Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2018/0268/З |
Дугаар | 221/МА2019/0197 |
Огноо | 2019-04-04 |
Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2019/0197
“Т” ХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, Ж.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ц, Б.Д, Ш.Г, гуравдагч этгээд Э.Б, С.Ц, гуравдагч этгээд Э.Б-ийн өмгөөлөгч Ө.Э-О нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/0057 дугаар шийдвэртэй, “Т” ХК-ийн нэхэмжлэлтэй, Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-Ө, А.Э, Ж.А нарын давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0057 дугаар шийдвэрээр: Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.2, Компанийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.3, 70 дугаар зүйлийн 70.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.18, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т” ХК-ийн Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 9/3513 тоот “Т” ХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн ээлжит хурлыг хүчингүй болгосон шийдвэр нь илт хууль бус болохыг тогтоолгож, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 9/3514 албан тоот буюу “Т” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хойшлогдсон хурлыг хүчин төгөлдөрт тооцсон албан бичгийг хүчингүй болгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-Ө, А.Э, Ж.Анар давж заалдах гомдолдоо:
Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Шүүх Санхүүгийн зохицуулах хороо нь “Ээлжит болон ээлжит бус хурлыг хүчинтэй, хүчингүйд тооцох” эрх хэмжээ олгогдсон эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй.
Өөрөөр хэлбэл захиргааны байгууллага болох хороо нь өөрийн бүрэн эрхэд хамааралгүй асуудлаар шийдвэр гаргаж, иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэгдэх маргааныг хянан шийдвэрлэж, өөрт олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзэж байна.
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Ээлжит болон ээлжит бус хурлыг хүчинтэй, хүчингүйд тооцох” эрх хэмжээ хороонд олгогдсон эсэх хуулийн заалтыг хайгаад олоогүй бөгөөд өөрт олгогдоогүй эрх хэмжээ эдэлсэн байгаа нь Төрийн байгууллагын үндсэн чиг үүрэг болох “Хууль дээдлэх” зарчмыг зөрчсөн гэж “Т” ХК-ийн төлөөлөгч нар үзэж байгаа болно.
Өнөөдрийн байдлаар Санхүүгийн зохицуулах хорооноос Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-д заагдсан эрхийн хүрээнд батлан гаргасан хэм хэмжээний акт болох 2016 оны 07 сарын 27-ны өдрийн 244 тоот тогтоол түүний хавсралтаар батлагдсан “ Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх, хяналт тавих журам” -аас өөр хувьцаат компанийн үйл ажиллагаанд дагаж мөрдүүлэх ямар нэгэн журам байхгүй байгаа бөгөөд уг журмаа ХЗДХЯ-нд бүртгүүлээгүй байж хуулийн шаардлага хангаагүй журмаар “Т” ХК-ийн 2017 оны 04 сарын 14-ний өдрийн ээлжит хурлыг хүчингүйд тооцох эрхгүй гэж үзэж байна.
Гэтэл шүүх Санхүүгийн зохицуулах хорооны хуулиар олгогдсон хүрээнд батлан гаргасан 2016 оны 07 сарын 27-ны өдрийн 224 тоот тогтоолын тогтоох хэсгийн 2-р заалтанд байгаа “ ... Хорооны 2012.02.15-ны өдрийн 34 тоот тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх, хяналт тавих журам”-ыг хүчингүйд тооцсугай” гэсэн 34 тоот хүчингүй болсон журмыг буцаан хэрэглэж, хорооны хууль зөрчсөн, эрх хэмжээ хэтрүүлсэн үйлдлийг зөвтгөж шийдвэрлэснийг огт зөвшөөрөхгүй.
Хуулиас давсан журам гэж байхгүй бөгөөд 2012 оны 02 сарын 15-ны өдрийн 34 тоот тогтоолоор батлагдсан журмын 3.12 дахь заалтыг холбогдох хууль тогтоомж зөрчиж байна хэмээн Санхүүгийн зохицуулах хороо өөрсдөө хүчингүй болгосон байтал шүүх уг заалтыг илтэд нэгдмэл сонирхолтой этгээд болох Э.Б, С.Ц нарын /эхнэр ,нөхөр/ талд ашигтайгаар тайлбарлаж, хэрэглэсэнд гомдолтой байна. /СЗХЭБТХ-ийн 4.1,5.1/
Иймд дээрхи үндэслэлээр 2017 оны 12 сарын 01-ний өдрийн 9/3513 тоот албан бичгийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байсан гэж гомдол гаргаж байна.
Санхүүгийн зохицуулах хороо нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийг ягштал баримтлах үүрэгтэй бөгөөд “Т” ХК-д хүргүүлсэн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 9/3513, 9/3514 тоот албан бичгүүд нь тус хуулийн 4.2.1, 4.2.6-д заагдсан заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Санхүүгийн зохицуулах хороо нь “Т” ХК-ийн 27.29%-ийн хувьцаа эзэмшигч, нэгдмэл сонирхолтой этгээд болох Э.Б, С.Ц нарын 2017 оны 03 сарын 13-ны өдрийн гомдлыг хүлээн авч хянасан гэвэл Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдол шийдвэрлэх тухай хуульд заагдснаар 30 хоногт багтаан хуульд нийцүүлэн шийдвэрлэх үүрэгтэй байх бөгөөд гомдлыг хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хянаад 2017 оны 04 сарын 12-ны дотор Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д заагдсан шийдвэр гаргах үүрэгтэй байжээ.
Гэтэл энэ хугацаанаас хойш 7 сарын дараа Санхүүгийн зохицуулах хороо нь 2017.12.01-ний өдрийн 9/3513, 9/3514 тоот албан бичгүүдийг үйлдэхдээ Захиргааны ерөнхий хуульд заагдсан сонсох ажиллагааг хийгээгүй, талуудын тэгш байдлыг хангаагүй байхад анхан шатны шүүх нэгдмэл сонирхолтой этгээд болох Э.Б, С.Ц эрх ашигт нийцүүлж хариуцагчийн хууль зөрчсөн үйлдлүүдийг зөвтгөн тайлбарлаж байгааг зөвшөөрөхгүй болно.
“Т” ХК-ийн 2017 оны 04 сарын 14-ний өдөр хуралдсан ээлжит хурал нь ямар нэгэн хууль тогтоомж зөрчөөгүй бөгөөд Санхүүгийн зохицуулах хороо өөрт олгогдоогүй эрхийг эдэлж “Т” ХК-ийн үйл ажиллагааг хориглох, зогсоох эрх хэмжээ олгогдоогүй байгааг дахин тэмдэглэх нь зүйтэй гэж үзэж байна.
Санхүүгийн зохицуулах хороо “Т” ХК-ийн 2017.04.14-ний өдөр хуралдсан ээлжит хурлыг хүчингүйд тооцсон шийдвэр гаргаагүй байхад “Т” ХК-ийн 27.29%-ийн хувьцаа эзэмшигч, нэгдмэл сонирхолтой этгээд болох Э.Б, С.Ц нар ээлжит бус хурал зарлах эрхтэй эсэхэд шүүх дүгнэлт хийгээгүй.
Э.Б, С.Ц нар нь “Т” ХК-ийн 2017 оны 04 сарын 14-ний өдөр хуралдсан ээлжит хурал хүчин төгөлдөр бус хэмээн иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуульд нийцэж явагдсан эсэх, уг хурлын ирц хүчинтэй эсэх, ээлжит болон ээлжит бус хурлыг хүчинтэйд тооцох эсэх асуудал нь иргэний шүүхийн харьяаллын маргаан бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны эрх хэмжээний асуудал мөн эсэхэд шүүх дүгнэлт хийж чадаагүй.
“Т” ХК-ийн 2013 онд баталсан компанийн дүрмийг 2017.06.07-ны өдөр Улсын бүртгэлд бүртгэсэн байх бөгөөд өнөөдөр энэ дүрмийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр байхгүй, улсын бүртгэл үнэн зөв гэсэн зарчим үйлчилнэ.
Энэ компанийн дүрмийн хүчин чадлыг Санхүүгийн зохицуулах хороо үгүйсгэх эрхгүй бөгөөд дүрмийн 6.7-д “ .. саналын эрхийн 40 буюу түүнээс дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хуралд оролцсноор энэ дүрмийн 6.6 дахь хэсэгт заасны дагуу хойшлогдсон хувьцаа эзэмшигчдийн хурал хүчин төгөлдөр болно” гэсэн байхад Санхүүгийн зохицуулах хороо нь 2017.10.20-ны өдрийн нэгдмэл сонирхолтой этгээд болох Э.Б, С.Ц нарын зохион байгуулсан 30%-ийн ирцтэй ээлжит бус хойшлогдсон хурлыг хүчинтэйд тооцсоныг хуульд нийцсэн гэж шүүх зөвтгөж байгааг огт зөвшөөрөхгүй.
Э.Б, С.Ц нарын ээлжит бус хойшлогдсон хурлыг хийхдээ холбогдох хууль тогтоомж ноцтой зөрчиж нас барсан хүмүүсийг хуралд оролцсон мэтээр хуурамч баримт үйлдэн хуралдсан байхад Санхүүгийн зохицуулах хороо нь эрх хэмжээнийхээ хүрээнд хянан шалгалгүй зөвхөн нэгдмэл сонирхолтой этгээдүүд болох Э.Б, С.Ц нарт илтэд үйлчилж “Т” ХК-ийн бусад хувьцаа эзэмшигч нарын эрхэнд хуульд заагдаагүй үндэслэлээр халдаж, хуулиар олгогдоогүй эрх эдэлж захиргааны актын шинжтэй 9/3514 тоот албан бичгийг гаргаж нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн.
Мөн шүүх дүгнэхдээ “Т” ХК-ийн ТУЗ, Гүйцэтгэх захирал нь хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа эрх ашиг сонирхол нь хөндөгдөөгүй гэж дүгнэсэн боловч гуравдагч этгээд Э.Б нь удаа дараагийн шүүх хуралд “Т” ХК-ийн захирал Э.Б гэж өөрийгөө танилцуулдаг байдал, “Т” ХК-ийн гүйцэтгэх захирлын өрөөг Э.Б, Э.Цолмон нар хүчээр эвдлэн орж доторх эд хөрөнгийн битүүмжилж өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа тухай хэрэгт авагдсан нотлох баримт болон Санхүүгийн зохицуулах хорооны төлөөлөгч нарын ... “Т” ХК-ийг төлөөлөх эрхтэй этгээд нь Э.Б гэсэн тайлбар зэргийг дүгнэсэнгүй хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн гэж үзсэн.
9/3514 акт нь гарахдаа сонсох ажиллагаа хийгдээгүй гарсан акт ба шүүх энэ талаар дүгнэлт өгсөнгүй, хэрэв энэхүү актыг гаргахдаа Захиргааны хуулинд заагдсан сонсох ажиллагааг хийсэн бол өнөөдөр энэхүү акттай холбоотой маргаан гарахгүй байх байсан ба тус актын хувийг: “Т” ХК-нд гэж хүргүүлснээс үүдэн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлага үүссэн болно.
Иймд дээрхи үндэслэлээр 2017 оны 12 сарын 01-ний өдрийн 9/3514тоот албан бичгийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байсан гэж гомдол гаргаж байна.
Санхүүгийн зохицуулах хороо 2017 оны 12 сарын 01-ны өдрийн 9/3513, 9/3514 тоот албан бичгийг үйлдсэн этгээд нь тус хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.А байх бөгөөд тэрээр нэгдмэл сонирхолтой этгээдүүд болох Э.Б, С.Ц нартай хамаарал бүхий этгээд гэж үзэхээр байна.
Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар шүүх нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй бөгөөд тус хуулийн 32.3-д заагдсанаар Санхүүгийн зохицуулах хороо нь 2017 оны 12 сарын байдлаар тус хорооны даргыг /Даваасүрэн/ түр орлон гүйцэтгэгчээр хяналт шалгалтын газрын дарга Б.Ариунаа /хавсран/ нь үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон тушаал хэрэгт хавсаргагдаагүй, хариуцагч энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй байна.
Нэхэмжлэгч Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Д-д 2017 оны 12 сарын 14-ний өдөр гомдол гаргасаар байхад ямар нэгэн удирдамж, чиглэлгүйгээр маргаан бүхий актыг гаргасан Б.А нь хувийн ашиг сонирхлоор дахин шийдвэрлэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.
Энэ нь захиргааны байгууллага болох Санхүүгийн зохицуулах хороо нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “... үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалах.. “, 5.1-д “ ..нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах “ гэсэн зарчмаасаа ухарч өөрт хамаарал бүхий этгээд болох Э.Б, С.Ц нарт үйлчилж байгаа нь талуудад тэгш байх зарчмыг зөрчсөн гэж үзэхээр байна.
Санхүүгийн зохицуулах хороонд хуулиар олгогдсон эрхийг судлан үзэхэд хувьцаат компаниуд хууль болон журмыг зөрчвөл зөвхөн захиргааны хариуцлага оногдуулах улсын байцаагчийн эрх олгогдсон байх бөгөөд иргэний шүүхийн харьяаллын маргаанд хамаарах асуудлаар актын шинжтэй захирамжилсан шийдвар гаргах эрх олгогдоогүй байгааг шүүх гомдлыг хянан үзэхдээ анхаарна гэдэгт итгэж байна.
Иймд дээрхи үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0057 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхилоо.
Нэхэмжлэгч “Т” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ц нь “Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 9/3513 дугаар “Т” ХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн ээлжит хурлыг хүчингүй болгосон шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгож, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 9/3514 албан бичиг буюу “Т” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хойшлогдсон хурлыг хүчин төгөлдөрт тооцсон албан бичгийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
“Т” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаар тогтоолоор Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хуралдахаар товлож, компанийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх дүгнэлтийг хэлэлцэх, Ногдол ашгийн тухай, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох тухай асуудлыг хэлэлцэхээр тогтжээ.
Компанийн хувьцааны 18.49 хувийг эзэмшдэг Э.Б, 8.8 хувийг эзэмшдэг С.Ц нар 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороонд хандаж, дээрх 04 дүгээр сарын 14-ний өдөр хуралдах хурлаар хэлэлцэх асуудалд санал гаргасан боловч түүнийг биелүүлээгүй, хувьцаа эзэмшигчийн эрхийг зөрчсөн гэсэн гомдлыг Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т “Хувьцаат компанийн хуралд оролцоогүй, ... хувьцаа эзэмшигч энэ хуулийн 70.1-д заасан үндэслэлээр Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргах эрхтэй”, 70.1.1. энэ хууль, ... тогтоосон журам, компанийн дүрэмд заасны дагуу зарлаагүй” гэж заасны дагуу гаргасан байна.
Уг гомдлын дагуу хариуцагч Санхүүгийн зохицуулах хороо компанийн удирдлага Д.Ц-той уулзаж, гомдлыг танилцуулсан боловч хариу ирүүлээгүй тул 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 9/1029 дүгээр албан бичгээр Компанийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасны дагуу жижиг хувьцаа эзэмшигч Э.Б, Д.Цолмон нарын гаргасан саналыг мөн хуулийн 66.5, 66.6-д заасны дагуу хэрхэн хангаж хариу өгсөн нь тодорхойгүй, мөн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдуулах шийдвэрээ хугацаа хэтрүүлж ирүүлсэн тул 04 дүгээр сарын 14-ний өдөр товлосон хурал хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл болох талаар мэдэгджээ.
Гэвч “Т” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл нь уг албан бичгийн хариуг Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлээгүй атлаа 62,67 хувийн хувьцаа эзэмшигч /нэгдмэл сонирхол бүхий ах дүү нар гэх/ Ц.Б, Ц.Б, Ц.Б, Ц.Б, Ц.Б-А, Ц.Б нарыг оролцуулан 04 дүгээр сарын 14-ний өдөр Хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баян-Өлзий нь давж заалдах шатны шүүх хуралдаанд “Э.Б, С.Ц нарын өргөдөл нь Компанийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасан 60 хоногийн хугацаа хэтэрч гарсан өргөдөл байсан учраас хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж ээлжит хуралдааныг хуралдуулсан” гэх боловч энэ талаараа Санхүүгийн зохицуулах хороонд ээлжит хурлыг хуралдахаасаа өмнө мэдэгдээгүй, хариу ирүүлээгүй байна.
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Санхүүгийн зохицуулах хороо нь ... холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага мөн” гэж заасан бөгөөд хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хоорондын маргаан буюу жижиг хувьцаа эзэмшигчийн гаргасан гомдлын дагуу Компанийн тухай хуульд заасан Хувьцаа эзэмшигчийн хуралд оролцож санал гаргах эрх хангагдаж байгаа эсэх талаар компанийн удирдлагаас тодруулга авах, хууль журмын дагуу хувьцаа эзэмшигч хөрөнгө оруулагч нарын эрхийг хангасан эсэхэд хяналт тавих эрхтэй гэж үзнэ.
Хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараас үзвэл дээрх байдлаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал зарласантай холбоотой жижиг хувьцаа эзэмшигчээс гаргасан гомдлыг мэдэгдсээр байхад түүнд хариу өгөхгүйгээр хувьцаат компанийн жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах хүрээнд тэдгээрийн гомдлоор явуулсан ажиллагааг үл хэрэгсэн, хувьцаат компанийн хурлыг хувьцааны 62,67 хувийг эзэмшигч нар нь хурлыг хуралдуулж, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, гүйцэтгэх захирал сонгох гэх мэт асуудлаар шийдвэр гаргасан байх тул тухайн хурлыг хүчингүй болсонд тооцсоныг Хороо бүрэн эрхээ хэтрүүлсэн гэж үзэхгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдолдоо ... Санхүүгийн зохицуулах хороо бүрэн эрхэд хамааралгүй, ... иргэний хэргийн шүүхийн шийдвэрлэх асуудлаар шийдвэр гаргаж эрх хэмжээгээ хэтрүүлсэн, ээлжит болон ээлжит бус хурлыг хүчинтэй, хүчингүй гэж шийдэх эрх хэмжээ хороонд олгогдсон эсэх талаар хуулийн заалтыг хайгаад олоогүй ...” гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Мөн гомдолд “... хуулийн шаардлага хангаагүй журмын дагуу ээлжит хурлыг хүчингүйд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүх 2012 оны 34 дүгээр тогтоолоор баталсан журмыг буцаан хэрэглэж хорооны эрх хэмжээгээ хэтрүүлсэн үйлдлийг зөвтгөж шийдвэрлэснийг огт зөвшөөрөхгүй ...” гэжээ.
Шүүх Санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны 34 дүгээр тогтоолоор баталсан журмыг хэрэглэж шийдвэрлэсэн нь хууль буцаан хэрэглэсэн явдал биш бөгөөд уг тогтоол болон 2016 оны 244 дүгээр тогтоолоор баталсан “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх, хяналт тавих журам”-аар зохицуулагдсан харилцаа гэхээс илүүтэйгээр энэхүү маргаан нь дээрх Компанийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар хувьцаат компанийн 5-аас дээш хувийн хувьцаа эзэмшигчийн Хуралд оролцох, санал гаргах эрхийг эдлүүлээгүйтэй холбоотой гаргасан хувьцаа эзэмшигчийн гомдлыг Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэсэнтэй холбоотой маргаан байх тул дээрх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэл, маргаан бүхий актууд, хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараас үзвэл Санхүүгийн зохицуулах хорооны гаргасан актууд нь “Т” ХК-ийн хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч нарын хооронд үүссэн Хувьцаа эзэмшигчдийн хуралтай холбоотой маргаан байх боловч 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хуралд оролцсон хувьцаа эзэмшигч нар нэхэмжлэл гаргаагүй, харин “Т” ХК нэхэмжлэл гаргажээ.
Компанийн тухай хуульд зааснаар гүйцэтгэх захирал нь компанийн эрх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах үүрэгтэй бөгөөд компани нь зарим хувьцаа эзэмшигчийн хуралдсан хурлыг хүлээн зөвшөөрөх, зарим хувьцаа эзэмшигчдийн хуралдсан хурлыг үл зөвшөөрөх боломжгүй, энэ талаар гарсан Хорооны 9/3513 дугаар албан бичгийн улмаас компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хуралдсан хуралд оролцсон хувьцаа эзэмшигч нараас Д.Ц-д итгэмжлэл олгосон боловч энэхүү итгэмжлэлээр тэдгээр хувьцаа эзэмшигч нар нэхэмжлэл гаргасан гэж үзэх боломжгүй, нэхэмжлэлийг анх компани гаргасан бөгөөд анхан шатны шүүх энэ хүрээнд компанийн эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзсэн нь үндэслэлтэй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.