Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/00923

 

 

2023 05 03 210/МА2023/00923

 

А.Г-ийн хүсэлттэй

дампуурлын хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 01-ний өдрийн 183/ШШ2023/00416 дугаар шийдвэртэй,

Хүсэлт гаргагч А.Г-ийн гаргасан

Н- ХХК-ийг төлбөрийн чадваргүй болж дампуурсанд тооцуулж татан буулгах хүсэлттэй,

Хариуцагч Н- ХХК-д холбогдуулан нэхэмжлэгч Г- ХК-ийн 107,182,208 төгрөг, нэхэмжлэгч ЗЗБ ХХК-ийн 62,176,968 төгрөг, нэхэмжлэгч У ж- ХХК-ийн 15,730,711 төгрөг, нэхэмжлэгч Г б- ХХК-ийн 2,485,772,543,11 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, нэхэмжлэгч Т-газрын 949,468,247 төгрөгийг тус тус /нийт 3,620,330,677 төгрөг/ гаргуулах тухай нэхэмжлэлтэй дампуурлын хэргийг нэхэмжлэгч Г б- ХХК-ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Нийслэлийн татварын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Тэмүгэн, нэхэмжлэгч Г б- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюун-Эрдэнэ, хариуцагч Н- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяа, гуравдагч этгээд Я.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтунгалаг, хэрэг гүйцэтгэгч А.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч А.Г-ийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Би Н- ХХК-тай 2013 оны 02 сарын 28-ны өдөр АР/01 тоот зээлийн гэрээ байгуулж, гэрээний дагуу 1,114,000,000 төгрөгийг сарын 1.3 хувийн хүү, 10 сарын хугацаатай зээлдүүлсэн. Гэрээний хугацааг 2013 оны 12 сарын 31-ний өдрөөс 2014 оны 06 сарын 30-ны өдрийг хүртэл 6 сарын, мөн оны 06 сарын 30-ны өдрөөс 2016 оны 11 сарын 30-ны өдрийг хүртэл 5 сарын хугацаагаар тус тус сунгасан. Дахин 2014 оны 05 сарын 07-ны өдөр 1,730,000,000 төгрөгийг сарын 1.65 хувийн хүү, 12 сарын хугацаатай зээлдүүлж, гэрээний хугацааг 2016 оны 11 сарын 30-ны өдрийг хүртэл сунгаж нийт 31 сарын хугацаатай зээлдүүлсэн. Өнөөдрийн байдлаар дээрх 2 зээлийн гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 2,844,000,000 төгрөг, зээлийн хүү 1,648,428,599,97 төгрөг, нийт 4,492,428,599,97 төгрөг болсон.

Энэхүү хоёр гэрээний хугацаа 2016 оны 11 сарын 30-ны өдөр дууссан бөгөөд Н- ХХК-аас зээлийн төлбөрөө барагдуулахыг удаа дараа хүсэлтүүд хүргүүлж байсан. Н- ХХК нь 2019 оны 04 сарын 16-ны өдөр 18/189 тоот албан бичгээр хариу ирүүлж төлбөрийн чадваргүй болсныг мэдэгдсэн бөгөөд тус компаниас ирүүлсэн 2018 оны санхүүгийн тайлангаар бусдад төлөх өр төлбөр нь 8,216,078,700 төгрөг байна. Энэ нь өөрийн хөрөнгийн хэмжээнээс 4 дахин илүү байх тул тус компани нь төлбөрийн чадваргүй, өөрийн хөрөнгөөс хэд дахин их өртэй, өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ биелүүлэх чадваргүй болсон тул Нейшнл девелопер ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгаж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч Г- ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Тус шүүхийн 2019 оны 04 сарын 05-ны өдрийн 819 дугаар шийдвэрээр Н- ХХК-аас 106,492,208 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 690,411 төгрөгийн хамт гаргуулж Г- ХК-д олгохоор шийдвэрлэсэн. Тус компани нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй тул манай компани шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэр гүйцэтгэх газарт хандсан ч төлбөр төлөгчид холбогдуулан дампуурлын хэрэг үүссэн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн. Иймд Н- ХХК-аас шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр гаргуулахаар шийдвэрлэсэн 107,182,619 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгч ЗЗБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ЗЗБ ХХК нь Н- ХХК-тай харилцан тохиролцож 2012 оны 04 сарын 06-ны өдөр улсын төсвийн хөрөнгөөр Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 50 км автозам барилгын ажил гүйцэтгэх гэрээг, мөн 2012 оны 04 сарын 10, мөн 07 сарын 30-ны өдрүүдэд нэмэлт гэрээнүүдийг байгуулсан. Дээрх гэрээнүүдийн хүрээнд 50 км авто замын 5 дугаар хэсэг болох 25-33 дахь км-ийн шороон далангийн барилгын ажлыг хийж гүйцэтгэн гэрээг дуусгавар болгож, холбогдох албан тушаалтнуудтай акт үйлдэн ажлыг хүлээлгэн өгсөн. Дээрх гэрээний нийт дүн 1,343,243,406,66 төгрөг болно. Гэрээний ерөнхий нөхцөлийн 45.1, тусгай нөхцөлийн 26-д зааснаар гүйцэтгэсэн гэрээт ажлын дүнгээс барьцаа төлбөр 5 хувь буюу 67,647,996 төгрөгийг суутган авсан, үлдэх 62,176,968 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

4. Нэхэмжлэгч Г б- ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Г б- ХХК нь Н- ХХК-тай 2015 оны 09 сарын 29-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ, ипотекийн гэрээг тус тус байгуулж 1,920,000,000 төгрөгийн зээлийг 14 сарын хугацаатай, жилийн 22,8 хувийн хувийн хүүтэй зээлдүүлсэн. 2016 оны 09 сарын 27-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээгээр зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчилж, мөн өдөр шинээр зээлийн гэрээ байгуулж 1,000,000,000 төгрөгийн зээлийг, 18 сарын хугацаатай, жилийн 22,8 хувийн хүүтэйгээр олгосон. Мөн өдөр барьцааны, ипотекийн, батлан даалтын гэрээг байгуулсан.

Гэтэл Н- ХХК нь гэрээнд заасан хугацаанд зээл, хүүгийн төлбөрөө бүрэн төлөөгүй ба өнөөдрийн байдлаар 2015 оны 09 сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл 1,450,572,873,94 төгрөг, зээлийн хүү 816,425,548,52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 125,258,247,20 төгрөг, нийт 2,392,256,669,66 төгрөг болсон. Мөн 2016 оны 09 сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл 60,927,803,45 төгрөг, зээлийн хүү 27,156,725 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,431,345 төгрөг, нийт 93,515,873,45 төгрөг болж, нийт 2,485,772,543,11 төгрөг болсон учир зээлийн гэрээний төлбөр гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилж байна.

 

5. Нэхэмжлэгч Т-газрын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Нейшнл девелопер ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварт 2014 онд 401,893,658,50 төгрөгийн, 2015 онд 222,994,817 төгрөгийн, 2016 онд 218,959,269,40 төгрөгийн, 2017 онд 75,635,884.70 төгрөгийн, 2018 онд 25,257,214.30 төгрөгийн, 2019 онд 4,727,403,10 төгрөгийн, нийт 949,468,247 төгрөгийн татварын өртэй байна. Дээрх татварын өрийг төлүүлэхээр 2014 оны 02 сарын 21, 2016 оны 06 сарын 16, 10 сарын 05-ны болон 2018 оны 10 сарын 30-ны өдрүүдэд татвар төлөгчид мэдэгдэх хуудсыг хүргүүлж, мөн татварын албанаас банкнуудад мэдэгдэх хуудсыг 2016 оны 06 сарын 23, 2018 оны 11 сарын 14-ний өдрүүдэд тус тус хүргүүлж харилцагчийн банкин дахь дансыг нь хааж татварын өр барагдуулах ажиллагаа хийсэн ч өнөөдрийг хүртэл татварын өр барагдаагүй. Иймд Н- ХХК-аас 949,468,247 төгрөгийн өрийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

6. Нэхэмжлэгч У ж- ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Шүүхээс 2019 оны 03 сарын 06-ны өдөр гэрээний үлдэгдэл төлбөрт 15,781,000 төгрөгийг Н- ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх хуудас ажиллагаа явагдаж байсан. Ажиллагааны явцад тухайн компани дампуурлаа зарласан гэсэн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн тул 15,967,361 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

7. Хариуцагч Н- ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: Н- ХХК нь 2018 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайлангаар бусдад төлөх өр төлбөрийн дүн нь 8,816,454,173.17 төгрөгт хүрч компанийн өөрийн хөрөнгөөс 3 дахин илүү болсон. Иймд Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар Н- ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, мөн тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т зааснаар дампуурсанд тооцож, татан буулгаж өгнө үү. Манай компанийн үндсэн хөрөнгө 3,200,000,000 төгрөг байгаа. Г- ХХК-ийн зүгээс хариуцагч нь А.Г-аас мөнгө зээлээгүй гэдэг асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар хэргийг шалгасан 2019 оны 04 сарын 22-ны өдрөөс хойшхи 3 жилийн хугацаанд компанийн 3,000,000,000 төгрөгийн эд хөрөнгийн үнэлгээ буурч хэдэн төгрөг болсныг тооцоолох боломжгүй байна.

Манай компани бусдад төлөх өглөгийн жагсаалтыг гаргаж өгсөн ба жагсаалтаар А.Г-т 4,492,000,000 төгрөгийн зээл, хүүгийн төлбөр, Г б- ХХК-д 1,707,000,000 төгрөгийн зээл, хүүгийн төлбөрийн, Г- ХХК-д 73,000,000 төгрөгийн өглөгтэй. Манай компани нийт 7,272,000,000 төгрөгийн өр төлбөртэй гэдгээ жагсаалтаар гаргасан.

Г б- ХХК болон Т-газар нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. Анхан шатны шүүхээс Н- ХХК-ийг 2019 оны 09 сарын 16-ны өдөр төлбөрийн чадваргүйд тооцож, олон нийтийн мэдээллийн санд 2019 оны 09 сарын 19-ний өдөр зарласан. Нэхэмжлэгч нар 2019 оны 10 сарын 10-ны өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах байсан ч нэхэмжлэлээ хуулийн хугацаандаа гаргаагүй. Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т зааснаар хариуцагчтай холбоотой нэхэмжлэлийг хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсныг нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд гаргахаар, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.8-д зааснаар хугацаа хэтрүүлэн гаргасан нэхэмжлэлийг шүүх хүндэтгэн үзэх шалтгаантай бол хөөн хэлэлцэх хугацааг сэргээхээр заасан.

Тус шүүхэд Г б- ХХК нь 2019 оны 10 сарын 23-ны өдөр, Улсын төсвийн орлого, хяналтын газар нь 2019 оны 11 сарын 07-ны өдөр тус тус нэхэмжлэлээ гаргасан нь Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. Шүүх эдгээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээхгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Дампуурлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.8-т заасан нийцэхгүй байна. Мөн Г б- ХХК болон Улсын төсвийн орлого, хяналтын газар нь хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх хүсэлтийг гаргаагүй. Иймд Г б- ХХК болон Т-газрын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

8. Хэрэг гүйцэтгэгч А.Э- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт, тайлбартаа: Миний бие Н- ХХК-ийн төлбөрийн чадвартай эсэх, хуваарилагдах эд хөрөнгө болон хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах гэрээ хэлцэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор дараах ажлуудыг гүйцэтгэж, дүгнэлт гаргасан.

Н- ХХК нь 2007 онд 1,000,000 төгрөгийн дүрмийн сантай үүсгэн байгуулагдсан. 2009 онд дүрмийн санг 714,947,400 төгрөгөөр нэмэгдүүлсэн, 2010, 2011 онуудад дүрмийн сангийн хэмжээг нэмэгдүүлж 800,000,000 төгрөг болсон. Н- ХХК нь 2015-2019 онуудад богино хугацаат өр төлбөр нь эргэлтийн хөрөнгийн 99.9% хүртэлх хувийг эзэлж байгаа нь богино хугацаат өр төлбөрийг барагдуулах эргэлтийн хөрөнгө хангалтгүйг харуулж байна. Тус компани нь 2019 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлангаар татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн болон Г б- ХХК бусад иргэн, аж ахуйн нэгжүүдэд богино хугацаат зээл 6,129,721,200 төгрөг, цалингийн өр 4,969,600 төгрөг, татварын өр 1,054,514,200 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлийн өр 258,107,100 төгрөг, нийт 7,447,312,100 төгрөгийн өр төлбөртэй болох нь санхүүгийн тайлан, тооцоо нийлсэн актаар нотлогдсон.

Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан хугацаанд нэхэмжлэгч нар 8.112.996.338,08 төгрөгийн нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ. Тус компанийн шүүхэд ирүүлсэн 2015-2019 оны санхүүгийн тайлангаас үзэхэд компанийн өр төлбөр 7,447,312,100.00 төгрөг болж өөрийн хөрөнгийн -115.72% тай тэнцэх хэмжээний өр төлбөртэй байна. Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүй тооцно гэж заасны дагуу Н- ХХК нь 2015 оноос төлбөрийн чадваргүй болсныг дүгнэж байна.

Хариуцагчийн 2015-2019 оны санхүүгийн тайлангаар тус компанийн бусдад төлөх өр төлбөрүүд 2015 оноос өмнө үүссэн буюу 2015 онд -3,885,401,500.00 төгрөг, 2017 онд -5,649,319,900.00 төгрөг, 2018 онд 7,149,920,000.00 төгрөгийн алдагдалтай ажиллаж төлбөрийн чадваргүй болох үндэслэл болжээ. Хариуцагч нь алдагдал ихээр хуримтлагдсан, богино хугацаат өр төлбөрийг барагдуулах санхүүгийн боломж байхгүй байхдаа Г б-наас 2015 онд 1,9 тэрбум төгрөгийн, 2016 онд 1,4 тэрбум төгрөгийн зээлийг нэмж авсан нь санхүүгийн тогтвортой байдлыг бүрэн алдагдуулж, зөвхөн гаднын эх үүсвэрээс хэт хамааралтай, өөрийн эх үүсвэрээр бие даан үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон байна.

Дампуурлын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагчид хуваарилагдах эд хөрөнгө болон хүчин төгөлдөр бус хэлцэл байгаа эсэхийг тус тус тогтоохоор шүүхийн журмаар нотлох баримт, лавлагаа гаргуулах ажиллагааг явуулж, Г б- ХХК-тай байгуулсан зээл, барьцааны гэрээг авсан. Мөн Н- ХХК-ийн үндсэн хөрөнгийн тооллогыг 2020 оны 01-02 сарын хооронд явуулж хуваарилагдах эд хөрөнгөд тооцуулахаар жагсаалт гаргаснаар тус компани нь 864,031.16 төгрөгийн харилцах дансны үлдэгдэлтэй, 93-73 УБТ улсын дугаартай, КИА Бонгофронтер маркийн ачааны автомашин, мөн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 253 нэр төрлийн 513 ширхэг 706,658,399 төгрөгийн хөдлөх болон бусад эд хөрөнгө, мөн бараа материалын бүртгэлд 362 нэр төрлийн 77,937,378 төгрөгийн үлдэгдэлтэй хөрөнгө, бусдаас 171,812,793.70 төгрөгийн авлагатай байна. Харин Г б- ХХК-тай байгуулсан барьцааны гэрээнүүдийн барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байх тул хариуцагчийн хөрөнгөд үл хамаарч байна.

Н- ХХК нь нэхэмжлэгч А.Г-аас 89,835,359.68 төгрөгийн, Г- ХК-аас 2,340,000.00 төгрөгийн тус тус авлагатай байх тул Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.4-д зааснаар харилцан тооцох боломжтой. Иймд А.Гансүхийн нэхэмжлэлийн дүн 4,492,428,599.97 төгрөгөөс дээрх авлагыг суутгаж 4,402,593,240.29 төгрөгөөр, Г- ХК-ийн нэхэмжилсэн 107,182,619.00 төгрөгөөс мөн авлагыг суутгаж 104,842,619.00 төгрөгөөр нэхэмжлэлийг тодорхойлох үндэслэлтэй.

Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 09 сарын 16-ны өдрийн 10462 дугаар захирамжаар Н- ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хүлээн авах, нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах зарыг Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д зааснаар Өнөөдөр сонины 2019 оны 09 сарын 19-ний өдрийн дугаарт нийтэлсэн бөгөөд 6 байгууллага, иргэнээс шүүхэд нэхэмжлэл ирүүлсэн. Нэхэмжлэгчдийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлд үндэслэн нэхэмжлэлд эзлэх хувийг гаргасан. Шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлүүдээс 2 нь өмнө гарсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй, Я.Н- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчдийн хурлаар: хэлэлцсэн асуудлаа Дампуурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар шийдвэрлэж, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.9, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу хариуцагчийг татан буулгах тухай шийдвэрийг шүүхийн хяналт оролцоотой биелүүлэхээр, мөн Дампуурлын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан журмаар нэхэмжлэгчдийн зөвлөлийг байгуулах шаардлагагүй гэж хуралд оролцсон нэхэмжлэгчдийн 100 хувийн саналаар тус тус шийдвэрлэсэн.

Н- ХХК нь 2015 оноос төлбөрийн чадваргүй болж үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс Н- ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасны дагуу хариуцагчийг татан буулгах саналыг оруулж байна гэв.

 

9. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: Энэ дампуурлын хэрэгт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Вэла Бэст буюу 24 дүгээр байрны 0 тоот 216 м.кв байрны өмчлөгч нь н.Н-, н.Г нар бөгөөд Г б- ХХК-ийн ипотекийн зээл, барьцааны хоёр гэрээний талууд биш, дампуурлын хэргийн оролцогч нарын өмнө үүрэг хүлээгээгүй тул үүргээс чөлөөлж өгнө үү. Уг орон сууц нь Дампуурлын тухай хуулиар зохицуулагдах төлбөрийн чадваргүй этгээдийн өмчлөлд байгаа орон сууц биш учраас дампуурлын хэрэгт ямар ч ач холбогдолгүй юм. Г б- ХХК болон Улсын төсвийн орлого, хяналтын газар нь үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаа тул Г б- ХХК болон Улсын төсвийн орлого, хяналтын газрын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

10. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар Н- ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ЗББ ХХК-ийн 62,176,968 төгрөг, У ж- ХХК-ийн 15,967,361 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н- ХХК зөвшөөрснийг баталж, нэхэмжлэгч Г- ХК нь 107,182,208 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 157 дугаар зүйлийн 157.1, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйл, Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар хариуцагч Н- ХХК-аас 2,485,772,543,11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г б- ХХК-ийн, 949,468,247 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Улсын төсвийн орлого, хяналтын газрын нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч А.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Н- ХХК-аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Г-т олгож, нэхэмжлэгч Г б- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Улсын төсвийн орлого хяналтын газар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэгч ЗББ ХХК-аас 234,417 төгрөг, нэхэмжлэгч У ж- ХХК-аас 118,301 төгрөг тус тус гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч Н- ХХК-аас 234,417 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ЗББ ХХК-д, 118,301 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У ж- ХХК-д тус тус олгож, Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.3, 38 дугаар зүйлд зааснаар хэрэг гүйцэтгэгчийн зардлыг нэхэмжлэгч нарт хариуцуулж, төлбөрийг барагдуулах, татан буулгах ажиллагаа явуулахыг хэрэг гүйцэтгэгч А.Э-од даалгаж шийдвэрлэжээ.

 

11. Нэхэмжлэгч Г б- ХХК-ийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлээгүй. Шүүх хуулийн этгээдийг дампуурсанд тооцсон эсэхийг шийдвэрлэхдээ тухайн компанид дампуурах бодит нөхцөл үүссэн эсэхийг нотлох баримтаар нотлогдож байгаа эсэхийг тогтоосны дараа шийдвэрлэх ёстой. Гэтэл шүүх Н- ХХК-ийг дампуурсанд тооцох эсэхийг хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг үндэслэж шийдвэрлэсэн нь буруу. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулснаар бус зээл олгосноор хүчин төгөлдөр болж шаардах эрх зээлдэгчид үүсдэг. Зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх, хариуцагч зээлийг бодитоор олгосон эсэх, тухайн зээлийн зарцуулалт зэргийг шүүх шалган тогтоож дүгнэлт хийх ёстой.

Давж заалдах шатны шүүхээс "А.Г-ийн 2013 оны 02 сарын 28-ны өдөр авсан гэх 1,140,000,000.00 төгрөг, 2014 оны 06 сарын 30-ны өдөр авсан гэх 1,730,000,000.00 төгрөгийн зээлийн зарцуулалт, буцаан өгөх үүргийн дүн, дээрх гэрээний үүргийг А.Г- нэхэмжилж байгаа эсэх, хариуцагчийн бусдад өгөх төлбөрийн дүнд орсон эсэхийг анхан шатны шүүх дахин тодруулах шаардлагатай. Дээрх ажиллагаа нь Дампуурлын тухай хуулийн дагуу хариуцагчийн төлбөрийн чадварын талаар дүгнэлт гаргахад ач холбогдолтой" гэж дүгнэсэн. Гэтэл анхан шатны шүүх нотлох баримтыг үндэслэл бүхий, эргэлзээгүй талаас нь нотлоогүй, нотлох үүргийн хуваарилалтын дагуу нотлох этгээдүүд нотлоогүй байхад хэргийг шийдвэрлэж магадлалд заасан ажиллагааг хийгээгүй.

Шүүх Г б- ХХК-ийн нэхэмжлэгчээр оролцох тухай хүсэлтийг 2019 оны 11 сарын 11-ний өдрийн 13086 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авсан атлаа нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх эсэх асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлээгүй, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж зөрүүтэй дүгнэлт хийсэн. "Г б-" ХХК нь "Н- ХХК-аас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байх тул хүсэлтийг хангасан гэж тогтоосон. Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх Г б- ХХК-ийн нэхэмжлэл болох 2,4 тэрбум төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хариуцагч талын тайлбарыг хэт үнэлж, хуульд нийцсэн тайлбар хийлгүй нэхэмжлэгчид илтэд хохиролтой шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

12. Нэхэмжлэгч Г б- ХХК-ийн давж заалдах гомдолд гуравдагч этгээд Я.Н-ын төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Г б- ХХК нь нэхэмжлэлийг хуульд заасан 21 хоногийг хугацаа хэтрүүлж, 13 хоногийн дараа гаргасан. Хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх тухай хүсэлт гаргасан тухай баримт авагдаагүй. Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлж шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

13. Нэхэмжлэгч Г б- ХХК-ийн давж заалдах гомдолд хэрэг гүйцэтгэгчийн гаргасан тайлбарын агуулга: Шүүх Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д зааснаар төлбөрийн чадваргүй болсон этгээдийг дахин хөрөнгөжүүлэх саналыг шүүхэд ирүүлээгүй тул тус компанийн татан буулгасан. Миний зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн төлбөрийн чадвартай эсэх болон компанийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтээ танилцуулсан. Шүүх тус дүгнэлтийн дагуу биш Дампуурлын тухай хуульд зааснаар шийдвэрээ гаргасан. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан төлбөрийн чадваргүй болсныг нийтэд мэдээлснээс хойш 21 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэлээ ирүүлэх үүргээ Г б- ХХК хэтрүүлж 13 хоногоор, нэхэмжлэгч Улсын төсвийн орлого, хяналтын газар 28 хоногоор хугацааг хэтрүүлсэн. Хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолж хугацаа сэргээлгэх хүсэлт гаргаагүй. Хэрвээ хугацаа хэтрүүлэн нэхэмжлэл гаргасан Г б- ХХК, Улсын төсвийн орлого, хяналтын газар нэхэмжлэгчээр оролцсон тохиолдолд бусад этгээдэд хуваарьт хөрөнгө үлдэхгүй учраас маргадаг гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Н- ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, дампуурсанд тооцуулах тухай А.Г-ийн хүсэлттэй дампуурлын хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.

 

2. Хүсэлт гаргагч А.Г- нь Н- ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсон үндэслэлээр дампуурлын хэрэг үүсгүүлэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч дампуурлын хэрэг үүсгэжээ. Улмаар шүүх Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 5.5 дахь хэсэгт зааснаар 2019 оны 09 сарын 16-ны өдрийн 10462 дугаартай захирамжаар Н- ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, энэ тухай хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, нэхэмжлэгчдийн анхны хурал хийх огноо, газар, нэхэмжлэл гаргах журам, хугацаа, нэхэмжлэлийг хуульд заасан хугацаанд гаргаагүйгээс үүсэх үр дагаврыг тус тус тусгаж шийдвэрлэжээ.

 

3. Нэхэмжлэгчдийн анхны хурал 2019 оны 11 сарын 20-ны өдөр зохион байгуулагдаж, тус хурлаас нэхэмжлэгч нар нь хариуцагч Н- ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөө батлахгүйг санал нэгтэй шийдвэрлэж, хэрэг гүйцэтгэгчээр А.Э-ыг сонгож, шүүхээр батлуулахаар ирүүлжээ. Шүүх 2019 оны 11 сарын 28-ны өдөр А.Э-ыг хэрэг гүйцэтгэгчээр томилж, Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэхийг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Хэрэг гүйцэтгэгч 2020 оны 04 сарын 06-ны өдөр шүүхэд дүгнэлтээ ирүүлсэн, уг дүгнэлтэд хариуцагч Н- ХХК нь дүгнэлт гаргах үеийн байдлаар 864,031 төгрөгийн харилцах дансны үлдэгдэл, 784,595,777 төгрөгийн хөдлөх эд хөрөнгө, 171,812,793 төгрөгийн авлага буюу нийт 957,272,601 төгрөгийн хуваарилагдах эд хөрөнгө, авлагатай болохыг, мөн 2019 оны санхүүгийн тайлангаар мэдүүлснээр бусдад 7,447,312,100 төгрөгийн өр төлбөртэй болохыг дурдсан байна.

Нэхэмжлэгч нар Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй бөгөөд цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж дүгнэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н- ХХК нь өөрийн хөрөнгийн -115.72 хувьтай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсныг үндэслэн мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу тус компанийг төлбөрийн чадваргүйд тооцож, татан буулгах саналыг хэрэг гүйцэтгэгчээс шүүхэд гаргажээ.

 

5. Анхан шатны шүүх, хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг үндэслэн хариуцагчийг төлбөрийн чадваргүйд тооцож, татан буулгахаар шийдвэрлэхдээ хэрэг гүйцэтгэгч Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан ажиллагааг бүрэн хийгээгүйг анхаараагүй, хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт нийцсэн эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

5.1. Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт хариуцагч Н- ХХК-аас шүүхэд нотлох баримтаар гаргасан 2015 - 2019 оны санхүүгийн тайланд үндэслэсэн боловч уг санхүүгийн тайлан Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.5, 9.5 дахь хэсэгт зааснаар албан ёсоор баталгаажаагүй байна. Өөрөөр хэлбэл уг санхүүгийн тайланг хариуцагч өөрөө үйлдэж, өөрийн компанийн тамгыг дарсан хэлбэрээр хэрэгт баримтаар авагджээ.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт зааснаар гаргасан санхүүгийн тайлангаа Н- ХХК нь мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар харилцагч санхүүгийн байгууллагад хүргүүлэх үүрэгтэй бөгөөд ийнхүү хүргүүлсэн тайланг харилцагч санхүүгийн байгууллага мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсэгт Харилцагч санхүүгийн байгууллагын баталгаажуулсан цахим санхүүгийн тайланд үндэслэн холбогдох байгууллага татвар, шимтгэл, хураамжийн тооцоо хийхээс гадна төрийн эрх бүхий байгууллага нь энэхүү цахим санд баталгаажсан аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан, тодруулгыг ашиглана гэж заасны дагуу баталгаажуулснаар бусад этгээд тухайн санхүүгийн тайланг үнэн зөв гэж дүгнэж баримтын хүрээнд дүгнэх учиртай.

5.2. Түүнээс гадна хэрэг гүйцэтгэгч нь Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2-т зааснаар хариуцагчийн эд хөрөнгийг битүүмжлэх, эд хөрөнгө, холбогдох баримт бичгийг хамгаалалтанд авч, тооллого явуулах үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн нь тодорхойгүй тул дүгнэлтэд Н- ХХК-ийг харилцах дансандаа 864,031 төгрөгтэй, 1 ширхэг автомашин, үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 253 нэр төрлийн 531 ширхэг 706,658,399 төгрөгийн үнэ бүхий хөдлөх эд хөрөнгө, мөн бараа материалд бүртгэлтэй 77,937,378 төгрөгийн эд хөрөнгө, 171,812,793 төгрөгийн авлагатай гэснийг бодитой тогтоосон гэж дүгнэх боломжгүй байна.

Үүнээс гадна дүгнэлтэд Н- ХХК-ийн 2019 оны эхний хагас жилийн байдлаарх 7,447,312,100 төгрөгийн өр төлбөр нь 2015 оноос өмнө үүссэн, хариуцагч нь 2015 оноос эхлэн төлбөрийн чадваргүй болсон гэх үйл баримтыг Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т заасан журмын дагуу хэрхэн тогтоосон нь тодорхойгүй.

Түүнчлэн хариуцагч нь Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яамтай байгуулсан 2011 оны 09 сарын 08-ны өдрийн ЭТЗ-2011-04/125 тоот Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 50 км замын барилгын ажил гүйцэтгэх гэрээний авлагаа барагдуулаагүй гэж тайлбарласан байхад энэ талаар зохих ажиллагааг хийгээгүй, энэ талаархи нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

5.3. Хүсэлт гаргагч А.Г- нь хариуцагч Н- ХХК-ийг дампууруулах тухай хүсэлтийн үндэслэлээ 2013 оны 02 сарын 28-ны болон 2014 оны 05 сарын 07-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу нийт 4,492,428,599,97 төгрөг төлөх үүрэгтэй гэж тайлбарласан атлаа Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргаагүй байна. Иймээс уг өр төлбөр Дампуурлын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу хуваарилагдах мөнгөн хөрөнгөд хамаарахгүй байхад хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд тэргүүн ээлжинд хуваарилахаар тусгасан нь ойлгомжгүй байна.

Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт нь хариуцагчийн албан ёсоор баталгаажсан тайланд үндэслэгдээгүй, мөн хэрэг гүйцэтгэгч хуульд заасан арга хэмжээг зохих ёсоор хэрэгжүүлээгүй учир дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар эргэлзээтэй, үнэн зөв биш баримт болно.

Дээрхээс дүгнэхэд, хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

6. Иймээс хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг үндэслэн хариуцагчийг Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон гэж дүгнэхгүй, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар дампуурсанд тооцож, татан буулгах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

7. Шүүх хүсэлт гаргагч А.Г-ийн 2019 оны 04 сарын 25-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч, 2019 оны 04 сарын 30-ны өдөр дампуурлын хэрэг үүсгэсэн байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 4 жил гаруй хугацаанд явагджээ. Хэрэг гүйцэтгэгч 2020 оны 04 сарын 06-ны өдөр дүгнэлтээ шүүхэд ирүүлж, хэргийн оролцогч нарт танилцуулжээ. Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт Дампуурлын тухай хуулийн 12, 13 дугаар зүйлд нийцээгүй байдлыг хэргийн оролцогчид болон хэрэг гүйцэтгэгч хэн аль нь дээрх хугацаанд залруулаагүй, мөн энэ талаар шүүхэд хүсэлт гаргаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахин явуулах шаардлагатай гэж үзээгүй болно.

8. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, А.Г-ийн хариуцагч Н- ХХК-ийг төлбөрийн чадваргүй болж дампуурсанд тооцуулж, татан буулгах тухай хүсэлттэй дампуурлын хэргийг хэрэгсэхгүй болгож, хүсэлтийг хэрэгсэхгүй болгосонтой холбоотойгоор хариуцагчаас мөнгөн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг шийдвэрлэхгүй тул хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэгч Г б- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 01-ний өдрийн 183/ШШ2023/00416 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул Н- ХХК-ийг төлбөрийн чадваргүй болж дампуурсанд тооцуулж татан буулгах тухай А.Г-ийн хүсэлттэй дампуурлын хэргийг хэрэгсэхгүй болгож, Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н- ХХК-аас 107,182,208 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г- ХК-ийн, 62,176,968 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ЗЗБ ХХК-ийн, 15,730,711 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч У ж- ХХК-ийн, 2,485,772,543,11 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч Г б- ХХК-ийн, 949,468,247 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Т-газрын нэхэмжлэлийг тус тус хүлээн авахаас татгалзсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г б- ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,586,813 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Э.ЭНЭБИШ