Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/ма2023/01009

 

 

 

 

 

 

 

 

2023 05 17 210/МА2023/01009

 

 

Д.О ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2023/00978 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.О ын хариуцагч Н-т холбогдуулан гаргасан анхны албадан дуудлага худалдаанд оруулах 13/26 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны 184/ШШ2019/01556 дугаар захирамжаар Д.О аас 88,298,975 төгрөг гаргуулж К ХХК -д олгохоор шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгчийн барьцаалсан хөрөнгө болох Л.О, Ц.Т нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2203303105 дугаар бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 220 мянгатын 28 дугаар байр, * тоот хаягт байршилтай * м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг битүүмжлэх, хураах, үнэлгээ хийх, ажиллагаа хийгдсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дээрх хөрөнгөд Иргэний хуульд заасны дагуу 30 хувиар бууруулан анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 13/26 дугаартай албадан дуудлага худалдааны тогтоолыг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мэдэгдсэн. Уг гүйцэтгэх баримт бичигтэй 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр танилцсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасны дагуу дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлээгүй, мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт дуудлага худалдаа явуулахаас 14 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлэх гэснийг тус тус зөрчсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж, хүлээн авахаас татгалзсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид нь гомдол гаргахад хүсэлтийг хүлээн аваагүй. Иймд төлбөр төлөгчийн барьцаалсан орон сууцыг шинжээчийн тогтоосон үнийн 70 хувиар тооцон 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 10 цаг 00 минутад анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 13/26 дугаартай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2019/01556 дугаар захирамжаар Д.О аас 88,298,975 төгрөгийг гаргуулж К ХХК -д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөрийг барагдуулахаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Л.О, Ц.Т нарын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 220 мянгатын 28 дугаар байр, * тоот хаягт байршилтай * м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 20270705/128 дугаар тогтоолоор битүүмжилж, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 20270705/128 дугаар хураах тогтоолоор хураасан. Дээрх орон сууцыг тус газраас зохион байгуулсан 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар 123,100,000 төгрөгөөр худалдан борлогдсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасны дагуу дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2/23784 дугаартай албан бичгээр Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасны дагуу өнөөдөр сонинд тус орон сууцыг дуудлага худалдаагаар оруулах зарыг 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр байршуулж ажилласан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.О ын нэхэмжлэлтэй хариуцагч Н-т холбогдох анхны албадан дуудлага худалдаанд оруулах 13/26 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.О ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Төлбөр төлөгчийн барьцаалсан хөрөнгө болох Л.О, Ц.Т нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү- 220303105 дугаар бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 220 мянгатын 28 дугаар байр, * тоот хаягт байршилтай * м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг битүүмжлэх, хураах, үнэлгээ хийх, ажиллагаа хийгдсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дээрх хөрөнгөд Иргэний хуульд заасны дагуу 30 хувиар буруулан анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 13/26 дугаартай албадан дуудлага худалдааны тогтоолыг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мэдэгдсэн. Уг гүйцэтгэх баримт бичигтэй 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр танилцсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасны дагуу дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлээгүй, мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасан дуудлага худалдаа явуулахаас 14 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлнэ гэснийг зөрчсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж, хүлээн авахаас татгалзсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид нь гомдол гаргахад хүсэлтийг хүлээн аваагүй. Иймд төлбөр төлөгч Д.О ын барьцаалсан орон сууцыг шинжээчийн тогтоосон үнийн 70 хувиар тооцон 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 10 цаг 00 минутад оруулах анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 13/26 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан боловч шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2019/01556 дугаар захирамжаар Д.О аас 88,298,975 төгрөгийг гаргуулж, К ХХК -д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөрийг барагдуулахаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Л.О, Ц.Т нарын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 220 мянгатын 28 дугаар байр, * тоот хаягт байршилтай * м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 20270705/128 дугаар тогтоолоор битүүмжилж, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 20270705/128 дугаар тогтоолоор хураасан. Дээрх орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зохион байгуулсан 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар 123,100,000 төгрөгөөр худалдан борлогдсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасны дагуу дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2/23784 дугаартай албан бичгээр Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасны дагуу өнөөдөр сонинд тус орон сууцыг дуудлага худалдаагаар оруулах зарыг 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр байршуулж, ажилласан гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Н-т холбогдуулан анхны албадан дуудлага худалдаанд оруулах 13/26 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

3. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2019/01556 дугаар захирамжаар Д.О нь 88,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас 298,975 төгрөгийг, улсын орлогоос 298,975 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч К ХХК -д олгож, уг захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 220 мянгатын 28 дугаар байр, * тоот хаягт байршилтай * м.кв талбайтай 3 өрөө орон сууц болох үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. /хх25-26/

4. Дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШЗ2020/09896 дугаар албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна. /хх6, 7, 10/

4.1. Мөн шүүхийн шийдвэрт заасан барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 220 мянгатын 28 дугаар байр, * тоот хаягт байршилтай * м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 20270705/128 дугаар тогтоолоор битүүмжилж, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 20270705/128-02 дугаар тогтоолоор хураажээ. /хх54-56, 57-58/

4.2. Барьцаа хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

5. Талууд дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийн талаар тохиролцоогүй тул хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 220 мянгатын 28 дугаар байр, * тоот хаягт байршилтай * м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 170,076,920 төгрөгөөр үнэлсэн талаар төлбөр төлөгч нарт мэдэгдсэн байна. /хх13, 42-43/

6. Нэхэмжлэгч Д.О нь Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийн дээрх үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2022/01771 дугаар шийдвэрээр үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2022/01402 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх ба анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин дүгнэлт өгөх шаардлагагүй болно.

7. Дээрх хөрөнгийн үнэлгээний дагуу хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдах анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 13/26 дугаартай тогтоолыг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 4-128/23954, 4-128/23955, 4-128/23956 дугаар мэдэгдлээр тус тус мэдэгдсэн байх ба 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2/23784 дугаар албан тоотоор Сонгинохайрхан дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст уг тогтоолыг хүргүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасантай нийцсэн.

7.1. Мөн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хэвлэгдсэн №242 /7544/ дугаар Өнөөдөр сонины А6 хэсэгт Албадан дуудлага худалдаа явуулах зар хэсгийн 26-т үл хөдлөх эд хөрөнгийн хаяг байршил, үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувь, хариуцсан шийдвэр гүйцэтгэгчийн мэдээлэл зэргийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх заасантай нийцсэн бөгөөд хэргийн баримтаар тогтоогдож байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

8. 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан анхны албадан дуудлага худалдаанд Х.Эрхэмбат, Х.Болорсүх нар оролцож, нийт 2 санал ирснээс Х.Эрхэмбат нь 123,100,000 төгрөгийн үнийн санал гаргаснаар ялагчаар тодорч, улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 12 дугаар сарын 274-ны өдрийн 4-128/25127 дугаар мэдэгдлийг гардуулан өгч үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авчээ. /хх-57/

8.1. Ийнхүү анхны албадан дуудлага худалдаа зарласан, дуудлага худалдааг зохион байгуулсан, ялагчид үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69-71, Иргэний хуулийн 175, 177-178 дугаар зүйлд заасан журамд нийцсэн байна.

8.2. Иймд төлбөр төлөгчид албадан дуудлага худалдааны товыг мэдэгдэж, энэ талаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлж, анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдсон нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

9. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсгийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчтой биш бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчоос шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаанд шүүхийн журмаар гомдол гаргах эрх зүйн үндэслэлийг зохицуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсгийг шүүхийн шийдвэрт баримтлах өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

10. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2023/00978 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, 70 дугаар зүйлийн 70.1 гэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

Д.ЦОГТСАЙХАН