Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 600

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, шүүгч М.Батзориг, шүүгч Н.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ариунтамир, нэхэмжлэгч Ё.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, гуравдагч этгээд Б.Б, гэрч Х.Б нарыг оролцуулан Ё.Н-ийн нэхэмжлэлтэй, С д 11-р х-ы и-ийн Н-н Х-д холбогдох захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ё.Н,

Хариуцагч: С д-ийн 11 х-ы и-ийн Н-ийн Х,

Гуравдагч этгээд: Б.Б,

Нэхэмжлэлийн шаардлага: “2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр “М******* сүмд болсон хуралдаанаас гарсан Иргэдийн нийтийн Хурлын 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн “Тооллогын комисс байгуулах тухай“ 01дүгээр тогтоол , “Иргэдийн нийтийн Хурлын дарга сонгох тухай “ 02 дугаар тогтоол, “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлыг эрэмблэх тухай “ 03 дугаар тогтоол , түүний хавсралтыг хүчингүй болгуулах,  2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Иргэний танхимд болсон хуралдааныг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс хойш хугацааны хорооны Хурлын даргад олгох сар бүрийн урамшууллыг хариуцагчаар гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ё.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, гуравдагч этгээд Б.Б, гэрч Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ариунтамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ё.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны иргэдийн нийтийн Хурлын Тэргүүлэгчид хуралдаж, 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Иргэний танхимд 14 цагаас иргэдийн нийтийн хурлыг зарласан. Тус хурлаас тусдаа М*******ын сүмд хурал хийж, Б.Б-ыг сонгосон нь тухайн хорооны иргэдийн болон Ё.Н миний Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн.

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны иргэдийн нийтийн Хурлын Тэргүүлэгчид 2018 оны 05 дугаар сарын 30-ний өдөр хуралдан хорооны иргэдийн Нийтийн Хурлыг 2018 оны 06 дугаар сарын 14 өдрийн 14 цаг 00 минутад хорооны иргэний танхимд хуралдуулахаар товлон зарлаж энэ тухай тогтоол гаргаж баталсан юм.

Хурлын товыг хорооны Засаг даргын ажлын албанаас зарлан мэдээлэх боломжтой бүх арга хэрэгслээр иргэдэд хүргэсэн бөгөөд хурал болох өдөр зарласан газар, товлосон цагт Хорооны иргэний танхимд тус хорооны нийт 124 иргэн хүрэлцэн ирж хуралдаанд оролцсон. Энэ өдөр Хорооны иргэний танхимд зарын дагуу цугласан иргэдийн ирц хуульд заасан хэмжээнд хүрсэн тул 14 цаг 30 минутад хурлыг нээж, хэлэлцэх асуудлыг батлан хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргыг нөхөн сонгож, Орон нутгийн хөгжлийн сангаар тус хороонд хийгдэх төсөл арга хэмжээг эрэмбэлэх асуудлыг хэлэлцэн баталсан юм.

Энэ хурлаас хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргад гурван хүн нэр дэвшиснээс Н.С нэрээ татсанаар хоёр хүн үлдэж, хуульд заасны дагуу нууц санал хураалт явуулан, хуралд оролцсон иргэдийн олонхийн санал авч сонгогдсон Ё.Н-г хурлын даргаар сонгон тогтоол баталсан.

Иргэдийн Нийтийн Хурлыг 2018 оны 06 дугаар сарын 14 өдрийн 14 цаг 00 минутад иргэний оролцооны хэлтсийн дарга асан М.Э, Хорооны иргэний танхимын зохион байгуулагч Б.Э нар М******* гэх сүм хийдэд 20 орчим хүн оролцсон иргэдийг төөрөгдүүлэн үймүүлсэн ирцгүй хурлыг зохион байгуулан Б.Б-ыг 2018 оны 06 сарын 14-ний өдрийн 02 дугаар тогтоолоор иргэдийн Нийтийн Хурлын даргаар томилсон байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь хэсэгт “Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно” гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

Өмнөх Хурлын дарга нас барсан шалтгааны улмаас 11 дүгээр Хорооны иргэдийн Нийтийн Хурлын тамгыг Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Г өөр дээрээ хураан авсан байсан тул хурлын Тэргүүлэгчид бид энэ өдөр баталсан тогтоол, шийдвэр дээрээ тамга дарж бүрэн баталгаажуулж чадаагүй байна. Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Г албан ёсны хүчин төгөлдөр Хурлаас иргэдийн олонхын санал авч сонгогдсон дарга болох Ё.Н-д биш, М******* гэх сүм хийдэд 20 орчим хүн оролцсон иргэдийг төөрөгдүүлэн үймүүлсэн ирцгүй хурлыг зохион байгуулан өөрсдөө даргаар сонгогдсон гэх Б.Б, М.Э нарт хорооны иргэдийн Нийтийн Хурлын тамгыг хууль бусаар шилжүүлсэн.

Хорооны иргэдийн Нийтийн Хурал болсон тэр өдөр 11 дүгээр хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажлаа хүлээн авсан М.Э нь энэ ажилд томилогдохоос өмнө дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын иргэний оролцооны хэлтсийн дарга буюу хороодын иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлыг хариуцан ажиллаж байсан хүн юм. Мөн энэ өдөр өөрийн ажил үүргийн хувьд орооны иргэдийн Нийтийн Хурал болон Тэргүүлэгчдийн хурлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, хурлын тогтоол шийдвэрийн төсөл боловсруулах, Хурлын албан бичгийн хэвлэмэл хуудасны бүртгэл тооцоог хариуцах үүрэгтэй хорооны иргэний танхимын зохион байгуулагч Б.Э нь М******* сүмд болсон гэх хууль бус хурал дээр очиж уг хурлын тэмдэглэл хөтөлсөн байдаг. Иймд  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

            Хариуцагч С.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгч С.Э би 2012-2016 он хүртэл тус хорооны иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчээр ажиллаж байна.

            Тус хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргаар ажиллаж байсан Б.Б өвчний улмаас 2018 оны 2 дугаар сард нас барсан тул тус хорооны иргэдийн Нийтийн хурал хийх болж, иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчид 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хуралдаж 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хуралдах товыг иргэний танхимын зохион байгуулагч Б.Э, хорооны Засаг дарга, Х.Б ярилцаж хурлыг хийх өдрийг товолсон.

            Иргэдийн Нийтийн Хурлын товлосон цагт 11 дүгээр хорооны иргэний танхимд хуралдаан хийх гэж хүмүүс цугларч, 30 минут өнгөрч 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 14 цаг 30 минутад эхлүүлж, хурлаа хийхээр тэргүүлэгчид С.Э, Ц.А, З.Б нар байж байгаад хурлаа эхлэх гэтэл З.Б явсан байсан. Тэгээд бид нар ирсэн иргэдийн бүртгэл явуулж, 124 иргэн ирсэн тул хурлаа эхлүүлж нээгээд хурлын иргэдийн Нийтийн хурлын тэргүүлэгч Ц.А даргалж хурлыг явуулсан. Иргэдийн Нийтийн Хурлын даргын асуудал яригдсан тул иргэдийн Нийтийн Хурлын тогтоол гаргаж, Тооллогын комисс байгуулах тухай иргэдийн Нийтийн Хурлын дарга сонгох тухай зэрэг 4 асуудлыг хэлэлцсэн.

            Бид иргэдийн Нийтийн Хурлаа товлосон газраа зарласан цагтаа хийж нөхөн сонгууль явуулахаар болж заалнаас чөлөөтэй нэр дэвшүүлсэн. Тус хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргад Ё.Н, н.М, Н.С нар нэр дэвшсэн. Н.С нэрээ татаж 2 хүн өрсөлдөж, хуралдаанд оролцох  иргэдийн олонхийн саналаар Ё.Н 11 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгогдсон боловч бид нарт хурлын даргын тамга тэмдэг байхгүй Сүхбаатар дүүргийн иргэдийн Хурлын дарга Э.Г хурааж явсан байсан.

            Тус хороон дээр тов зарлаж, товлосон цагтаа хурлаа хийсэн. Иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчдийн хурлыг хүчингүй гэж үзээд 11 дүгээр хорооны хууль бусаар, зарласан цаг хугацаа байхгүй, иргэний танхимын зохион байгуулагч Б.Э хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгч М.Э, Ш.У нарын хууль бусаар хийсэн иргэдийн Нийтийн хурлын даргаар сонгосон Б.Б-ыг хууль бус гэж үзэж байна” гэжээ.

            Хариуцагч З.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гарсан тайлбартаа: “2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчид Ш.У, М.Э, Ц.А, З.Б нар хуралдаж 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 14 цагаас хуралдах товыг тогтоосон. Тэргүүлэгчид хурлын үеэр М******* сүмийн хурлын зааланд 6 дугаар сарын 14-ний өдөр чөлөөтэй байх эсэхийг тодруулахад 2-3 хоногийн өмнө асуугаарай гэж хэлсэн. Гэтэл тогтоол дээр М******* сүмд гэж дурдахад тохиромжгүй байсан тул иргэний танхимд гэж дурдсан” гэжээ.

            Хариуцагч Ш.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус хорооны иргэдтэй холбоотой олныг хамарсан бүхий л үйл ажиллагаа нь сүүлийн 20 гаруй жил зөвхөн М******* сүмийн хурлын зааланд зохион байгуулагддаг учир манай иргэд сайн мэддэг юм. Дүүргийн хороод нь бие даасан санхүүгийн тогтолцоогүй учир нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгжүүдийн томоохон заал танхимуудад ажил үйлчилгээгээ явуулдаг бөгөөд М******* сүмийн заалны багтаамж нь том, иргэдийг хүлээн авах сандал хүрэлцээтэй, иргэд нь мэддэг зэрэг нөхцлүүдийг харгалзан иргэдийн Нийтийн Хурлыг зохион байгуулсан болно.

2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хуралдсан хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралд С.Э, Ц.А, З.Б бид 4 хуралдахдаа, “Иргэний танхим багтаамж талбай бага тул томхон талбайтай сандалтай заал олох хэрэгтэйг зөвлөлдөж байсан. Мөн Ш.У надаар удирдуулахаар санал нэгтэй баталсан болно. Гэтэл тэргүүлэгч гишүүн Ц.А нь 72 хүн иргэний танхимд ирж багтаамж нь дүүрсэн үед хууль зөрчиж байгааг мэдсээр байж иргэдийн Нийтийн Хурлыг удирдан шилжиж ирээд удаагүй, хороо орон нутаг иргэдээ мэдэхгүй, иргэд нь огт таньж мэдэхгүй Ё.Н-г нэр дэвшүүлсэн хурал зохион байгуулсан байна. Түүгээр ч зогсохгүй 72 иргэнтэй хийсэн хурлын ирцийн бүртгэлийг 130 гаруй иргэд оролцсон мэтээр хуурамчаар баримт бүрдүүлж шүүхэд өгсөн байсан. Ц.А нь тухайн үед хуралдаан даргалахаар батлагдсан надтай холбогдон дээрх 72 иргэдийг М******* сүмд болсон хуралд оролцуулах бүрэн боломжтой байтал тэргүүлэгчийн хувьд хүлээсэн үүргээ биелүүлэхийн оронд харин ч эсрэгээрээ ирсэн иргэдийг төөрөгдүүлэн хурал хийсэн.

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь заалтыг үндэслэн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 14.00 цагаас М******* сүмийн хурлын зааланд хуралдсан 11 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хуралд 119 иргэн оролцсон нь хуулийн дагуу хүчин төгөлдөр ирц бүрдсэн тул хурлыг хуралдуулсан болно” гэжээ.

Хариуцагч Ш.У-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн тогтоолын дагуу тэмдэглэл үйлдэгдсэн. Энэ нь эрх зүйн баримт бичиг мөн. Уг тэмдэглэлд хариуцагч Ш.У хэлэхдээ ...М*******ын сүмийн байранд гэж тогтох уу? Гэхдээ одоогийн байдлаар тус сүмийн хурлын заал тухайн өдөр сул байх нь тодорхойгүй байна. Тогтоолдоо иргэний танхимд гэж тусгаад чөлөөтэй байхаар бол М*******ын сүмд хурлыг хийх санал гаргасан байна. Ингээд өөр санал гаргаагүй тул тогтоолын төслийг баталлаа гэсэн байдаг. Байршил өөр гэдэг үндэслэлээр тухайн хурлын шийдвэрийг хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй. Хэрэв Хорооны иргэний танхимын байрны зай талбай хүрэлцээтэй байсан бол тэнд нь хийх боломжтой байсан.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь заалтыг өмнө дурдсан. Иймд тухайн хурлын ирц бүрэн бөгөөд гарсан шийдвэр нь хүчинтэй гэж үзэж байна. Тухайн хороо 3402 өрхтэй гэж бүртгэгдсэн. Ц.А-ыг М*******ын сүмд болох хурлыг мэдэж байсан гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.   

            Хариуцагч Ц.А шүүхэд болон шүүх хуралдаанд гарсан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны иргэд Нийтийн Хурлын тэргүүлэгчид 2018 оны 05 дугаар сарын 30-ний өдөр хуралдаж, тус хорооны иргэдийн Нийтийн Хурлыг 2018 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 14 цагт Хорооны иргэний танхимд хуралдуулахаар товлон зарлаж, тогтоол гарган баталгаажуулсан.

Хурлын товыг хорооны Засаг даргын ажлын албанаас зарлан мэдээлж, иргэдэд хүргэсэн. Хурал 2018 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 14 цаг 30 минутад товлогдсон газар болох Хорооны иргэний танхимд эхэлсэн. Уг хурлаар хорооны иргэд Нийтийн Хурлын даргыг нөхөн сонгох, дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангаар тус хороонд хийгдэх төсөл арга хэмжээг эрэмбэлэх ажлыг хэлэлцсэн. Хуралд нийт 124 иргэн ирж, ирц бүрдсэн. Хорооны иргэд Нийтийн Хурлын даргад 3 хүн нэр дэвшсэн. Нэр дэвшигч Н.С нэрээ татаж, үлдсэн 2 хүн тус бүр дээр нууц санал хураалт явагдаж, хуралд оролцсон иргэдийн олонхийн санал авсан Ё.Н-г хурлын даргаар сонгож, тогтоолоо гаргасан.

Гэтэл бид хурал хийж байхад Б.Э, С.Э нар нь М*******ын сүмд 20 орчим хүмүүсийг цуглуулан давхар хурал хийж, Б.Б-ыг 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаар тогтоолоор, иргэдийн Нийтийн Хурлын даргаар томилсон” гэжээ.

            Гуравдагч этгээд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Сүхбаатар дүүргийн 11 хорооны иргэдийн Нийтийн Хурлыг 2018 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 14 цаг 00 минутад М******* сүмд болно гэсэн зарын дагуу хуралд оролцож, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.9-д заасны дагуу сонгох, сонгогдох баталгаат эрхээ эдэлж өөрийн нэрийг иргэдийн Нийтийн Хурлын даргад дэвшүүлсэн. Хуралд оролцсон 119 иргэдээс өөр хүн нэрээ дэвшүүлээгүй учир иргэдийн олонхийн саналаар дэмжигдэж хурлын даргад сонгогдон, хуралдаан даргалагч Ш.У-ээс эрх шилжүүлж уг хурлыг үргэлжлүүлэн удирдаж, Орон нутгийн хөгжлийн сангийн 2019 оны санхүүжилтээр хороонд хийх ажлыг хэлэлцүүлэн саналыг авч эрэмбэлэн батлуулсан.

Хорооны Иргэний танхим талбай бага тул ихэнх олон нийтийг хамарсан үйл ажиллагаа М******* сүмд болдог байсныг хорооны иргэд мэднэ. Тийм ч учраас 2018 оны 06 дугаар сарын 14-нийн өдрийн 14 цаг 00 минутад хорооны иргэдийн Нийтийн Хурлыг 150-200 хүний суудалтай том заалтай “М*******” сүмд хийсэн байна.

Харин хорооны иргэний танхим нь 33.6 м.кв цэвэр талбайтай, 7 ширээтэй, хорооны ажлын албаны хэмжээнд нийт 47 сандалтай байна. Энэ нь хамгийн ихдээ 60-70 хүний багтаамжтай юм. Иргэний танхимд болсон хуралд оролцож байгаа иргэд нь М******* сүмд болж байгаа хуралд очиж оролцъё гэсэн санал хэлэхэд Ц.А нь “Тэр хуралд очих шаардлагагүй, бид энэ хурлаараа шийднэ” гэж иргэдийн эрхийг хязгаарласан байна. Үүгээр зогсохгүй хэргийн материалтай танилцах явцад, иргэний танхимд ирсэн 70 гаруй иргэдийг 130-аад иргэн хуралд ирсэн мэтээр хуурамч баримт бүрдүүлж шүүхэд өгсөн байсан.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн хэлтсийн даргаар Ц.А, Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн даргаар Ё.Н нар ажиллаж байгаад ажлаас халагдан эрх зүйн маргаантай байгааг би мэдсэн. Иймээс эдгээр хүмүүс нь эрх зүйн маргаантай нөхцөл байдлаасаа болж манай хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргын эрх мэдпийг авах нэгдмэл ашиг сонирхолтой байгаа учир зориуд будлиантуулан иргэдийг төөрөгдүүлсэн байна гэж бодож байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ё.Н нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны  иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан “ 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ““М******* “сүмд болсон хуралдаанаас гарсан Иргэдийн нийтийн Хурлын 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн “Тооллогын комисс байгуулах тухай“ 01дүгээр тогтоол , “ Иргэдийн нийтийн Хурлын дарга сонгох тухай “ 02 дугаар тогтоол, “ Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлыг эрэмблэх тухай “ 03 дугаар тогтоол , түүний хавсралтыг хүчингүй болгуулах,  2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Иргэний танхимд болсон хуралдааныг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс хойш хугацааны хорооны Хурлын даргад олгох сар бүрийн урамшууллыг хариуцагчаар гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг  гаргасан байх ба  нэхэмжлэлийн үндэслэлээ “ ...  2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ... хорооны Нийтийн Хурлын Тэргүүлэгчид хуралдаж, иргэдийн Нийтийн Хурлыг Иргэний танхимд хуралдуулахаар зарласан. Тус хуралдаанаас тусдаа “ М******* “ сүмд хуралдаан хийж, Б.Б-ыг сонгосон нь  ... миний Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн. Түүнчлэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2”.10-т  “ Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд ... хороо, аймгийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно гэж заасныг зөрчсөн” гэж тайлбарлан  маргажээ.

Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчдын маргасан асуудлаар дүгнэлт хийж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг: Нэхэмжлэгчийн “ ... 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр “ М*******” сүмийн байранд хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаас гаргасан ” Тооллогын комисс байгуулах тухай” 01 дүгээр тогтоол, Хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга сонгох тухай” 02 дугаар тогтоол, “ Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлыг эрэмблэх тухай” 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах “шаардлагын тухайд:

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т “ ... хорооны иргэдийн Нийтийн Хурал нь нутгийн өөрөө удирдах байгууллага ... “ гэж, 17 дугаар зүйлийн 17.1.1-д “ Хурлын хуралдааны даргыг сонгох... “ гэж,  23 дугаар зүйлийн 23.10-т “ ... хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд ... хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно” гэж,  23 дугаар зүйлийн 23.4-т “ Анхдугаар хуралдааныг  ... бүрэн эрхийн хугацаа нь  дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэж,  23 дугаар зүйлийн 23.14-т “ ... хуралдааныхаа дэгийг тухайн хурал өөрөө тогтооно” гэж  тус тус заасан байх бөгөөд ийнхүү хуульчилсны  дагуу Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны иргэдийн нийтийн Хурлын Тэргүүлэгчид  2018 оны 05 дугаар сарын 29-ны өдөр хуралдаж,  “Иргэдийн нийтийн хурал хуралдуулах тухай” 07 дугаар тогтоолыг[1] гаргажээ. Уг тогтоолоор Хорооны иргэдийн Нийтийн Хурлыг 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 14 цагт Хорооны иргэний танхимд хуралдуулахаар тогтож, уг хурлаар 2919 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлыг эрэмблэх асуудлыг хэлэлцэхээр, тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, иргэдэд зар тараах, хурлын заал болон шаардлагатай техник хэрэгсэлийн бэлэн байдлыг хангаж ажиллахыг хорооны Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн, дээрх шийдвэрийн дагуу Иргэний танхимд хуралдах хуралдааны зарыг тус хорооны 12 хэсгийн ахлагч болон  Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны facebook хаяг, Хорооны мэдээллийн самбар болон утсаар хорооны иргэдэд хүргэсэн  болох нь Тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэл[2] , гэрч нарын  мэдүүлэг, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны facebook хуудас,, Хорооны мэдээллийн самбарын зарлал зэрэг  хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогджээ.

Тэргүүлэгчдээс баталсан тогтоолын дагуу Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан нь 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 14 цагт Хорооны иргэний танхимд хуралдсан байх бөгөөд энэхүү хуралдаантай зэрэгцэн мөн М******* сүмийн байранд иргэд хуралдаж, тухайн хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлыг эрэмблэх тухай асуудлыг хэлэлцэж, хурал хэлэлцсэн асуудлаараа  “Тооллогын комисс байгуулах тухай 01 дүгээр тогтоол,  “Иргэдийн нийтийн Хурлын дарга сонгох тухай “02 дугаар тогтоол, “ Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлыг эрэмблэх тухай “ 03 дугаар тогтоолыг тус тус  гаргажээ.

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны  Мөнхий хайр  сүмийн байранд болсон иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд 119 иргэн [3] оролцсон гэх боловч, хуралдааны ирцийн бүртгэлээс[4] үзэхэд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Зүүн сэлбэ 4-ын 30 тоотоос Ч.Ч, Т.М, Б.Б, Б.Л, Б.О Б.Э, Рашаантын 15-ын 26 тоотоос В.Д, В.Н, М.Э, Ч.Ч, Зүүн сэлбийн 4-ын 28 тоотоос Заяажаргал, Наранчимэг, Х.Э, З.Д гэх зэргээр нэг хаягаас 2-5 хүнийг бүртгэсэн, түүнчлэн гэрч Б.Д-ын ” ... Мөнхий хайр сүмд болсон хуралд 10-20 орчим хүн ирсэн байсан” гэсэн мэдүүлэг[5] , гэрч  Н.Э-ын “ ... Би Мөнхий хайр сүмд болсон хуралд оролцоогүй, ирцийн  бүртгэл дээрх хаяг нэр нь мөн боловч гарын үсэг нь минийх биш” гэсэн мэдүүлэг[6] зэргээс үзэхэд уг хуралдааныг хуульд заасан хүчин төгөлдөр ирцтэйгээр хуралдсан гэж үзэх боломжгүй байна.

Үүний зэрэгцээ М******* сүмийн байранд иргэдийн Нийтийн Хуралдаан болохыг тухайн Хурлын Тэргүүлэгчид товлон зарлаагүй, энэхүү байранд болох хуралдааны талаар Хорооны хэсгийн ахлагч нар мэдээгүй, дээрх хуралдааны талаар Хорооны иргэдэд албан ёсоор зар тараагаагүй болох нь Хорооны хэсгийн ахлагч нарыг гэрчээр  асуусан мэдүүлэг[7] болон хэрэгт цугларсан бусад  нотлох баримтаар тогтоогджээ.

Дээрх маргааны үйл баримтуудаас дүгнэн үзэхэд Мөнхий хайр сүмийн байранд болсон гэх Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “ Баг, хорооны Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 17 дугаар зүйлийн 17.1.1-д “ Хурлын хуралдааны даргыг сонгох ..  “ гэж,  23 дугаар зүйлийн 23.10-т “ ... хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд ... хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно” гэж,  23 дугаар зүйлийн 23.4-т “ ... бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна”, 25 дугаар зүйлийн 25.1-д “ Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон ... иргэдийн олонхийн саналаар тус тус батална”  гэж  заасныг тус тус зөрчжээ.

Нэгэнт  М******* сүмд хуралдсан гэх иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан нь хууль бус байх тул уг хуралдаанаас гарсан гэх ” Тооллогын комисс байгуулах тухай” 01 дүгээр тогтоол,  Хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга сонгох тухай” 02 дугаар тогтоол, “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлыг эрэмблэх тухай” 03 дугаар тогтоол, түүний хавсралтыг  хууль ёсны гэж үзэхгүй.

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Иргэний танхимд хуралдсан иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан нь Тэргүүлэгчдээс баталсан тогтоолд заасан газарт хуралдсан, уг хуралдааны товыг  Хорооны иргэдэд тус хорооны 12 хэсгийн ахлагч болон  Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны facebook хаяг, Хорооны мэдээллийн самбар болон утсаар хүргэсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Иргэний танхимд хуралдсан хуралдаан нь хүчин төгөлдөр ирцтэйгээр хуралдаж, Хуралдааны дэгийн журмыг батлах тухай, Тооллогын комисс байгуулах тухай, Хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга сонгох тухай, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлыг эрэмблэх тухай  асуудлыг хэлэлцэж, хэлэлцсэн асуудлаараа тогтоол гаргасан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д “... бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15 -аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна”,  23 дугаар зүйлийн 23.10-т “ ... хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд ... хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно “, 25 дугаар зүйлийн 25.1-д “ Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг ... хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар  тус тус батална” гэж заасантай нийцсэн байна.

Иймээс  хууль бус хуралдаанаас гарсан дээрх  маргаан бүхий тогтоолуудын улмаас нэхэмжлэгч Ё.Н-ийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан “ ... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох” эрх зөрчигдсөн байх тул уг маргаан бүхий тогтоолуудыг бүхэлд нь хүчингүй болгох нь  үндэслэлтэй байна гэж шүүх  үзлээ.

Харин нэхэмжлэгчийн “ ... Иргэний танхимд хуралдсан хуралдааныг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох “ нэхэмжлэлийн шаардлага нь захиргааны актын шинжийг агуулаагүй, тодруулбал  “ хуралдаан ” нь шийдвэр гаргах  ажиллагааны процесс бөгөөд хуралдаан нь дангаараа нэхэмжлэгчийн хувьд эрх зүйн үр дагавар үүсгэхгүй, харин түүнээс гарсан тогтоол нь эрх зүйн үр дагавартай захиргааны акт гэж үзнэ.  Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар  нэхэмжлэлийн уг шаардлагыг  хүлээн авахаас татгалзах нь хууль зүйн үндэслэлтэй байна.    

Хоёр: Нэхэмжлэгчийн “ ...  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс хойш хугацааны хорооны Хурлын даргад олгох сар бүрийн урамшууллыг хариуцагчаар гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд :

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д “ Баг, хорооны Хурлын даргад тухайн шатны Засаг даргын сарын үндсэн цалингийн 30 хувьтай тэнцэх хэмжээний урамшуулал сар бүр олгоно” гэж заажээ.

Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй боловч энэхүү маргааны тохиолдолд цалингийн урамшуулал нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой эсэх нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байхын зэрэгцээ  нэхэмжлэгч нь сар бүрийн урамшуулалд хичнээн төгрөг гаргуулахыг тодруулбал цалингийн хэмжээний талаар нэхэмжлэлийн шаардлагадаа тодорхойлж ирүүлээгүй, түүнчлэн үндсэн маргаан болох захиргааны байгууллагын актыг хянах чиг үүрэгтэй холбоогүй  байх тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.7, 106.3.13 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан ТОГТООХ нь:

 

1.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  9 дүгээр зүйлийн 9.1.3, 17 дугаар зүйлийн 17.1, 17.1.1, 23 дугаар зүйлийн 23.4, 23.10,   Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх  хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ё.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр М******* сүмд болсон хуралдаанаас гарсан иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн “Тооллогын комисс байгуулах тухай“ 01дүгээр тогтоол , “ Иргэдийн нийтийн Хурлын дарга сонгох тухай “ 02 дугаар тогтоол, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлыг эрэмблэх тухай “ 03 дугаар тогтоол, түүний хавсралтыг  тус тус хүчингүй болгож,  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх  “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс хойш хугацааны хорооны Хурлын даргад олгох сар бүрийн урамшууллыг хариуцагчаас гаргуулах “ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн “  2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Иргэний танхимд болсон хуралдааныг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ё.Н-оос  улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч  С дүүргийн 11 х  и Н Х-аас  70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 108  дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд  Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ц.БАТСҮРЭН

                                                                ШҮҮГЧ                                 М.БАТЗОРИГ

                                                                ШҮҮГЧ                                    Н.ДУЛАМСҮРЭН

 


[1]  1 дүгээр хавтаст хэргийн 47 дугаар хуудсанд 

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудсанд

[3] Иргэдийн нийтийн хурлын хуралдааны тэмдэглэлд /45-46 дугаар хуудсанд /

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 52-56 дугаар хуудсанд

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 133-134 дүгээр хуудас

[6] 1 дүгээр хавтаст хэргийн 139 дугаар хуудсанд

[7] 1 дүгээр хавтаст хэргийн 104-131 дугаар хуудсанд