Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2023/00977

 

2023 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2023/00977

 

 

“Х б-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 07-ны өдрийн 182/ШШ2023/00885 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Х б-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.А-т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 16,505,954 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунсувд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Булган, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Б.А- нь “Х б-” ХХК-тай 2016 оны 07 сарын 01-ний өдрийн ЗГ201642682922 тоот Барьцаат зээлийн гэрээг байгуулж 10,000,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүү, 36 сарын хугацаатай, хэрэглээний зээл зориулалтаар зээлсэн. Зээлдэгчид зээлийн барьцаанд Б.Б-, Б.А- нарын Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайнь 001 тоотод байх гэрийн эд хогшил, ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг тус тус барьцаалуулсан.

Зээлдэгч нар үндсэн зээлд 2,910,907 төгрөг, үндсэн хүүнд 2,241,787 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 6,806 төгрөг, нийт 5,159,499 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгч нь зээлдэгч Б.А-т холбогдуулан зээлийн гэрээний төлбөрт 2022 оны 11 сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 7,089,094 төгрөг, үндсэн хүүнд 8,565,303 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 823,058 төгрөг, нотариатын зардал 28,500 төгрөг, нийт 16,505,954 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Би барьцаат зээлийн гэрээ байгуулаагүй. Гэрээнд гарын үсэг зур гэхээр хэд хэдэн цаасан дээр гарын үсэг зурсан. Би зээлээс авч, амьдралдаа зарцуулаагүй тул төлөхгүй. Б.Б- нь албан газрынхаа хэрэгцээнд зээл авч байгаа гэж ойлгосон. Зээлийн гэрээг 2016 оны 7 сард байгуулсан ба үүнээс хойш банк зээлээ төлүүлэх ямар ч арга хэмжээ аваагүй. Зээлийг цалингийн зээл гэж олгосон атлаа хүү нь ийм өндөр байгааг ойлгохгүй байна, мөн ковидын үед бүх төрлийн зээлийн хүү зогссон байгаа. Жинхэнэ зээлдэгч талийгаач Б.Б- 2020 оны 6 сард нас барсан. Гэтэл түүнийг амьд байх үед зээлийг төлүүлэх арга хэмжээ аваагүй байж нас барсны нь дараа надаас нэхэмжилж байгаад харамсаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар Б.А-аас 16,505,954 төгрөг гаргуулж, Х б- ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х б- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,479 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Б.А-аас 240,479 төгрөг гаргуулж, Х б- ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Хариуцагч Б.А- нь хуулийн мэдлэггүй тул шүүх хуралдаан дээр өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг нь шүүгч хүсэлт гаргах үе шат өнгөрсөн гэх үндэслэлээр татгалзсан нь хариуцагчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг зөрчсөнөөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2-д зааснаар мэтгэлцэх, шүүхэд нотлох баримт гаргах, тэгш эрхтэй оролцох эрх нь зөрчигдсөн байна. Учир нь хариуцагч хууль зүйн туслалцаа авч чадаагүйгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагдаагүй, энэ зарчим хэрэгжээгүй гэж үзэх үндэслэлтэй. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Шүүгч хариуцагчийн хууль зүйн туслалцаа авах эрхтэй болохыг шүүх хуралдаанд тайлбарлаж асуусны дараа шүүх хуралдаан үргэлжлэн явагдаж, шүүгч шийдвэрийн тогтоох хэсгийг танилцуулсны дараа нэхэмжлэгч өмгөөлөгч авах хүсэлт гаргасан. Хүсэлт гаргах үе шат өнгөрсний дараа хүсэлт гаргасан нь үндэслэлгүй бөгөөд хариуцагч эрх зүйн мэдлэггүй, хууль зүйн туслалцаа авахгүйгээр хуралдаанд оролцсон ч шүүх хангалттай тайлбарыг нь авч, тодруулж мэтгэлцэх зарчмыг  хэрэгжүүлсэн. Харин хариуцагч өөрөө өмгөөлөгч авах эрхээ хэрэгжүүлээгүй. Мөн хариуцагч шүүх хуралдаанд оролцохдоо ямар нэгэн баримтыг гаргаж өгөөгүй тул шүүх хэрэгт авагдсан баримт болон мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлж  шийдвэрээ үндэслэлтэй гаргасан. Цалингийн зээлийг ажилгүй байхдаа авсан гэдэг нь үндэслэлгүй. Тус зээлийг эхнэртээ автомашин авах гэж байгаа тухайгаа бичиж эхнэр Б.А- гарын үсэг зурсан байдаг.  Ямар зориулалтаар авч байгаа тухай хариуцагч тодорхой мэдэж байгаа. Тийм учраас хариуцагчийн гаргасан гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч “Х б-” ХХК нь хариуцагч Б.А-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,505,954 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх зохигчид эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн тухай баримтад  хэргийн оролцогч гарын үсэг зурсан байх боловч тэдэнд  эдлэх эрх, хүлээх үүргийг шүүгч бүрэн тайлбарлан өгсөн гэж дүгнэхээргүй байна.  

Хэргийн оролцогч хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлээгүй, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцож байгаа тохиолдолд шүүх тухайн оролцогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, хүлээх үүргийг нь үүсэх үр дагаврын хамт тайлбарлах учиртай.  /хх 31-33/

Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1, 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт зааснаар шүүгч хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлан өгөх нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага эсхүл нэхэмжлэлээс татгалзаж буй үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэйг, нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх, өөрөө олж авах боломжгүй баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх хүсэлт гаргах, хууль зүйн туслалцаа авах болон шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах, шаардлага ба татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй нь сөрөг үр дагавартай байж болохыг тайлбарласан байхыг ойлгоно.

Тус шүүхийн 2023 оны 03 сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл шүүх хариуцагчид эрх, үүргийг нь тайлбарлан өгөхдөө дээрх ажиллагааг хийгээгүйн зэрэгцээ хариуцагч шүүх хуралдааны явцад “шүүх хуралдааны явцад баримт бүрдүүлнэ гэдгийг мэдээгүй ... одоо ойлголоо ... өмгөөлөгч авахад хаашаа хандахаа мэдэхгүй байна, өмгөөлөгч авах мөнгө байхгүй” гэж хүсэл зоригоо илэрхийлж байжээ. /хх 46, 49/

 

4. Иймд анхан шатны шүүх хариуцагч Б.А-т хуульд заасан эрх, үүргийг нь бодитой тайлбарлан өгсөн гэж үзэхгүй, мөн хууль зүйн туслалцаа авах эрхийг нь эдлүүлээгүй гэж үзэх бөгөөд хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч талтай тэгш эрхтэйгээр мэтгэлцэн оролцсон гэж үзэхээргүй.

 

5. Мөн хэрэгт талийгаач Б.Б-гийн нас барсныг тодорхойлох баримт нотлох баримтаар авагдаагүй байна. Түүнийг  нас барсан гэх үйл баримтыг  талуудын тайлбарт үндэслэгдэхгүй болно.   Талийгаач Б.Б- нас барснаар цалингийн зээлийн гэрээний 2.1.2-т заасан зээлийн зориулалтад нөлөөлөх эсэх, Б.Б-гийн цалинг үндэслэж олгосон зээлийн гэрээний үүрэг цаашид биелэгдэх боломжтой эсэхийг шүүх тодруулж энэ талаар хэргийн оролцогчийг мэтгэлцүүлээгүй байна.

 

6. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг олгоогүй, маргаантай холбоотой баримтыг тодруулаагүй байх бөгөөд уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 07-ны өдрийн 182/ШШ2023/00885 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240,480 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Э.ЗОЛЗАЯА

 

                                                 ШҮҮГЧИД                               Д.БЯМБАСҮРЭН

 

             Э.ЭНЭБИШ