Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 15

 

Ө.Г-, Ө.О- нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 645 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1171 дүгээр магадлалтай, Ө.Г-, Ө.О- нарт холбогдох хэргийг шүүгдэгч нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1979 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Булган аймагт төрсөн, эрэгтэй, 41 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ***, эрхэлсэн тодорхой ажилгүй,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 321 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 1 сар хорих ял шийтгүүлж, 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар 3 жил хорих ялыг өршөөн хасаж,  2007 оны 02 дугаар сарын 12-ны өдөр эдлээгүй үлдсэн 9 сар 26 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Сум дундын 18 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 5 сар хорих ял шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр шүүгчийн захирамжаар суллагдсан, Э овогт Ө-н Г-,

2. Монгол Улсын иргэн, 1985 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Булган аймагт төрсөн, эрэгтэй, 35 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, ***, Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2003 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 162 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар нийт 12 жил хорих ял шийтгүүлж, 2007 оны 03 дугаар сарын 06-ны өдөр эдлээгүй үлдсэн 5 жил 5 сар 9 хоног хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар нийт 7 жил хорих ял шийтгүүлж, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар 1 жил хорих ялыг өршөөн хасаж, 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр суллагдсан Э овогт Өн О-.

Ө.Г-, Ө.О- нар нь бүлэглэж 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 5-140 тоотод 82 настай М.Д-г өндөр настай, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зодож, биед нь олон тооны гэмтэл учруулан онц харгис хэрцгий аргаар санаатай алсан,

мөн дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч М.Д-д байсан 860,000 төгрөгийг авах зорилгоор хүч хэрэглэж дээрэмдсэн,

Ө.Г- нь ганцаараа 2017 оны 12 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг 40 айлын 10-02 тоотод оршин суух иргэн Б.Б-н гэрт нэвтрэн, эд хөрөнгийг хулгайлан авч 650,622 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 03 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 16-212в тоотод оршин суух иргэн Г.Б-н гэрт нэвтрэн, эд хөрөнгийг хулгайлан авч 190,800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ө.Г-ыг бүлэглэж, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр хүнийг алсан, хүнийг алах гэмт хэргийг үйлдэх явцдаа бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн, мөн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох гэрт нэвтрэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд,

Ө.О-ыг бүлэглэж, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр хүнийг алсан, хүнийг алах гэмт хэргийг үйлдэх явцдаа бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7, 2.11-д тус тус зааснаар шүүгдэгч Ө.Г-, Ө.О- нарт тус бүр 14 жил хорих ял, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрт 3 жил хорих ял, шүүгдэгч Ө.Г-ад мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жил 6 сар хорих ял тус тус оногдуулж, 

шүүгдэгч нарт оногдуулсан ялыг нэмж нэгтгэн Ө.Г-ын нийт эдлэх ялыг 19 жил 6 сар, Ө.О-ын нийт эдлэх ялыг 17 жил хорих ялаар тус тус тогтоож, уг ялыг хаалттай хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Эншэбү овгийн Өлзийн Г-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр эүйлийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай” гэсэн заалт нэмж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч Э овогт Өн Г-ыг бүлэглэж, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, оиц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэмт хэрэг, мөн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох гэрт нэвтрэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Э овогт Ө-н О-ыг бүлэглэж, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэмт хэрэг, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.О-ад 3 жилийн хугацаагаар хорих ял” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Г-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.11-т зааснаар оногдуулсан 14 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2 1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 16 жил 6 сарын хугацаагаар, ..." гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “...шүүгдэгч Ө.Г-ад оногдуулсан 16 жил 6 сарын хугацаагаар хорих ял,...” гэж тус тус өөрчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ө.Г-, Ө.О- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ө.О- гаргасан гомдолдоо “...миний бие шүүхийн үйл ажиллагаанд гүнээ итгэж хууль ёсны шийдвэрийг гаргана гэдэгт асар их итгэл өвөрлөн явсан болно. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсар ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэх хуулийг хэрэгжүүлэхдээ хэтэрхий өрөөсгөл байдлаар шууд үнэлэлт дүгнэлтийг өгч хэрэгт зайлшгүй ач холбогдолтой нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн гүйцэд тогтоож өгөлгүйгээр хэтэрхий хайнга хандан зөвхөн яллах талыг урьтал болгосон.

Мөрдөгч болон прокурор нар хуулиа баримталж байсан бол одоогийн нөхцөл байдалд О- миний хувь заяа ингэж шийтгэгдэн хохирохгүй, хэргийн бодит байдал үнэн зөвөөр тодорхойлогдох байсан. Хэргийн үнэн зөвийг тогтоож өгнө гэдэгт хуулийн байгууллага бүрүүдэд итгэж өнөөдрийг хүрсэн, цаашдаа ч үнэн зөвийг тогтоох хүртэл өөрийн гомдлыг илэрхийлсээр байх болно. Миний бие тухайн хүн амины хэрэг явдал болсон цаг хугацаанд өөр газар, өөр хүмүүстэй өөр орчинд байсан, тухайн цаг үед миний үйлчлүүлж байсан байгууламжийн камерын бичлэг болон бусад гэрчийн мэдүүлгээр тогтоох бүрэн боломжтой байхад орхигдуулсан байдаг. Тухайн асуудлыг нэг бүрчлэн шалган тогтоосон байсан бол өнөөдөр асуудал ингэж шийдэгдэхгүй, өөрийн буруутай үйлдэлд тохирох зүйлчлэлээр хариуцлага хүлээх байсан.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа оролцогч миний эрхийг хязгаарлаж, түүнчлэн хуурч мэхлэх замаар байцаалтыг авч эцэст нь онц хүнд гэмт хэрэгт хүчээр холбосон асуудалд маш ихээр харамсаж байна. Миний бие энэ хүсэлтээ шат шатны байгууллагад гаргаж байсан. Анхан шатны шүүхэд үнэн зөв баримтад тулгуурлан нөхцөл байдлыг дэлгэрэнгүй байдлаар тайлбарлаж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Үүнтэй холбоотой хэд хэдэн нөхцөл байдлыг тодруулахаар холбогдох хэргийг буцааж байсан. Үүнтэй холбоотой давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдагдсан асуудал бүрийг прокурорын шатанд болон шүүхийн шатанд орхигдуулсан байдаг үүнээс шалтгаалан хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоож өгөлгүйгээр зөвхөн нэг талыг баримталсан болох нь харагдаж, дүгнэгдэхээр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал бүрүүдийг тал бүрээс нь шинжлэн судалж өгнө үү. Хуульд нийцсэн шийдвэрийг гарган өгч, хэрэгт ач холбогдолтой, шаардлагатай нөхцөл байдлыг шударга ёсны хүрээнд тогтоож өгөхийг хичээнгүйлэн хүсэж энэхүү гомдлыг бичсэн болно.

Мөрдөн байцаалтын шатанд тухайн хэрэгт оролцоогүй, хэргийн газраас өөр газарт байсныг нотолж өгөх, бусад гэрч нарыг мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулах хүсэлтийг гаргасан боловч хангаж өгөлгүй хэтэрхий нэг талыг баримталж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй миний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн.

Мөрдөгч прокурор нарын буруутай үйл ажиллагааны үр дүнд маш ихээр хохирч үлдсэн тул эрхийнхээ хүрээнд нөхцөл байдлыг үнэн зөвөөр илэрхийлэн гомдол гаргасан болно.

Энэ хэргийн гол гэрч болох Ц.А- нь шүүгдэгч Г-, О- нар бүлэглэн талийгаачийг хэрхэн зодсон талаар болон дээрмийн хэрэгт хэрхэн яаж оролцсон талаар огт мэдэхгүй, хараагүй гэдгээ хэлж мэдүүлдэг. Бүлэглэсэн гэдгийг шууд нотлоогүй энэ нь бусад нотлох баримтаар нотлогдоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй заасныг бүрэн судлан шинжилж, дүгнэлтийг хуулийн хүрээнд гаргаж өгнө үү. Эрх зүйн байдлыг минь дээрдүүлсэн хуулийн хэрэгжилтээр ханган өгч надад холбогдуулан шалгаж байгаа гэмт хэргийг шударга ёсны зарчмын хүрээнд шийдвэрлэж өгнө үү.

Хэдийгээр хүний амь нас эрсдсэн асуудалд маш ихээр харамсаж байгаа боловч өөрийн буруутай үйлдэлд тохирох хуулийн хариуцлагыг ялгамжтайгаар оногдуулж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна. Холбогдох хэргийг тал бүрээс нь судлан авч үзнэ үү. Гэмт хэргийн оролцоо, нөлөөлсөн шалтгаан, баримт, сэлт нотлох баримт бүрийг бүрэн гүйцэд үнэлж өгч хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү.

Миний бие хохирогчийн мөнгийг аваад гарахдаа түлхчихээд гарсан талаар мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр тайлбарласан бусдаар хүний амь нас хохироох үйлдлийг огтхон ч үйлдээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийг минь эдлүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлж өгнө үү. Хуульд заасан эрхийг зөрчиж байсан төдийгүй түүнийг зөвтгүүлж шударгаар шийдүүлэх хүсэлтэйгээр гомдол гаргасан. Хууль зөрчиж байсан нөхцөл байдал бүрдийг тал бүрээс нь бүрэн судалж авч үзнэ үү” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгч Ө.Г- гаргасан гомдолдоо “Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Миний бие мөрдөн байцаалтын шат, анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаануудад хэргийн нөхцөл байдлын талаар үнэн зөв бодит байдлуудыг нэг бүрчлэн дурдсан байдаг. Хуульд нийцсэн шийдвэрийг гаргаж өгөөгүй тул хэргийн бодит байдлыг ялгамжтайгаар тогтоолгох хүсэлтэй өргөдлийг гаргасан. Одоогоор өөрийн дүү О-ын хамт хэрэгт холбогдсон хэдий ч нөхцөл байдлын хувьд дүү бид хоёр тусдаа, өөр газар явсныг шалгаж тогтоолгүй, зөвхөн яллах талыг урьтал болгож ял тулгасан асуудалд гомдолтой байна. Миний бие үйлдсэн хэргээ, өөрийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрдөг болно. Хэргийн газарт байсан гэрч А- нь удаа дараа зөрүүтэй мэдүүлгийг өгч мөн хэрэгт холбогдохоос эмээж бусдын нөлөөнд автан хэргийг бодит байдлыг үгүйсгэн мэдүүлгийг өгсөн нь асар их учир дутагдалтай байдаг. Энэхүү асуудлыг шинжлэн судлуулах хүсэлтэй байна.

Хэдийгээр О- нь миний дүү боловч шударга үнэн байх ёстой энэ хэргийг үйлдээгүй болно. Гагцхүү миний бие өөрийн үйлдсэн гэмт үйлдэлдээ харамсаж эрдэнэт хүний амь нас хохироосонд маш их харамсаж байна гэм буруутай үйлдэлд хариуцлага тооцуулж бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулах хүсэлтэй яваа болно. Эрхэм шүүх бүрэлдэхүүн та бүхнээс хичээнгүйлэн хүсэж хэргийн бодит үнэн зөвийг тогтоон өгч шударга шүүхийн хүчийг яллагдсан бидэнд хандуулан өгөхийг чин санаанаасаа хүсэж энэхүү хүсэлтийг гаргасан болно.

Мөрдөн шалгах ажиллагаанд хууль зөрчин эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчин эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг хэрэглэж байсан төдийгүй хуурч мэхлэн хэрэгт ажиллагааг гүйцэтгүүлсэн болох мөрдөгч, прокурор нар нь хэрэг хүчээр тулгах үйл явцыг бий болгож байсан надад холбогдох гэмт хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлуулах чин хүсэлтэй байна.

Энэ хэргийн гол гэрч болох Ц.А-ыг мөрдөн шалгах ажиллагаанд дахин татан оролцуулах хүсэлтэй байна. Энэ асуудал хөндөгдсөнөөр дүү О-ын үйлдэл оролцооны асуудал тодорхойлогдох үндэслэлтэй байдаг тул хууль эрх зүйн хүрээнд нарийвчлан дүгнүүлэх хүсэлтэй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч болон прокурор нар нь хуулиа баримталж ажилласан бол өнөөдөр ингэж хүний хувь заяа шийтгэгдэн хохирохгүйгээр зөвхөн хэргийн бодит байдал үнэн зөвөөр тогтоогдон гэм буруутай болох Ө.Г- надад гагцхүү хариуцлага тооцогдох байсан болно.  Гэтэл дан ганц сэжигтэн яллагдагчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж түүнчлэн гэрч А-ын зөрүүтэй мэдүүлэг бүрийг шууд тусган авсан асуудал нь хууль зүйн хувьд асар учир дутагдалтай нөхцөл байдлыг, хүндэтгэн өвч үзнэ үү.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд гэрчийн мэдүүлэг өгсөн А- нь бүрэн хамааралтай байдаг болно өөрийн буруутай үйлдлийг хаацайлах гэж бидний эсрэг мэдүүлгүүдийг харилцан уялдаагүй, ойлгомжгүй байдлаар удаа дараа өгсөн байдаг. Энэ асуудалд гомдолтой байдаг тул хуулийн хүрээнд анхааран авч үзнэ үү. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр шинжээч эмч амь хохирогчийн талаарх дүгнэлтийг дэлгэрэнгүй байдлаар гаргасан. Энэ нь нэг удаагийн үйлчлэлээр авсан болох гэмтлүүдийг тодорхойлж өгсөн гэтэл тухайн гэмтлийг хоёр хүн үйлдсэн байна гэх асуудлыг хуулийн хүрээнд судлан авч үзнэ үү.

Мөн гэрч А- нь өнөөдрийг хүртэл амь хохирогчийн утсыг өдий хүртэл өгөөгүй байдаг анхан шатны шүүхээс амь хохирогчийн утсыг асуухад хэрэглэж байгаад алга болгосон гэж тайлбарласан. Мөн эд мөрийн баримт болон хураагдсан паск нь түрийвч болж хувирдаг энэ эд мөрийн баримтаар хураагдаад өөрчлөгдсөн түрийвч нь гэрч А-ынх болох нь нотлогддог. Энэ бүгдийг анхан шатны шүүхэд хэлэхэд прокурор нь паск, түрийвч байх нь огт хамаагүй гэж зөвхөн гэм буруу, яллах талыг баримталж ажилласан гэж үзэж байна. Мөн дахин анхан шатны шүүхээр ороход прокурор Ганхөлөг намжил нар нь миний хэлсэн үг бүрийг мушгин дүү О-ыг хэргээс мултлах гэж байна гэдэг байр суурьтайгаар орж чухам үнэнийг олж тогтоолгүйгээр хэргийг хойшлуулах, удаашруулах, заваартуулах гэх байдал гаргадаг ярьдаг гэсэн байр суурь илэрхийлэн угаас шүүгдэгч нар ийм байдал гаргадаг гэсэн үндэслэлээр прокурор зөвхөн гэм буруу, яллах талыг баримталж ажилласан гэж үзэж байна.

Мөн би бүлэглэн хүний амь нас хохироогоогүй, бүлэглэж хүн зодоогүй, миний буруутай үйлдлээс болж хохирогч нас барсан байдаг иймд шударга ёсны зарчимд нийцүүлэн надад холбогдох хэргийг шийдвэрлэж өгнө үү. Гэм буруутай этгээдэд хариуцлагыг ялгамжтайгаар тооцуулах хүсэлтэйгээр өргөдлийг гаргасан болно. Надад холбогдох хэргийг нэг бүрчлэн хуульд нийцүүлэн шийдвэрлэж өгнө үү. Мөрдөн шалгах ажиллагаанд хуулийг ноцтой зөрчиж байсан нөхцөл байдал бүрүүдийг тал бүрээс нь судлан үзнэ үү. Эрх зүйн байдлыг минь дээрдүүлсэн хуулийн хэрэгжилтээр ханган өгч холбогдох хэргийг шударга ёсны хүрээнд шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ө.Г-, Ө.О- нарын гаргасан гомдлыг үндэслэн тэдэнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэж, шүүгдэгч Ө.Г-, Ө.О- нарыг бүлэглэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн, мөн өндөр настай болон согтуурсны улмаас биеэ хамгаалж чадахгүй болсныг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр хүнийг алсан, түүнчлэн Ө.Г-ыг орон байранд нэвтэрч, бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэжээ.

Харин давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын гаргасан гомдлыг үндэслэн холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Ө.Г-ын хувьд бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэгт хамтран оролцсон гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, улмаар шүүгдэгч нарын гэм буруутай бусад үйлдлийн талаар анхан шатны шүүхээс хийсэн эрх зүйн дүгнэлт, гаргасан шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Тодруулбал, анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, цаг хугацаа, гэм буруу, үйлдэл оролцоо, сэдэл, санаа зорилго, үйлдлийн дараалал, түүний шинж чанарт хууль зүйн буруу дүгнэлт хийж, “дээрэмдэх” үйлдэлд гэмт хэрэгт ямар нэгэн үүрэг гүйцэтгэсэн болох нь нотлогдоогүй Ө.Г-ыг уг үйлдэлд гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байна.  Харин тэрээр хохирогчийн эд зүйлийг хүч хэрэглэн дээрэмдсэн Ө.О-ын үйлдлийн дараа түүнтэй бүлэглэн, онц харгис хэрцгийгээр хүний амь насыг хохироосон болох нь хэрэгт авагдан, шүүхээр хянан хэлэлцсэн баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаар давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэв.

Мөн давж заалдах шатны шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж шүүгдэгч Ө.Г-, Ө.О- нарт холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж шийдвэрлэжээ.

Түүнчлэн шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинжийг зөв тодорхойлж, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, тэдний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэрлэсэн байх тул уг шийдвэрийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ө.О-ын гаргасан “...талийгаачийн амь насыг хохироосон үйлдэлд хамтран оролцоогүй, мөрдөгч, прокурор, шүүх хэтэрхий нэг талыг баримталж хэргийг шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, миний үйлдэлд тохирсон ял шийтгэл оногдуулж өгнө үү”, шүүгдэгч Ө.Г-ын гаргасан “...хэргийн бодит байдлыг үндэслэлтэй зөв тогтоож өгнө үү, Ө.О- нь хүн амьны хэрэгт хамтран оролцоогүй, хэргийг үндэслэлтэй зөв шийдвэрлэж ялыг ялгамжтай оногдуулж өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 645 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1171 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ө.Г-, Ө.О- нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                      ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                      ШҮҮГЧ                                                          С.БАТДЭЛГЭР

                                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН