Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 203/МА2023/00023

 

 

Д.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 143/ШШ2023/0... дугаар шийдвэртэй,

 Д.*******гийн нэхэмжлэлтэй,

“************** *******” ХХК-д хариуцагдах,

“************** *******” ХХК-тай байгуулсан автомашин түрээслэх гэрээг цуцалж, ......улсын дугаартай “Jin hong li” ......... ХХҮ маркийн чиргүүл болон ....... ӨМҮ улсын дугаартай “Northbenz ND” ....... маркийн зүтгүүрийг Д.*******гийн нэр дээр бүртгүүлэх үүргийг биелүүлэхийг хариуцагчид даалгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 4033610 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Ж.*******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гарьдхүү, хариуцагчийн төлөөлөгч Ж.*******, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2020 онд ......... АЧ улсын дугаартай Jin hong П9400ХХҮ маркийн чиргүүл болон ...... ӨМҮ улсын дугаартай Northbenz .......маркийн зүтгүүрийг Өмнөговь аймгийн Даланзадгад суманд байх ......... зээлийн төв Банк бус санхүүгийн байгууллагаас 25000000 төгрөгөөр худалдан авсан.

Улмаар тухайн автомашиныг богинын нүүрс тээврийн ажилд явуулахаар 2020 оны 12 дугаар сард рейс тутмын ашгаас тонн тутамд 5 юанийг “************** *******” ХХК-д төлөх нөхцөлөөр түрээслэх талаар харилцан тохиролцож амаар гэрээ байгуулан тус компанийн нэр дээр шилжүүлсэн. Учир нь шланз автомашинаар нүүрс тээврийн ажил гүйцэтгэхийн тулд хувь хүний бус компанийн нэр дээр бүртгэлтэй байх шаардлагатай байдаг юм.

Гэвч тухайн компани нь богинын нүүрс тээвэрлэх тусгай зөвшөөрөлгүй /биржийн бичиггүй/, мөн ковид цар тахлын улмаас шалтгаалан тухайн автомашин ямар нэгэн нүүрс тээвэрлэх ажил хийгээгүй бөгөөд гэрээний хугацаанд ямар нэгэн ажил гүйцэтгээгүй.

Тухайн автомашиныг худалдан авсан зардлаа нөхөж чадахгүй зээлийн төлбөрт ороод байсан тул “******* *******” ХХК-д түрээслэхээр харилцан тохиролцож тухайн компанийн нэр дээр шилжүүлэх шаардлагатай байгаа тул өмчлөх эрхээ буцаан шилжүүлж авъя гэж “************** *******" ХХК-ийн захирал Ж.*******д хандахад “Яах гэж байгаа чинь надад хамаагүй. Би 3 сая төгрөг авч байж шилжүүлнэ. Би компани ашигласан гээд нэхэж байгаа мөнгө болохоор өгөөд авбал ав, чадахгүй гэвэл боломжтой үедээ ав. Дараа гэж байхгүй 5599012428 дансанд шилжүүл. Татвараа төлөөрэй.” гэж үндэслэлгүй мөнгө нэхэж миний автомашиныг буцаан шилжүүлэхээс татгалзсан.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ" гэж, мөн зүйлийн 318.4-т “Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна." гэж зааснаас үзэхэд бидний байгуулсан автомашин түрээслэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүчин төгөлдөр бус гэж тооцсон хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байх эрх зүйн үр дагавартай.

Иймд Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар автомашин түрээслэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, миний автомашин өмчлөх эрхийг зөрчөөд байгаа “************** *******” ХХК-ийн үйлдлийг таслан зогсоож ........ АЧ улсын дугаартай Jin hong IL9400XXY маркийн чиргүүл болон ........ ӨМҮ улсын дугаартай Northbenz N...... маркийн зүтгүүрийг өөрийн нэр дээр бүртгүүлэх үүргийг биелүүлэхийг “************** *******” ХХК-д даалгаж өмчлөх эрхийг минь сэргээж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гарьдхүү шүүүхэд гаргасан тайлбартаа: Компанийн нэр дээр бүтгэсний хариуд 3000000 төгрөг шилжүүлнэ гэж Д.******* нь Ж.*******тай харилцан тохиролцоогүй тул хүлээн зөвшөөрөхгүй. Татварын асуудлыг Ж.*******д бус татварын албанд төлөх ёстой учир татварын өр 1728750 төгрөгийг гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй.

2020 онд "************** *******" компанийн захирал Ж.******* гэх хүнтэй Д.******* харилцан тохиролцож, ....... ӨМҮ улсын дугаартай Northbenz N........ маркийн зүтгүүр, ........АЧ улсын дугаартай Jin Hong U9400XXY маркийн чиргүүлийг "************** *******" компанийн нэр дээр шилжүүлсэн.

Шилжүүлэхдээ танай компанийн нэр дээр нүүрс тээвэрлэх үйл ажиллагаанд явуулаад тонн тутмын ашгаас "************** *******" компанид өгч байхаар тохиролцсон. Энэ нь Иргэний хуульд заасан түрээсийн гэрээний шинжтэй гэрээг байгуулсан. Түрээсийн гэрээг заавал бичгээр байгуулах шаардлагагүй учир түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэж байна.

Ийнхүү тохиролцоо үүссэн боловч ковид, цар тахал буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас "************** *******" компани зөвшөөрлөө авч чадаагүй гэх шалтгаанаар нүүрс тээврийн үйл ажиллагаа явагдаагүй.

Маргаан бүхий тээврийн хэрэгслийг бодитоор "************** *******" компанийн эзэмшил, ашиглалтад шилжүүлээгүй. Энэ тээврийн хэрэгслүүд одоо ч Д.*******гийн өөрийнх нь эзэмшил, ашиглалтад байгаа.

Юун дээр маргаад байна вэ гэхээр шилжүүлсэн үйлдлээ буцаагаад Д.*******гийн нэр шилжүүлээд өгчих. Тохиролцоо, гэрээ биелэгдээгүй учраас гэрээгээ цуцалъя. Гэрээгээ цуцлаад өгсөн авснаа буцаая гэсэн.

Хариуцагч талд тээврийн хэрэгслийг ямар нэгэн байдлаар худалдаж, бэлэглээгүй. Өмчлөлд нь албан ёсоор шилжүүлээгүй. Д.*******д С зөвшөөрөл байхгүй, хувь хүн явуулах боломжгүй байсан учраас "************** *******" компани руу шилжүүлж, 5 юанийг тонн тутмын ашгаас өгье гэсэн тохиролцоо хийсэн.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлээ болгоно. Үүнд өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж заасан.

 Д.*******гийн өмчлөх эрх зөрчигдөж байгаа нөхцөл байдал үүсч байна. Шүүхээс энэхүү нөхцөл байдлыг харж үзэж өмчлөх эрхийг нь сэргээж өгнө үү.

Компанийг чинь ашигласныхаа төлөө 3000000 төгрөг өгнө гэж тохиролцсон зүйл байхгүй. Компанийг нь бид нар ашиглаагүй. Нэр төрийг нь унагаасан гэх зүйл байхгүй.

Татварын өр машиныг шилжүүлснээс хойш үүссэн. Татварын хууль тогтоомжийн дагуу нэр дээрээ шилжүүлчихсэн байгаа этгээд татварыг төлөх үүрэгтэй. Гэвч бид нар татварыг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төлсөн. Тээврийн хэрэгслийг буцаагаад Д.******* руу шилжүүлэхэд татвар нь төлөгдчихсөн байх шаардлагатай.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ж.*******гийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: 2020 оны 12 дугаар сард Д.******* тээврийн хэрэгслээ манай компанид түр шилжүүлээд удахгүй өөр компанид шилжүүлж авна гэж ярьсан.

 Тухайн үед ковидын үе байсан учраас биржтэй байсан ч тээврийн үйл ажиллагаа явах боломжгүй бүх зүйл зогсчихсон байсан.

Бид хоёрын хооронд 5 юань өгнө гэсэн тийм гэрээ байгуулагдаагүй. Тээврийн хэрэгсэл бүртгэсэнтэй холбоотой гарах зардлуудыг төлнө гэж хэлсэн. Компанитай холбоотой зардал гарвал чамаар төлүүлж авна гэдгээ хэлсэн. 2021 оны 01 дүгээр сард тээврийн хэрэгслийн татварын өр үүссэн.

2022 оны 03 дугаар сард татварын өрөө төлөхгүй бол алданги тооцно гэсэн мэдэгдэх хуудас ирсэн.

Би энэ компанийг үйл ажиллагаагаа явуулахгүй, ашиг олохгүй хэний ч хамаагүй тээврийн хэрэгслийг бүртгэх гэж байгуулаагүй. Гэтэл өөр хүнээр өөрийн боломжоо хаалгуулж, 2, 3 жилийн турш үйл ажиллагаагаа явуулж чадаагүй. Тиймээс тохирсон ёсоороо Д.*******гаас 3000000 төгрөгөө гаргуулж авмаар байна

Танай компанийн нэрийг ашиглаж бүртгүүлснийхээ төлөө надад 3000000 төгрөг шилжүүлнэ гэж хэлсэн. Би татварын өртэй, татвараа төлөөгүй машиныг өөрийн компани дээр бүртгэснээс хойш манай компани тендер сонгон шалгаруулалтад оролцох бүх боломжоо хаалгасан. Тиймээс би *******д удаа дараа хандаж машиныхаа татварыг төл эсхүл надаас шилжүүлж ав гэж хэлэхэд аваагүй. Манай компанийг хохироосоор байсан.

Би нэхэмжлэгчийн машиныг шилжүүлж өгч болно. Шилжүүлэхэд надад татгалзах зүйл байхгүй. Тиймээс манай компанийн нэр дээр үүссэн байгаа татварын өр 1728750 төгрөгийг төлүүлж компанийг хохиролгүй болгуулж, мөн анх тохирсон 3 саяас 2304000 төгрөг нийт 4033610 төгрөгийг нэхэмжлэгч *******гаас нэхэмжилж сөрөг нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.4, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дахь хэсэгт зааснаар ........АЧ улсын дугаартай Jin Hong U.9400XXY маркийн чиргүүл болон ........ ӨМҮ улсын дугаартай Northbenz ND........ маркийн зүтгүүрийг нэхэмжлэгч Д.*******гийн нэр бүртгүүлэх үүргийг биелүүлэхийг хариуцагч “************** *******” ХХК-д даалгаж, үндсэн нэхэмжлэлээс автомашин түрээслэх гэрээг цуцлах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Д.*******д холбогдох нийт 4033610 төгрөг гаргуулах тухай хариуцагч “************** *******” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Д.*******гийн төлсөн 353150 төгрөг, хариуцагч “************** *******” ХХК-ийн төлсөн 79488 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 282950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч Д.*******д буцаан олгож, хариуцагч “************** *******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ж.******* давж заалдах гомдолдоо: 2023 оны 03 сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хангаж хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг нотлох баримтгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 143/ШШ2023/00..... дугаартай шийдвэрийг хэргийн бодит байдалд нийцэхгүй, хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн хүчингүй болгуулахаар давж заалдах гомдлыг гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гарьдхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Ж.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх миний гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч үзээгүй гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргасан гэв.

ХЯНАВАЛ:

         Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу Д.*******гийн нэхэмжлэлтэй, “************** *******” ХХК-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Ж.*******гийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

Нэхэмжлэгч Д.*******гаас хариуцагч “************** *******” ХХК-д холбогдуулан “************** *******” ХХК-тай байгуулсан автомашин түрээслэх гэрээг цуцалж, ........ улсын дугаартай “Jin hong li” ........ ХХҮ маркийн чиргүүл болон........ ӨМҮ улсын дугаартай “Northbenz ND” ....... маркийн зүтгүүрийг Д.*******гийн нэр дээр бүртгүүлэх үүргийг биелүүлэхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч “************** *******” ХХК эс зөвшөөрч 4033610 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.4, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагчийн төлөөлөгч Ж.******* эс зөвшөөрч “шийдвэрийг хүчингүй болгох тухай” давж заалдах гомдол гаргажээ.

Гомдлыг үндэслэн хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүх Иргэний хуулийг зөв хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүхийн “...талууд бичгээр гэрээ, хэлцэл байгуулаагүй байх ба тэдний тайлбараар 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч “************** *******” ХХК-ийн нэр дээр ............АЧ улсын дугаартай Jin hong li.........XXY маркийн чиргүүл, .......... ӨМҮ улсын дугаартай Northbenz ........... маркийн зүтгүүр зэрэг тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлсэн байх ба хариуцагчийн төлөөлөгч Ж.******* нь дээрх тээврийн хэрэгслийн нэрийг Д.*******д буцаан шилжүүлэхийг хүлээн зөвшөөрч байх тул энэхүү шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.”, “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүсэхийн тулд түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үндсэн үүрэгтэй байна.”,  “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар талууд хүсэл зоригоо хангалттай илэрхийлж, хуульд заасан шаардлагыг хангаж түрээсийн гэрээг бичгээр байгуулаагүй байх тул хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан эсэхээс үл хамааран тухайн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар хүчин төгөлдөр бус байх гэрээ юм. Иймээс нэхэмжлэгчийн түрээсийн гэрээг цуцлах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.”,  “Түрээсийн гэрээ хүчин төгөлдөр байх хуулийн шаардлагыг хангаагүй тул уг хэлцлийн үндсэн дээр түрээсийн төлбөр болон бусад төлбөр төлөх үүрэг үүсэхгүй юм.” Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2 дахь хэсгүүдэд зааснаар хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохироогүй, талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсгээ зураагүй нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул мөн зүйлийн 43.4-т зааснаар хэлцлийн агуулгыг тодорхойлох боломжгүй бол уг хэлцлийг хийгдээгүйд тооцож, хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас шаардах эрх үүсэхгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.” гэсэн дүгнэлтүүд нь үндэслэлтэй.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана.” гэсэн хуулийн шаардлагад нийцсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан “шийдвэрийг хүчингүй болгох тухай” давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 143/ШШ2023/00....... дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Ж.*******гийн гаргасан “шийдвэрийг хүчингүй болгох тухай” давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч Ж.*******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Х.ГЭРЭЛМАА

                              ШҮҮГЧИД                                      Л.НЯМДОРЖ

                                                                                     Г.ТЭГШСУУРЬ