Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2021/0067

 

“НР” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

ЗА-ийн У сумын ЗД-д холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, Танхимын тэргүүн: Ч.Тунгалаг,

Шүүгчид:                                             Г.Банзрагч,

                                                               Х.Батсүрэн,

                                                               Д.Мөнхтуяа,

Илтгэгч шүүгч:                                П.Соёл-Эрдэнэ,

Нарийн бичгийн дарга:                 Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: 2020 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа У сумын ЗД-ын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах,

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 118/ШШ2020/0010 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 500 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.О, хариуцагч УС өмгөөлөгч Т.Ц нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч “НР” ХХК-ийн Дааган дэл уул нэртэй талбайн ХV-017981 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахад шаардлагатай байгаа 2020 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа У сумын ЗД-ын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 500 дугаар магадлалаар: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг баримтлан “НР” ХХК-ийн нэхэмжлэлээр ЗА-ийн У сумын ЗД, Байгаль орчны хяналтын улсын байцаагчид холбогдуулж үүсгэсэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгон, “тус компанийн “Дааган дэл уул” нэртэй талбайн ХV-017981 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахад шаардлагатай 2020 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа У сумын ЗД-ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, “НР” ХХК-ийн захирал Б.Н-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Н, түүний өмгөөлөгч Б.Э нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: “...нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар ...хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа” тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн.

4. 2018 онд “НР” ХХК “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө-2018”-ыг батлахгүй байгааг хууль бус болохыг тогтоолгохоор Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, уг маргааны 2018 оны 12 дугаар сард хянан шийдвэрлэж дууссан. Давж заалдах шатны шүүх энэхүү шийдвэрийг нэхэмжлэлд дурдсан үйл баримтыг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэж үзсэн. Гэтэл энэ маргаан нь 2018 оны төлөвлөгөөг батлахгүй байгаа үйлдэлтэй холбоотой гаргасан нэхэмжлэлийн шаардлага байсан.

5. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуулийн дээрх заалтуудыг хэрэгжүүлэн жил бүр хайгуулын ажлын төлөвлөгөө, тайлан гаргаж жил бүр орон нутгийн Засаг даргаар Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулдаг. Энэ бичиг баримт бүрэн батлагдсаны дараа тусгай зөвшөөрлийн талбай дээр хайгуулын үйл ажиллагаагаа явуулах эрхтэй болдог. Харин дээрх бичиг баримт дутуу, батлагдаагүй байгаа тохиолдолд ямар нэг үйл ажиллагаа явуулах хориотой байдаг.

6. Хуулийн дагуу баталснаар Ашигт малтмалын тухай хуульд заасан “хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмал эрэх, хайх” эрхээ хэрэгжүүлэх боломжтой байхад 2018 оны төлөвлөгөөг батлуулахаар шүүх шийдсэн тул 2020 оны төлөвлөгөөг батлуулах тухай гомдлыг дахин хэлэлцэх үндэслэлгүй гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

7. Давж заалдах шатны шүүх “...шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр бодитойгоор, мөн заавал биелэгдэх үр дагавартай байх ёстой ...шийдвэрийг үр дагавар нь зөвхөн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулснаар дуусгавар болсон гэж ойлгож болохгүй...” гэжээ. Манай компанийн зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд тухай үед хандаж байсан бөгөөд 2019 оны сүүлчээр 2018 оны төлөвлөгөөг батлуулах ажиллагаа хийлгэхээр хүсэлт гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд асуулга авахаар хандсан. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс манай компанийн гаргаж байгаа хүсэлт болон 2018 онд шийдсэн маргаан нь тусдаа асуудал тул дахин шүүхэд хандах талаар хариу өгсөн. Энэ талаар нотлох баримт хэрэгт авагдсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг биелүүлэн дуусгавар болохгүй юм бол одоо хэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж дуусгах, хэнд хандах вэ гэдэг нь бидэнд огт ойлгомжгүй болоод байна.

8. Шүүхүүд хуулийг нэг мөр ойлгож, хэрэглэх ёстой атал янз бүрээр хуулийг тайлбарлан, маргааныг шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэж биднийг хохироож байна. Магадлалд “одоогийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тохиолдолд тухайн шийдвэр хэзээ бүрэн биелэгдэх нь цаг хугацааны хувьд тодорхойгүй, 2020 он дуусч байгаатай холбогдуулан 2021 оны төлөвлөгөөг батлуул гэсэн шаардлага тавих, Засаг дарга энэ байдлаар батлахаас татгалзвал 2021 оны ...төлөвлөгөөг батлахыг даалгах шаардлагыг шүүх дахин хүлээн авч шийдвэрлэхээр байна” гэсэн. Үндсэн хууль, хууль тогтоомжийн дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандах эрхтэй. Дахин шүүхэд гомдол гаргах магадлалтай байна гэж үзэж шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. 2020 оны төлөвлөгөөг батлуулснаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан үндэслэл нь арилж, сунгах боломжтой болох юм. Завхан аймгийн Дөрвөлжин сумын Засаг дарга 2020 оны төлөвлөгөөг баталж ирүүлсэн бөгөөд бид нотлох баримтаар өгсөн байгаа.

9. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн зүгээс тусгай зөвшөөрлийг сунгахад 2020 оны төлөвлөгөөг батлуулж авчрах шаардлага тавьж байгаа, учир нь 2018 оноос эхлэн сунгах тохиолдолд хайгуулын ажил явуулсан байх ёстой, мөн хуульд заасан хайгуулын ажлын зардлын доод хэмжээг баримтлах ёстой гэсэн. Гэтэл шүүх маргааны улмаас мөн байгаль орчны төлөвлөгөө батлагдаагүйн улмаас хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдалтай байсан.

10. У сумын ЗД “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө-2020”-ыг батлахгүй байх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд батлахгүй байгаагаа үндэслэл болгон шүүхэд тайлбарлаж байгаа 2 шалтгаан нь: 1-т “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө-2019”-ийг батлуулаагүй, 2-т нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийг шилжүүлээгүй гэсэн.

11. Гэтэл 2019 оны төлөвлөгөөг боловсруулах батлуулах эцсийн хугацаа нь 2018 оны 12 дугаар сар байсан ба энэ үед Завхан аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд маргаан хянагдаж байсан. Мөн барьцаа хөрөнгө байршуулах данс нь Засаг даргын нээсэн тусгай данс байдаг бөгөөд Засаг дарга төлөвлөгөөг баталж холбогдох дансаа бидэнд албан ёсоор мэдэгдэж, нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгөө байршуулах үүрэг өгдөг. Үүний дараа компанийн зүгээс барьцаа хөрөнгийг Засаг даргын заасан дансанд шилжүүлдэг. У сумын ЗД-ын хувьд төлөвлөгөөг батлаагүй, барьцаа хөрөнгө байршуулах дансаа мэдэгдээгүй тул барьцаа хөрөнгийг байршуулаагүйн улмаас “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө-2020”-ыг батлахгүй байгаа гэж тайлбарлаж байгаа нь хууль бус юм. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө гэдэг нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч хайгуулын үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчныг хамгаалах талаар тухайн жилд хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд зарцуулах хөрөнгийг тусгаж өгдөг, ирээдүйд буюу ирэх жилд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө юм. Байгаль орчин менежментийн төлөвлөгөөнд тусгасан байгаль хамгаалах арга хэмжээг заавал хэрэгжүүлэх баталгаа болгож төлөвлөгөөнд тусгасан хөрөнгийн 50%-ийг урьдчилан тухайн сумын Засаг даргын заасан дансанд байршуулдаг зохицуулалттай.

12. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг он бүрээр /Байгаль орчны менежментийн төлөвлөгөө-2018, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө-2020 гэх мэт/ яагаад заагаад байгаа бэ гэхээр тухайн жилд хайгуулын ажил явуулах үедээ хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөж, уг арга хэмжээндээ зарцуулах хөрөнгийг Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгаж батлуулснаар байгаль орчинд учрах сөрөг нөлөөллөөс сэргийлэх, байгаль орчныг хамгаалахад зарцуулах хөрөнгийг төсөвлөх, үүргээ биелүүлэхийн баталгаа болгон тодорхой хөрөнгийг сумын дансанд байршуулах гэх мэтээр тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг хамгаалах үүргээ биелүүлэхээр тодорхой ямар арга хэмжээ авах, хөрөнгөө зарцуулах талаар тусгадаг, хөрөнгө байршуулдаг төлөвлөгөөг Засаг дарга батлахаас татгалзаж, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн “тусгай зөвшөөрөл эзэмших, тусгай зөвшөөрлөө сунгуулах, тусгай зөвшөөрлийн талбайдаа ашигт малтмал эрх хайх”, эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул шүүхэд хандсан.

13. Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

14. Давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

15. Нэхэмжлэгч “НР” ХХК нь ЗА-ийн ЗД-д холбогдуулан 2020 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, төлөвлөгөөг батлахыг даалгах шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахын тулд 2020 оны төлөвлөгөөг батлуулах шаардлагатай байгаа, жил бүр төлөвлөгөөг гаргаж, батлуулдаг” гэж тодорхойлсон, хариуцагчаас “тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргээ биелүүлээгүй, өмнөх оны төлөвлөгөөг батлуулаагүй тул 2020 оны төлөвлөгөөг батлахгүй” гэж маргажээ.

16. Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ” гэж зааснаас үзэхэд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг тусгай зөвшөөрлийн хугацааг дуусахын өмнө шинэчлэн боловсруулж батлуулах бөгөөд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.5-д “хайгуулын ажлын явцад үүссэн байгаль орчны сөрөг нөлөөллийг тухай бүр бүртгэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний жилийн тайланд тусгах бөгөөд уг тайланг байгаль орчны хяналтын алба болон тухайн сум, дүүргийн Засаг даргад хүргүүлэх” гэж зааснаар байгаль орчны менежмент төлөвлөгөөний биелэлтийг жил бүр хянах, тайлагнах, төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээ бүрэн биелэгдсэн эсэхийг эрх бүхий байгууллагаар дүгнүүлэх байна.

17. Иймээс нэхэмжлэгчийн “жил бүр байгаль орчны менежмент төлөвлөгөөг шинэчлэн боловсруулан Засаг даргад хүргүүлж батлуулснаар хайгуулын үйл ажиллагаа эрхлэх боломжтой болох” гэх гомдол үндэслэлгүй, дээр дурдсанчлан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг гурван жилд нэг удаа шинэчлэн боловсруулж, дагаж мөрдөхөөр байна.

18. Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1 дүгээр шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч хуулийн этгээдийн 2018 онд шинэчлэн боловсруулсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгаж шийдвэрлэсэн, нэхэмжлэгч Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан шаардлагын дагуу 2018 онд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, батлуулах үүрэгтэй байсан бөгөөд дээрх шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийн байгаль орчны менежмент төлөвлөгөөг баталсан, энэ нь 2018-2021 он хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй тул 2020 онд дахин шинэчлэн боловсруулах шаардлагагүй юм.

19. Нэхэмжлэгчийн “шүүхийн шийдсэн маргаан нь 2018 оны төлөвлөгөөг батлахгүй байгаа үйлдэлтэй холбоотой байсан” гэх гомдлын тухайд: Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д  “хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах эрхтэй” гэж заасан тул байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах ажиллагаа нь жил бүр хийгдэхгүй, 3 жилд нэг удаа хийгдэх ажиллагаа тул дээрх шүүхийн шийдвэрийг зөвхөн 2018 онд хамаарна гэж үзэхгүй.

20. Мөн нэхэмжлэгчийн “2020 оны төлөвлөгөөг батлуулснаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах боломжтой болох” тухай гомдол нь энэ нэхэмжлэлийн шаардлагад шууд хамааралгүй, тусдаа зохицуулагдах харилцаа бөгөөд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь тусгай зөвшөөрлийг сунгуулах үйл ажиллагаанаас ялгаатай, шийдвэрлэх арга журам нь өөр байна.

21. Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 500 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН, ШҮҮГЧ                           Ч.ТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                                                 Г.БАНЗРАГЧ

               Х.БАТСҮРЭН

               Д.МӨНХТУЯА

   П.СОЁЛ-ЭРДЭНЭ