Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2019/ШЦТ/04

 

                                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

            Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгч: С.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С-гийн Г-д холбогдох 1812004880316 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Дугаар /С% Цэцэрлэг

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Архангай аймгийн ,, суманд төрсөн, эрэгтэй, ... настай, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Архангай аймгийн,,, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Сгийн Г /РД:.../ 

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч С.Г нь 2018 оны 09 дүгээр сарын 14-ний орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нефтун” баарны гадна иргэн Н.Эрдэнэтулгыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

 

Мөрдөн байцаалтын шатанд 1812004880316 дугаартай эрүүгийн хэргээс:                                   

 

Хохирогч Н.Э мэдүүлсэн: ...Би 2018 оны 09 дүгээр сарын 14-ний оройн 21 цагийн орчим өөрийн найз Г, М нарын хамт Нефтун бааранд орсон. Тэнд сууж байгаад манай найз М бид нар Нефтун бааранд сууж байна, хүрээд ир гэсэн чинь Г өөрийн найз Золоог дагуулж ирсэн. Тэгээд бид нар юм ууж, дэмий ярьж сууж байгаад Нефтун баарны тайзан дээр гарч бүжиглэж байгаад би Гийн өмднөөс татаад хоёулаа хамт бүжиглэе гэсэн чинь Г эргэж хараад миний нүүр рүү мөргөсөн. Тэгэхээр нь би түүнийг чи яаж байгаа юм гээд Нефтун баарнаас гарсан. Гадаа гарч ирээд бид хоёр маргалдаж, би Гийг хавирч унагаагаад дээрээс нь нэг цохиод, дээрээс нь дараад сууж байсан чинь Г чи миний найзыг зоддог хэн бэ гээд намайг татаж босгож ирээд хавирч унагаагаад миний дээрээс дэвсээд малгайнаас татаж чирч яваад Нарангийн хажуу талын хашааны хашлаганы тэнд аваачаад миний дээрээс өшиглөсөн. Тэгээд босч ирсэн чинь намайг хавирч унагаасан. Би унахдаа хашлаганы завсар хөлөө хийгээд уначихсан юм. Би Гд найзынх нь хөл хашлаганы завсар орчихлоо, хөлөө аваадахъя гэсэн чинь миний хөлөн дээр дэвссэн. Тэгээд би хашлаганы завсраас хөлөө гаргаад босох гэсэн чинь алхаж чадахгүй байсан. Тэгэхээр нь Гг намайг Нефтун баарны тэнд аваачаад өгөөч гэсэн чинь миний хойноос өшиглөөд бос юун сүртэй юм гээд байсан. Тэгээд байж байтал М, Г хоёр гарч ирсэн. М цагдаад дуудлага өгсөн. Би Нефтун бааранд бүжиглэж байгаад Гийн өмднөөс нь татсан чинь Г эргэж хараад миний нүүр рүү мөргөсөн юм. Үүнээс болж бид нар маргалдаж муудалцсан юм. Бид нар архи уугаагүй, хүний хоёр, хоёр пиво уусан. Миний баруун хөл шилбэ хэсгээр хугарсан, өөр надад гэмтэл учраагүй. Г миний толгой хэсэг газар руу гараараа нилээн хэдэн удаа цохисон. Мөн намайг унагаж байгаад миний дээрээс хөлөөрөө дэвсэж миний хөлөн дээр дэвссэн. Миний хөлний эмчилгээнд гарсан зардлыг төлөөд намайг хохиролгүй болгочихвол надад гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 07-09 хуу/

 

Хохирогч Н.Э дахин мэдүүлсэн: ...Би Нефтун баарны гадаа ертөнцийн зүгээр баруун талд маргалдаж байгаа салсан. Тэгээд “Наран” баарны тэнд явж байгаад “Наран” баарны хашлага давах гэж байхад Г миний өмсөж явсан малгайтай цамцны малгайнаас татаж арагшаа унахад миний хөл хашлаганы завсраар ороод унасан юм. Тэгээд Гд миний хөл хашлаганы завсраар орчихлоо гэхэд миний хөлөн дээрээс дэвссэн юм. ...Яг тухайн үед үзэж харсан хүн байхгүй. Г бид хоёр хамт байсан юм. Сүүлд нь Г ирсэн. Би гомдолтой байна, миний хохирол, төлбөрийг барагдуулбал гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 хуу/

 

Хохирогч Н.Э дахин мэдүүлсэн: ...Миний урьд өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Урьд өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Г намайг газар унагааж, миний баруун хөл дээр дэвсэж, миний хөлийг хугалж миний биед хүндэвтэр гэмтэл учруулсан. Одоо миний хөл эдгэж зүгээр хэвийн болсон байгаа. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би Г хохирол төлбөр эмчилгээний зардал гэж 300.000 төгрөг бэлнээр авсан. Бид сайн дураараа эвлэрсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/

 

Гэрч А.Гийн мэдүүлсэн: ...2018 оны 09 дүгээр сарын 14-ний орой өөрийн найз Э, М, бид гурав Нефтун бааранд орсон. Тэгээд Нефтун бааранд хүний гурав гурван пиво уусан. Тэгээд би Нефтун баарны тайзан дээр гарч бүжиглэж байсан. Тэгтэл миний өмднөөс Э татсан. Тэгэхээр нь би яаж байна гээд арагшаа хараад Эрдэнэтулгыг мөргөсөн. Э намайг авч гараад юм яриад зогсож байснаа намайг мөргөсөн, тэгээд би газар унасан чинь Э миний дээрээс дарчихсан хэвтэж байсан. Тэгтэл хажуу талаас Г орж ирээд Эрдэнэтулгыг татаж авсан бөгөөд би босох гэсэн чинь босч чадахгүй байсан. Тэгээд хэсэг хэвтэж байгаад бостол Э миний куртикийг аваад гараад ирээч гээд Нефтун баар руу оруулсан. Намайг гараад иртэл Э миний хөл хугарчихлаа гээд газарт хэвтэж байсан. Э миний хөл хугарчихлаа, чамд гар утас байна уу, цагдаа дуудах гэсэн юм гэж асуусан. Тэр үед надад гар утас байхгүй байсан. Тэгээд бид хоёрыг байж байтал М гарч ирээд М гар утсаар цагдаад дуудлага өгсөн. Бид гурав хүний гурав гурван пиво уусан. Тэгээд дараа нь дахиад нэг, нэг пиво авч уусан. Намайг бүжиглэж байсан чинь Э намайг өмднөөс татсан юм. Тэгээд би эргэж хараад яаж байна гээд Эрдэнэтулгыг мөргөсөн юм. Тэрнээс болоод бид хоёр маргалдсан. Нефтун баарнаас гараад Э бид хоёр юм ярьж байсан чинь Э намайг мөргөөд би газар унасан. Нэг хартал Э миний дээр гарсан байсан. Тэгтэл хажуу талаас Г орж ирээд Эрдэнэтулгыг миний дээрээс татаж авсан бөгөөд цаашаа юу болсон талаар би мэдэхгүй байна. Миний толгой эргээд босч чадахгүй байсан. Э, Г нарыг маргалдсаныг би хараагүй. Э надад Г миний хөлийг хугалчихлаа гэж хэлсэн. Би өөрийн нүдээр хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/

 

Гэрч А.Гийн дахин мэдүүлсэн: ...Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Намайг очиход “Наран” буудлын хашааны хашлаганы завсар хөл нь орчихсон, миний хөл хугарчихлаа гээд сууж байсан. Намайг тухайн үед очиход бүх зүйл болоод өнгөрсөн байсан. Би тухайн үед хажууд нь байгаагүй. Нефтун бааранд орчихоод гараад ирсэн чинь Э миний хөлөн дээр Г дэвсээд хугалчихлаа гээд орилоод сууж байсан. Тухайн үед хашлаганы хажууд Э ганцаараа хэвтэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуу/

Гэрч О.М мэдүүлсэн: ...2018 оны 09 дүгээр сарын 14-ний орой 23 цагийн орчим Э, Г, бид гурав Нефтун бааранд ороод нэг хүний 2 пиво уусан. Тэгээд Нефтун баарны тайзан дээр гарч бүжиглэж байсан. Нэг харсан чинь Г, Э хоёр гараад явсан байсан. Тэгээд 30 орчим минутын дараа Г гаднаас орж ирсэн. Орж ирчихээд надад Э бид хоёр хоорондоо зодолдоод гэж ярьсан. Г бид хоёр Нефтун баарнаас хамт гарсан. Гоос Эрдэнэтулгыг хаана байна гэж асуухад Э намайг дуудсан бөгөөд очтол Э хөлөө даахгүй хэвтэж байсан. Яасан гэтэл Гийн найз намайг зодчихлоо гээд сууж байсан. Хэн чамайг зодсон юм гэж асуухад зодсон хүн нь хажууд зогсож байсан. Тэгээд Эрдэнэтулгыг зүгээр бос гээд өшиглөөд байсан. Би болиоч гэтэл над руу Г дайрсан. Тэгэхээр нь цагдаад дуудлага өгсөн. Бид гурав нэг хүний хоёр пиво уусан. Би тэгээд авсан пивоноос нэгийг уусан. Э, Г нар ямар шалтгааны улмаас маргалдсан талаар мэдэхгүй. Эрдэнэтулгыг өөр хүнтэй маргалдсан талаар хараагүй. Э, Г нарыг маргалдсан талаар хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 хуу/

 

Гэрч Г.Ггийн мэдүүлсэн: ...2018 оны 09 дүгээр сарын 14-ний орой 20 цагийн орчим гэрээсээ би гарсан. Тэгээд талбай дээр юм үзэж байгаад өдөр караокед сууж байтал М, Э, Г нартай танилцсан. Тэгээд хоёр найзтайгаа таараад бид хэд долуулаа цуг Нефтун бааранд орсон. Тэнд ороод юм ууж суунгаа дэмий ярьж байгаад бид хэд талбай дээр гарч бүжиглэж байсан. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй. Намайг талбай дээр бүжиглэж байхад Г Эд зодуулчихлаа гээд уйлаад ороод ирсэн. Тэгээд би Нефтун баарнаас гараад очтол Э гэмтсэн гээд сууж байсан. Тэгээд би яасан бэ гээд яваад очтол зодуулчихлаа, Гтой маргалдаж байтал Гийн найз нь ирээд зодсон гэж байсан. Тэгээд цагдаа ирээд бид нарыг аваад явсан. Г, Э нарыг маргалдаж байхыг би хараагүй. Манай сургуулийн эгч нар байхаар нь би тэд нар дээр очоод дэмий яриад сууж байсан. Тэгээд сургуулийн эгч нартай хамт байхад Г нь Эд зодуулчихлаа гээд уйлчихсан орж ирсэн. Би тэгээд Нефтун баарнаас гараад очтол Э зодуулсан гээд сууж байхаар нь хэнд зодуулчихав гэсэн чинь Гийн найз Г намайг зодсон гэж надад хэлсэн. Би Г, Э, Г нарыг маргалдаж байхыг хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 хуу/

 

Яллагдагч С.Ггийн мэдүүлсэн: ...2018 оны 09 дүгээр сарын 14-ний орой би өөрийн найз нарын хамтаар Нефтун бааранд орсон. Тэгээд бааранд ороод бид нар пиво уусан. Тэгээд байж байгаад би баарны гадаа гартал гадаа Гтой таарсан. Тэгээд гар бариад салсан. Би эргэж бааранд ороод сууж байтал Г гаднаас орж ирээд гадаа найзыг нь зодоод байна гэхээр нь би хэсэг хугацааны дараа Гийн араас гартал Нефтун баарны гадаах үүдэн дээр Э гэх залуу Гийн дээр нь гараад ирчихсэн зодож байсан. Тэгэхээр нь би Гийг өмөөрөөд Э-ыг татаж босгож ирээд нэг удаа гараараа хацар руу нь алгадаж, хөлөөрөө түүний хөлийг нь хавирч газар унагаасан. Тэр үед гадаа байсан хүмүүс салгасан бөгөөд удалгүй цагдаа нар ирээд намайг цагдаа дээр дагуулж ирсэн. Н.Э биед учирсан хүндэвтэр зэргийн гэмтлийг би учруулсан. Би бааранд орохоос өмнө дөрвүүлээ 2 том пиво уусан байсан. Тэгээд бааранд ороод нэг шил пиво уусан бөгөөд бага зэрэг л согтсон байсан. Э нилээд согтсон байсан. Э бид хоёрын хооронд өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Тухайн үед гадаа Э, Г, бид гурав л байсан. Би Эд учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 52-54 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 440 тоот шинжээчийн дүгнэлт:

Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Н.Э биед дараах гэмтэл учирчээ. 2. Н.Э биед баруун шагайн гадна хавчаар ясны ташуу хугарал, баруун тохойнд жижиг зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 4. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар баруун шагайн гадна хавчаар ясны хугарал нь биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун тохойн зулгаралт нь 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 31 хуу/ 

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 55-56 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 59 хуу/ 

Хохирогчийн хүсэлт /хх-ийн 62 хуу/ зэрэг болно. 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон 2018 оны 09 дүгээр сарын 14-ний орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нефтун” баарны гадна иргэн Н.Э эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч С.Г нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2018 оны 09 дүгээр сарын 14-ний орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нефтун” баарны гадна иргэн Н.Эрдэнэтулгыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: хохирогч Н.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Гадаа гарч ирээд бид хоёр маргалдаж, би Гийг хавирч унагаагаад дээрээс нь нэг цохиод, дараад сууж байсан чинь Г чи миний найзыг зоддог хэн бэ гээд намайг татаж босгож ирээд хавирч унагаагаад миний дээрээс дэвсээд малгайнаас татаж чирч яваад Нарангийн хажуу талын хашааны хашлаганы тэнд аваачаад миний дээрээс өшиглөсөн. Тэгээд босч ирсэн чинь намайг хавирч унагаасан. Би унахдаа хашлаганы завсар хөлөө хийгээд уначихсан юм. Би Гд найзынх нь хөл хашлаганы завсар орчихлоо, хөлөө аваадахъя гэсэн чинь миний хөлөн дээр дэвссэн. Тэгээд би хашлаганы завсраас хөлөө гаргаад босох гэсэн чинь алхаж чадахгүй байсан. Тэгэхээр нь Гг намайг Нефтун баарны тэнд аваачаад өгөөч гэсэн чинь миний хойноос өшиглөөд бос юун сүртэй юм гээд байсан. Миний баруун хөл шилбэ хэсгээр хугарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 07-09/, хохирогч Н.Э мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн “Наран” баарны тэнд явж байгаад “Наран” баарны хашлага давах гэж байхад Г миний өмсөж явсан малгайтай цамцны малгайнаас татаж арагшаа унахад миний хөл хашлаганы завсраар ороод унасан юм. Тэгээд Гд миний хөл хашлаганы завсраар орчихлоо гэхэд миний хөлөн дээрээс дэвссэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12/, хохирогч Н.Э мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн “Г намайг газар унагааж, миний баруун хөл дээр дэвсэж, миний хөлийг хугалж миний биед хүндэвтэр гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/, гэрч А.Гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Тэгтэл хажуу талаас Г орж ирээд Эрдэнэтулгыг татаж авсан бөгөөд би босох гэсэн чинь босч чадахгүй байсан. Намайг гараад иртэл Э миний хөл хугарчихлаа гээд газарт хэвтэж байсан. Э надад Г миний хөлийг хугалчихлаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/, гэрч А.Гийн мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн “Намайг очиход “Наран” буудлын хашааны хашлаганы завсар хөл нь орчихсон, миний хөл хугарчихлаа гээд сууж байсан. Нефтун бааранд орчихоод гараад ирсэн чинь Э миний хөлөн дээр Г дэвсээд хугалчихлаа гээд орилоод сууж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/, гэрч О.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Гоос Эрдэнэтулгыг хаана байна гэж асуухад Э намайг дуудсан бөгөөд очтол Э хөлөө даахгүй хэвтэж байсан. Яасан бэ гэтэл Гийн найз намайг зодчихлоо гээд сууж байсан. Хэн чамайг зодсон юм гэж асуухад зодсон хүн нь хажууд зогсож байсан. Тэгээд Эрдэнэтулгыг зүгээр бос гээд өшиглөөд байсан. Би болиоч гэтэл над руу Г дайрсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/, гэрч Г.Ггийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Би тэгээд Нефтун баарнаас гараад очтол Э зодуулсан гээд сууж байхаар нь хэнд зодуулчихав гэсэн чинь Гийн найз Г намайг зодсон гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/, С.Ггийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “би Гийг өмөөрөөд Эрдэнэтулгыг татаж босгож ирээд нэг удаа гараараа хацар руу нь алгадаж, хөлөөрөө түүний хөлийг нь хавирч газар унагаасан. Н.Э биед учирсан хүндэвтэр зэргийн гэмтлийг би учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 52-54/, хохирогч Н.Э биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 440 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.  

  

Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байх бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул тэдгээр нотлох баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамааралтай гэж үзэв. 

 

            Иймд шүүгдэгч Б овогт Сгийн Гг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх, шүүгдэгч С.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

            Шүүгдэгч С.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Сгийн Гг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гд оногдуулсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш сард 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр тооцож 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч С.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Гд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Р.АЛТАНЦЭЦЭГ