Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2023/00873

 

Б.О-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2023/00866 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.О-ийн хариуцагч Ц.Б-эд холбогдуулан гаргасан хувийн сууц болон газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хохиролд 1,400,000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О-, хариуцагч Ц.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2021/03096 дугаар шийдвэрээр Сонгинохайрхан дүүрэг, 39 дүгээр хороо, Хангайн 38 дугаар гудамж, 07 тоот хаягт байрлах, 94 м.кв талбайтай, хувийн сууц, мөн хаягт байрлах 689 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн болохыг тогтоон хариуцагч Ц.Б-ийн өмчлөлд үлдээж, 30,999,900 төгрөгийг хариуцагч Ц.Б-ээс гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 10,333,300 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тус үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг худалдах, худалдан авах гэрээгээр охин бид хоёрын нэр дээр шилжүүлсэн. Гэвч Ц.Б- нь одоог хүртэл бидний эзэмшлийг хашаа, байшинг суллаж өгөхгүй, хэл амаар доромжилж, амь насанд заналхийлж байгаа тул түүний эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү. Мөн Ц.Б- нь хашаа, байшин чөлөөлж өгөөгүйн улмаас Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 11 дүгээр байр, 19 тоот хаягт сүүлийн 4 сар байр түрээсэлж амьдарсан бөгөөд Ц.Б- нь түрээсийн төлбөрийг төлнө гэсэн боловч өгөөгүй. Түрээсийн төлбөрт сарын 350,000 төгрөг төлдөг. Иймд 4 сарын түрээсийн төлбөр 1,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хашаа, байшинг суллаж өгөхгүй, охин Б.Ц-ийг 16 насанд хүрэхээр нь өгнө. Охиныг 18 нас хүртэл нь захиран зарцуулах эрхийг нь хэвээр үлдээх хүсэлтэй байна. Нэхэмжлэгч намайг худлаа гүтгэж байна. Энэ талаар асуудлыг шүүх шийдвэрлэсэн байдаг. Одоо би охиныхоо сургууль, хэрэгцээтэй зүйлсийг өгч, тусалж байгаа. Нэхэмжлэгчид би боломжтой үедээ түрээсийн төлбөрт нь тусалъя гэж байсан ч ойрын хугацаанд мөнгөний боломжгүй байсан учраас түрээсийг өгч чадаагүй. Одоо миний бие ажилгүй байгаа тул түрээсийн төлбөрийг төлж чадахгүй гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 495 дугаар зүйлийн 495.1-д зааснаар Ц.Б-ийн эзэмшлээс улсын бүртгэлийн Г-2201043691 дугаар бүхий Сонгинохайрхан дүүрэг, 39 дүгээр хороо, Хангайн 38 дугаар гудамж, 07 тоот хаягт байрлах, 689 м.квадрат талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, тус хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2201049416 дугаар бүхий 94 м.квадрат талбайтай, хувийн сууцыг тус тус чөлөөлж, мөн 1,400,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.О-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 107,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 107,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Иргэн Цэгмэд овогтой Буяннэмэх би Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэрийг эс зөвшөөрч доорх давж заалдах гомдлыг гаргаж байна. Одоо амьдарч буй гэх байрны түрээс тодорхой бус тохиролцоогүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд Буяннэмэхийн Цэлмэгийг 18 нас хүртэл эд хөрөнгө болох хашаа байшинг эцэг, эх болох хэн ч захиран зарцуулахгүй байх нөхцөлтэйгээр тохиролцсон шийдвэрийг нэхэмжлэгчийн үгээр шийдвэр гаргасан тул зөвшөөрөхгүй байна гэжээ.

5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хашаа, байшингийн гэрчилгээ 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гарсан. Ц.Б- тухайн үед хашаа, байшингаа та хоёр ав, би хувцсаа аваад гарна гэж хэлж намайг хуурсан. Би охиноо 18 нас хүртэл нь хашаа, байшинг захиран зарцуулахгүй байхаар Ц.Б-тэй тохиролцож хашаа, байшингаа шилжүүлж авсан. Ц.Б-ээс хашаа, байшингаас хэзээ гарах талаар асуухад түрээсэлж байгаа орон сууцандаа дулаан орох хүртэл амьдарч бай, би түрээсийн төлбөрийг өгье, хавар 4-5 дугаар сард намайг хашаа, байшингаас гарахаар та хоёр ороорой гэж хэлсэн. Гэтэл Ц.Б- нь одоог хүртэл хашаа, байшингаас гараагүй ба хүүхдээ 16 нас хүртэл амьдарна гэдэг. Би хашаа, байшиндаа амьдармаар байна. Учир нь би ажлын байрны түрээсийн төлбөр төлдөг тул орон сууцны түрээс нэмж төлөх боломжгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч Б.О- нь хариуцагч Ц.Б-эд холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг, 39 дүгээр хороо, Хангайн 38 дугаар гудамж, 07 тоот хаягт байрлах, 94 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 689 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хохиролд 1,400,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

4.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2021/03096 дугаар шийдвэрээр Б.О-, Ц.Б- нарын гэрлэлтийг цуцалж, охин Б.Ц-ийг эх Б.О-ийн асрамжид үлдээн, эцэг Ц.Б-ээр тэжээн тэтгүүлж,

гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, 39 дүгээр хороо, Хангайн 38 дугаар гудамж, 07 тоот хаягт байрлах, 94 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 689 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргийг Ц.Б-ийн өмчлөлд үлдээж, Ц.Б-ээс 30,999,990 төгрөгийг гаргуулж, Б.О-т олгуулахаар шийдвэрлэжээ. /хх-ийн 5-9-р тал/

4.а.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талууд маргаан бүхий хувийн сууц болон газрыг нэхэмжлэгч Б.О-ийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцож, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байх бөгөөд нэхэмжлэгч Б.О- нь 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дээрх хувийн сууц болон газрын өмчлөгчөөр бүртгэгдсэн байна. /хх-ийн 12-14, 38-39-р тал/.

4.б.Маргаан бүхий хувийн сууц болон газар нь дээрх байдлаар нэхэмжлэгч Б.О-ийн өмчлөлд шилжсэн буюу түүний өмчлөх эрх Иргэний хуулийн 183 дугаар зүйлд зааснаар улсын бүртгэлээр баталгаажсан байна. Иймд нэхэмжлэгч Б.О- нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, хувийн сууц болон газрыг хариуцагч Ц.Б-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

 

5.Нэхэмжлэгч Б.О- нь өөрийн өмчлөлийн хувийн сууц, газрыг эзэмшиж чадаагүйн улмаас 4 сарын турш орон сууц хөлслөн амьдарсан гэх үндэслэлээр нийт 1,400,000 төгрөгийг хариуцагч Ц.Б-ээс нэхэмжилсэн. Анхан шатны шүүх уг шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн, мөн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээрд зүйлд заасан журмын дагуу үнэлсэн байна.

5.а.Тодруулбал, хэргийн 27-30-р талд QR код бүхий Хаан банк-ны шилжүүлгийн баримтууд авагдсан бөгөөд нэхэмжлэгч Б.О- нь tom oroo turees гэх гүйлгээний утгаар нийт 1,400,000 төгрөгийг шилжүүлсэн буюу тухайн цахим баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 44 дүгээр зүйлийн 44.5 Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 38 дугаар зүйлд заасанд нийцсэн гэж үзсэн болно.

Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2023/00866 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Г.ДАВААДОРЖ