Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2019/0229

 

Ё.Н-ийннэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгч Ё.Н, хариуцагч Б.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 12/ШШ2019/0127 дугаар шийдвэртэй, Ё.Н-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хуралд холбогдох захиргааны хэргийг хариуцагч Б.Б-ийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 12/ШШ2019/0127 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.1.1, 23 дугаар зүйлийн 23.10, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр “Мөнхийн хайр” сүмийн байранд болсон иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаас гарсан “Тооллогын комисс байгуулах тухай 01 дүгээр тогтоол, “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлыг эрэмбэлэх тухай” 03 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах, 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны иргэний танхимд болсон иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан болон түүнээс гарсан тогтоолуудыг албан ёсны хуулийн дагуу хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, өмгөөлөгчийн үйл ажиллагааны зардал болох нэхэмжлэгчид учирсан хохирол 1.000.000 /нэг сая төгрөг/-ийг болон сар тутам олгодог урамшууллыг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, 11 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргаар Б.Б-ыг сонгох тухай 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Б давж заалдах гомдолдоо:  “ ... 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар иргэдийн Нийтийн Хурлыг 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хуралдуулахаар шийдвэрлэхдээ заалны багтаамжийг тооцож, тухайн үед чөлөөтэй байвал “Мөнхийн хайр” сүмд хийхээр тэмдэглэсэн. Өмнө нь хорооны иргэдийн Нийтийн Хурал хэзээ ч иргэний танхимд хуралдаж байгаагүй, удаа дараа “Мөнхийн хайр” сүмийн зааланд хуралддаг, иргэд ч мэддэг байсан.

Нэхэмжлэгч Ё.Н болон иргэний танхимд хуралдаж хурлын дарга сонгосон гэх хүмүүс бүгд “Мөнхийн хайр” сүмд иргэдийн Нийтийн Хурал болж байгааг мэдэж байсан талаар нэхэмжлэгч талаас гаргасан бичлэгээр хангалттай нотлогдож байна.  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д “Хурлыг насаар хамгийн ахмад, бусад хурлын үед хурлын дарга, түүний санал болгосноор тэргүүлэгчдийн аль нэг нээж удирдана” гэж заасны дагуу 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн хурлыг насаар хамгийн ахмад нь болох Тэргүүлэгч Ш.Уранбилэгээр удирдуулахаар 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн иргэдийн Нийтийн Хурлыг Тэргүүлэгчдийн хурлаар ярилцаж тогтсон.

Хуульд зааснаар иргэдийн Нийтийн Хуралд 3402 өрхөөс 113 иргэн оролцсон тохиолдолд ирц хангалттай гэж үзэх бөгөөд “Мөнхийн хайр” сүмд болсон тус хуралд хорооны 119 иргэн ирсэн. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал доторх Ардчилсан намын бүлэг дотороо хуваагдсанаас ашиг сонирхлын зөрчил үүсч, хуучин дүүргийн Засаг даргын Тамгын газарт хэлтсийн даргаар ажиллаж байсан нэр бүхий хүмүүс зориуд үймээн үүсгэж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Нэхэмжлэгч Ё.Н нь “2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Мөнхийн хайр сүмд болсон иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тооллогын комисс байгуулах тухай 1 дүгээр тогтоол, Хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга сонгох тухай 2 дугаар тогтоол, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлыг эрэмбэлэх тухай 3 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож, Иргэний танхимд болсон иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, өмгөөлөгчийн үйл ажиллагааны зардал болох нэхэмжлэгчид учирсан хохирол 1.000.000 /нэг сая төгрөг/-ийг болон сар тутам олгодог урамшууллыг хариуцагчаас гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагчаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлыг татжээ.

Тэрээр нэхэмжлэлийн үндэслэлээ “...энэ оны 2 дугаар сард хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргаар өмнө ажиллаж байсан Б.Б өвчний улмаас нас барсантай холбогдуулан уг хурлын даргыг нөхөн сонгох асуудлыг иргэдээс санал гаргасны дагуу 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 14 цагт “Иргэний танхим”-д хуралдаж Хурлын даргыг сонгосон ... гэтэл тус өдөр “Мөнхийн хайр” сүмд ижил цагт Б.Б, М.Э тэргүүтэй хүмүүс хуралдаж Б.Б-ыг тус хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгосон нь хууль зөрчсөн...” гэж тайлбарласан байна.

Нэмжлэлийн үндэслэл, хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 11 дүгээр хорооны нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаар тогтоолоор 06 дугаар сарын 14-ний өдөр Хурлын хуралдааныг хийж, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн ажлын тайланг хэлэлцэхээр тогтсон атлаа 06 дугаар сарын 14-ний өдөр хорооны иргэд 2 хуваагдан хорооны Иргэний танхим болон “Мөнхийн хайр” сүмийн байранд тус тус хуралдаж, нийтийн Хурлын даргаар Иргэний танхимд хуралдсан иргэд Ё.Н-г, сүмийн байранд хуралдсан иргэд Б.Б-ыг тус тус сонгосон байх бөгөөд нэхэмжлэгч Ё.Н болон Б.Б нар хэн аль нь өөрсдийн сонгогдсон Хурлын тогтоолыг хууль ёсны гэж үзэж тайлбар гаргажээ.

Аль Хурлын хуралдааныг хууль ёсны гэж үзэж гарсан тогтоолыг хүчин төгөлдөрт тооцох талаар маргаж байхад хариуцагч иргэдийн нийтийн Хурлын төлөөлөгчөөр Б.Б-ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах нь эргэлзээтэй байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Баг, хорооны Хурлын энэ хуулийн 17.1.1-17.1.3, 17.1.8-д зааснаас бусад бүрэн эрхийг уг Хурлын хуралдааны чөлөө цагт тухайн Хурлын Тэргүүлэгчид хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийг төлөөлж Тэргүүлэгчдийн хурлаар аль нэгэндээ итгэмжлэл олгон оролцуулах боломжтой.

Харин маргаан бүхий актын улмаас эрх нь хөндөгдөж болзошгүй байх тул гуравдагч этгээдээр Б.Б-ыг иргэнийх нь хувьд татан оролцуулж, тайлбар гаргуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн адил эрх, үүрэгтэйгээр оролцох эрхийг хангаж, хэргийг тал бүрээс нь нэг мөр, бүрэн, бодитой шийдвэрлэх шаардлагатай.

Мөн нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэрүүд тус бүрийг  захиргааны  актын шинжийг агуулж байгаа эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй байна.

Түүнчлэн шүүх маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн сонгох, сонгогдох эрх зөрчигдсөн гэж дүгнэсэн боловч нэхэмжлэгч нь “Иргэний танхимд хуралдсан хуралдааны тогтоолоор Хурлын даргаар сонгогдсон эрхийг зөрчсөн гэж үзэж нэхэмжлэл гаргасан учраас уг шүүхийн шийдвэрээр Б.Б-ыг сонгосон тогтоол хүчингүй болсон тул Хурлын даргын ажлыг би гүйцэтгэнэ” гэх тайлбар гаргасан.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн сонгогдсон Хурлын хуралдааны шийдвэрийг мөн хууль бус гэж дүгнэсэн байх тул шүүхийн шийдвэр хэрхэн биелэгдэх нь эргэлзээтэй байна. Шүүх маргаан бүхйи актуудын улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, ашиг сонирхлыг зөрчигдсөн гэж үзсэн, ямар эрх, ашиг сонирхол нь зөрчигдөөгүй талаар тодорхой дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хангах, эсхүл хэрэгсэхгүй болгохоо тодорхой заагаагүйгээс дээрх эргэлзээ үүссэн байна.

Иймд хэргийн оролцогчдын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх зүйн байдлыг тодруулж, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн болон зөрчигдөж болзошгүй эсэх, цаашлаад маргаж буй актыг хүчингүй болгосноор ямар эрх, ашиг сонирхол нь хэрхэн сэргэх талаар нэхэмжлэгчээс тодруулан, холбогдох тайлбар, баримтыг цуглуулан маргаж байгаа акт тус бүрт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Дээр дурдсан зөрчлүүд засагдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил арилаагүй байхад давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.