| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноопын Болормаа |
| Хэргийн индекс | 136/2023/00054/И |
| Дугаар | 202/МА2023/00018 |
| Огноо | 2023-05-01 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 202/МА2023/00018
иргэний хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;
Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Наранцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 136/ШШ2023/00197 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: “***” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Эгийн Яд холбогдох 2,685,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
“***” ХХК-ийн захирал Эаас 3,446,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
нэхэмжлэгч “***” ХХК-ийн төлөөлөгч Эын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “***” ХХК-ийн төлөөлөгч Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ш, хариуцагчийн өмгөөлөгч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. “***” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: “... Яд 2021.12 17-ны өдөр 1,745.000 төгрөгийг 8% хүүтэйгээр зээлүүлсэн, уг төлбөрөөс төлсөн дүнг хасаад 2022.11.20-ны өдрийн байдлаар Э.Я 1,181,400 төгрөгийн үлдэгдэлтэй. Мөн 2022.04.22-ны өдөр 1,600,000 төгрөгийг 10% хүүтэйгээр зээлүүлсэн, уг төлбөрөөс төлсөн дүнг хасаад 2022.11.20-ны өдрийн байдлаар Э.Я 1,503,600 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Э.Я нь анх мөнгө зээлэхдээ хүүхдийн халамжийн мөнгийг барьцаалан зээл авсан боловч халамжийн мөнгийг интернэт банкаар дамжуулан өөрөө авч хэрэглээд надад огт зээлээ төлөхгүй байгаа Э.Ягээс зээлдүүлсэн мөнгөө авахыг удаа дараа шаардахад би төлөхгүй, та шүүхэд хандаад гаргуулж аваарай гэсэн. Иймд Э.Ягээс 2,685,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
2. Хариуцагч Э.Ягийн татгалзал, тайлбар, түүний үндэслэлийн агуулга: “...Анх би Э гэдэг хүнээс 1,500,000 төгрөг зээлж авсан гэж бодож байна. 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр халамжийн мөнгийг барьцаалж 1,600,000 төгрөг зээлж авсан, төлж байх хугацаанд маргаан гараад төлөхөө больсон. Харин энэ хүн надаас 2,685,000 төгрөг нэхэмжилсэн мөнгөнөөс 1,685,000 төгрөгийг төлсөн. Харин би 1,000,000 төгрөгийг төлөөгүй гэж бодож төлөхийг зөвшөөрч байна. Энэ хүн 8 хувиар бодно гэсэн боловч 10 хувийг боддог” гэжээ.
3. Э.Ягийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: “...Миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, зээлэнд илүү төлсөн 3,446,500 төгрөгийг Эаас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Би 2021 оны 12 дугаар сарын 17-нд 1,745,000 төгрөгийг 8 хувийн 2022 оны 04 дүгээр сарын 22-нд 1,600,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, нийт 3,345,000 төгрөгийг хүүхдийн болон халамжийн мөнгө барьцаалан тус тус нэг жилийн хугацаатай зээлсэн бөгөөд Э өөрөө гэрээний хугацаа нэг жил гэж тохиролцсон. Зээлийн барьцаанд миний 4 хүүхдийн төрсний гэрчилгээ болон алдарт эхийн одон иргэний үнэмлэх, хүүхдийн эрүүл мэндийн карт эдгээрийг авсан. Зээлийн төлөлтөд 2022 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш нийлбэр дүнгээр 7,606,100 төгрөг төлсөн. Эхний зээлийн 8 хувийн хүү 139,600 төгрөг, дараагийн зээлийн 10 хувийн хүү 160,000 төгрөг, нийт хүү 299,600 төгрөг болно. Миний зээлийн төлбөрт төлсөн нийт мөнгөнөөс 2 удаагийн зээлийн нийт дүн 3,345,000 төгрөг, нийт хүү 299,600 төгрөг, бүгд 3,446,000 төгрөгийг хасахад 3,961,500 төгрөгийг надаар илүү төлүүлсэн байх тул энэ мөнгийг Эаас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Эын надтай хийсэн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгох зохицуулалтууд болон “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, Нийтлэг шаардлага” MNS 5274:2017 стандартад огт нийцээгүй, уг стандартад заасан гэрээний эрх зүйн шаардлагыг зөрчсөн тул гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэнэ үү” гэжээ.
4. “***” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн татгалзал, тайлбар, түүний үндэслэлийн агуулга: “... Э.Ягийн аав Я.Э 2021 оны 10 дугаар 25-нд 1,745,000 төгрөгийг 10% хүүтэйгээр, нөхөр У.М 2021 оны 05 дугаар сарын 02-нд 150,000 төгрөгийг өдрийн 0,34%-н буюу 10% хүүтэйгээр тус тус эзэлж байсан. Эдгээр зээлүүдийг Я өөрөө гарын үсэг зурж төлсөн байсан. Я.Эгийн зээлсэн мөнгө болон зээлийн хүү 322,100 төгрөгийг, У Мын зээлсэн мөнгө болон зээлийн хүү 422,100 төгрөгийг Я өөрийн хүүхдийн мөнгөнөөс төлсөн. Эдгээр хүмүүсийн төлбөр нийт 744,200 төгрөг болно. Би Ягээс ямар нэгэн байдлаар илүү мөнгө огт авч байгаагүй сард Я өөрөө ирээд тооцоогоо хийгээд гарын үсгээ зураад нэмж мөнгө аваад явж байсан. Зарим сард би хүүхдийн мөнгө, халамжийн мөнгийг авч байсан. Я заримдаа надад хэлэхгүйгээр өөрөө мөнгөө авчихдаг, эсвэл зөвхөн сарын хүүний мөнгө 123,000 төгрөгөө үлдээгээд бусад мөнгийг авчихдаг байсан. Банкны хуулгаар зээлийн илүү төлөлт 3,446,500 төгрөгийг надаас нэхэмжлээд байгааг би хүлээн зөвшөөрөхгүй. Банкны хуулганд заагдсан мөнгийг бүгдийг нь би авсан гэж үзэх боломжгүй. Би сар бүрт тулгалт хийж байсан баримтаа Яд үзүүлэхэд ойлголоо ахаа гээд л гарын үсэг зураад нэмж зээлээд явдаг байсан. Ягийн өөрийнх нь гарын үсэг байгаа. ...Э.Я өөрийн зээлийн гэрээний дагуу сард төлөлтөө хийгээд үлдэгдэл мөнгө хэдэн төгрөг үлдсэнийг өөрт нь танилцуулж гарын үсэг зуруулаад нэмж дахин зээл авдаг байсан. ...Иймд Э.Ягээс гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй. Харин би урьд нэхэмжилсэн нэхэмжлэлийн дагуу 2 зээлийн гэрээний төлбөр 3,493,880 төгрөгөө нэхэмжилж байна” гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.Ягээс нэхэмжилсэн *** ХХК-ийн захирал Эын 2,685,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,нэхэмжлэгч *** ХХК-ийн захирал Эаас 3,446,500 төгрөг гаргуулж хариуцагч Э.Яд олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 57,910 төгрөг төлснийг, хариуцагчаас 70,094 төгрөг төлснийг улсын төсвийн орлогод тус тус хэвээр үлдээж нэхэмжлэгч *** ХХК-ийн захирал Эаас 70,094 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Яд олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгч “***” ХХК-ийн төлөөлөгч Эын давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “6.1. ... Хариуцагч Э.Я нь “***” ХХК-ийн захирал Эаас 2 удаагийн гэрээгээр зээл авч байсан, 2021 оны 12 дугаар сарын 17-ны зээлийн үлдэгдэл 1,184,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл 1,503,600 төгрөг, нийт 2,687,600 төгрөг болсоныг тэгшлээд 2,685,000 төгрөг гэж нэхэмжилсэн, зээлийн гэрээ, Э.Ягийн гарын үсэг зурсан баримтыг хэрэгт хавсаргасан.
6.2. Анхан шатны шүүх хариуцагч талын нотлох баримтыг үнэлж илүү төлсөн 3,446,000 төгрөгийг төлсөн нь нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэсэн. Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй, Төрийн банкны хуулга авчираад намайг мөнгө авсан гээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй, би зарим үед мөнгийг нь авч байгаагүй, уг хуулгаас харахад хэн, хаанаас авсан нь тодорхойгүй, Я өөрөө зарим мөнгийг нь авсан байгаа. Би хүнээс худлаа хэлж мөнгө нэхэмжлээд байх шаардлагагүй. Э.Яд зээлдүүлсэн зээлийнхээ үлдэгдлийг авахыг хүсч нэхэмжлэл гаргасан байтал ямар ч нотлох баримт, тооцоо байхгүй, хэзээ, хэн авсан нь тодорхойгүй гүйлгээг намайг авсан гэж үзэж, шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Шын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...*** ХХК-ийн захирал Э.Эын хувьд Э.Яд хоёр удаа зээлийн гэрээний дагуу бэлэн өгсөн мөнгийг тооцоод үзэхээр эхний зээлийн гэрээний дагуу 5,576,000 төгрөг, хоёр дахь зээлийн гэрээний дагуу 2,650,000 төгрөг нийт 7,926,000 төгрөгийг зээлдүүлсэн байдаг. Анх зээл авахдаа сая гаргаад зээл авдаг түүнээс тухайн сард нь 400,000 болон 500,000 төгрөгөөр төлөлт хийгээд үлдэгдэл дээрээ нэмж зээл хийгээд явсан байдаг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээний ар талын хавсралтад Ягийн өөрийн гарын үсэг зурж авсан нь тогтоогддог. Барьцаалан зээлдүүлэх гэрээний хувьд бол хуулийн шаардлага хангаж байгаа юу үгүй юу гэдэг дээр эргэлзээтэй зүйл байгаа юм. Хэрвээ энэ барьцаалан зээлдүүлэх гэрээг хуулийн шаардлага хангаагүй, хууль бус гэрээ байна гэж үзвэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу өгсөн авсан үнэн тул мөнгөн төлбөрийг буцааж төлөх үүрэгтэй. Хэрэгт Эын зээлдүүлсэн гэх мөнгө Ягийн гарын үсэгтэй баримтыг өгсөн байгаа. Энэ баримтуудаар Я 7,926,000 төгрөгийг авсан байна гэж тогтоогдож байна. Үүнээс Ягийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт нь банкны хуулга байдаг. Энэ хуулга нь АТМ-ээс хүүхдийн мөнгө халамжийн мөнгөө авсан байдаг. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг болон тайлбараас сонсоход Я нь би зарим үед интернэт банкаар авч хэрэглэж байсан хэзээ, хэзээ авснаа санахгүй байна гэдэг. Ингэж мэдүүлсэн атлаа энэ АТМ-ээс гарсан мөнгөө бүгдийг Э авсан гээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Э гуайн тооцооллоор Ягээс нийт 5,195,700 төгрөг авсан байна гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Хавтаст хэрэгт авагдсан жижиг цаасан дээрх гарын үсэгтэй бичиг болон тооцооллоор 5,195,700 төгрөг авсан байна гэж тогтоогдож байна. Энэ хүн хэдийгээр гэрээ нь хууль бус гэсэн ч 7,900,000 төгрөгийг Яд өгсөн байдаг. Тэгэхээр анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй учраас хүчингүй болгож өгнө үү” гэв.
8. Хариуцагчийн өмгөөлөгч Э.Эын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “8.1. ... Нэхэмжлэгч Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасан гэрээний үүргээ хангуулахаар хөдлөх эд хөрөнгө барьцаалах журам, мөн MNS5274 2017 стандартын 7.5-д бусдын бичиг баримтаар үйлчлэх, 7.7-д Иргэний үнэмлэх албаны бичиг баримт хүлээн авах гэсэн барьцаалан зээлдүүлэх үйлчилгээнд хориглосон зүйлсийг зөрчин хүүхдийн мөнгө болон асаргааны мөнгөний виза карт, дөрвөн хүүхдийн төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн карт эдгээрийг бусдын бичиг баримт гэж үзнэ. Дээр нь хариуцагчийн иргэний үнэмлэх, алдарт эхийн одонгийн үнэмлэх зэрэг бичиг баримтуудыг барьцаалж хүүхдийн эрх ашгийг хохироож зээл олгосон.
8.2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийн 56.1.1-д зааснаар хэлцэл хүчин төгөлдөр бус өөрөөр хэлбэл зээлийн гэрээ нь хууль зөрчсөн короно вирусийн халдвар ковид 19 цар тахлаас урьдчилан сэргийлэх нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах тухай хуулийг зөрчсөн. Короновирус цар тахлаас урьдчилан сэргийлэх нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах тухай хуулийн 14.1 зээлийн хүүгийн сарын хэмжээг 3 хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0,2 хувиас хэтрүүлэхгүй гэснийг зөрчиж 8, 10 хувийн хүүтэйгээр зээл олгосон. Хариуцагч зээл олгосон гээд байгаа хоёр гэрээ нь дээрх хуулийн үйлчлэлд хамаарч байгаа юм. Мөн гэрээнд зээлийн хугацааг заагаагүй, компаний тэмдгээр баталгаажуулаагүй зэргээр хэлцлийн агуулга нь хуульд нийцээгүй юм. Иймд хариуцагч Яд зээл олгосон гэрээнүүд хүчин төгөлдөр бус.
8.3. ...Ер нь 2,685,000 төгрөг гаргуулна гэж энэ хавтаст хэрэгт хариуцагчийн өгсөн банкны хуулганууд байгаа энэ хуулга нь яах уу гэхээр Эад виза карт нь байсан тэр хүн авах ямар ч боломж байхгүй. Харин 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс төлөлт хийхээ зогсоосон сая анхан шатны шүүх хурал болоход Эад виза карт нь байсан. Эад өөрт нь яг үндсэн зээлээс хэдэн төгрөг өгсөн юм хүү хэдийг өгч байсан талаар болон одоо үлдэгдэл хэдэн төгрөг байгаа талаар энэ хүн тооцоолол, нотлох баримт ерөөсөө байдаггүй. Иймд давж заалдсан гомдлыг хүлээж авах боломжгүй, үндэслэлгүй тул шийдвэрийг хэвээр үлдээх санал хүсэлт тайлбар гаргаж байна” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн давж заалдсан гомдолд үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд дараах үндэслэлээр гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.
1. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөгүй, зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн боловч барьцаалан зээлдэх газар нь халамжийн дэвтэр, виза карт зэрэг эрх олгосон бичиг, баримт барьцаалсан хууль зөрчсөн гэж дүгнэсэн нь маргааны үйл баримтад нийцсэн, хуулийг зөв тайлбарлаж, хэрэглэсэн байх боловч сөрөг нэхэмжлэлтэй холбоотой үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож, тогтоогдоогүй байхад хангаж, шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
2. Үндсэн нэхэмжлэлийн тухайд: Нэхэмжлэгч “***” ХХК-аас, хариуцагч Э.Яд холбогдуулан 2,685,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 1,745,000 төгрөгийг 8% хүүтэйгээр зээлүүлсэн, уг төлбөрөөс төлсөн дүнг хасаад 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 1,181,400 төгрөгийн үлдэгдэлтэй, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 1,600,000 төгрөгийг 10% хүүтэйгээр зээлүүлсэн, уг төлбөрөөс төлсөн дүнг хасаад 1,503,600 төгрөгийн үлдэгдэлтэй” гэж тодорхойлсон,
харин хариуцагч Э.Я шаардлагыг эс зөвшөөрч, “...анх би Эаас анх 1,500,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр халамжийн мөнгийг барьцаалж 1,600,000 төгрөг зээлж авсан, төлж байх хугацаанд маргаан гараад төлөхөө больсон. Харин энэ хүн надаас 2,685,000 төгрөг нэхэмжилсэн мөнгөнөөс 1,685,000 төгрөгийг төлсөн. Харин 1,000,000 төгрөгийг төлөөгүй гэж бодож төлөхийг, зөвшөөрч байна” гэсэн агуулга бүхий тайлбарыг гаргасан.
2.1. Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Э.Я “...би 2021 оны 12 дугаар сарын 17-нд 1,745,000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 2022 оны 04 дүгээр сарын 22-нд 1,600,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, нийт 3,345,000 төгрөгийг хүүхдийн болон халамжийн мөнгө барьцаалан тус тус нэг жилийн хугацаатай зээлсэн, зээлийн төлөлтөд 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш 7,606,100 төгрөг төлсөн, надаар илүү төлүүлсэн байх тул зээлэнд илүү төлсөн 3,446,500 төгрөгийг Эаас гаргуулж, өгнө үү, эдгээр зээлийн гэрээ нь гэрээний шаардлагыг зөрчсөн тул хүчин төгөлдөр бусад тооцуулна” гэснийг,
“***” ХХК-ийн төлөөлөгч Э эс зөвшөөрч “...Э.Ягийн аав Я.Э 2021 оны 10 дугаар 25-нд 1,745,000 төгрөгийг 10% хүүтэй, нөхөр У.М 2021 оны 05 дугаар сарын 02-нд 150,000 төгрөгийг өдрийн 0,34%-н буюу 10% хүүтэй тус тус эзэлж байсан. Эдгээр зээлүүдийг Я өөрөө гарын үсэг зурж авсан, би Ягээс ямар нэгэн байдлаар илүү мөнгө огт авч байгаагүй, сард Я өөрөө ирээд тооцоогоо хийгээд гарын үсгээ зураад нэмж мөнгө аваад явж байсан. Зарим сард би хүүхдийн мөнгө, халамжийн мөнгийг авч байсан. Я заримдаа надад хэлэхгүйгээр өөрөө мөнгөө авчихдаг, эсвэл зөвхөн сарын хүүний мөнгө 123,000 төгрөгөө үлдээгээд бусад мөнгийг авчихдаг байсан. Банкны хуулгаар зээлийн илүү төлөлт 3,446,500 төгрөгийг надаас нэхэмжлээд байгааг зөвшөөрөхгүй, би сар бүр тулгалт хийж байсан баримтаа Яд үзүүлэхэд, ойлголоо гээд л гарын үсэг зураад нэмж зээлээд явдаг байсан” гэсэн агуулга бүхий тайлбар /хх 34/ гаргажээ.
3. Анхан шатны шүүхээс зээлийн гэрээг хууль зөрчсөн гэж үзэж, хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, “***” ХХК-ийн захирал Эын 2,685,000 төгрөг Э.Ягээс гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж буюу “***” ХХК-ийн захирал Эаас 3,446,500 гаргуулж, Э.Яд олгохоор шийдвэрлэсэн.
4. Шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргасан ба гомдолдоо “...3,446,500 төгрөгийг надаас гаргуулж, Э.Яд олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэжээ.
5. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан “Зээлийн гэрээ”-ний зохицуулалтаас үзэхэд...зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө …шилжүүлэх, зээлдэгч... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт “Барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгө барьцаанд бариулахыг шаардах эрхтэй” гэжээ.
6. Хуулийн дагуу барьцаалан зээлдэх газар буюу зээлдүүлэгч /*** ХХК/ нь хөдлөх эд хөрөнгө барьцаанд авсны үндсэн дээр зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч /Э.Я/ зээлсэн мөнгө болон тохирсон хүүг хугацаанд нь буцаан төлөх үүрэгтэй.
7. Хэрвээ зээлдэгч төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаалагдсан хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах учир энэ хэргийн тухайд 4 хүүхдийн төрсний гэрчилгээ, алдарт эхийн одон, иргэний үнэмлэх, хүүхдийн эрүүл мэндийн карт зэрэг иргэний хувийн байдлыг тодорхойлох эд зүйлс буюу бичиг баримтыг зээлийн барьцаанд барьцаалж, болохгүй юм.
Тиймээс нэхэмжлэгч “***” ХХК /захирал Э/ барьцаалан зээлдэх журмаар зээл олгохдоо хөдлөх эд хөрөнгө барьцаалах хуулийн шаардлагыг хангаагүй, зөрчсөн тул Анхан шатны шүүхээс талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д нийцжээ.
Мөн зээлийн гэрээ хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус нөхцөлд талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлийг харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй болохыг мөн хуулийн 56.5-д заасан ба хэлцлээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцаах үр дагаврын хүрээнд нэхэмжлэгч “***” ХХК нь хариуцагч Э.Ягээс барьцаанд авсан эд зүйлсийг түүнд өгөх, хариуцагч зээлж авсан мөнгийг буцаан өгөх нь хуульд нийцнэ.
8. Анхан шатны шүүх шийдвэртээ зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон нь зөв байх боловч хүчин төгөлдөр бусад тооцсоноос үүссэн үр дагаврыг тооцохдоо “...хариуцагч талын нотлох баримтыг үнэлж” гэснээс өөрөөр тооцооллыг тодруулаагүй, хянаж, шалгалгүйгээр Э.Ягийн сөрөг нэхэмжлэлийг хангаж, 3,446,500 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэхдээ нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байна.
9. Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд “***” ХХК-ийн захирал Эаас, хариуцагч Э.Яд 2021 оны 12 дугаар сарын 17-нд 1,745,000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 2022 оны 4 дүгээр сарын 22-нд 1,600,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн талаар зохигч маргаагүй.
10. Хэдийгээр талууд 2021 оны 12 дугаар сарын 17-нд 1,745,000 төгрөгийг зээлдүүлсэн, зээлж авсан талаар маргахгүй гэх боловч нэхэмжлэгч энэ мөнгийг бодитоор шилжүүлээгүй, хариуцагч хүлээж аваагүй байх ба энэ зээл нь тэдгээрийн хооронд 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой, тус гэрээний үргэлжлэл байх ба 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс хойш удаа дараа хариуцагч өөрөө, аав болон нөхрийн нэр дээр нэмэгдүүлж, зээл авч байсан нь тэдгээрийн тайлбар, зээлийн гэрээ /хх 37/, нэхэмжлэгчийн хийсэн зээлийн төлбөрийн тооцоолол, хариуцагчаас зээлийн төлбөрийг зөвшөөрч, төлж байсан /хх 18-24/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
11. Харин тэд зээлийн төлбөр, тооцоолол болон 4 хүүхдийн төрсний гэрчилгээ, алдарт эхийн одон, иргэний үнэмлэх, хүүхдийн эрүүл мэндийн карт /хх 26/ зэрэг бичиг, баримт барьцаалсан нь зээлийн гэрээний шаардлагыг зөрчсөн, холбогдох стандартад нийцээгүй, хүчин төгөлдөр бусад тооцуулна гэж тус тус маргажээ.
Тодруулбал нэхэмжлэгч, хариуцагч нараас нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлдээ өөрсдийн шаардлага, татгалзлыг,
нэхэмжлэгч “...Э.Я 1,745.000 төгрөгийн зээлээс 1,181,400 төгрөгийн үлдэгдэлтэй, 1,600,000 төгрөгийг зээлээс 1,503,600 төгрөгийн үлдэгдэлтэй, нийт 2,685,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж,
хариуцагч Э.Я “...би 2022 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш 7,606,100 төгрөг төлсөн, надаар илүү төлүүлсэн 3,446,500 төгрөгийг Эаас гаргуулж өгнө үү” гэж тус тус тодорхойлсон байна.
Анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тэдгээрийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгчийн “...2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс хойш тухай бүр нэмэгдүүлж авсаар нийт 7,926,000 төгрөгийг зээлж авсан” гэснийг хариуцагч үгүйсгэсэн, татгалзлаа нотлоогүй буюу зээлийн гэрээний үүрэгт нийт 7,606,100 төгрөг төлсөн гэжээ.
12. Эндээс дүгнэвэл зохигчдыг хэлцлээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцаан авсан гэж үзэх үндэслэлтэй байх ба тэдний хэн аль нь тайлбар, татгалзлаа үндэслэлтэйгээр нотолж, чадаагүй байна. Тухайлбал нэхэмжлэгч хэргийн 37 дугаар хуудсанд авагдсан зээлийн гэрээ, зээлийн тооцоолол баримтыг үндэслэх боловч уг баримтад тэмдэглэгдсэн тооцоолол нь ойлгомжгүй, хэргийн бусад нотлох баримтаар тогтоогдоогүй, хариуцагчаас ирүүлсэн дансны хуулга баримтаар тэнд тэмдэглэгдсэн орлого бүрийг нэхэмжлэгч авсан болох нь мөн хэргийн бусад баримтаар нотлогдож, тогтоогдохгүй байна.
Иймээс тэдний шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэн хүчин төгөлдөр бус хэлцлээс үүссэн үр дагаврыг харилцан тооцож, дууссан буюу Иргэний хуулийн 56.5-д заасны дагуу хэлцлээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцаан авсан гэж үзэж, энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн “...3,446,500 төгрөгийг надаас гаргуулж, шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэсэн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Мөн энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн:
1 дэх заалтад “...Э.Ягийн, “***” ХХК-ийн захирал Эаас 3,446,500 төгрөгийг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж,
2 дугаар заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,910 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 70,094 төгрөгийг улсын төсвийн орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 136/ШШ2023/00197 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “...нэхэмжлэгч *** ХХК-ийн захирал Эаас 3,446,500 төгрөг гаргуулж хариуцагч Э.Яд олгосугай.” гэснийг “хариуцагч Э.Ягээс нэхэмжлэгч “***” ХХК-д холбогдох 3,446,500 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж,
2 дугаар заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,910 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 70,094 төгрөгийг улсын төсвийн орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангасугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч “***” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,094 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД А.САЙНТӨГС
Н.БОЛОРМАА