Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 218/МА2023/00009

 

 

Т ХХК-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.О даргалж, шүүгч О.О, Ш.Т нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У даргалж, шүүгч З.Г, шүүгч Г.Б нарын бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэсэн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 139/ШШ2023/00.. тоот шийдвэртэй,

Нэхэмжлэгч ТХХК

Хариуцагч С.Бд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол  38896467 төгрөг гаргуулах тухай

хэргийг хариуцагчаас гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Тын илтгэснээр хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, хариуцагч С.Б, хариуцагчийн өмгөөлөгч А.Б нарийн бичгийн дарга Ж.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: Тус компани нь “С М М” ХХК-тай 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 619919016.. тоот тээврийн хэрэгслийн даатгалын дэд гэрээ /багц 4/-г нэг жилийн хугацаатай байгуулж, тухайн даатгалын гэрээгээр даатгалын гэрээний зүйл болох 09-.. УБУ  улсын дугаартай РогзИе Рапатега загварын тээврийн хэрэгслийг зам тээврийн хөдөлгөөнд оролцох үеийн мөргөлдөх эрсдэлээс хамгаалж даатгасан. Гэтэл 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр буюу даатгалын гэрээний хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд иргэн С.Б нь 49-.. УБЕ улсын дугаартай Тоуоtа загварын тээврийн хэрэгслийг жолоодон Улаанбаатар хот, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт зам тээврийн хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа золиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ” гэснийг зөрчиж даатгуулагч С” ХХК-ийн эд хөрөнгөд хохирол учруулсан Зам тээврийн ослын улмаас үүссэн хохирлын хэмжээ нь 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 15797.. тоот “М” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайланд авагдсанаар 45,944,764 /дөчин таван сая есөн зуун дөчин дөрвөн мянга долоон зуун жаран дөрөв/ төгрөг, үнэлгээний тайлан гаргасан үйлчилгээний зардал 2,081,000 /хоёр сая наян нэгэн мянга/ төгрөг болсон болно. Даатгалын тохиолдлын улмаас үүссэн хохирлын хэмжээ нь “М” ХХК- ийн 15797600 тоот тайланд авагдсанаар “С” ХХК- ийн тээврийн хэрэгслийн дараах эд ангид, доорх мөнгөн дүнгээр хохирол учирсан байдаг. Үүнд: Урд буфер-3,354,545 төгрөг, пиланз-529,439 төгрөг, ремень-366,919 төгрөг, дамар-214,052 төгрөг, дамар-161,588, хөшүүрэг дамар-309,261 төгрөг, чангалагч-417,719 төгрөг, тосны тэвш-3,220,175 төгрөг, хөргүүр-933,242 төгрөг, тосны касчерын сальник-110,189 -төгрөг, тосны касчерын төмөр таг-189,485 төгрөг, сэнс, сэнсний хүрээ-2,533,143 төгрөг, агаар урсгал чиглүүлэгч-179,564 төгрөг, түлш хуваарилагч хоолой-133,225 төгрөг, радиатор-1,240,838 төгрөг, буцахын шланг-171,641 төгрөг, температур мэдээлэгч-89,416 төгрөг, радиаторын хүрээ рам-144,810 төгрөг, агаарын хоолой-359,129 төгрөг, агаарын хоолой зүүн тал-71,772 төгрөг, агаарын хоолой хажуугийн-241,217 төгрөг, нүүр-47,471 төгрөг, агаар хуримтлуулагч-102,466 төгрөг, оруулах хоолой-205,930 төгрөг, оруулах хоолой-191,948 төгрөг, хаалт-25,034 төгрөг, радиатор буферын арын-3,138,615 төгрөг, хяналтын шланк-273,708 төгрөг, хяналтын шланкийн хаалт-255,332 төгрөг, хяналтын шланкийн хайрцаг-73,903 төгрөг, вакуум шланк-178,336 төгрөг, вакуум шланк-72,705 төгрөг, хяналтын шланк-235,558 төгрөг, хөдөлгүүрийн хаалт-641,617 төгрөг, хөдөлгүүрийн лап-647.617 төгрөг, труп-487,227 төгрөг, даралтын шланк- 431,101 төгрөг, тосны хоолой- 708.537 төгрөг, агааржуулалтын хоолой-325,455 төгрөг, гарах хоолой резин-130,429 төгрөг, дугуй шураг хаалт-258,993 төгрөг, кропны тосны радиатор-1,268,136 төгрөг, урд-тэнхлэг-3,423,884 төгрөг, гар- 1,181,716 төгрөг, гар-1,996,713 төгрөг, хэвтээ тэнцүүлэгчийн даравч резин-218,913 төгрөг, хэвтээ тэнцүүлэгчийн даравч резин-122,306 төгрөг, руль аппарат-4,673,689 төгрөг, гармошка резин-358,463 төгрөг, 5 бул-518,653 төгрөг, зүүн шарнер-253,796 төгрөг, баруун шарнер-256,796 төгрөг, тосны хөргүүр-557,335 төгрөг, даралтын шланг-482,167 төгрөг, буцах шланг-248,873 төгрөг, рулийн аппаратны насос помп 2,209,434 төгрөг, дамар-119,643 төгрөг, дугуй-1,257,015 төгрөг , дугуй-1,422,117, тэвш баригч төмөр-462,727 төгрөг, тэвш баригч төмөр-428,105 төгрөг, жийрэг, дугараг цагираг жийрэг, чигжээс, урд хэсгийн боолт, тусгай толгойтой боолт, хамгаалалтын таг, бэхжүүлэгч бодис, шруфа, тусгай бондгортой, зуйван шруфа- 3,229,573 төгрөг, эдгээр эд ангиудаас элэгдэл тооцож 16,352,788 төгрөг хассан. Эд анги задлах, засах, солих зардал-4,700,000 төгрөг, эх биеийн эд анги задлах, угсрах, солих зардал- 300,000 төгрөг, эд анги будах зардал-2,800,000 төгрөг, өнгөлгөө-1,000,000 төгрөг, бусад материал /будгийн, тосны шүүр, бэхлэгч-524,320 төгрөг, НӨАТ ажлын хөлс, материал- 302.432 төгрөг, НӨАТ сэлбэг-3,174,365 төгрөг, ингээд даатгалын тохиолдлын улмаас үүссэн нийт хохирлын хэмжээ нь үнэлгээгээр тогтоогдсон дүн 45,944,764 /дөчин таван сая есөн зуун дөчин дөрвөн мянга долоон зуун жаран дөрвөн/ төгрөг болсон байдаг. Иргэн С.Бийн буруутай үйлдлийн улмаас даатгуулагчийн эд хөрөнгөд хохирол үүссэн болох нь “А” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн даатгалын тохиолдлын ослын тэмдэглэл, жолооч Э.Бгийн 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөрийн өргөдлийн маягтад авагдсан тайлбар, Баянгол дүүргийн замын цагдаагийн хэлтсийн 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоогдсон байдал, ослын газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, тэмдэглэл, ослын үеийн гэрэл зургийн үзүүлэлт, 3100006190... тоот шийтгэлийн хуудас, шийтгэлийн хуудсын маягт-3 цагдаагийн ахмад Н.Цийн хариу мэдэгдэх хуудас, 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2.. хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, “М” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 15797.. тоот автомашин техникийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болно. Иргэн С.Б нь зам тээврийн ослын улмаас даатгуулагчийн эд хөрөнгөд /даатгалын зүйлд/ учруулсан хохирлоо Иргэний хуулийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй" гэж, мөн хуулийн 510.1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг төлбөрөөр нөхөн төлнө" гэж тус тус заасны дагуу хариуцан арилгах үүрэгтэй. “Т” ХХК нь даатгалын гэрээгээр үүргээ биелүүлэн даатгалын гэрээнд заасан нөхцөлөөр даатгуулагч “С” ХХК-д 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 19/04066 тоот эрсдэлийн хорооны тогтоолоор 43848967 /дөчин гурван сая найман зуун дөчин найман мянга есөн зуун жаран долоо/ төгрөгийг бүрэн олгож шийдвэрлэсэн байдаг. Энэхүү нөхөн төлбөрт олгосон 43,848,967 /дөчин гурван сая найман зуун дөчин найман мянга есөн зуун жаран долоо/ төгрөгөөс 5,000,000 /таван сая/ төгрөгийг буруутай этгээд С Бийн албан журмын даатгагч “М” ХХК-аас нэхэмжлэн авсан болно. Ийнхүү даатгалын нөхөн төлбөрийг олгосноор Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443,7 дахь хэсэг, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэг болон Даатгалын ерөнхий гэрээний 6.5 дахь хэсэгт тус тус заасны дагуу даатгалын 38,848,967 /гучин найман сая найман зуун дөчин найман мянга есөн зуун жаран долоо/ төгрөгийг буцаан шаардах хууль зүйн үндэслэлтэй байна. Түүнчлэн иргэн С.Бийн оршин суугаа хаягийг эрэн сурвалжлуулах хүсэлт Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж түүний оршин суух хаяг нь тодорхой болсон байдаг. Иймд иргэн С.Б нь замын хөдөлгөөнд оролцох үедээ өөрийн буруутай үйлдлийн улмаас “Т ” ХХК-ийн даатгуулагч болох “С ХХК-ийн даатгуулсан эд хөрөнгөд хохирол учруулсан, тус хохирлыг даатгалын дагуу даатгагч бүрэн барагдуулсан, ингэснээр Иргэний хуулийн 443.7 дахь хэсэг, Даатгалын тухай хуулийн 8.7 дахь хэсэг, даатгалын ерөнхий гэрээний 6.5 дахь хэсэгт тус тус заасны дагуу даатгалаар олгосон нөхөн төлбөрийг Иргэний хуулийн 497.1 дэх хэсэг 510.1 дэх хэсгийг үндэслэн буцаан шаардах нь хууль зүйн үндэслэлтэй тул манай компанийн даатгалын нөхөн төлбөрт олгосон нийт 38,848,967 /гучин найман сая найман зуун дөчин найман мянга есөн зуун жаран долоо/ төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан нотариатын үйлчилгээний хөлс 47,500 /дөчин долоон мянга таван зуу/ төгрөг, нийт 38,896,467 /гучин найман сая найман зуун ерэн найман мянга дөрвөн зуун жаран долоо/ төгрөгийг даатгалын тохиолдолд буруутай этгээд болох С.Бээс гаргуулан бидэнд олгож өгнө үү гэжээ.

            2.Хариуцагч талын тайлбар, агуулга: Т ХХК-ийн нэхэмжилсэн 38896467 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь миний бие замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй харин ч замын хөдөлгөөний дүрмийн дагуу чигээрээ явж байхад 09.. УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан тухайн зам тээврийн осол гарсан. Энэ нь нэхэмжлэгч талын гаргасан нотлох баримт болох ослын үеийн гэрэл зургаар тодорхой харагдаж байна. Цагдаагийн байгууллага болон үнэлгээний газар хэт нэг талыг барьсан буруу дүгнэлт хийж намайг буруутгаж байна. Миний бие цагдаагийн байгууллага болон прокурорын байгууллагад удаа дараа өргөдөл гаргасан боловч хүлээж авдаггүй, авсан ч хариу өгдөггүй өдийг хүрч байна. Тухайн зам тээврийн ослын буруутай эзнийг бус мөнгөтэй төгрөгтэй, аль хохирол илүүтэй талд үйлчилж байгаа нь хэт хувийн сонирхолтой харагдаж байна. Миний хувьд ч хохирол учирсан байтал үүнийг асуу, харгалзан авч үзээгүй. Иймд тухайн нэхэмжилж буй үнийн дүнг буруутай этгээд буюу 09.. УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочоос нэхэмжилж авах нь зүйтэй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

           3. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1-д зааснаар Б овогт Сийн Б /РД:/-ээс 38896467 /гучин найман сая найман зуун ерэн зургаан мянга дөрвөн зуун жаран долоон/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Тэ” ХХК /РД:2/-д олгож,

3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352432 / гурван зуун тавин хоёр мянга дөрвөн зуун гучин хоёр/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Бээс 352432 / гурван зуун тавин хоёр мянга дөрвөн зуун гучин хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Тэ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч С.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Хариуцагч С.Б миний бие Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 139/ШШ2023/00.. тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Тус шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 5 дахь заалтаар 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 552 дугаар шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтын шаардлага хангахгүй үндэслэлгүй гэж үзэн үндэслэлээ 2 хавтас хэргийн 24-рт байгаа гэрэл зургийн бүдүүвч зураг зөрж байгаа тул нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзсэн бөгөөд нэхэмжлэлийн үндэслэл болсон нотлох баримт болох анх зурсан цагдаагийн байгууллагын зурсан зураг гэрэл зургийн үзүүлэлтээс зөрүүтэй мөн нэхэмжлэгч талын гаргаж өгсөн “М” ХХК-ийн үнэлгээний болон тухайн байгууллагын дугаар зөрж байгаа нь тухайн байгууллага өөрөө гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд хуурамч нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй хэт нэг талыг барьсан үндэслэлгүй шийдвэр болсон байна. Гэтэл 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 552 дугаар шинжээчийн дүгнэлтийг агуулгаар бус хавсралт болох гэрэл зураг зөрүүтэй гэсэн үндэслэлээр нотлох баримтын хэмжээнд үнэлж үзэхгүй байгаа нь хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас болж тухайн авто тээврийн осол гарсан байдал тогтоогдохгүй байна гэсэн дүгнэлтийг хэрхэн үгүйсгэж байгаа нь тодорхойгүй шийдвэрлэсэн байна.

Шийтгэх хуудсаар хариуцагч Б нь 100 000 төгрөгийн торгууль төлсөн нь өөрийн гэм бурууг хүлээсэн үйлдэл гэж үзэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд шүүх хуралдааны үед ч хэлж тайлбарлаж байсан. Авто тээврийн осол зөрчилд холбогдсон 2 талын жолооч буруутай эсэхээс үл хамааран хоёулаа 100 000 төгрөгийн торгууль төлдөг талаар хариуцагч талаас тайлбарласаар байтал буруугаа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэж байгаа нь хэт нэг талыг барьж үндэслэлгүй шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох хариуцагч татгалзаж байгаа үндэслэлээ нотлох үүрэг хүлээдэг бөгөөд хариуцагч талаас нэхэмжлэгчийн таргаж өгсөн хохирлын үнэлгээ дээр маргаагүй байна гэж дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд анхнаасаа хуурамч нотлох баримт бүрдүүлж ирсэн байх тул “М” ХХК-“ийн гаргасан хохирлын үнэлгээ болон үнийн дүн дээр маргалдах шаардлагагүй бөгөөд тухайн байгууллагын гэрчилгээний дугаар болон дүгнэлт дээрх дугаар зөрж байгаа нь тухайн байгууллага энэ хүү дүгнэлтийг гаргасан эсэх эсвэл нэхэмжлэгч талын гаргаж өгсөн дүгнэлт дээр шууд тамга тэмдгээ дарсан эсэх талаар нэхэмжлэгч талаас дарсан эсэх талаар хариуцагч талаас мэдэх аргагүй бөгөөд ийм эргэлзээтэй шинжээч хараат бусаар дүгнэлтээ үнэн зөв гаргана гэсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байгаа тул анхнаасаа энэхүү дүгнэлтийн дотор заасан эд ангиудын үнэлгээ болох мөнгөн дүн дээр маргалдах хүлээн зөвшөөрөх болон эс хүлээн зөвшөөрөх шаардлагагүй байсан юм.

Шүүх хуралдааны явцад өмгөөлөгч нэмэлт тайлбар буюу дүгнэлтээ шүүх бүрэлдэхүүн болон иргэдийн төлөөлөгчид хандаж гаргаагүй байхад тухайн хэргийг хянан шийдвэрлэж байсан шүүх бүрэлдэхүүний зүгээс дүгнэлтээ гаргаж байхыг шаардсан нь хариуцагчид тэгш шударгаар хэргээ үнэн зөвөөр шийдвэрлүүлэх боломж олгосонгүй энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил нь шүүх хуралдааны дүрс бичлэгт бүрэн тусгагдсан байгаа.

Иймд Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 139/ШШ2023/000.. тоот шийдвэрийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Давж заалдах гомдолтой танилцсан. Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс шүүхэд үнэн зөв тайлбар өгөх үүргээ зөрчиж худлаа тайлбар гаргасан. Нотлох баримт хуурамч цуглуулсан талаар ярьсан. Тийм зүйл байхгүй. Шүүхийг төөрөгдүүлсэн ор үндэсгүй тайлбар өгсөн. Үнэлгээг бид нар өөрсдөө гаргадаггүй учир бидний зүгээс нөлөөлөх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч талаас бүрэн нотолсон. Тухайн машиныг оруулж ирдэг компаниас ямар үнэлгээтэй талаар тогтоосон. Тусгай зөвшөөрөл зөрүүтэй байсан гэдэг нь үндэслэлгүй. Тусгай зөвшөөрөл хүчинтэй байсан. Тиймээс хохирлын үнэлгээ үндэслэлтэй байсан. Шүүх бүрэлдэхүүн шүүх хуралдааны дарааллын танилцуулахад хариуцагч тал саналгүй гэж хэлсэн мөртлөө үг хэлэх боломж олгоогүй гэдэг нь үндэслэлгүй. Хариуцагч тал шинжээч томилох хүсэлтээр гаргасан. Эхний шинжээчийн дүгнэлт хэргийн газрын үзлэгийн объект дутуу, зургаа буруу зурсан байсан учир алдаатай байсан. Бүрэлдэхүүнтэй шинжээч томилох эрх зүйн зохицуулалт байсан учир хүсэлтээ өгсөн. Шинжээчийн бүрэлдэхүүн хүрэлцэхгүй байсан учир хүсэлтээ татаж аваад нэмэлт шинжилгээ хийлгэсэн. Зөрчлийн хэрэг маргааныг зөвхөн шинжээчийн дүгнэлтээр хийдэггүй. Гэрч, хохирогч нарын мэдүүлэг, зөрчлөө хүлээсэн байдал зэргийг харгалзан эрх бүхий албан тушаалтан тогтоодог. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2-т заасан  үндэслэл бүхий байхыг бүрэн хангасан. Б гэдэг хүн хохирлыг үнэлгээний 5.000.000 төгрөгийг албан журмын даатгалаас авсан байгаа гэв.

6. Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хэт нэг талыг барьсан нотлох баримтыг үндэслээгүй гарсан. Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт бүх зүйл тодорхой энэ машин энд зогсож байсан нь буруу байна гэж гарсан. Анхан шатны шүүх хавтаст хэргийн ард байгаа шинжээчийн дүгнэлтийг зургийн байрыг солиод зурсан учир энэ шинжээчийн дүгнэлт хүчингүй гэж үзсэн. Анхан шатны шүүх хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан учир давж заалдах гомдол гаргасан. Мастер үнэлгээнээс гадна гэрчилгээний дугаар, хавтас дээрх дугаар нь өөр байсан. Үүнийг анхан шатны шүүх хүлээж аваагүй. Ямар учраас нотлох баримт зөрүүтэй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж байгаа вэ гэж няцаалтаа хийж байна. Шинжээчийн дүгнэлт хүчингүй гэж үзэж М ХХК-ын дүгнэлтийг үндэслэж шүүхийн шийдвэр гарсан нь үндэслэлгүй гэж үзэж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

            Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдаанаар “Т” ХХК-ий нэхэмжлэлтэй, С.Бд холбогдох хэргийг хянан хэлэлцээд гаргасан Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 13-ны өдрийн 139/ШШ2023/000.. тоот шийдвэрийг хариуцагч талын давж заалдах гомдлыг үндэслэн хянав.

            Нэхэмжлэгч талын зүгээс тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулсан хариуцагч компанид зам тээврийн улмаас учирсан хохирлыг даатгалын гэрээнд заасан хариуцлага, хүлээсэн үүргийн дагуу арилгаж өгсний улмаас даатгалын компани өөрт учирсан хохирлоо нэхэмжилсэн байх бөгөөд хариуцагч С.Б эс зөвшөөрч, зам тээврийн осолд өөрийн зүгээс буруугүй гэж маргажээ.

            Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх талуудын зүгээс гаргаж ирүүлсэн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийгээд нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэж шийдвэрлэсэн байна.

            Үүний дагуу шүүх шийдвэртээ Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1-д зааснаар Б овогт Сийн Бээс 38896467 төгрөгийг гаргуулан “Т” ХХК-д олгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу тооцож шийдвэрлэжээ.

            Шүүхийн шийдвэрийг хариуцагч С.Б эс зөвшөөрч давж заалдсан байх ба шүүхийн шийдвэр хэт нэг талыг барьж гарсан... мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзжээ.

            Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн энэхүү шийдвэр нь хэрэгт байгаа нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийж, талуудын хүсэлтийг хангасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан, талуудын мэтгэлцэх зарчмыг бүрэн хангасан, тэдний шүүх хуралдаанд оролцох зэрэг болон бусад эрхийг зөрчөөгүй бөгөөд хэргийг шийдвэрлэхдээ шаардлагатай материаллаг хуулийн заалтыг үндэслэлтэйгээр сонгон зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна гэж дүгнэв.

            Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хянахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д зааснаар хэргийг бүхэлд нь хянах зарчмыг баримталсан бөгөөд шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.

            Талуудын гаргаж өгсөн болон хүсэлтээр бүрдүүлсэн шинжээчийн дүгнэлт, бусад нотлох баримтуудыг судлан үзэж түүнд үндэслэсэн байх бөгөөд энэ нь үндэслэл бүхий шаардлагад нийцнэ. Талууд хэрэг хянан шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг ирүүлсэн тохиолдолд шүүх түүнд хяналт дүгнэлт хийх ёстой бөгөөд энэ талаар авагдсан шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагааг буруутгах үндэсгүй.

            Иргэний хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжилж буй хохирлыг тээврийн хэрэгслийн улмаас учирсан гэм хор гэж үзэж арилгах нь зүйтэй гэж үзэж Иргэний хуулийн холбогдох заалтыг баримтлан зүйлчилж шийдвэрлэсэн, хуулийг тайлбарлан хэрэглэсэн нь хууль ёсны байх шаардлагыг бүрэн хангажээ.

            Давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзсэн тул хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

            “Т” ХХК нь 2019 оны 8 сарын 16-нд буюу даатгалын гэрээний хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд С.Бг замын хөдөлгөөнд оролцох үедээ осол гаргасны улмаас 09..УБУ улсын дугаартай Porshe Panamera маркийн тээврийн хэрэгсэлд гэмтэл учруулсны улмаас үүссэн 38848967 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байх бөгөөд даатгалын гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу төлж барагдуулсны улмаас учирсан хохирлоо л нэхэмжилсэн байна. Тухайн ослын үед С.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт заасан “жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ” гэснийг зөрчсөн гэж үзэж ослын хохирлыг хариуцах этгээдээр тогтоогджээ.

            Энэхүү баримтыг шүүх үнэлэх боломжтой бөгөөд С.Бийн хувьд осолд буруутай эсэхээ тухайн үед хянуулан шалгуулах эрх нь тухайн үедээ нээлттэй байх үндэстэй. Осолд буруутай эсэхэд өөрийн буруугүйг тогтоолгох ажлыг тухайн үедээ эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх боломжтой. Харин энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед “Т” ХХК нь эрх бүхий этгээдийн тогтоосны дагуу даатгуулагчид учирсан хохирлыг арилгасны улмаас үүссэн хохирлоо нэхэмжилсэн байна.

            Мөн С.Б нь зам тээврийн ослын улмаас үүссэн хохирлын 5 сая төгрөгийг жолоочийн хариуцлагын даатгалаас барагдуулсныг нэхэмжлэгч тал нотолсон бөгөөд хариуцагч үүнийг үгүйсгээгүй байна.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа анхан шатны шүүхэд нэлээн удаашралтай явагдсаныг анхаарах ёстой.

            Иймд шүүхийг шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхив.

            Давж заалдах шатны шүүхэд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр  үлдээж шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 139/ШШ2023/000.. тоот шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсгийг баримтлан давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352432 /гурван зуун тавин хоёр мянга дөрвөн зуун гучин хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

4.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын  журмаар  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                              ДАРГАЛАГЧ                              Ц.О

 

                                  ШҮҮГЧИД                              О.О

                                                                               

     Ш.Т