Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 182/шш2023/00885

 

2023    03    07                            182/ШШ2023/00885

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ХБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.А-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 16,477,454 төгрөг, нотариатын зардал 28,500 төгрөг, нийт 16,505,954 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О, хариуцагч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч ХБ ХХК нь Б.Ат холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 16,477,454 төгрөг, нотариатын зардалд 28,500 төгрөг, нийт 16,505,954 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Б.Б, Б.А нар нь ХБ ХХК-ийн Арслантай гүүр тооцооны төвөөс өдрийн тоот Барьцаат тээлийн гэрээг байгуулж 10,000,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, хэрэглээний зээл зориулалтаар авсан.

Зээлдэгчид зээлийн барьцаанд Б.Б, Б.Аг нарын тоот хаягт байрлах гэрийн эд хогшил, ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг тус тус барьцаалуулсан.

1.2.Зээлдэгч нар нь Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлээс 2,910,907 төгрөг, хүүгийн төлбөрт 2,241,787 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 6,806 төгрөг, нийт 5,159,499 төгрөгийг төлж барагдуулсан байна.

Харин гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлдэгчтэй удаа дараа утсаар холбогдож, зээл төлөх мэдэгдэл хүргүүлсэн боловч зээлийн төлбөр төлөгдөөгүй тул Банкны зүтээс зээлдэгчид холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 183/Ш32022/08209 тоот Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гарсан. Үүнээс болж шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон учир иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гарган 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2022/01999 тоот Шийдвэр гарч хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоохыг хэлтэст үүрэг болгосон бөгөөд тус хэлтсээс хариуцагчийн хаягийг олж тогтоон өдрийн  тоот албан бичгийг ирүүлсэн болно.

1.3. Хариуцагчийн хаяг тодорхой болсон тул банк ний өдрийн тоот Зээлийн гэрээний Хоёрдугаар зүйлийн 2.1.7, Дөрөвдүгээр зүйлийн 4.2.2, Тавдугаар зүйлийн 5.1.7, Зургаадугаар зүйлийн 6.1.1 дэх заалт болон Монгол Улсын Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2, 242 дугаар зүйлийн 242.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн Батсайханы Ангарагт холбогдуулан зээлийн гэрээний төлбөрт өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 7,089,094 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 8,565,303 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 823,058 төгрөг, нотариатын зардлын 28,500 төгрөг, нийт 16,505,954 төгрөг гаргуулахаар тус тус нэхэмжилж байна гэв.

2.Хариуцагч Б.А шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.1.Би ХБ-тай Барьцаат зээлийн гэрээг албан ёсоор байгуулаагүй. Банк тантай ийм гэрээ байгуулж байна, хэрэв эрсдэл гарвал та энэ зээлийг хариуцан төлнө гэж ярилцаж тохирсон зүйл байхгүй. Харин энэ, энэ дээр гарын үсэг зур гэхээр хэд хэдэн цаасан дээр гарын үсэг зурсан нь үнэн. Зээлийн гэрээг сард байгуулсан байгаа. Үүнээс хойш банк зээлээ төлүүлэх талаар ямар ч арга хэмжээ аваагүй учрыг ойлгохгүй байна.

Нөгөө талаар зээлийг цалингийн зээл хэлбэрээр олгосон байтлаа хүү нь яагаад ийм өндөр байгаа юм болоо. Мөн ковидын үеэр бүх төрлийн зээлийн хүү зогссон байх учиртай биш билүү.

2.2. Жинхэнэ зээлдэгч талийгаач Б.Б маань сард нас барсан. Гэтэл зээл олгосноос хойш амьд сэрүүн үед нь зээлийн төлбөрөө төлүүлэх арга хэмжээ аваагүй байж нас барсны дараа 2 хүүхдээ асарч, өнчирч, ядарч яваа өрх толгойлсон эмэгтэй над дээр бүх ачааг үүрүүлж байгаад харамсаж байна.

2.3.Би энэ зээлээс нэг ч төгрөгийг авч, амьдралдаа зарцуулаагүй тул төлөхгүй. Манай гэр бүл урьд нь зээл авах талаар ярилцаж, тохиролцоогүй бөгөөд үүнийг би албан газрынхаа хэрэгцээнд авч байгаа зээл гэж ойлгосон. Тэгээд ч бидэнд зээлийн барьцаанд тавих эд хөрөнгө болон цалин гэх мэт бидэнд хувийн хэрэгцээнд зээл авах нөхцөл боломж бүрдээгүй байсан.

Тухайн үед хадам аав болох Г.Б-д ой хүрч байгаа хүүхэдтэйгээ, мөн  сартай жирэмсэн, өөрсдийн гэсэн гэр оронгүй хадмындаа амьдардаг байсан. Талийгаач амьд сэрүүн байхдаа үндсэндээ 5 сая гаруй төгрөг төлсөн байсан. Үүнийг ХБны шүүхэд гаргаж өгсөн материалаас олж харлаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

3.Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1. өдрийн дугаартай Барьцаат зээлийн гэрээ /хх10-12/

3.2.Б.Б, Б.А нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх13-14/

3.3.2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Мөнгөн шилжүүлгийн баримт /хх15/

3.4.Б.Б, Б.А нараас 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ХБ ХХК-д гаргасан хүсэлт, Зээл хүсэгчийн анкет /хх16-18/

3.5.ӨХ ХХК-ийн Тодорхойлолт /хх19/

3.6.Монголын нотариатчдын танхимын Мөнгөний тасалбар, ХБны гүйлгэний баримт /хх20-21/

3.7.Зээлийн бүртгэлийн карт /хх22-23/

3.8.Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх24/

3.9.ХБ ХХК-ийн өдрийн дугаартай Зээл төлөх мэдэгдэл /хх25/

3.10. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2022/01999 дугаартай шийдвэр /хх26-27/

3.11. Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн өдрийн албан бичиг /хх28/

Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч ХБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.ХБ ХХК нь Б.Аийг зээлийн гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүй гэх үндэслэлээр 16,505,954 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.

3.Хариуцагч нь зээлсэн мөнгийг би хэрэглээгүй, гэрээнд гарын үсэг зурах шаардлагатай гэхээр нь гарын үсэг зурсан, талийгаач нөхрийг амьд байхад шаардаагүй атлаа нас барсных нь дараа надаас нэхэж байгаа нь үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1.ХБ ХХК нь Б.Б, Б.А нартай өдөр дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг цалингийн зээл зориулалтаар, жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлжээ. /хх10-12, 15/

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд гэрээ байгуулагдсанаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Дээрх зээлийн гэрээний дагуу Зээлдэгч нь үндсэн зээлд 2,910,907 төгрөг, хүүгийн төлбөрт 2,241,787 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 6,806 төгрөг, нийт 5,159,499 төгрөгийг төлж барагдуулсан гэж нэхэмжлэгч тал тайлбарласан.

4.2.ХБ ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч зээлдэгч нар хаягтаа байхгүй байсан гэх үндэслэлээр тэдгээрийн хаягийг тогтоох зорилгоор шүүхэд хүсэлт гаргаж, эрэн сурвалжлуулах шийдвэр гаргуулсан байна. Шүүхийн шийдвэрийг үндэслэн цагдаагийн байгууллага эрэн сурвалжлах ажиллагааг явуулж 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн албан бичгээр хариуцагч Б.А-ийн хаягийг тогтоосон талаар банкинд мэдэгджээ. /хх 26-28/

4.3.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд өдөр Б.Б нь 10,000,000 төгрөгийн цалингийн зээл олгож өгнө үү гэх хүсэлтийг ХБ ХХК-д гаргасан байх бөгөөд энэхүү хүсэлтийн хамтран үүрэг гүйцэтгэгч гэх хэсэгт Б.А гарын үсэг зурсан. Түүнчлэн Зээл хүсэгчийн анкетад өөрийн мэдээллийг бөглөсөн байгаа зэргээс дүгнэхэд хариуцагчийн зээлийг аваагүй гэх тайлбар үндэслэлгүй байна. Нөгөөтэйгүүр хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа үндэслэл, тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

4.4. Зээлдэгч Б.Б нас барсан үйл баримтын талаар талууд маргаагүй бөгөөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдаагүй гэх үндэслэлээр хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Ааас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2-т хамтран үүрэг гүйцэтгэгчийн хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар үүснэ, 242.3-т үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж тус тус заасан.

Хариуцагч Б.А нь Зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон байх бөгөөд гэрээний 4 дүгээр зүйлд зааснаар зээлдэгчтэй адил эрх, үүргийг хэрэгжүүлэхээр байна.

Мөн Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан байх тул хариуцагчийг гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй буруутай гэж үзэх үндэслэлтэй.

Иймд ХБ ХХК нь хамтран үүрэг гүйцэтгэгч болох Б.А-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.

4.5. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд Барьцаат зээлийн гэрээний 2.1.6-д нэмэгдүүлсэн хүүг зээлийн хүүгийн 20 хувь байхаар харилцан тохиролцжээ.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан.

Иймд нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг тооцож нэхэмжилснийг хууль зөрчсөн гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл хариуцагч талын одоо хүртэл хүү зогсоогүй, ийм их мөнгө төлж чадахгүй гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

 4.6.Хариуцагч талаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн тооцооллын талаар маргаагүй ба талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр дууссан, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 7,089,094 төгрөг, хүү 8,565,303 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 823,058 төгрөг, нийт 16,477,454 төгрөг болсон байна.

Иймд хариуцагч Б.А-аас хууль болон гэрээнд заасны дагуу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг гаргуулах үндэслэлтэй тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 16,477,454 төгрөгийг гаргуулж, ХБ ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.

4.7. Нэхэмжлэгч нь нотариатын зардалд 28,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж, Монголын нотариатчдын танхимын өдрийн 7,000 төгрөгийн баримт, 21,500 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн бөгөөд энэ нь шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой нэхэмжлэгчээс гарсан зардал байх тул хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

Ингээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 16,477,454 төгрөг, нотариатын зардалд 28,500 төгрөг, нийт 16,505,954 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

5.Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 240,479.77 төгрөг төлсөн бөгөөд үүнийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас 240,479.77 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар Б.А-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болон нотариатын зардалд нийт 16,505,954 төгрөг гаргуулж, ХБ ХХК-д олгосугай.

 

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ХБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240,479.77 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Б.Ааас улсын тэмдэгтийн хураамжид 240,479.77 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ