Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 660

 

Ш.Ч од холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч Ш.Ч, хохирогч Б.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 356 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 778 дугаар магадлалтай, Ш.Ч-д холбогдох 2009005000274 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, А овогт Ш.Ч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 356 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч А овогт Ш.Ч-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ч-г 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Ш.Ч-д оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ш.Ч-с 138.000 /нэг зуун гучин найман мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Б.Б-д олгож, нэхэмжпэлээс үлдэх 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгийн нэхэмжпэлийг хэлэлцэхгүй орхиж,

Хохирогч Б.Б нь эрүүл мэндэд учирсан гэм хорын болон бусад хохирол, зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгчээс жичдээ нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ш.Ч-д мэдэгдсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.Ч ын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ш.Ч гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Ш.Ч  миний бие 2020 оны 01 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө ажлаа хийж явж байхад согтуу залуу ирээд намайг “мөнгө задалж өг” гэхээр нь надад мөнгө байхгүй гэхэд “дээшээ яваад задлаад ир” гэхээр нь намайг чадахгүй гэж хэлэхэд “ямар том гар вэ” гээд хэсэг маргалдаж байгаад дуусаад намайг гарах гэхэд миний мөрөн дээр гар тавиад хамт гарсан. Гэтэл гадаа гараад “чи яасан том гар вэ чи” гээд байхаар нь “зүгээр бай” гээд цаашаа түлхсэн. Миний түлхсэнээс болж шинжээчийн дүгнэлтэд заасан шиг тийм их гэмтэл гарахгүй. Би нүдэн тушаа нь цохиогүй. Хэрэв гэмтэл гарсан гэвэл бөгс нь хөхрөх байсан байх. Надтай хамт ажиллаж байсан гэрчээс асуугдсан Даваа-Очир, Болдбаатар нар мэдүүлсээр байхад намайг зодсон мэт хохирогч ярьж шүүх намайг яллаж байгаа нь хууль бус юм. Би тухайн өдөр архи дарс уугаагүй, инженертэйгээ дуудлагаар ажлаа хийж байсан. Инженерийнхээ хажууд бид зодоон хийх нь битгий хэл хэрүүл ч хийдэггүй. Б.Б намайг мөрөн дээр гараа тавиад гарсны дараа би түлхэж унагачихаад куртикээ тайлаад ажлаа хийж байгаад 40 мин дараа гараа угаах гэж усны өрөө ороход хохирогч гээд байгаа залуу найзтайгаа чи яагаад манай найзыг зодсон юм бэ гээд Б.Б  нь цус нөж болчихсон хамт орж ирсэн. Би юу яриад байгаа юм бэ би түлхсэн гэдгээ хэлсэн.

Намайг өмнө нь 2016 онд Эрүүгийн хуулийн 11.6-т заасан гэмт хэрэгт 450.000 төгрөгөөр торгуулж байсан болохоор намайг зодоон цохион хийдэг хүн байна гэж хэт нэг талыг барьж хохирогчийн үгэнд итгэж ингэж яллаж байгаад туйлын гомдолтой байна. Тухайн үед Б.Б нь маш согтуу байсан бөгөөд дахин өөр хүн дээр очиж хэрүүл маргаан хийсэн гэж бодож байна. Тухайн өдөр намайг өөрийг нь зодсон гээд худал мэдүүлээд бид цагдаа явах хугацаанд шал согтуу цагдаа нартай нь хэрэлдээд очоод ч хэрэлдээд л биеэ авч явах чадваргүй байсан. Учир нь Наран плазагийн үүдэнд би бохир задлах бодис дуусаад ирэх зуур хүлээгээд утсаа үзэж суухад намайг жижүүр гэж бодоод явж мөнгө задлуулж ир гэсэн гэж би бодож байгаа Хэрэгт биднээс гадна жижүүр юу болсон талаар мэдэх ёстой атал нэг ч гэрчийн мэдүүлэг аваагүй.

Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож намайг цагаатгаж өгнө үү” гэжээ.

Хохирогч Б.Б хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...тухайн үед би бага зэрэг согтуу байсан, гэхдээ Ш.Ч өөрөө намайг дагуулж гараад та юу гээд байгаа юм бэ гээд зодож, нүүрэн дээрээ 6 ширхэг оёдол тавиулсан, намайг зодчоод зодоогүй гээд байгаад нь гайхаж байна” гэжээ.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг хангалттай тогтоогдсон, хохирогчийн өгсөн мэдүүлгүүд нь ямар нэгэн зөрүү байхгүй, шинжээчийн дүгнэлтээр учирсан гэмтлүүд нь шүүгдэгчийн үйлдэлийн улмаас учирсан гэдэг нь бол тогтоогдсон. Шүүх үйл баримтыг зөв тогтоосон, шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ш.Ч-н гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад заасан “... хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх, түүнчлэн шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Ш.Ч нь 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наран плаза” төвд иргэн Б.Б-тай “мөнгө задал гэж хэллээ” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ш.Ч-н гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсгэх, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт, нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтад үндэслэн шүүгдэгч Ш.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ш.Ч нь хяналтын шатны шүүхэд “... миний түлхсэнээс болж шинжээчийн дүгнэлтэд заасан шиг тийм их гэмтэл гарахгүй. Би нүдэн тушаа нь цохиогүй. ... Тухайн үед Б Баярсайхан нь маш согтуу байсан бөгөөд дахин өөр хүн дээр очиж хэрүүл маргаан хийсэн гэж бодож байна” гэх агуулга бүхий гомдол гаргажээ.

Ш.Ч-н гомдлыг хянаж үзэхэд шүүгдэгч нь хохирогч Б.Б-ы биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн талаар гэрч Б.Даваа-Очир, Ч.Болдбаатар, Э.Нямцэрэн нарын өгсөн мэдүүлгүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар няцаагдан үгүйсгэгдэж байна.

Түүнчлэн хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, анхан шатны шүүхийн тогтоосон хэргийн үйл баримтыг өөрчлөн дүгнэх эрхгүй тул шүүгдэгч Ш.Ч од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах талаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 356 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 778 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.Ч-н гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                                     ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                       ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                          С.БАТДЭЛГЭР

                                                                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                                         Ч.ХОСБАЯР