Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2023/00871

 

С- ХХК, С.Э- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2023/00409 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С- ХХК, С.Э- нарын хариуцагч Е- ХХК, Н.Н- нарт холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд нийт 10,575,590 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: С- ХХК-ийн төлөөлөгч Н.Г, түүний өмгөөлөгч Л.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: С- ХХК-ийн эзэмшлийн тоёота раш маркийн - УНЕ дугаартай автомашиныг Сүхбаатар дүүргийн 4 хорооны нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож явахад 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр өглөөний 07 цаг 40 минутад тоёота ками маркийн - УНХ дугаартай автомашинд мөргүүлж, С.Э-ын эрүүл мэнд болон автомашинд хохирол учирсан. Сүхбаатар дүүргийн замын цагдаагаас Н.Н-гийн буруутай үйлдлээс осол гарсан болохыг тогтоогдож, С- ХХК-ийн эзэмшлийн автомашиныг үзлэг оношлогоо, машинд учирсан хохирлын үнэлгээг Ашид билгүүн үнэлгээний компани 5,169,000 төгрөгөөр гаргасан. Гэтэл энэхүү үнэлгээгээр тухайн машиныг засаж хуучин хэвэнд оруулах боломжгүй байсан тул шүүхийн шатанд шүүгчийн захирамжаар дахин шинжээч томилж Гэрэгэ эстимэйт ХХК 5,070,000 төгрөгийн үнэлгээ гаргасан. Гэвч осол гаргасан жолооч, машины эзэмшигч компаниас хохирол барагдуулах талаар ямар ч арга хэмжээ аваагүй, мөн шүүх удаа дараа нэхэмжлэлийг буцааж маш их цаг хугацаа алдагдсан тул засварлах зардалд 6,500,000 төгрөг гарган засуулсан. Энэхүү ослын улмаас С.Э-ын биеийн эрүүл мэндэд эмчилгээ хийгдэж 1,726,990 төгрөг зарцуулсан. С.Э-ын эмчилгээний төлбөрийг С.Э- болон түүний эхнэр Г.Бархасжавын данснаас тухай бүрэн нь гарган эмчилгээ хийлгэсэн. Осол гарсан өдөр Тоёота раш маркийн - УНЕ дугаартай автомашиныг тээвэрлэлтийн машинаар чирж замын цагдаагийн харьяа журмын хашаанд тавьсан, ямар ч ашиглах, замын хөдөлгөөнд оролцох боломжгүй болж өдөр бүр журмын хашааны төлбөр нэмэгдэж, ослын улмаас учирсан хохирол дээр маш их нэмэгдэл зардал гарч давхар давхар хохирсоор байна. Уг машины зах зээлийн үнэ 45,000,000 төгрөг бөгөөд ямар ч сэвгүй машин байсан тул элэгдэл хорогдлыг тооцоод 31,000,000 төгрөгөөр үнэлж байна. Ослын хэрэг шалгагдаж байх үед цагдаагийн шатанд Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн төлбөрт 265,000 төгрөг, Гэрэгэ эстимэйт ХХК-ийн шинжээчийн төлбөрт 183,600 төгрөг, осолд орж эвдэрсэн машиныг цагдаагийн журмын хашаанд тээвэрлэх хөлс 160,000 төгрөг, хашааны төлбөрт 1,310,000 төгрөг төлсөн, машинд 150,000 төгрөгөөр зүүн хойд хаалга, 280,000 төгрөгөөр урьд шил авч тавиулсан. Нийт 2,348,600 төгрөгийн нэмэгдэл зардал гарсан. Энэхүү зардал дээр машины эвдрэл гэмтлийг засварлуулахад гарсан 6,500,000 төгрөгийг нэмээд 8,848,600 төгрөгөөр машинаа бүрэн бүтэн болгосон. Мөн С.Э-ын эмчилгээ хийлгэхэд 1,726,990 төгрөг зарцуулсан. Нэхэмжлэлийн нийт үнийн дүн 10,575,590 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжилж байна гэжээ.

 

2.Хариуцагч Н.Н-гийн тайлбар, татгалзлын агуулга: Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1, 229 зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь зөвхөн ослоос үүдэн гарсан бодит хохирол, түүнийг засахад гарсан зардал зэргийг шаардах эрхтэй. Тус машины хаалга солих, урд шил солих, зардлууд авто машин техникийн эвдрэл хохирол үнэлгээний тайланд тусгасан байгаа болно. Түүнчлэн тухайн үед буюу зөрчил шалган шийдвэрлэх явцад зөрчилд оногдуулсан шийдвэрт зөвхөн автомашинд л хохирол учирсан болохыг тогтоосон болохоос биш жолооч С.Э-ын биед ямар нэгэн гэмтэл хохирол учирсан асуудал байгаагүй ба хэрэв тухайн үед биед нь хохирол учирсан бол уг авто тээврийн ослыг зөрчлийн хэргээр бус эрүүгийн хэргээр шийдвэрлэх байв. Иймд эмчилгээний зардал гэх 1,726,990 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 5,169,000 төгрөгийг даатгалын байгууллагаар гаргуулан С.Э-ыг хохиролгүй болгоно гэжээ.

 

3.Хариуцагч Е- ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: Осол гаргасан гэх - УНХ улсын дугаартай автомашиныг Н.Н- гэх хүн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн зээл болон барьцааны гэрээний дагуу зээлдэгч унаж явах нөхцөлтэйгөөр барьцаалж 500,000 төгрөг зээлсэн. Зээлдэгч Н.Н- нь зээлээ бүрэн хааж, өмчлөх эрхээ шилжүүлж авсан байна. Тиймээс дээрх тээврийн хэрэгслийн эзэмшигч мөн осол гаргасан, шүүхэд хариуцагчаар оролцвол зохих этгээд нь Н.Н- байна. С- ХХК-ийн машин болон Е- ХХК-ийн хооронд ямар нэгэн үйлдэл гаргаж, хохирол учруулсан шалтгаант холбоо тогтоогдохгүй байгаа учир манай тал хариуцах боломжгүй юм. Манай байгууллагыг хариуцагч биш гэж нэхэмжлэгч тал шүүх хуралдаан дээр хэлж байна. Нэхэмжлэлд дурдсан хэргийн хариуцвал зохих этгээд нь манай компани биш Н.Намнасүрэн гэх иргэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэжээ.

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Н-гээс 195,000 /нэг зуун ерэн таван мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Э-ад, 7,425,000 /долоон сая дөрвөн зуун хорин таван мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С- ХХК-д тус тус олгож, С.Э-ын нэхэмжлэлээс 1,531,990 төгрөг, С- ХХК-ийн нэхэмжлэлээс 1,423,600 төгрөгт холбогдох хэсгийг болон хариуцагч Е- ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 185,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Н-гээс 6,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Э-ад, 133,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С- ХХК-д тус тус олгуулахаар шийдвэрлэжээ.

 

6.Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх хэрэгт авагдсан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Хэрэгт нэхэмжлэгч С.Э- нь ажил хөдөлмөр хийж, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан баримт, өөрийн болон эхнэрийн харилцах данснаас эмчилгээнд мөнгө төгрөг зарцуулж байсан хуулга зэрэг нотлох баримтууд авагдсан бөгөөд хариуцагч тухайн баримтуудыг үгүйсгээгүй маргаагүй байхад шүүх тухайн баримтуудыг ямар үндэслэлээр хэрхэн үгүйсгэсэн талаарх дүгнэлтийнхээ хууль зүйн үндэслэлийг шийдвэртэй заагаагүй өөрөөр хэлбэл шүүх эрүүл мэнд хохирч түүнээс үүдэн гарсан цалин хөлсний 1,531,990 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй гэх дүгнэлт нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 5051 дэх заалтын шаардлагыг хангаагүй, С.Э-ын эрх ашиг сонирхлыг илтэд зөрчсөн.

 

6.а.Нэхэмжлэгч С- ХХК-ийн эзэмшлийн - УНЕ улсын дугаартай автомашин хариуцагч Н.Н-гийн гэм буруутай үйлдлийн улмаас эвдэрч гэмтэн замын хөдөлгөөнд оролцож ажил төрөлд ашиглах боломжгүй болсон тул цагдаагийн байгууллага журмын хашаанд тавиулсан. Шүүх Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэж журмын хашааны төлбөрт тушаасан төлбөрийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний ноцтой алдаа болсон. Хариуцагч Н.Н- нь ямар ч хохирол барагдуулаагүй байхад шүүх зөрчил гаргагч Н.Н-гийн үйлдлийг 14 хоног шалгаж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна гэх хууль бус дүгнэлтийг хийсэн. Шүүх нэхэмжлэгч тал нотлох үүргийнхээ дагуу шинжээчийн дүгнэлтэд Гэрэгэ Эстимэйт ХХК-д 183,500 төгрөг төлсөн нь нотлогдож байна гэж дүгнэсэн атлаа хариуцагч Н.Н-гээс гаргуулах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар үгүйсгэгдэж байна Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хэрэгсэхгүй болгосон С.Э-ын цалин хөлс 1,531,990 төгрөг, журмын хашааны төлбөр 1,240,000 төгрөг, Гэрэгэ Эстимэйт ХХК-д төлсөн 183,500 төгрөг нийт 2,955,490 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

7.Хариуцагч тал давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

8.Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүх Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасны дагуу бодит хохирлыг тогтоолгүйгээр хариуцагчаас гаргуулан шийдвэрлэсэн нь дараах байдлаар үндэслэлгүй байна. Гэрэгэ Эстимэйт ХХК нь машиныг засварлах үнэлгээг 5,070,000 төгрөг гэж тооцоолсон. Тус үнэлгээнд хаалганы засвар 350,000 төгрөг, салхины шил 300,000 төгрөгөөр тооцон солиулахаар тусган оруулж тооцоолсон байдаг. Нэхэмжлэгч тухайн үнэлгээний үнийн дүнгийн талаар маргаагүй. Мөн дахин шинжээч томилуулах тухай ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан байдаг. Тухайн машиныг засварлах үнэ төлбөрийг тухайн засварын газрын үйлчилгээ, стандарт, орчин, брэндээсээ хамаарч зах зээлд тодорхойлох боломжгүй харилцан адилгүй, харьцангуй үнээр засварлуулах боломжтой. Энэ нь зөвхөн сонирхогч этгээд буюу засвар хийлгэх хүний сайн дурын хүсэл зориг, шийдвэрээс хамааралтай байдлаар маш өндөр үнийн дүнтэй, эсвэл тухайн зах зээлийн үнэлгээнээс доогуур үнийн дүнгээр ч засварлуулах боломжтой. Гэтэл шүүхээс нэхэмжлэгч талын сайн дураар, өөрийн сонгосон авто засварын газарт засварлуулсан үнээр буюу засварт 6,500,000 төгрөг, хаалга 150,000 төгрөг, салхины шил 280,000 төгрөг, нийт 6,930,000 төгрөгөөр хохирлыг тооцож байгаа нь хуульд нийцээгүй. Иймд анхан шатны шуухийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас автомашин засварласан үнийн дүнг 6,930,000 төгрөг гэж тогтоосоныг Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасны дагуу бодит хохирол шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлт болох 5,070,000 төгрөгөөр тооцон 1,860,000 төгрөгөөр багасгаж тогтоолгох, С- ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг 7,425,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг 5,565,000 төгрөг болгон багасгаж өгнө үү гэжээ.

 

9.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагч тал тухайн үед үнэлгээний талаар маргаагүй, мөн шүүхийн шатанд маргаагүй бөгөөд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд хариуцагч Н.Н-гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх зохигчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад нэхэмжлэгч талын гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч С- ХХК, С.Э- нар нь хариуцагч Е- ХХК, Н.Н- нарт холбогдуулан гэм хорын хохиролд нэхэмжлэгч С.Э- нь 1,726,990 төгрөг, нэхэмжлэгч С- ХХК нь 8,848,600 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад хариуцагч Е- ХХК-аас татгалзсан байна.

 

3.Хариуцагч Н.Н- нь 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өглөө 07 цаг 40 минутын үед Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, циркийн уулзварт - УНХ улсын дугаартай, тоёота ками маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.4 дэх заалтыг зөрчин, нэхэмжлэгч С.Э-ын жолоодож явсан, С- ХХК-ийн өмчлөлийн - УНЕ улсын дугаартай тоёота раш маркийн автомашиныг мөргөн, зам тээврийн осол гаргасан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

3.а.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй тул хариуцагч Н.Н- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс бусдын эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэг хүлээнэ

 

3.б.Нэхэмжлэгч С.Э- нь эмчилгээний зардалд 195,000 төгрөг, цалин, 1,531,990, нийт 1,726,990 төгрөг нэхэмжилсэн ба осол гарсантай холбоотойгоор эмчийн үзлэгийн төлбөрт нийт 195,000 төгрөг төлсөн болох нь Люкс центр ХХК-ийн төлбөрийн баримтаар тогтоогдсон байх тул хариуцагч Н.Н-гээс 195,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Э-ад олгуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй. /хх-ийн 34-37-р тал/

3.в.Харин цалин 1,531,990 төгрөг гаргуулах шаардлагын тухайд нэхэмжлэгч С.Э- нь осол болсонтой холбоотойгоор ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, дээрх осол нь нэхэмжлэгч С.Э-ын хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлсөн болохыг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр, осол гэмтлийн улмаас эмнэлгийн чөлөө олгосон эмчийн магадлагаа, чөлөөний хуудас хэрэгт авагдаагүй байна.

3.г.Нэхэмжлэгч С.Э-ын С- ХХК-д ажилладаг болохыг тодорхойлсон тодорхойлолт, түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн баримт зэрэг нь дээрх үйл баримтыг нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан хамаарал бүхий эргэлзээгүй баримт гэж үзэх боломжгүй байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгч С.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

4.Нэхэмжлэгч С- ХХК нь Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн төлбөрт 265,000 төгрөг, Гэрэгэ эстимэйт ХХК-ийн шинжээчийн төлбөрт 183,600 төгрөг, автомашиныг журмын хашаа руу тээвэрлэсэн хөлс 160,000 төгрөг, журмын хашааны төлбөр 1,310,000 төгрөг, хаалга 150,000 төгрөг, урд шил 280,000 төгрөг, автомашины эвдрэл гэмтлийг засварлуулахад 6,500,000 нийт 8,848,600 төгрөгийг хариуцагч Н.Н-гээс нэхэмжилсэн.

4.а.Анхан шатны шүүх дээрх төлбөрүүдээс Гэрэгэ эстимэйт ХХК-ийн шинжээчийн төлбөр 183,600 төгрөг, журмын хашааны төлбөрөөс 1,240,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагчийн хууль бус үйлдэл буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийн улмаас нэхэмжлэгч С- ХХК-ийн өмчлөлийн автомашинд эвдрэл, гэмтэл гарсан нь шалтгаант холбоотой байх тул дээрх шинжээчийн ажлын хөлс 183,600 төгрөг болон журмын хашааны төлбөр 1,240,000 төгрөгт холбогдох хэсгийг нэмж хангах нь зүйтэй гэж үзэв. Нэхэмжлэгч С- ХХК нь нэхэмжлэлээр шаардсан нийт 8,848,600 төгрөгийн шаардлагыг хэргийн 41-49 дүгээр тал дахь төлбөрийн баримтуудаар нотлосон байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгч С- ХХК-ийн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч Н.Н-гээс 8,848,600 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С- ХХК-д олгох нь зүйтэй.

4.б.Хариуцагч Н.Н-гийн өмгөөлөгч нь Гэрэгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээний дагуу хохирлыг төлнө гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 229.2 дахь хэсэгт зааснаар үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй ба гэм хорын хэмжээг тодорхойлохдоо гэм хор учирсан нөхцөл байдлыг харгалзан үзэхээр заасан. Хариуцагчийн хувьд нэхэмжлэгч талаас гаргасан төлбөрийн баримтуудыг үндэслэл бүхий баримтаар няцааж чадаагүй тул бодит хохирлыг гаргуулж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр дээрх хуульд нийцжээ.

5.Иргэдийн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэх дүгнэлтийг давж заалдах шатны шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзсэн болно.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2023/00409 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ... 7,425,000 /долоон сая дөрвөн зуун хорин таван мянга/ төгрөгийг гэснийг 8,848,600 /найман сая найман зуун дөчин найман мянга зургаан зуун/ төгрөгийг гэж, ... төгрөг, С- ХХК-ийн нэхэмжлэлээс 1,423,600 ... гэснийг хасаж,

2 дахь заалтын ... 133,750 төгрөгийг ... гэснийг 156,528 төгрөгийг гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Н.Н-гээс төлсөн 44,710 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч С- ХХК-аас төлсөн 62,238 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Г.ДАВААДОРЖ