Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2020/0450/з |
Дугаар | 001/ХТ2021/0094 |
Огноо | 2021-03-29 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 001/ХТ2021/0094
Р.Я-ын нэхэмжлэлтэй,
Улсын бүртгэлийн ерөнхий газарт
холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Ц.Цогт
Танхимын тэргүүн, шүүгч Ч.Тунгалаг
Шүүгчид: Х.Батсүрэн
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Д.Мөнхтуяа
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нэхэмжлэлийн шаардлага: “Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт Ухаа хороолол 58 тоот хаягт байрлах, 5 давхарын 27 тоот 49.15 мкв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, өмчлөгчөөр бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгуулахыг даалгах”,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2020/0719 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 58 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г-Э нарыг оролцуулж,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.А нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2020/0719 дүгээр шийдвэрээр: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.3-д заасныг тус тус баримтлан Р.Я-ын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт Ухаа хороолол 58 тоот хаягт байрлах, 5 давхарын 27 тоот 49.15 мкв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, өмчлөгчөөр бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгуулахыг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулж шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 58 дугаар магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 719 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.
Хяналтын гомдлын үндэслэл:
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.А нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй болох нь: магадлалын 4 дүгээр хуудас 3 дугаар цогцолборт “... Р.Я-ыг бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар маргаж байгаа энэ тохиолдолд уг бүртгэлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй “Ш д” ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулалгүйгээр нэхэмжлэлийн шаардлага бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна” гэж буруу дүгнэлт хийсэн гэж үзэж байна.
4. Нэг. Буруу дүгнэсэн гэж үзэж байгаа үндэслэл, үйл баримтын талаар: нэхэмжлэгч нь 2019 онд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Ш д” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэг биелүүлэх, өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан бөгөөд “Ш д” ХХК тус нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч тус дүүргийн шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ/01595 дугаар шийдвэрээр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт Ухаа хороолол 58 тоот хаягт байрлах, 5 давхарын 27 тоот 49,15 мкв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр иргэн Р.Я-ыг тогтоосон болно. Ингээд тус орон сууцны өмчлөгч нь хэн болохыг шүүх нэгэнт тогтоосон байсан. Энэхүү баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа болно.
5. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэл бол өөрийн өмчлөлийн орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах бөгөөд барьцаалагчийн барьцааны эрхийг хөндөөгүй, барьцааны гэрээ хүчин төгөлдөр эсэх дээр маргаагүй болно. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 15 дугаар шийдвэр, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 01 дүгээр шийдвэрээр “өмчлөгч” өөрийн хөрөнгийг захиран зарцуулахдаа барьцаалагчаас зөвшөөрөл авах нь өмчлөгчийн эрхийг хязгаарласан байна гэж үзсэн, мөн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан “барьцаалуулагч үл хөдлөх хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрлийг авна” гэсэн хуулийн зохицуулалт дээрх Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн дагуу хүчин төгөлдөр бус болсон байдаг.
6. Гуравдагч этгээд болох Капитал банкны эрх хүлээн авагчийн давж заалдах гомдлын агуулга нь гэрчилгээг манайд шилжүүлж өгнө үү гэсэн утгатайгаар Р.Я-ын нэр дээр гэрчилгээ гаргасныг хүлээн зөвшөөрсөн байдаг.
7. Энэ тохиолдолд, “Ш д” ХХК-ийн эрх ашиг сонирхол чухам, хэрхэн яаж хөндөгдөөд байгааг давж заалдах шатны шүүх хангалттай дүгнэлт хийгээгүй, хэрэгт авагдсан нотлох баримттай бүрэн танилцаагүй байна. “Ш д” ХХК хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоод ямар асуудлыг хөндөх вэ, эрх ашиг одоо яаж хөндөгдөөд байгаа юм, анхан шатны шүүх хэргийг дахин шийдвэрлэснээр “Ш д” ХХК-иас юуг тодруулах, ямар баримт гаргуулах вэ, энэ компани нэгэнт Р.Я-ын хөрөнгө болохыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Анхан шатны шүүх хэргийг зөв шийдвэрлэсэн, түүнчлэн, барьцааны эрх хөндөгдөхгүй гэж нэхэмжлэгч нэхэмжлэлдээ болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой тайлбар гаргасан ч шүүх хуралдааныг хойшлуулж Капитал банкны эрх хүлээн авагчийг гуравдагч этгээдээр татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан.
8. Хоёр. Магадлалын 5 дугаар хуудсанд “Р.Я-ын нэр дээр бүртгэж, түүнд гэрчилгээ олгосноор дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хэн, хэзээ хэрхэн хангуулах нь ойлгомжгүй бөгөөд ийнхүү өмчлөгчийг өөрчилж бүртгэсний улмаас тухайн орон сууцны бүртгэлийн маргаан цаашид дахин үргэлжлэх эрсдэлтэй байна” гэж дүгнэсэн. Энэхүү дүгнэлтийг буруу хийсэн гэж үзэж байна. Үндэслэл нь нэхэмжлэгч гомдлын 1 дэх хэсэгт дурдсанчлан барьцааны бүртгэлийг хүчингүй болгуулахаар маргаагүй, тийм нэхэмжлэлийн шаардлага ч гаргаагүй, анхан шатны шүүх барьцааны бүртгэлийг хүчингүй болгох шийдвэр гаргаагүй, дээр дурдсан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт барьцааны зүйл нь барьцааны эрхээ дагана гэдгээр шийдвэрлэсэн байдаг. Гэтэл шүүх маргаагүй асуудлаар, энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралгүй зээлийг хэн төлөх асуудлыг шийдээгүй гэж анхан шатны шүүхийг буруутгасан нь үндэслэлгүй болно.
9. Дээрх хоёр үндэслэлээр давж заалдах шатны шүүх Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.3 дахь хэсгийг үндэслэн нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2020/0719 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх байсан.
10. Мөн нэхэмжлэгч өндөр настан Р.Я нь 2015 оноос 2021 оныг хүртэл Капитал банк, “Ш д” ХХК, Улсын бүртгэлийн газар (дүүрэг, нийслэл, ерөнхий газар), Монголбанкны эрх хүлээн авагч, Иргэний хэргийн шүүх, Захиргааны хэргийн шүүх, зэрэг байгууллагуудаар 5 жил мөнгийг хэдий нь төлчихсөн орон сууцныхаа гэрчилгээг гаргуулах гэж хөөцөлдөж байгааг харгалзан үзнэ үү.
11. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 58 дугаар магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2020/0719 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
12. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
13. Нэхэмжлэгч Р.Я-аас “Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт Ухаа хороолол 58 тоот хаягт байрлах, 5 давхарын 27 тоот 49.15 мкв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, өмчлөгчөөр бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 01595 дугаар шийдвэрээр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт Ухаа хороолол 58 тоот хаягт байрлах, 5 давхарын 27 тоот 49.15 мкв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр иргэн Р.Я-ыг тогтоосон ... байхад Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн алба Р.Я-ыг орон сууцны өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ гаргахаас татгалзсан нь хууль бус” гэж маргасан, хариуцагчаас “... нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгө нь “Ш д” ХХК, Капитал банктай 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан 17 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017, 2018, 2019 оны албан бичгүүдээр тус тус уг үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийгдсэн байх тул... уг 2 өрөө орон сууцыг Капитал банкны эрх хүлээн авагч, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба зэрэг газруудаас барьцаа хөрөнгө хэсэгчлэн чөлөөлөх тухай шийдвэр ирээгүй тохиолдолд иргэн Р.Я-ын өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргах боломжгүй” гэх тайлбар гаргажээ.
14. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт Ухаа хороолол /17122/, 58 тоот хаягт байрлах үйлчилгээ, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь анх 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 80 хувийн гүйцэтгэлтэйгээр “Ш д” ХХК-ний өмчлөлд, эрхийн улсын бүртгэлийн Ү-..... дугаарт бүртгэгдсэн, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч “Ш д” ХХК нь Капитал банктай 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 17 дугаартай зээлийн гэрээ байгуулж, дээрх үл хөдлөх хөрөнгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, улсын бүртгэлд барьцааны гэрээ бүртгэгдсэн, эдгээр үйл баримтуудтай хэргийн оролцогчид маргаагүй байна.
15. Дээрх байдлаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсаны дараа буюу 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “Ш д” ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан дээрх үл хөдлөх хөрөнгийн нэг хэсэг болох 5 дугаар давхарын 27 тоот 49.15 мкв 2 өрөө орон сууцыг иргэн Р.Я-д худалдсан, иргэн Р.Я-аасХан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт Ухаа хороолол, 58 тоот хаягт байрлах, 5 давхрын 27 тоот 49.15 мкв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг “Ш д” ХХК-нд холбогдуулан гаргасан, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Ш д” ХХК-иас “... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх” хүсэлт гаргасан, тус шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 01595 дугаар шийдвэрээр “/маргаан бүхий/ орон сууцны өмчлөгч нь Р.Я мөн болохыг тогтоож” шийдвэрлэжээ.
16. Түүнчлэн, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 4867 дугаар захирамжаар “… нэхэмжлэгч “Капиталбанк” ХХК-ийн нэхэмжилсэн 15,827,519,903.4 төгрөгийг хариуцагч “Ш д” ХХК нь төлөхийг хүлээн зөвшөөрч төлбөрийг ... хугацаандаа төлөөгүй, графикт хугацаа 1 сараар хэтэрсэн тохиолдолд барьцаа хөрөнгө болох ... Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт Ухаа хороолол, 58 тоот хаягт байрлалтай, 3875,05 м.кв талбайтай, ..... гэрчилгээний дугаартай, Ү-..... улсын бүртгэлийн дугаартай, 80 хувийн гүйцэтгэлтэй орон сууц, үйлчилгээний зориулалттай дуусаагүй барилга ... үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон”-оор зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 3427 дугаар захирамжаар дээрх 4867 дугаартай шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн, нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 3/22970, 2019 оны 4/14523, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2018 оны 3/3612, 2019 оны 3/13310 дугаар албан бичгээр тус тус мөн дээрх үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн тухай тусгай тэмдэглэл хийгдсэн талаарх баримтууд хэрэгт авагджээ.
17. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ талуудын маргааны гол үндэслэл болсон үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийгдсэн тохиолдолд эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах, өмчлөх эрхийн шилжилтийг бүртгэхтэй холбоотой Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтуудыг маргааны үйл баримтад холбогдуулж хэрэглээгүй, ямар нэг дүгнэлт хийгээгүй нь буруу байна.
18. Түүнчлэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “... Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан “барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрлийг авна” гэсэн хуулийн зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 1 дүгээр тогтоолоор хүчингүй болгож ... барьцааны зүйл нь барьцааны эрхээ дагана гэдгээр шийдвэрлэсэн, ... барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр өмчлөгч хөрөнгөө шилжүүлэх, эд хөрөнгийн өмчлөх эрхэд өөрчлөлт оруулах боломжтой болсон, ... барьцаалагчийн барьцааны эрхийг хөндөөгүй, барьцааны гэрээ хүчин төгөлдөр эсэх дээр маргаагүй, ... барьцааны бүртгэлийг хүчингүй болгуулахаар маргаагүй” гэх зэргээр тайлбар гаргасан, үүнтэй холбоотойгоор Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “барьцааны зүйлийг энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан журмын дагуу өмчлөлдөө шилжүүлэн авсан этгээд өмнөх барьцаалуулагчийн эрх, үүргийг хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу хэргийн оролцогч нарт үүсэх эрх зүйн үр дагавартай холбогдуулж тайлбар авах, нотлох баримт цуглуулах ажиллагааг хийгээгүйгээс гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаанд бариулсан үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийг өөрчлөн тогтоолгохтой холбоотой энэ маргааныг шүүх эцэслэн шийдвэрлэх боломжгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, зөв байна.
19. Харин, “Ш д” ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд бусад этгээдэд барьцаалсан маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр иргэн Р.Я мөн болохыг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр тайлбар гаргасан нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 01595 дугаар шийдвэрээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч Р.Я-ын “Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт Ухаа хороолол 58 тоот хаягт байрлах, 5 давхарын 27 тоот 49.15 мкв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, өмчлөгчөөр бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон улсын бүртгэлийн улмаас “Ш д” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд гэж үзэхгүй, давж заалдах шатны шүүхийн “... уг бүртгэлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй “Ш д” ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу” гэх агуулгатай дүгнэлт үндэслэлгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А нарын гаргасан гомдол үндэслэлтэй болохыг дурдах нь зүйтэй.
20. Дээрх үндэслэлээр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А нараас магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээлгэхээр гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 58 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Я-аас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн 100200700941 тоот данснаас буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН, ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Х.БАТСҮРЭН
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Д.МӨНХТУЯА