Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
Хэргийн индекс | 183/2022/03911/И |
Дугаар | 210/МА2023/00929 |
Огноо | 2023-05-03 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 210/МА2023/00929
С.Б-ийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2023/00435 дугаар шийдвэртэй,
хариуцагч М- ХХК-д холбогдуулан
тус компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 22/12 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагчид даалгах, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойш шүүх хуралдаан болох өдөр хүртэлх хугацааны цалингийн зөрүүг гаргуулах, нэр төр сэргээлгэх, мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгах тухай маргаантай хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:
Нэхэмжлэгч С.Б- нь 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр М- ХХК-д үйл ажиллагааны менежерийн албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон. 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр тус компаний гүйцэтгэх захирлын тушаалаар намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн.
Иймд М- ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 22/12 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойш шүүх хуралдаан болох өдөр хүртлэх хугацааны цалингийн зөрүүг гаргуулах, хамт олны дунд миний нэр төрийг үндэслэлгүйгээр гутаасан мэдээг тараасан хэлбэр хэрэгслээр няцаах үүргийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
Тушаалыг нь ажилтан өөрийх нь хүсэлтийн дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1, 78.1.9-т заасныг үндэслэн гаргаж өөрт нь өгсөн. С.Б- нь өөрийн хүсэлтийн дагуу үйлдсэн тушаалаа аваад амжилт хүсье гээд гар бариад гараад явсан. Ажилтны цалин болон шимтгэлийг цаг хугацаанд нь төлж байсан.
2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 22/01 дугаартай тушаалын 3-т туршилтын эхний 3 сард цалинг 2,000,000 төгрөгөөр бодож олгох ба 4 дэх сараас зөрүү 500,000 төгрөгийг үндсэн цалин дээр нэмж тооцож цалинжуулахыг даалгасугай гэж тогтоосон гэж нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээгээр тохирсон хөлсөө өгөөгүй гэсэн нь үндэслэлгүй, нэхэмжлэгч нь тушаалтай танилцаж, зөвшилцөөд ажиллаж ирсэн. Ажилд томилогдсоноос хойш сар бүр 2,000,000 төгрөгийн цалин хүлээн авч байсан, ямар нэгэн гомдол, санал гаргаж байгаагүй, компанийн зүгээс борлуулалт хийж, ашиг, орлого олохгүй байгаа тул орлого олж, үйл ажиллагаа хэвийн явагдах хүртэл 2,000,000 төгрөгийн цалингаа авч ажиллах талаар манай компанийн саналыг хүлээн зөвшөөрч, амаар харилцан тохиролцсон байсан. Уг тохиролцооны дагуу 2022 онд 4 сарын цалингаа 2,000,000 төгрөгөөр тооцож авсан бөгөөд түүнд тохирсон үндсэн цалинг бүрэн олгож байсан болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаар бүрэн нотлогдож байна.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар нэхэмжлэгч С.Б- М- ХХК-ийн үйл ажилллагааны менежерийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч М- ХХК-аас нэхэмжлэгч С.Б-ийн ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 16,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Б-д олгож, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойш шүүх хуралдаан болох өдөр хүртлэх хугацааны цалингийн зөрүүг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т зааснаар хариуцагч М- ХХК-аас нэхэмжлэгч С.Б- ажилгүй байсан хугацаанд төлөгдвөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгаж, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Б-ийн хариуцагч М- ХХК-д холбогдуулан гаргасан нэр төрийг үндэслэлгүйгээр гутаасан мэдээг тараасан хэлбэр хэрэгслээрээ няцаах үүргийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.Б- нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, түүний нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч С.Б-д олгож, хариуцагч М- ХХК-аас улсны тэмдэгтийн хураамжид 237,950 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
4.Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
4.1.С.Б- нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн нь баримтуудаар бүрэн нотлогдсонТэрээр 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гүйцэтгэх захирал А.Б-гийн Viber-аар холбогдож тушаалаа очиж авахаар бичсэн зурвас болон С.Б-ийн тайлбар, гэрч Н.М-гийн мэдүүлгээс үзвэл өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх тушаалаа авахаар хандаж, тушаалаа сахиж зогсож байгаад авсан болох нь тогтоогддог.
Шүүх гэрч Н.М-гийн мэдүүлэг, Б-гийн эзэмшлийн 88113361 дугаарт бүртгэлтэй viber хаягаас маргааш очиж уулзаж, тушаалаа авах талаар бичсэн зурвас зэргийг үнэлээгүй.
Шүүх нотлох баримт цуглуулах хүсэлтийг үндэслэлгүйгээр хангахаас татгалзаж, нотлох баримт дутуу цуглуулсан. Нэхэмжлэгч С.Б-аас ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа болон ажил олгогч хуулийн этгээдийн нэр, хаяг, гүйцэтгэх удирдлагын нэр, утасны дугаар зэрэг мэдээллийг гаргуулах хүсэлтийг гаргасан Гэвч шүүх хуралдаан болдог өдөр буюу 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 02482 дугаартай захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзсан. Уг хүсэлтээ тодруулж шүүх хуралдаанд гаргасан боловч мөн хүлээж авахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн ба нотлох баримт цуглуулах, гаргаж өгөх эрхийг зөрчсөн.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийнг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Нэхэмжлэгч С.Б- нь хариуцагч М- ХХК-д холбогдуулан тус компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 22/12 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагчид даалгах, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойш шүүх хуралдаан болох өдөр хүртэлх хугацааны цалингийн зөрүүг гаргуулах, нэр төр сэргээлгэх, мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.
2.Анхан шатны шүүх нэхэмжлэгч С.Б- М- ХХК-ийн үйл ажилллагааны менежерийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 16,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Б-д олгож, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
3.Хариуцагчийн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч зохигчид маргааны талаар харилцан тохиролцож, 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр давж заалдах шатны шүүх хуралдаанд эвлэрлийн гэрээг өгчээ.
3.а.Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд ... Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй болохыг үндэслэж, ... иргэний хэргийг эвлэрлийн журмаар шийдвэрлэхээр харилцан тохиролцож, энэхүү гэрээг байгуулав. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 22/12 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, үйл ажиллагааны менежерийн ажил эгүүлэн томилуулах, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойш шүүх хуралдаан болох өдөр хүртэлх хугацааны цалингийн зөрүүг гаргуулах, нэр төрийг үндэслэлгүй гутаасан мэдээг тараасан хэлбэр хэрэгслээрээ няцаах үүргийг хариуцагчид даалгах нэхэмжлэлээсээ татгалзаж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлийн хүрээнд тохиролцон, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т заасан 16,000,000 /арван зургаан сая/ төгрөгийг 10,000,000 /арван сая/ тѳгрѳг болгон бууруулж, хариуцагч нь 5,000,000 /таван сая/ төгрөгийг 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр шүүх хуралдаан болохоос өмнө нэхэмжлэгчид төлөх, үлдсэн 5,000,000 /таван сая/ төгрөгийг 2023 оны 06 сарын 03-ны өдрийн дотор тус тус нэхэмжлэгчид бэлэн бусаар төлөх, хариуцагч М- ХХК нь 2022 оны 05 дугаар сараас 2022 оны 10 дугаар сарыг дуустал нийт 6 сарын хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулах үүрэгтэй ба ажил олгогчийн болон ажилтны тѳлѳх хувийг хариуцагч тал бүрэн хариуцна. Энэхүү гэрээнд заасан нөхцөлийн дагуу эвлэрч байгаа бөгөөд цаашид хариуцагч тал гэрээгээр тохирсон нөхцөлөө бүрэн биелүүлсэн тохиолдолд нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан шүүх болон эрх бүхий байгууллагад аливаа нэхэмжлэл, гомдол гаргахгүй бөгөөд Хан- Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2023/00435 дугаартай шийдвэр гарснаас хойш хугацааны ажилгүй байсан хугацааны олговор, төлбөр, хохирол нэхэмжлэхгүй. Гэрээг гурван хувь үйлдэж, талууд тус бүр нэгийг хадгалж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд нэг хувийг өгөхөөр тохиролцов. Талууд энэхүү гэрээний төсөлтэй танилцах, өөрийн саналаа тусгах хангалттай боломжит хугацаа олгосон бөгөөд түүний саналыг харилцан тусгаж гэрээ байгуулсан болохыг тус тус тэмдэглэв. Энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлэх бөгөөд үүнтэй холбоотой зардал, хураамж, хөлсийг хариуцагч тал хариуцна гэсэн байна.
3.б.Талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дах хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд эвлэрлийн гэрээний нөхцөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч С.Б-, хариуцагч С- ХХК нарын эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2023/00435 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Б- нь 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 22/12 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, үйл ажиллагааны менежерийн ажилд эгүүлэн томилуулах, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойш шүүх хуралдаан болох өдөр хүртэлх хугацааны цалингийн зөрүүг гаргуулах, нэр төрийг үндэслэлгүй гутаасан мэдээг тараасан хэлбэр хэрэгслээр няцаах үүргийг хариуцагчид даалгах нэхэмжлэлээсээ татгалзаж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлийн хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т заасан 16,000,000 төгрөгийг 10,000,000 тѳгрѳг болгон бууруулж, хариуцагч С- ХХК нь нэхэмжлэгч С.Б-д 5,000,000 төгрөгийг 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр, үлдэх 5,000,000 төгрөгийг 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дотор тус тус бэлэн бусаар төлөх, хариуцагч М- ХХК нь 2022 оны 05 дугаар сараас 2022 оны 10 дугаар сарыг дуустал нийт 6 сарын хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулах үүрэгтэй ба ажил олгогчийн болон ажилтны тѳлѳх хувийг хариуцагч тал бүрэн хариуцна. Хариуцагч тал гэрээгээр тохирсон нөхцөлөө бүрэн биелүүлсэн тохиолдолд нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан шүүх болон эрх бүхий байгууллагад аливаа нэхэмжлэл, гомдол гаргахгүй. Хан- Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2023/00435 дугаартай шийдвэр гарснаас хойш хугацааны ажилгүй байсан хугацааны олговор, төлбөр, хохирол нэхэмжлэхгүй. Энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлэх бөгөөд үүнтэй холбоотой зардал, хураамж, хөлсийг хариуцагч тал хариуцах-аар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308,150 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Г.ДАВААДОРЖ