тооцож 2 дахь заалтыг хүчин төгөлдөр хэвээр үлдээсэн байна.

Өөрөөр хэлбэл ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахдаа даатгуулагчийн хувьд баримтлах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг хамааруулахгүй байхаар тогтоосон байна.

Мөн аймаг /нийслэл/, дүүргийн /газар/ нийгмийн даатгалын хэлтсүүд нь Монгол Улсын Үндсэн хуулийн “...хуульд үндэслэх” зарчим. Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4 дэх хэсэгт “харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх;” гэж заасныг тус тус баримтлан 2015 оны А/84 дугаартай хууль бус тушаалын 3.9 дэх заалтыг хэрэгжүүлэн ажиллаагүй болно.

2. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад Нийгмийн даатгалын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжоор нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хүлээн авч баталгаажуулах эрх, үүрэг олгогдоогүй байтал анхан шатны шүүх өрөнхий газрын даргад нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан хүлээн авч баталгаажуулахыг даалгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Энэ эрх үүргийг тухайн аж ахуй нэгжийн оршин байгаа газрын харьяалах нийгмийн даатгалын хэлтсийн орлого шимтгэлийн байцаагч хэрэгжүүлдэг.

3. Маргаан бүхий цаг хугацаанд “Б К ТМЗ” ХХК-иар ямар нэртэй, хэдэн аж ахуй нэгж байгууллага үйлчлүүлэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан гаргуулсан эсэх нь тодорхойгүй, энэ талаарх бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй мөн бусдыг шүүхэд төлөөлөх эрх буюу итгэмжлэл олгогдоогүй байхад анхан шатны шүүхээс “Б К ТМЗ” ХХК-ийн үйлчлүүлэгчдийн А/84 дүгээр тушаалд нийцүүлэн гаргасан 2015 оны 7 дугаар сараас хойших хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч баталгаажуулахыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад даалгаж... шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27, 28 дугаар зүйлүүдэд заасны дагуу шүүхэд төлөөлөх эрх буюу итгэмжлэл олгогдож байж бусдыг шүүхэд төлөөлөх эрхтэй. Гэтэл анхан шатны шүүхээс Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5 дахь заалтыг үндэслэн “Б К ТМЗ” ХХК нь нэхэмжлэл гаргах эрхтэй байна гэж хууль буруу тайлбарласан байна.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль буруу тайлбарлан хэрэглэх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагад нийцээгүй байна.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2017/0796 дугаар шийдвэрийг хүчингүй болгоч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдлын хариу тайлбартаа:

Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 1/130 тоот албан бичгээр давж заалдах гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүх нэмэлтээр нотлох баримт хүлээн авч хянах боломжгүй тул тус хэргийн процесс хэрхэн өрнөсөн талаар давж заалдах шатны шүүхэд танилцуулан, анхааралд хүргэх нь зүйтэй байна. Үүнд:

Давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээх тухайд: Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 1/95 тоот албан бичгээр “Давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх тухай хүсэлт” гаргаж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 128/Ш32019/0445 дугаар шүүгчийн захирамж гарсан. Уг шүүгчийн захирамжид нэхэмжлэгч талаас гомдол гарган давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 221/ШТ2019/0109 дугаар шүүхийн тогтоол гарч, Нийслэлийн дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 1/1343 дугаарт “Хүсэлт буцаах тухай” албан бичгээр хариу өгсөн.

Хэрэг хянан шийдвэрлэхэд хэрэглэх Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Үндсэн хуулийн цэц 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Бага суудлын хуралдааны 22 дугаар Магадлалаар “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа” үүсгэсэн. Тус маргааныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хянан шийдвэрлэсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хугацаанд шүүгчийн захирамжаар түдгэлзэх учиртай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д заасан шүүгчийн захирамжийг гаргах урьдач нөхцөл нь мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан товчлолын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзээгүй, хэвийн үргэлжлэх юм.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзэх учиртай 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчээс дангаараа гаргасан шийдвэр болох шүүгчийн захирамж гарч, үр дагавар нь давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахын эрх зүйн үр дагавар болон магадлалын хуулийн хүчин төгөлдөр байдал хэрхэх нь тодорхойгүй байна.

         2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанаас хойш үүссэн нөхцөл байдлууд 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хүрээгүй учир Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст шилжүүлсэн. Монгол Улсын ерөнхий Прокурорын газрын  2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 5/1605 тоот хариу мэдэгдэх хуудсын дагуу Эрүүгийн хуулийн 21.7, 22.1 зүйлд тус тус заасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг хянан шийдвэрлэх хэрэг бүртгэлийн хэрэг нээгдсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нарт тус тус 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр шүүхийн шийдвэрийг биөлүүлэхгүй байгаа тухайд гомдол гаргаж хариуг авсан. “Шүүхийн шийдвэрийг биелүүлж ажиллахыг үүрэг болгосон” албан хариунуудыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын 2018 оны 09 сарын 13-ны өдрийн ТГ/811 тоот албан бичиг, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ХЭГ/2714 тоот албан бичиг, Монгол Улсын Хөдөлмөр хамгаалал, нийгмийн сайдын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1/42 тоот албан бичгээр тус тус хүлээн авсан.

Монгол Улсын Хууль зүй, дотод хэргийн сайдын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1-1/5837 тоот өлбан бичгээр маргааны гол зүйл Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны А/84 дүгээр тушаалыг Нийгмийн даатгалын ерөнхий газартай харилцан ойлголцсоны дагуу хүчингүй болгосон, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр А/187 дугаар тушаалыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга гаргасан тухай агуулгатай танилцсан.

Шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээ гүйцэтгэхгүй байгаа тухай гомдолд Шүүхийн шийдвэрийн гол агуулга болох тушаалыг илт хууль бус хэмээн үзэж хүчингүй болгосон гэх агуулгаар хариулах гэж оролдсон ч Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын зүгээс 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ХЭГ/2714 тоот албан бичгээр шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг ХНХСайдад үүрэг болгосон.

Энэ талаар хариуцагч шүүхэд гаргасан хүсэлт, гомдолдоо огт дурьдаагүй. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 04 дүгээр магадлал гаргасан. Монгол Улсын Их Хурал албан тайлбартаа “Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “..Засгийн газраас нэг үзүүлэлтээр тогтоох Хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ нь тоон утгаар илэрхийлэгдэхээр хуульд салаа утгагүй заасан” хэмээх агуулгыг 14 удаа дурьдан удаа дараа тайлбарласан. Магадлалын Үндэслэлийн агуулга нь "... уг маргаан нь Үндсэн хуулийн эрх зүйн маргааны шинжийг агуулаагүй ..., ...Мэдээлэл гаргагч иргэд ... Монгол Улсын Их хурлын тайлбарыг тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрсөн ...” тул Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгосон. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнд хариуцагчийн мэтгэлцэж байгаачлан хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг ажил олгогч болон даатгуулагчийн хувьд өөр өөр тоон утгатайгаар хууль тогтоогч хуульчлаагүй болох нь 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр тодорхой болсон.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байх тул хариуцагчийн гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгон, “Б К ТМЗ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          Нэхэмжлэгч  “Б К ТМЗ” ХХК нь Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/23 дугаар тушаалын ... Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалыг тус тус...” гэсэн хэсэг нь илт хууль бус болохыг тогтоолгох, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны А/84 дүгээр тушаалаар батлагдсан зааврын 3.9-д заасныг бүрэн хэрэгжүүлэн ажиллах үүрэг чиглэлийг харьяа нэгжүүдэд хүргүүлэн, мөрдүүлэн ажиллуулах хуульд заасан үүргээ Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Б К ТМЗ” ХХК-ийн үйлчлүүлэгчдийн А/84 дүгээр тушаалд нийцүүлэн гаргасан 2015 оны 7 дугаар сараас хойших хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хүлээн авч баталгаажуулахыг үүрэг болгох чиглэлийг харьяа нэгжүүдэд хүргүүлэн, мөрдүүлэн ажиллахыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

          Хариуцагчаас давж заалдах гомдолдоо “ ... Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дугаартай тушаалаар батлагдсан зааврын 3.9 дэх заалт нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дэх заалтыг зөрчсөн хуульд нийцэхгүй тушаал, Монгол Улсын Засгийн газарт захиргааны хэм хэмжээний акт батлан гаргах эрх олгогдсон, ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахдаа даатгуулагчийн хувьд баримтлах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг хамааруулахгүй байхаар тогтоосон, Монгол Улсын Үндсэн хуулийн “хуульд үндэслэх” зарчим, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4 дэх хэсэгт “харьяа дээд шатны албан тушаалтны хувьд нийцсэн шийдвэрийг биелүүлэх” гэж заасныг баримтлан тус 2015 оны А/84 дугаартай хууль бус тушаалын 3.9 дэх заалтыг хэрэгжүүлэн ажиллаагүй,  Нийгмийн даатгалын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжоор нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хүлээн авч баталгаажуулах эрх, үүрэг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад олгогдоогүй байтал ... нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан хүлээн авч баталгаажуулахыг даалгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй, нэхэмжлэгч компани ямар нэртэй, хэдэн аж ахуй нэгж байгууллага үйлчлүүлэн шимтгэл төлөлтийн тайлан гаргуулсан талаар тодорхойгүй, мөн бусдыг шүүхэд төлөөлөх эрх буюу итгэмжлэл олгогдоогүй байхад тус нэхэмжлэгч компани үйлчлүүлэгчдийг төлөөлөх эрхгүй этгээд ...” гэжээ.

          Улсын Их Хурлаас 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр батлагдаж, 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн  Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн “Засгийн газар жил бүр даатгуулагчийн шимтгэл төлөх орлогын дээд хэмжээг ... даатгалын хэлбэр тус бүрээр ялгавартайгаар тогтооно” гэснийг “Ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг ... Засгийн газар жил бүр тогтооно” гэж өөрчлөн найруулжээ.

          Уг хуулийн заалтын дагуу Засгийн газраас 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 251 дүгээр тогтоол гарах хүртэл ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг ямар нэгэн байдлаар урьд мөрдөж байснаас өөрөөр тогтоогоогүй байна.

          Хууль тогтоогчоос бүрэн эрх олгосны дагуу Засгийн газраас тухайн харилцааг зохицуулсан журам, шийдвэр гараагүй буюу уг хуулийг хэрэгжүүлэх заавар батлах хэрэгцээ шаардлага үүсээгүй байхад Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга нь 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар “Нийгмийн даатгалын тухай хуулиудын зарим зүйл, заалтыг хэрэгжүүлэхэд баримтлах заавар” баталж, уг зааврын 3.9 дүгээр заалтаар ажил олгогчийн болон даатгуулагчийн шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг хэрхэн тооцох талаар заасан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

          Анхан шатны шүүхийн шийдвэрт “ ... нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоогоогүй нь Нийгмийн даатгалын тухай хуулийг болон уг хуулийн зүйл заалтыг хэрэгжүүлэхэд баримтлахаар батлагдсан зааврыг мөрдөхгүй байх үндэслэл болохгүй” гэж үзсэн нь үндэслэлгүй.

          Учир нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7-д “Ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг ... Засгийн газар жил бүр тогтооно” гэж заасан нь Засгийн газарт ажил олгогч болон даатгуулагчийн шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг заавал тэнцүү тогтоохыг үүрэг болгоогүй байх бөгөөд уг заалтын дагуу Засгийн газар ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна.

          Иймд тухайн үед ажил олгогч болон даатгуулагчийн шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдөхгүй, даатгуулагчийн хувьд “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тогтоох тухай” Монгол Улсын Засгийн газрын 1996 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 80 дугаар тогтоол, 1998 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 92 дугаар тогтоолууд тус тус хүчин төгөлдөр үйлчлэх бөгөөд ажил олгогчийн хувьд Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-д заасан хувь хэмжээгээр төлөх үүрэгтэй.

          Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1076 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Евро эйшия реманд пактурин сервис” ХХК-ийн гаргасан “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 1/1635 дугаар албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн төлөөлөгч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь “Б К ТМЗ” ХХК болон түүний бүх үйлчлүүлэгчид хамааралтай гэж үзэхгүй.

          Иймд хариуцагч нь хууль зөрчиж гаргасан, үндэслэлгүй заавраа хүчингүй болсонд тооцсон 2017 оны А/23 дугаар тушаалыг илт хууль бус гэж үзэхгүй,  тушаалын улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр “Б К ТМЗ” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй, анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 796 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчаас гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.