Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/00921

 

2023 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/00921

 

 

Ч.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш, даргалж, шүүгч Д.Золзаяа, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2023/00791 дугаар шийдвэртэй,

 

Ч.А-ийн нэхэмжлэлтэй

Б-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 13,603,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Б-ын харьяа Баянтүмэн тасгийн ажилчид 2012 оны 04 дүгээр сарын 22-нд төмөр замыг түймрээс хамгаалахаар цурам тавьж байгаад гал алдаж 23-ны өдрийн 14-15 цагийн үед баруун урдаас хүчтэй орж ирсэн галт түймэрт нэхэмжлэгч Ч.А-ийнх өртөж гэр, пин, түүн дотор хураалттай байсан гэрийн моднууд, мотоциклууд, хэрэглээний дээл, гутал, хувцас, малгай бүсээс эхлээд, гэрийн доторх эд хогшил, эм ямаа 10, эм хонь 10, хурга 30, ишиг 20 толгой мал шатаж хохирсон.

1.2. Анх шүүхэд гаргасан 15,990,500 төгрөгийн шаардлагаа 13,603,000 төгрөг болгож багасгаж байна. Учир нь шинжээч түймэрт шатсан эд зүйлд учирсан хохирлыг 12,803,000 төгрөгөөр үнэлсэн тул үүн дээр шатсан автомашинд хийлгэсэн засвар үйлчилгээ, будгийн хөлс 800,000 төгрөгийг нэмж, нийт 13,603,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. 2012 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар сумаас эхтэй тал хээрийн түймэр гарсан. Уг түймэр Гурванзагал, Дашбалбар, Сэргэлэн, Чойбалсан сумуудыг хамарсан бөгөөд Баянтүмэн тасгийн ажилчид төмөр замын дэр мод, төмөр зам, холбооны шугамаа түймрийн галаас хамгаалж цурав тавих ажиллагаа хийсэн. Энэхүү хээрийн түймэр тавьсан гэмт хэргийг иргэн Д.В- үйлдсэн, гэм буруу нь тогтоогдож хорих ялаар шийтгэгдсэн, мөн гэм хорын хохиролд нийт 194,031,040 төгрөгийг гаргуулж, нэр бүхий хохирогчдод олгохоор шийдвэрлэсэн.

2.2. Харин Б- нийгэмлэгийн Баянтүмэн тасгийг дээрх хээрийн түймэрт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч хэргийг Сум дундын эрүүгийн хэргийн 10 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 53 дугаар тогтоолоор нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан, гэм буруутай нь шүүхээр эцэслэн тогтоогдоогүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, тогтоол гараагүй эрүүгийн хэрэгт цугларсан баримтыг иргэний хэрэгт нотлох баримтаар үнэлэх үндэслэлгүй.

2.3. Нэхэмжлэгч Ч.А- нь шатсан гэх 32 төрлийн эд зүйлээ үнэлсэн 15,990,500 төгрөгийг ямар тоо баримт, үнийн эх сурвалжийг үндэслэн гаргасан нь тодорхойгүй байх ба нэхэмжлэлд бичсэн үнэ өртгөөр шатсан гэх хашаа саравчийн материал, эд зүйлээ худалдан авсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Нэхэмжлэгч нь 4 ширхэг аккумулятор шатсан гэж 410,000 төгрөгөөр үнэлэн шаардсан байх ба 4 ширхэг аккумулятортой байсан, тэр нь түймэрт шатаж устсан гэдгийг хэрхэн нотолж байгааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт нийцүүлэн шийдвэрлэх шаардлагатай. Мөн Дорнод аймгийн Чулуунхороот сумын Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А-53 дугаартай захирамжаар байгуулагдсан түймрийн хохирол тогтоох ажлын хэсэг Чулуунхороот сумын малчдын түймэрт шатсан гэр, хашаа саравч, пингийн жагсаалтыг гаргасан ба уг жагсаалтад Ч.А-ийн 1 гэр шатсан тухай тэмдэглэгдсэн. Иймээс нэхэмжлэгчийн 5 ханатай бүрэн гэр, 5 ханатай эсгий гэр болон 4 ханатай гэрийн модын хамтаар иж бүрнээр нийт 3 гэр шатсан гэх тайлбар үгүйсгэгдэнэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийн агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй.   

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч  Б- ээс 13,603,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.А-эд олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,903 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 225,965 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

5.1. Шүүх хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримт, шүүхийн мэтгэлцээний үед мэдүүлсэн зохигчдын тайлбар зэргийг харьцуулан дүгнэлгүйгээр шүүхээр гэм буруутай нь эцэслэн тогтоогдоогүй хэргийн прокурорын тогтоол, бусад баримт зэрэгт үндэслэлгүй дүгнэлт хийж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

5.2. Шүүх хуралдаанд зохигчдоос түймэр тавьсан, галаас хамгаалах цурам тавьсан гэх 2 янзын тайлбарыг гаргадаг. Галын голомт нь галыг хэн тавьсан, ямар эх үүсвэрээс гарсан, галыг тавьж байгаа этгээдийн гэм бурууг нотолсон баримт авагдаагүй байхад хариуцагчийг буруутай гэж дүгнээд буй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.

Галын аюулгүй байдлын тухай хуульд заасан гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоосон тэмдэглэл, тэмдэглэгээ, гал түймэр гарсан тухай акт, гал түймрийн улмаас учирсан хохирлыг нотлох баримтууд хэрэгт байхгүй.

Шүүх түймэр гарсан орон нутгийн онцгой байдлын албаны эрх бүхий этгээдээс гаргасан албан ёсны баримт бичгийг үндэслэн шийдвэрлэх байтал цагдаагийн байгууллагын мөрдөгчийн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан хэргийн баримтуудаар буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Цагдаагийн байгууллагын мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан эрүүгийн хэрэг нь шүүхээр эцэслэгдээгүй, гэм буруутай этгээд тогтоогдоогүй үйл баримтыг үнэлээгүй байна.

5.3. Шүүхээс нь түймэрт хонь 10, ямаа 10, хурга 30, ишиг 20, нийт 70 толгой бог мал тус тус хорогдсон гэж үзээд 70 толгой малын хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч хэрэгт нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай малын А данс буюу нэхэмжлэгчийн 2011, 2012 оны мал тооллогын баримт авагдаагүй.

Түүнчлэн галд шатсан гэх Маяти загварын тээврийн хэрэгсэл эзэмшигчийн гэрчилгээ авагдаагүй байхад өмчлөгч, эзэмшигч мөн эсэхийг тодруулалгүй, энэ талаар баримт гаргуулалгүй, 2012 онд Цагдаагийн газарт хохирогчоор өгсөн мэдүүлэгт үндэслэж хохирол учирсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь галд шатсан гэх эд хөрөнгүүд нэхэмжлэгч Ч.А-ийн өмчлөлийнх гэдэг нь баримтаар нотлогдоогүй байхад шаардах эрхтэй байна гэж дүгнэсэнд гомдолтой байна.

5.4. Энэхүү хэргийг сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 53 дугаар тогтоолоор гал тавьсан буруутай эзэн этгээд тодорхойгүй, энэ гэмт хэргийг хэн үйлдсэнийг нарийвчлан тогтоож ирүүлэхийг даалгаж хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, тогтоолоор гэм буруу нь тогтоогдоогүй эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримт, дүгнэлтүүдийг иргэний хэрэг шийдвэрлэхэд нотлох баримтын эх сурвалж болгон дүгнэх хууль зүйн үндэслэлгүй юм.

5.5. Ой, хээрийн түймэртэй үед замын байгууламжийг түймрээс хамгаалах арга хэмжээг хангалттай авч ажиллаагүй үндэслэлээр УБТЗ-ын даргын Б-2-64 тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсныг УБТЗ-ын ажилчид гал алдаж улмаар ажилтнууддаа арга хэмжээ авсан мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан.

6.1. Хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан бүх үндэслэлийг нотолсон нотлох баримт хэрэгт авагдсан. Өөрөөр хэлбэл, үзлэг хийсэн тэмдэглэл, гал түймрийн акт нь ой хээрийн түймрийн хохирлын акт гэсэн нэршлээр бичигдсэн. Мөн актын хавсралтуудыг бүгдийг нь хавсаргасан. Гэтэл хариуцагч тал нэр томьёоны зөрүүтэй байдлыг ашиглаж маргаж буй нь үндэслэлгүй. Мөн Цагдаагийн байгууллагын шалгасан материалууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтууд байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хөрөнгийн үнэлгээний төвөөр зохих дүгнэлтүүдийг гаргасан. Мөн хэрэгт хамааралтай шаардлагатай нотлох баримтыг цуглуулсан.

6.2. А дансны тухайд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2011, 2012 оны А дансны хуулгыг гаргуулах хүсэлт гаргасан. Үүний дагуу А дансны хуулга ирсэн. А дансны хуулга хэрэгт авагдаагүй бол эрүүгийн хэрэгт шалгагдаж байхад цуглуулсан 9 төрлийн нотлох баримт хэрэгт авагдсан. Гал түймрийн аюулд 70 тооны хонь, ямаа, ишиг, хурга шатсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Энэ нь 2,500,000 төгрөгийн хохирлын үнэлгээтэй. Цагдаагийн байгууллага, сумын тамгын газраас томилогдсон ажлын хэсэг, Б-, хохирогч нар галд өртсөн бүх малыг цуглуулж, устгасан, энэ талаарх баримтыг хэрэгт өгсөн.

6.3. Цурав тавих ажиллагаа 5 үе шаттай явагдсан, байгууллага зохион байгуулж, ажил үүргээ гүйцэтгэсний улмаас гэм хорын хохирол учирсан тул байгууллага хариуцах үндэслэлтэй. Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийг бүхэлд нь хянаж анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Ч.А- нь хариуцагч Б-д холбогдуулан гэм хорын хохиролд 13,603,000 төгрөг гаргуулах тухай тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. 2012 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэршанд багийн Хавирга төмөр замын өртөөний орчимд гарсан хээрийн түймрийн газарт 2012 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр “Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл”, Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах улсын байцаагчийн 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Хээрийн түймрийн шалтгаан нөхцөлийг шалгасан тухай танилцуулга”, Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах улсын байцаагч, Цагдаагийн газрын мөрдөн байцаагч, криминалистикийн шинжээч нарын 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан “Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэршанд баг Хавирга гэх газарт гарсан хээрийн түймрийн шалтгаан нөхцлийг шалгасан тухай танилцуулга”, галын шинжээчийн 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дүгнэлт, Галын шинжээчийн 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн нэмэлт дүгнэлт, Гамшгаас хамгаалах улсын хяналтын газрын бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 09 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг талуудын гаргасан тайлбартай харьцуулан дүгнэж Б-ын Баянтүмэн тасгийн ажилчид цурав тавьсан ба цуравнаас оч үсэрч гал үүсвэрлэн гарсан, уг хээрийн түймэрт нэхэмжлэгч Ч.А-ийн эд хөрөнгө шатсан хохирол учирсан талаарх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /1хх 42-51 дэх тал/. 

 “Б-”ын даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б-II-67 дугаар тушаалаар Хэрлэн-Хавирга зөрлөгийн хоорондын замд түймрээс хамгаалах зурвас газрын өвс шатаах ажлыг хангалтгүй зохион байгуулж, гал алдаж хариуцлагагүй ажилласан Баянтүмэн тасгийн ажилчдад сахилгын шийтгэл ногдуулсан нь хариуцагч байгууллага өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэхээр байна.

Иймд үйл баримтыг буруу тогтоосон гэх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

4. Хариуцагч байгууллагын ажилчдын гэм буруу тогтоогдсон тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад бусдад буюу Ч.А-эд хохирол учруулсан байх тул гэм хорын хариуцлагыг ажил олгогч хүлээх учиртай.

 

5. Нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохирлыг Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллага арилгах үүрэгтэй.  

Нэхэмжлэгчид 17.75*8.25 м хэмжээтэй шургааган хашаа, “Маяти” маркийн автомашин, 4 ханатай гэрийн мод, 5 ханатай гэрийн мод, эсгий гэр, аккумулятор, тогоо антен, 14 инчийн зурагт, Нокиа 6300 загварын гар утас, мөнгөн эмээл, мөнгөн бүс /эр, эм/, булган малгай, монетон бөгж, 2*3 м хэмжээтэй пин,,салхин сэнс, мотоциклийн рам, мотор, оёдлын машин, дээл /эрэгтэй, үйтэн хуар/, дээл /эрэгтэй, эмэгтэй кашмер/, дээл /торго/, эмэгтэй үйтэн хуар дээл, түрийтэй эрэгтэй, эмэгтэй гутал, ноолууран цамц ноолууран хослол, хонь 10 толгой, ямаа 10 толгой, хурга 30 толгой, ишиг 20 толгой, нийт 12,810,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө нь шатаж, “Маяти” маркийн автомашиныг засварлуулсны хөлсөд 800,000 төгрөг төлсөн буюу нийт 13,600,000 төгрөгийн хохирол учирсан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нь нотлох баримтад үндэслэгдсэн бөгөөд хуульд нийцжээ.

 

5.1. Нэхэмжлэгч Ч.А- нь 2011 оны жилийн эцсийн мал тооллогоор 662 мал тоолуулсан болох нь Дорнод аймгийн Чулуунхороот сумын Цагаанчулуут багийн засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 07-ны өдөр тодорхойлолтоор, хээрийн түймэрт шатсан 70 толгой малын сэг зэмийг булж устгасан нь Дорнод аймгийн Чулуунхороот сумын Цагаанчулуут багийн засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/54 дугаар захирамжаар тус тус тогтоогдож байна. Устгалд орсон малын тоо толгойг хонь 40, үүнээс хурга 30; ямаа 30, үүнээс ишиг 20, нийт 70 гэж тодорхойлжээ. Энэ талаар хариуцагч анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 10/44 тоот албан бичгээр тайлбар гаргах болон 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд дээр амаар тайлбар гаргахдаа маргаагүй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй “нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай малын А данс буюу нэхэмжлэгчийн 2011, 2012 оны мал тооллогын баримт”-ыг давж заалдах гомдолдоо заах эрхгүй юм. Иймд энэ баримт хэрэгт  авагдаагүй гэх агуулгаар гаргасан хариуцагч байгууллагын давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

 

5.2. Нэхэмжлэгчийн гэрийн гадна “Маяти” маркийн автомашин байсан ба уг автомашин нь галд өртсөн талаар баримт хэрэгт авагдсан байх ба хариуцагч байгууллага нь 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 10/44 тоот албан бичгээр тайлбар гаргахдаа энэ талаар маргаагүй, 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаан дээр маргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх байдал тогтоогдоогүй тул анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хэрэгт цугларсан баримтын хүрээнд хянан шийдвэрлэснийг буруу гэж дүгнэхээргүй байна.

 

6. Харин анхан шатны шүүх хариуцагч байгууллагаас гэм хорын хохиролд 13,603,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэхдээ гэм хорын хохирлыг гэм буруутай этгээд арилгах үүргийг зохицуулсан Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсныг давж заалдах шатны шүүхээс залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2023/00791 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “497 дугаар зүйлийн 497.1,” гэснийг хасаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,965 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ЭНЭБИШ

                                           

         ШҮҮГЧИД                                 Д.ЗОЛЗАЯА

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА