Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 55

 

 

 

 

 

Ц.Анхбаярт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Дамбадаржаа,

ялтан Ц.Анхбаярын өмгөөлөгч Б.Мянган,

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулж,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж, шүүгч Ц.Дайрийжав, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 184 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан Ц.Анхбаяр, түүний өмгөөлөгч Б.Мянган нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ц.Анхбаярт холбогдох 2016 2602 1897 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Цэцэгмаагийн Анхбаяр, 1980 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн,  36 настай,  эрэгтэй,  бүрэн бус дунд боловсролтой, барилгын арматурч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34а байрны 72 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашаан 18 дугаар гудамжны 6 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УО80051411/;

Ц.Анхбаяр нь 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 21 цагийн орчим иргэн  Ш.Даваадоржийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 41 дүгээр байрны 00 тоот гэрт буюу жижүүрийн өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ш.Даваадоржийн зүүн нүд рүү архины шилээр цохиж, шилний хагархайгаар хэвлий орчимд нь дүрж “хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, нарийн гэдэс, чацархайн хатгагдсан шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт, зүүн нүдний зовхи, склерийн шарх, зүүн нүдний хараагүйдэл” бүхий хүнд зэргийн гэмтэл онц харгис хэрцгий аргаар, санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Ц.Анхбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.6 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овогт Цэцэгмаагийн Анхбаярыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Анхбаярыг 7 жил 1 сар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дах хэсэгт зааснаар Ц.Анхбаярт оногдуулсан 7 жил 1 сарын хорих ялыг чанга  дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар түүний 2016 оны 7 дугаар сарын 20-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 134 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн архины шилний үйрмэг, 1 ширхэг “Монгол стандарт” гэсэн шошготой архины шилний бөглөөгүй хагарсан хүзүү хэсэг, 1 ширхэг Хараа гэсэн цэнхэр өнгийн шошго бүхий архины шилний хүзүү хэсэг, хохирогчийн хэвлийнээс гарсан гэх шилний хагархай 2,3х2,3 см хэмжээтэй мөнгөлөг өнгийн цаас тал хэсэгтээ наалттай зүйлүүдийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хохирогч Ш.Даваадорж нь гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Ялтан Ц.Анхбаяр тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Би 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдөр гэрээсээ яваад сураггүй алга болсон хамтран амьдрагч П.Мөнхцэцэгийг хайж Баянгол дүүргийн 2-р хороо, 41 дүгээр байрны 00 тоотод оршин суух хохирогч Ш.Даваадоржийн гэрт очиход П.Мөнхцэцэг, Ш.Даваадорж, Б.Бямбадорж нар архи уусан байдалтай байсан бөгөөд би тэдэнтэй хамт эхнэрээ гэрлүүгээ явахыг ятгах зуур архи уусан юм. Архи уух явцад хохирогч Ш.Даваадоржийг түүний эхнэр гэх Б.Бямбадорж нь миний хамтран амьдрагч П.Мөнхцэцэгтэй хардаж, энэ явцдаа Ш.Даваадорж эхнэр Б.Бямбадоржийг хэд хэдэн удаа цохиж авсан бөгөөд Б.Бямбадорж надад хандаж Ш.Даваадоржийг салгаад өгөөч гэж орилж гуйсан юм. Би тухайн үед тэднийг салгахаар босоход Ш.Даваадорж нь гартаа архины шил барьчихсан эхнэрийгээ зодох гээд дайрч байсан учир би архины шилийг нь булааж автал над руу мөн дайрахаар нь булааж авсан архины шилээр толгой орчим газар нь цохиход тэрээр надтай ноцолдож, намайг дарж орон дээр унасан бөгөөд энэ үед миний гарт байсан архины шил түүний хэвлий тус газар дүрэгдсэн байсан. Миний бие улсын яллагчийн яллаад байгаа, анхан шатны шүүхийн дүгнээд байгаа хохирогч Ш.Даваадоржийн бие махбодид онц харгис хэрцгий аргаар хүнд гэмтэл учруулах ямар нэгэн сэдэл, санаа зорилго байгаагүй болно.

Иймд надад оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.6 дэх хэсэгт заасан ялыг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялаас хөнгөрүүлж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр болгон шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.

Миний бие анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа бүрэн төлж барагдуулсан, өндөр настай ээжийнхээ хамт амьдардаг, урд хүнд зодуулж тархи толгойдоо хүнд гэмтэл авч эмчийн хяналтад байх шаардлагатай зэрэг нөхцөл байдлуудыг минь харгалзан үзэж шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Ялтан Ц.Анхбаярын өмгөөлөгч Б.Мянган давж заалдах гомдол болон тус шүүхэд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. Ялтан Ц.Анхбаярт холбогдох эрүүгийн хэргийн субьектив талыг нарийвчлан тогтоогоогүй, хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг хэт нэг талыг барьж явуулснаас ялтан Ц.Анхбаярын эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гарсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөрдөн байцаалтад хохирогч Ш.Даваадорж, гэрч Д.Бямбадорж нар бодит байдлаас илтэд зөрүүтэй мэдүүлэг өгдөг бөгөөд мэдүүлгийн зөрүүг арилгуулах зорилгоор анхан шатны шүүх хуралдаанд гэрч Д.Бямбадоржийг оролцуулах хүсэлтийг ялтны өмгөөлөгчийн зүгээс удаа дараа тавьсан боловч шүүх уг гэрчийг оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг хийж, мэдүүлгийн зөрүүг арилгаж чадаагүй.

Ялтан Ц.Анхбаяр мөрдөн байцаалтын болон шүүхийн шинэчилсэн байцаалтад мэдүүлэхдээ “...Д.Бямбадорж нь нөхөр Ш.Даваадоржийг манай эхнэр П.Мөнхцэцэгтэй удаа дараа хардаж, хэрүүл хийсэн бөгөөд энэ байдлыг нь хохирогч Ш.Даваадорж тэвчихгүй босч ирэн эхнэрийгээ 2, 3 удаа цохисон бөгөөд энэ үед Д.Бямбадорж өөрийгөө хамгаалж, Ш.Даваадоржийг салгаж өгөхийг гуйж орилсон...” гэж мэдүүлдэг бөгөөд ялтан Ц.Анхбаяр Ш.Даваадоржийн эхнэрлүүгээ дайрч байсан довтолгооныг таслан зогсоохын тулд түүний гартаа барьсан архины шилийг нь булаан авч толгой тус газар нь цохисон байдаг. Дээрх нөхцөл байдлыг хохирогч Ш.Даваадорж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...манай эхнэр Бямбадорж Мөнхцэцэг бид хоёрыг 20-30 минутын зайтай орж ирсэн гээд солиороод балай юм яриад би 2 алгадаж авсан...” /хх-27/ гэх мэдүүлгээрээ нотолсон боловч уг нөхцөл байдлыг буюу хохирогч Ш.Даваадорж, гэрч Д.Бямбадорж нарын маргалдсан нөхцөл байдал, тэдний маргаан, зодооныг Ц.Анхбаяр салгаж, хохирогч Ш.Даваадоржийн довтолгооныг няцаасан үйлдэл хийсэн, эсэх зэрэг нөхцөл байдлуудыг нарийвчлан тогтоогоогүй байна. Уг нөхцөл байдлыг тогтоосноор ялтан Ц.Анхбаярын бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан үйлдэл хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй эсэх, магадгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын нөхцөл байдалд уг үйлдлийг хийсэн эсэх зэрэг байдлууд тодорхой болох юм.

2.Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хураан авах, нэгжлэг хийх тухай ундэслэл бүхий тогтоол гаргаж прокуророор батлуулах ба уг ажиллагаа эхлэхийн өмнө холбогдох этгээдэд уншиж сонсгоно.” гэж заасан байхад мөрдөн байцаагч хх-82, 83 дугаар хуудаст эд зүйл хураан авах тогтоол үйлдэж, прокуророор батлуулалгүйгээр тэмдэглэл үйлдэж эд зүйл хураан авсан нь уг хуулийн заалтыг ноцтойгоор зөрчсөн байна.

Иймд Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт зааснаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 184 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Анхбаярт холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэв.

Прокурор Н.Дамбадаржаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийг оролцуулсан бөгөөд хохирогч мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар дэлгэрэнгүй мэдүүлсэн ч өөрөө хэн нэгэн рүү довтолгоон хийсэн талаар мэдүүлээгүй. Харин хэрэг гарсан газрын талаар өөрөөр мэдүүлсэн. Тэрээр Ц.Анхбаярт толгой руугаа шилээр цохиулснаас болж тухайн үед биеэ хамгаалж чадахгүй байдалд орсон гэдэг. Үүний  дараа Ц.Анхбаяр хэвлий рүү нь архины шилээр хатгасан ба хохирогчийн хэвлий рүү шилээр хатгасан үйлдлийг онц харгис, хэрцгий аргаар үйлдсэн гэж үзсэн. Өмгөөлөгчийн зүгээс Ц.Анхбаярын үйлдэлд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй гэдэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тухайд Ш.Даваадорж “П.Мөнхцэцэг, Ц.Анхбаяр нарын хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй. Гэхдээ манай хүүхэд илүү асаргаа шаарддаг” гэж мэдүүлсэн. Ш.Даваадорж, Б.Бямбадорж нар Ц.Анхбаярыг ирэхээс өмнө 0.33 грам хэмжээтэй архи уусан. Ц.Анхбаярыг ирэхэд нь дахин архи авч уух шаардлага гарсан. Ц.Анхбаяр Ш.Даваадоржийг гадаа хог шүүрдэж байхад нь ирж уулзаад гэрт нь орж уусан. Ш.Давааджорж тухайн үед ялтан Ц.Анхбаяраас зугтах үйлдэл хийхэд толгой руу нь шилээр цохисон гэдэг. Гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг хангалттай тогтоосон. Ц.Анхбаяр “эхний удаа толгой руу нь цохисон гэдгээ мэдэж байсан. Үргэлжлүүлэн хэвлий рүү нь хатгасан” гэж мэдүүлсэн. Ш.Даваадоржийн үйлдлээс болж гэмт хэрэг гараагүй. Ш.Даваадоржийг архины шил барьсан гэх асуудал Ц.Анхбаярын мэдүүлэгт л байдаг. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 184 дүгээр шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “ …шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна…” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

Ц.Анхбаяр нь 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 21 цагийн орчим иргэн Ш.Даваадоржийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 41 дүгээр байрны 00 тоот гэр /жижүүрийн өрөө/-т согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ш.Даваадоржийн зүүн нүд рүү архины шилээр цохиж, шилний хагархайгаар хэвлийд нь дүрж “хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, нарийн гэдэс, чацархайн хатгагдсан шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт, зүүн нүдний зовхи, склерийн шарх, зүүн нүдний хараагүйдэл” бүхий хүнд зэргийн гэмтлийг онц харгис хэрцгий аргаар, санаатай учруулсан учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Даваадорж, ялтан Ц.Анхбаяр, мөрдөн байцаалтад гэрч Д.Бямбадорж, П.Мөнхцэцэг, Л.Булган нарын өгсөн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 9994 дугаартай дүгнэлт, өвчний түүхийн хуулбар, шинжээч эмч Б.Долгормаа, Г.Эрдэнэцогт нарыг байцаасан тэмдэглэл болон хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн, хэргийн зүйлчлэл зөв байна.

Хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, ялтан Ц.Анхбаярын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний гэм буруу, хувийн байдал, учруулсан хохирлын хэр хэмжээнд тохирсон хуульд заасан төрөл, хэмжээний ял шийтгэл оногдуулсан, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн байдал тогтоогдоогүй байна.

Ялтан Ц.Анхбаярын гаргасан: “…Н.Ганхуягийг санаатай хутгалах ямар ч зорилго байгаагүй.  … хэргийн зүйлчлэлийг үнэн зөвөөр тогтоохын тулд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...”,

ялтан Ц.Анхбаярын өмгөөлөгч Б.Мянганы гаргасан: “…ялтан Ц.Анхбаярт холбогдох эрүүгийн хэргийн субьектив талыг нарийвчлан тогтоогоогүй, хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг хэт нэг талыг барьж явуулсан ... Мөрдөн байцаалтад хохирогч Ш.Даваадорж, гэрч Д.Бямбадорж нар бодит байдлаас илтэд зөрүүтэй мэдүүлэг өгдөг  бөгөөд … гэрч Д.Бямбадоржийг ... оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг хийж, мэдүүлгийн зөрүүг арилгаж чадаагүй. ... Уг нөхцөл байдлыг тогтоосноор ялтан Ц.Анхбаярын бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан үйлдэл хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй эсэх, магадгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын нөхцөл байдалд хийсэн үйлдэл мөн эсэх зэрэг байдлууд тодорхой болох юм. Иймд ... Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 184 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Анхбаярт холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү …” гэсэн давж заалдах гомдлуудын дагуу хэргийн нөхцөл байдлыг хянаж үзвэл:

мөрдөн байцаалтад хохирогч Ш.Даваадоржийн өгсөн: “…Анхбаяр архины шилээр нүүр лүү цохиход нь манараад явсан. Тэгээд цаашаа юу болсныг санахгүй байна..…” /хх-12/,

“...ямар ч байсан Анхбаяр миний нүүр лүү архины шилээр цохиод би манараад явсан. Цаашаа юу болсныг мэдэхгүй...” /хх-25/,

шүүхийн хэлэлцүүлэгт: “...би эхнэртэйгээ маргалдаж байгаад гарч яваад хойд талын орон сууцны урд талаар тойроод явж байхад Анхбаяр намайг архины шилээр цохисон байх гэж бодож байгаа. Би энэ үйл явдлыг гадаа болсон гэж бодож байгаа. Нарийн сайн хэлж мэдэхгүй байна...” /хх-214/,

Ялтан Ц.Анхбаярын сэжигтнээр өгсөн: “…Даваадорж ах уурлаад эхнэр лүүгээ аяга, тавга авч шидээд би дундуур нь орж салгах гэж байгаад Даваадорж ахыг архины шилээр толгой руу нь цохиод, хагарсан шилээр гэдэс рүү нь зоосон. Тэгээд тэднийхээс гараад явсан, ... Би ор луу унаад босоод ирсэн чинь архины шил барьчихсан зогсож байхаар нь намайг цохих гэж байна гэж бодоод архины шилийг булааж аваад өөрийнх нь толгой руу цохьсон. Би тухайн үед толгой руу цохьчихлоо гэж бодсон, нүд рүү нь цохисон гэж мэдээгүй, архины шил хагарсан. Архины шилний үлдэгдлээр хэвлий рүү нь дүрсэн…” /хх-72/,

яллагдагчаар өгсөн: “…Даваадорж ах уурандаа Бямбаа эгч рүү ширээн дээр байсан аяга, таваг, гурил зуурдаг сав авч шидээд байсан. Бямбаа эгч уйлаад Даваадоржийг болиулаач гэсэн. Тэгээд би “Даваадорж ахаа одоо та болио” гэхэд үгэнд орохгүй над руу дайраад байснаа хэсэг гайгүй болсон. ... Даваадорж ах эхнэр лүүгээ улам дайраад байсан. Түүнийг боль гэхэд над руу ууж байсан аягатай цайгаа авч шидсэн. ... 3 дахь удаагаа би боль гэж хэлэхэд намайг ор руу түлхэхэд унаад, босоод ирсэн чинь архины шил барьсан зогсож байхаар нь намайг цохих нь гэж бодоод архины шилийг нь булааж аваад өөрийнх нь толгой руу цохисон. Даваадорж ах унасан. Би айгаад гараад явсан. Би тухайн үед толгой руу нь цохисон гэж бодсон, нүд рүү нь цохисоноо мэдээгүй, архины шил хагарсан. ... Би архины шилний үлдэгдлээр хэвлий руу нь дүрсэн. 1 удаа л дүрсэн. Архины шил толгой руу нь цохих үед хагарсан байсан…” /хх-75/,

ял өөрчлөн сонсгосон байцаалтад өгсөн: “...Би тухайн үед эхнэр Мөнхцэцэгийг Даваадоржтой хардаж биед нь гэмтэл учруулсан. Ингэж биед нь гэмтэл учруулах санаа зорилго байгаагүй. ... тэр хоёрыг болиулах гэсэн чинь над руу дайрсан. Тэгээд архины шилээр толгой руу нь цохисон. Даваадорж ах намайг ор руугаа түлхэж унагаад архины шилээ гартаа барьсан байхаар нь би аваад зөрүүлээд цохисон...” /хх-134/,

шүүхийн хэлэлцүүлэгт: “...Бямбадорж эгч Даваадорж ахыг манай эхнэр Мөнхцэцэгтэй хардаад хэрүүл хийгээд байсан. Тэгтэл Даваадорж ахын тэвчээр алдагдаж аяга, таваг авч шидсэн. Тэгэхээр нь би Даваадорж, Бямбадорж хоёрын маргааныг болиулах үүднээс дундуур нь орж салгасан. Харин Даваадорж ах намайг “чи цаашаа байж бай” гэж хэлээд түлхсэн. Би буйдан дээр унасан. Унаад эргээд босоод ирсэн чинь Даваадорж ах архины шил барьчихсан байхаар нь булааж аваад Даваадорж ахын толгой руу цохисон. Тэгээд бид хоёр хоорондоо зууралдаад хамтдаа буйдан дээр унасан. Харин буйдан дээрээс би босч ирээд шууд гарч явсан...” /хх-212/,

мөрдөн байцаалтад гэрч П.Мөнхцэцэгийн өгсөн: “...Даваадорж ахынд ирэхэд Даваадорж ах эмнэлэг явсан, Бямбадорж эгч бас байхгүй, цагдаа сууж байсан. Гэрийн шал нь цус болсон байсан. Бямбадорж эгч удалгүй орж ирээд Анхбаяр Даваадоржийг архины шилээр гэдэс, гүзээг нь гаргаад хаячихлаа гэж хэлсэн...” /хх-36/,

мөрдөн байцаалтад гэрч Д.Бямбадоржийн өгсөн: “...Би тэр хоёрыг архи уугаад зүүрмэглэж байгаад сэрэхэд Даваадорж өмнө миний ярьсан, хэлсэн юмыг яриад маргалдах гээд байхаар нь гарч өөрийн болон нөхрийнхөө хариуцсан байрыг эргэж яваад ирэхэд манай нөхрийн гэдэс зүсэгдээд, цус нөж гоожоод, зүүн талын нүд дээд зовхи орчмоо зүсэгдээд, хоёр нүдээ аничихаад байгаад байсан. Тэгээд би гараад цагдаад мэдэгдсэн...” /хх-33-35/,

мөрдөн байцаалтад гэрч Л.Булганы өгсөн: “...2016 оны 7 дугаар сарын 15-ны 22 цаг 45 минутанд манай эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт өвчтөн биеийн байдал муу хүнд, согтуу, ухаангүй, ухаан санаа үнэлэх боломжгүй, зүүн нүдний дээд зовхи нэвт хатгагдсан шархтай нүдний алим гэмтэж, шингэн гоожсон байдалтай, мөн хэвлийн зүүн хажуу хэсэгт 2 газраа 5-8 см орчим нэвт хатгагдсан шархтай, нэг шархнаас нь сэмж цухуйж хавчигдсан байдалтай ирсэн...” /хх-40-42/,

мөрдөн байцаалтад шинжээч эмч Б.Долгормаагийн өгсөн: “…Даваадоржийн биед учирсан зүүн нүдний гэмтэл нь архины шилээр цохих үед архины шил хагарч зүсэгдэж үүсгэгдсэн байх боломжтой байна. Учир нь 2016 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн нүдний эмчийн үзлэгт зүүн нүдний зовхи, дотор мөгөөрс зэрэгт зүсэгдсэн шархтай, склерт хөндлөн салбайсан шархтай гэсэн байгаа нь хурц ир ирмэгтэй зүйлээр зүсэгдэж үүссэн байх боломжтой гэж үзэж байна. Хохирогчийн хувьд зүүн нүдээ авхуулсан, зүүн нүд бүрэн хараагүй болсон учраас шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” /хх-45-46/ гэсэн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-6/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 9994 дугаартай дүгнэлт /хх-44/, өвчний түүхийн хуулбар /хх-97-111/ болон хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаагаар шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л зүйлүүдийг бүрэн шалгасан ба анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх болон няцаах нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Ялтан Ц.Анхбаяр нь хохирогч Ш.Даваадоржийг согтуугаар зодох явцдаа түүний нүдийг сохлон, хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх бүхий  хүнд гэмтлүүдийг учруулж, өвтгөн шаналгасан, уг гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон байх тул түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.6-д заасан бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг онц харгис хэрцгий аргаар үйлдсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн гэж үзнэ.

Түүнчлэн ялтан Ц.Анхбаярын мөрдөн байцаалтад өгсөн:

“…Би ор луу унаад босоод ирсэн чинь архины шил барьчихсан зогсож байхаар нь намайг цохих гэж байна гэж бодоод архины шилийг булааж аваад өөрийнх нь толгой руу цохьсон. …архины шил хагарсан. Архины шилний үлдэгдлээр хэвлий рүү нь дүрсэн…” /хх-72/,

... 3 дахь удаагаа би боль гэж хэлэхэд намайг ор руу түлхэхэд унаад, босоод ирсэн чинь архины шил барьсан зогсож байхаар нь намайг цохих нь гэж бодоод архины шилийг нь булааж аваад өөрийнх нь толгой руу цохисон. ... Би архины шилний үлдэгдлээр хэвлий руу нь дүрсэн. … Архины шил толгой руу нь цохих үед хагарсан байсан…” /хх-75/,

… Даваадорж ах намайг ор руугаа түлхэж унагаад архины шилээ гартаа барьсан байхаар нь би аваад зөрүүлээд цохисон...” /хх-134/,

шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Харин Даваадорж ах намайг “чи цаашаа байж бай” гэж хэлээд түлхсэн. Би буйдан дээр унасан. Унаад эргээд босоод ирсэн чинь Даваадорж ах архины шил барьчихсан байхаар нь булааж аваад Даваадорж ахын толгой руу цохисон...” /хх-212/ гэжээ.

Эдгээр мэдүүлгүүдийг харьцуулан дүгнэхэд ялтан Ц.Анхбаяр хохирогч Ш.Даваадоржоос архины шилийг булаан авснаар хохирогчийн нийгэмд аюултай халдлага таслан зогсоогдсон байна. Өөрөөр хэлбэл, ялтан Ц.Анхбаяр нь хохирогчийг аюулгүй болгосон атлаа түүний зүүн нүд орчимд архины шилээр цохиж нүдийг гэмтээж шилийг хагалан, уг шилний хагархай хэсгээр хэвлий руу нь нэвт хатгаж биед нь хүнд гэмтлүүд учруулсан үйлдлийг аргагүй хамгаалалтын байдалд үйлдэгдсэн гэх үндэслэлээр нэмж мөрдөн байцаалгах хуулийн үндэслэлгүй байх тул ялтны өмгөөлөгч Б.Мянганы энэ талаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Нөгөөтэйгүүр, гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Даваадоржийн нэг нүд бүрэн хараагүй болсон, уг гэм хорыг арилгах боломжгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт зааснаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах хуулийн үндэслэлгүй болно.

Харин ялтан Ц.Анхбаяр нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний биеийн эрүүл мэндийн болон хувийн байдал, хохирогчийн нэхэмжилсэн эмчилгээний зардлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан, мөн зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан 7 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан ялтан Ц.Анхбаярын давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангах боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Ц.Анхбаярыг бусдад санаатай хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэм буруутайд тооцохын оронд түүнийг “…гэмт хэргийг онц харгис хэрцгий аргаар учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж ойлгомжгүй заасан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох зүйл, хэсгийн заалт, шаардлагад нийцээгүй байх тул уг заалтыг зөвтгөж өөрчлөх нь зүйтэй гэж үзэв.