Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2023/00938

 

 

           К.Х-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2023/00756 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч К.Х-ын хариуцагч Д.А-, Х.А- нарт холбогдуулан гаргасан “С- ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.А-ийн эзэмшлийн 65 хувийн хувьцааг К.Х-ад шилжүүлэхийг Д.А-т даалгах, компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг Д.А-, Х.А- нарт даалгах тухай маргаантай хэргийг хариуцагч Д.А-, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг, хариуцагч Х.А- нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч К.Х-, түүний өмгөөлөгч Б.Б, Г.Х, хариуцагч Д.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие өөрийн амьжиргааны эх үүсвэр болсон махны үйлдвэрийг барьцаанд тавьж, Хөгжлийн банкнаас 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 408,000,000 төгрөгийн зээлийг 1 жилийн хугацаатай авч “Б- ХХК болон С- ХХКөгсөн. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 3 жил өнгөрсөн боловч миний барьцаалсан хөрөнгийг чөлөөлж өгөөгүй. Скай лэнд энержи ХХК-тай байгуулсан хөрөнгө барьцаалах тухай гэрээний 1.6-д Авсан зээлээ хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 1-2 жилээр хэтэрсэн, эсвэл барьцаа хөрөнгийг зээлийн барьцаанаас чөлөөлөн өгч чадалгүй алдсан тохиолдолд өөрийн хувь нийлүүлсэн хөрөнгийн үлдсэн 65 хувийг эзэмших эрхийг К.Х-ад шилжүүлэн өгнө хэмээн заасан. Хариуцагч Д.А- нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, Скай лэнд энержи ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2021/03/10/11 дугаар шийдвэр гараагүй, хувьцаа эзэмшигчдийн хурал болоогүй хэмээн илт худал тайлбар гаргасан. Талуудын байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хөрөнгө барьцаалах тухай гэрээний 1.6-д заасны дагуу С- ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.А-ийн тус компанийн эзэмшиж буй 65 хувьд ногдох 65 ширхэг, 650,000 төгрөгийн үнэ бүхий хувьцааг бүхэлд нь Д.А-ээс гаргуулж, компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулан улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Д.А-ийн тайлбар, татгалзлын агуулга: Хөгжлийн банкнаас 500,000,000 төгрөгийн зээл хүссэн ч 408,000,000 төгрөгийн зээл олгосон. Мөнгийг К.Х- төлөөгүй учир Хөгжлийн банкнаас шүүхэд шилжүүлэх болоход манай аав Даваа хувь хүний хувьд батлан дааж процессийг зогсоосон байдаг. Б-” ХХК, С- ХХК нь толгой болон охин компани биш, бие даасан 2 өөр компани юм. Скайланд энержи ХХК 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн хурал хийж, шийдвэр гаргахад би байгаагүй. К.Х- зун надтай ярьж Ховд явах гээд яарч байна гээд хоосон цаасан дээр гарын үсэг зуруулж авч байсан. Би өөрийн эзэмшиж буй хувьцааг К.Х-ад шилжүүлэх ямар ч хүсэл сонирхол байгаагүй. Тийм яриа хэлцэл огт хийгдээгүй. Мөн махны үйлдвэрээ зарах эсэх нь надад болон компанид хамааралгүй. Зээлийн төлбөрөө төлөх нь зээлдэгчийн үүрэг, төлөөгүй бол барьцаа хөрөнгөөр хангуулах хуулийн заалтын дагуу хийгдсэн гэж үзэж байна. К.Х-ын болон түүний хувьцаа эзэмшлийн компанийн төлбөрийг манай компани болон миний хувьцаатай хутгаж, хууль бусаар хувьцааг өөрийн нэр дээр авахыг нь зөвшөөрөхгүй. Иймд К.Х-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Хариуцагч Х.Аселбекийн тайлбар, татгалзлын агуулга: Хөгжлийн банкнаас авсан зээлийн үлдэгдэл 64,000,000 төгрөгийг төлөхгүй байсан учраас Хөгжлийн банк барьцаа хөрөнгө болох махны үйлдвэрийг шүүхийн журмаар худалдан борлуулахаар болж бичиг баримтаа бүрдүүлж эхэлсэн. 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр би эдгээр асуудлуудыг хэлэлцэхээр компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2021 оны 03 дугаар сарын 09-нд хуралдуулахаар шийдвэр гарган Даваа гуайн гэрт очиж. К.Х-, Д.А- бид хуралдсан боловч хуралдааны тэмдэглэлд Д.А- гарын үсгээ зураагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэжээ.

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.А-ийн эзэмшиж байгаа С- ХХК-ийн 65 хувийн хувьцааны 45 хувийг нэхэмжлэгч К.Х-ад шилжүүлэхийг даалгаж, Скай лэнд энержи ХХК компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг хувьцаа эзэмшигч Д.А-, Х.А- нарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын компанийн хувьцааны 20 хувийг шилжүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.А-ээс улсын тэмдэгтийн хураамжид 49,250 төгрөгийг, хариуцагч Х.А-ээс улсын тэмдэгтийн хураамжид 100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч К.Х-ад олгуулахаар шийдвэрлэжээ.

5.Хариуцагч Д.А-, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч доорх гомдлыг гаргаж байна. Шүүх нотлох баримтын бүрдэл хангаагүй, талуудын тэгш байдлыг хангахгүй, хэгийн бодит байдлыг тогтоохгүйгээр хэт нэг талыг барьж, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хариуцагч талаас өөрийн эцэг Н.Даваа болон хэргийн талаар мэдэх гэрч, С- ХХК, Бост энержи ХХК-ийн бусад хувьцаа эзэмшигчийн тайлбар, Хөгжлийн банкны зээл, түүний төлөлт, маргаан бүхий С- ХХК-ийн улсын бүртгэлийн хувийн хэрэг болон бусад хэрэгт ач холбогдол бүхий бичгийн нотлох баримтыг хэрэгт цуглуулаагүй, хариуцагчийн хууль зөрчиж бүрдүүлсэн нотлох баримтад тулгуурлан хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Түүнчлэн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч талын өмгөөлөгч өөр шүүх хуралдаантай энэ талаар хариуцагч тал хэлж, өмгөөлөгчөө оролцуулах хүсэлт гаргахад хүсэлтийг хангахгүйгээр талуудын тэгш байдал, мэтгэлцэх боломжийг хангахгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хөгжлийн банк иргэн К.Х- болон түүний А- ХХК-д зээл гаргах итгэлгүй байсан бөгөөд миний эцэг Анод банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Н.Даваад итгэж уг зээлийг гаргасан, мөн зээлийг Н. Даваа нь төлж барагдуулсан. Ханагат нь зээлийн зарим хэсгийг авч, зориулалтын бусаар зарцуулсан. “С-” ХХК-ийн хувьцаа эзэмшигч биш байж, миний зөвшөөрөлгүйгээр дур мэдэн 100 мянган еврогийн зээл Чех улсаас авч 2020 оны сонгуульд зарцуулсан талаар саяхан мэдсэн.

5.а.Ханагатад 45 хувийн хувьцаа эзэмшүүлэх талаар би өөрийн хүсэл зоригоор зөвшөөрөөгүй, надаас хоосон цагаан цаас дээр Ховд явах ажил гарлаа яаралтай энэ цаасан дээр гарын үсэг зураад өгөөч, тодорхойлолт хэрэгтэй гэх мэт худал юм ярьж байгаад цагаан цаасан дээр гарын үсэг зуруулж авсан, түүнийгээ ашиглаж, хувьцаа өөртөө шилжүүлэх гэрээ хийсэн байсaн. Энэ нь хувь шилжүүлсэн тэмдэглэлд би гарын үсэг зураагүйгээс харагдана. Хариуцагч талаас энэ талаар хариу тайлбарт бичсээр байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авах татгалзаж, эрүүгийн журмаар шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлж шалгуулах байтал хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэлэлгүй болно. Шүүх эдгээр байдлыг харгалзахгүйгээр нэхэмжлэгч талын гаргасан хуурамч баримтад тулгуурлан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх хэргийн бодит үйл явдал, хэрэгт ач холбогдол бүхий баримтуудыг үндэслэл болгохгүйгээр хэт нэг талыг барьж, хариуцагч талын хуульд заасан нотлох баримт гаргуулах, өмгөөлөгчөөр эрх ашгаа хамгаалуулах, гэрч асуулгах болон хуульд заасан эрхийг хангахгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Миний гарын үсэг ашиглаж, хууль бус аргаар хийсэн хувьцаа эзэмшигчийн шийдвэр, хууль бус аргаар мөн миний гарын үсгийг ашиглан хийсэн гэрээг үндэслэн “С-” ХХК-ийн 45 хувийн хувьцааг К.Хангатад шилжүүлэхийг компанийн дүрэмд өөрчлөлт оруулахыг даалгаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх боломжоор хангаж өгнө үү гэжээ.

6.Хариуцагч Х.Аселбекийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон ба би зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгосон хэсэгт давж заалдах журмаар гомдол гаргаж байгаа болно. Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байр суурьтай шүүх хуралдаанд оролцсон. Учир нь К.Х- нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг нэмэгдүүлэхдээ миний түүнтэй байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хөрөнгө барьцаалах тухай гэрээний 1.6-д авсан зээлээ хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 1-2 жилээр хэтэрсэн, эсвэл барьцаа хөрөнгийг зээлийн барьцаанаас чөлөөлөн өгч чадалгүй алдсан тохиолдолд өөрийн хувь нийлүүлсэн хөрөнгийн 65 хувийг эзэмших эрхийг К.Х-ад шилжүүлэн өгнө гэж заасны дагуу “С-” ХХК-ийн 65 хувийн хувьцааны эрхийг Д.А-ээс нэхэмжилсэн. Би хөрөнгө барыпалах тухай гэрээг хувьцаа эзэмшигч Д.А-ийн бүрэн зөвшөөрлийн дагуу байгуулсан бөгөөд энэ гэрээний бүх нөхцөлд талуудын хүсэл зоригийн илэрхийлэл тусгагдсан болно. Гэтэл дурдсан гэрээний 1.6-д заасан дээрх нөхцөл байдал бий болж, К.Х-ын 100 хувийн өмчлөлийн “А-” ХХК-ийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах болоход Д.А- нь “С-” ХХК-ийн 65 хувийн хувьцааны эрхийг К.Х-ад шилжүүлэн өгөх үүргээ гүйцэтгэхгүй байсан тул 2021 оны 03 дугаар сарын 10- ны өдөр компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж, тогтоол гарган 45 хувийн хувьцааны эрхийг К.Х-ад өгөхөөр болж тохиролцсон байдаг юм. Одоо Д. Алдархишиг нь 2018 онд хөрөнгө барьцаалах тухай гэрээ байгуулах зөвшөөрөл олгоогүй, 2021 онд компанийн 45 хувийн хувьцааны эрхийг К.Х-ад шилжүүлэх талаар тогтоол гаргаагүй хэмээн ор үндэсгүй худал тайлбар гаргаж байна. Шүүх хөрөнгө барьцаалах тухай гэрээг хувьцаа эзэмшигчийн зөвшөөрлийн дагуу байгуулсан болохыг нотлох баримтад тулгуурлан дүгнэсэн атлаа тус гэрээний 1.6-д заасан нөхцөлийн дагуу К.Х- яагаад 65 хувийн хувьцааны эрхийг Д.А-ээс гаргуулж болохгүй талаар дүгнэлт хийгээгүй. Миний зүгээс дээрх гэрээ нь хуульд заасан журмын дагуу зохих этгээдийн зөвшөөрлөөр байгуулагдсан тул К.Х-ад Д.А-ийн эзэмшлийн “С-” ХХК-ийн 65 хувийн хувьцааны эрхийг гаргуулж, олгох нь хуульд нийцнэ гэж үзэж байна.  Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

7.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Тус хэрэгт 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсэж, 4 удаа шүүх хуралдаан товлогдож, хариуцагч талын хүсэлтээр хойшилсон. 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш хариуцагч шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй хамт оролцсон. Энэ хугацаанд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу нотлох баримт гаргаж өгөх, гэрч асуулгах, мөн шүүхийн журмаар нотлох баримтыг гаргуулах тухай хүсэлт гаргаагүй. Мөн давж заалдах гомдол болон хуралдаанд гаргаж байгаа тайлбараас харахад хэрэгт авагдаагүй баримтуудыг гомдлын үндэслэл болгож танилцуулаад байна. Өөрөө хэлбэл, К.Х- нь ял эдэлж байсан тухай хэрэгт нэг ч баримт байхгүй. Жуулчны баазад үйл ажиллагаа явуулж их хэмжээний ашиг олсон гэж байгаа боловч бид ашиг олсон талаар маргаагүй. Хууль зөрчиж авсан хуурамч баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй, тус баримтуудыг шалгуулах хүсэлт гаргаагүй. Мөн өмгөөлөгчөө оролцуулах хүсэлтийн хангаагүй гэж тайлбарлаж байна. 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр шүүх хуралдаанд шүүгч хариуцагч Д.А-ээс өмгөөлөгч ирээгүй байна, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох боломжтой юу гэхэд, би өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох боломжтой гэж хэлж өөрөө хэлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Тус хурал дээр мөн адил гэрч асуулгах тухай яригдаагүй. Анод банк ХХК-ийн ТУЗ-ийн захирал Н.Даваа нь зээлийг зориулалтын бусаар зарцуулсан, 100,000 евро, ам.долларыг сонгуулийн үйл ажиллагаанд зарцуулсан гэх тайлбарууд нь хэрэгт хамааралгүй, мөн нотлох баримтаар авагдаагүй. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэх боловч түүнийг нотолсон баримт байхгүй. Хоосон цасан дээр гарын үсгийг зуруулсан тухай баримт нь байхгүй, түүнийг шалгуулах тухай нэг ч хүсэлт гаргаагүй өнөөдөр хүрсэн. Тийм учраас хэрэгт авагдаагүй баримтуудыг үндэслээд давж заалдах шатны шүүхэд маргаан үүсгэж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага нотолсон баримтаа хуульд заасан шаардлагыг хангаж гаргаж өгсөн. Иймд хариуцагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч нар болон өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч К.Х- нь хариуцагч Д.А-, Х.А- нарт холбогдуулан “Скай лэнд энержи ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.А-ийн эзэмшлийн 65 хувийн хувьцааг К.Х-ад шилжүүлэхийг даалгах, компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг Д.А-, Х.А- нарт даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Д.А- эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг зөв тогтоосон боловч шийдвэрийн тогтоох хэсэгт маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг буруу баримталсныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

3.а.“Скай лэнд энержи ХХК-ийн хувьцааны 65 хувийг хариуцагч Д.А-, 35 хувийг хариуцагч Х.А- нар тус тус эзэмшдэг байх бөгөөд тус компанийн хувьцаа эзэмшигчийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №01 тоот шийдвэрээр охин компани болох Б- ХХК-ийн гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулан бүх талаар хамтарч ажиллах, А- ХХК /гүйцэтгэх захирал К.Х-/-ийн махны үйлдвэрийг барьцаалах, буцаан өгөх тухай гэрээ байгуулахыг гүйцэтгэх захирал Х.А-т даалгаж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 9-17, 66-р тал/

3.б.“А- ХХК нь “С- ХХК-тай 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хөрөнгө барьцаалах тухай гэрээ байгуулж, уг гэрээгээрА- ХХК-ийн өмчлөлийн Ховд аймаг дахь мал нядлах, мах боловсруулах үйлдвэрийг “С- ХХК-ийн Хөгжлийн банкнаас авах зээлд барьцаалуулахаар тохиролцож, 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр 420 м.кв талбайтай мал нядлах, мах боловсруулах зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр 0,86 га талбай бүхий газрын эзэмших эрхийг тус тус “Скай лэнд энержи ХХК-д шилжүүлжээ. /хх-ийн 27-29, 34-р тал/.

3.в.“Скай лэнд энержи ХХК, “Бест энержи сейвинг” ХХК нь “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-тай 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулж, 408,000,000 төгрөгийг, жилийн 13,07 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон, Ховд аймаг, Буянт сум, 5-р баг, Норжинхайрханд байрлалтай, мах нядлах, мах боловсруулах зориулалттай 420 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг газар эзэмших эрхийн хамт барьцаалсан байна./хх-ийн 40-65-р тал/

3.г.Зээл болон барьцааны гэрээг байгуулсны дараа буюу 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр “С- ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гарч уг шийдвэрээр “Хөгжлийн банкны зээлийн барьцаанд байгаа махны үйлдвэрийг худалдан борлуулж, зээлийн үлдэгдэл болох 64,000,000 төгрөгийг төлөх, ... зээлийг бүрэн хаасан тохиолдолд Д.А- би өөрийн эзэмшлийн хувьцааны 45 хувийг К.Х-ад ямар ч маргаангүйгээр шилжүүлэн өгөхийг бүрэн хүлээн зөвшөөрч байна” гэжээ. /хх-ийн 18-р тал/

3.д.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүнийг агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд талуудын тохиролцоог өөрөөр тогтоох эрхийг шүүхэд хуулиар олгоогүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч Д.А- нь “барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, зээлийг бүрэн хаасан тохиолдолд өөрийн эзэмшлийн хувьцааны 45 хувийг нэхэмжлэгч К.Х-ад шилжүүлэх хүсэл зоригийг дээрх байдлаар тодорхой илэрхийлсэн, уг хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр бус, мөн дээрх баримт хуурамч гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагч Д.А- болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

3.е.“Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-ийн зээлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг бусдад худалдаж, 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр зээлийг бүрэн төлсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч К.Х- нь “С- ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.А-ийн эзэмшлийн 45 хувийн хувьцааг шилжүүлэн авах болзлыг хангасан буюу Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрх үүссэн гэж үзнэ.

4.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад үндэслэл бүхий дүгнэлт хийж, “Скай лэнд энержи ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.А-ийн эзэмшлийн хувьцааны 45 хувийг нэхэмжлэгч К.Х-ад шилжүүлэхийг даалгаж, Скай лэнд энержи ХХК-ийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг хувьцаа эзэмшигч Д.А-, Х.А- нарт даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.

5.Хариуцагч Д.А- болон түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нар давж заалдах гомдолдоо анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, өмгөөлүүлэх эрхийг хангаагүй, хэт нэг талыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн гэжээ.

5.а.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, зохигчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг танилцуулан, хэргийг 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр шийдвэрлэсэн байна. /хх-ийн 87, 93-р тал/. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт “Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн ... дотор хэргийг шийдвэрлэнэ” гэж заасан.

5.б.Зохигч дээрх хуульд заасан хугацаанд эрх, үүргээ хэрэгжүүлэх учиртай бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилсэн 140 гаруй хоногийн хугацаанд хариуцагч Д.А-, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нарын хүсэлтээр шүүх хуралдаан удаа дараа хойшилсон үйл баримт тогтоогдсон байх ба анхан шатны шүүх тэдгээрийн хуулиар олгогдсон эрхийг хангалттай эдлүүлсэн гэж үзэхээр байна.

5.в.Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч шаардлага, татгалзлын үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй, хариуцагч Д.А-ийн хувьд дээрх хуульд зааснаар өөрийн татгалзлыг нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй байх тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зөрчөөгүй. Иймд хариуцагч Д.А- болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

6.Түүнчлэн, хариуцагч Х.А- давж заалдах гомдолдоо нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй буюу “Скай лэнд энержи ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.А-ийн эзэмшлийн хувьцааны 65 хувийн хувьцааг бүхэлд нь гаргуулах байсан гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын талаар тайлбар, гомдол гаргах эрхтэй. Нэхэмжлэлээс компанийн хувьцааны 20 хувийг шилжүүлэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд нэхэмжлэгч К.Х- гомдол гаргаагүй тул Х.А-ийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Д.А-, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг болон хариуцагч Х.А- нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2023/00756 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “... Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 ...” гэснийг “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д.Шаравдоржоос төлсөн 1,513,300 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.АЛТАНЦЭЦЭГ

                             ШҮҮГЧИД                               Э.ЗОЛЗАЯА

      Г.ДАВААДОРЖ