Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2023/00958

 

 

 

ИН-ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2023/01354 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ИН-ХХК-ийн хариуцагч Ж.А, Д.О, Л.Х-нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 154,255,155.49 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ган-Эрдэнэ, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхагвахүү, шүүх хуралдааны нарийн бичгийн М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1. Зээлдэгч Ж.А-, Д.О- нар ИН-ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 16189/01/10-2018 дугаар цалингийн барьцаат зээлийн гэрээ байгуулж 50,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр барьцааны гэрээг байгуулж Ж.А-, Д.Ламхүү нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол/13381/, Энхтайваны өргөн чөлөө 44 дүгээр байрны 57 тоот хаягт байршилтай, 105.7 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж барьцааны гэрээ байгуулсан. Ж.А-тай нийт 6 удаа зээлийн гэрээг байгуулсан. Үүнд: 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт №01 тоот гэрээг байгуулж зээлдэгч Ж.А-, Д.О- нарт 40,000,000 төгрөгийг, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 16189/01/10-2018 дугаар цалингийн барьцаат зээлийн гэрээний 3.1-д заасан зээлийн хэмжээ 90,000,000 төгрөг болж өөрчлөгдсөн. Талууд зээлийн эргэн төлөлтийн хуваарийг Б1 хавсралтаар баталсан. 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр зээлдэгч Ж.А-тай 5104001164/20190606 дугаар цалингийн барьцаат зээлийн гэрээ байгуулж 3,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлсэн. 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт №02 гэрээг байгуулж, зээлдэгч Ж.А-д 6,800,000 төгрөгийг нэмж зээлсэн бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 16189/01/10-2018 дугаар цалингийн барьцаат зээлийн гэрээний 3.1-д зааснаар зээлийн хэмжээ 96,800,000 төгрөг болсон. Талууд зээлийн эргэн төлбөрийн хуваарийг Б хавсралтаар баталсан. 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт №03 гэрээг байгуулж зээлийн гэрээний төлбөрийн хуваарьт өөрчлөлт орсон. 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт №04 байгуулж 40,000,000 төгрөгийг нэмж зээлсэн бөгөөд зээлийн хэмжээ 136,800,000 төгрөг болж, мөн тус гэрээний 3.3-д зааснаар зээлийн гэрээний ерөнхий хугацааг 12 сараар сунгаж 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр дуусгавар болгохоор тохиролцсон.

Зээлдэгч Ж.А- зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүй зээлийн гэрээний хугацаа дууссан тул банкны зүгээс зээлийн эргэн төлөлтийг төлөхийг удаа дараа мэдэгдэж сануулж байсан боловч зээлийг төлж барагдуулаагүй. ИН-ХХК зээлийн гэрээний дагуу 136,800,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн. Зээлдэгч зээлийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй. Иймд хариуцагч нараас үндсэн зээл 102,324,796.39 төгрөг, зээлийн хүүд 45,827,556.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 6,072,762.73 төгрөг, нийт 154,225,115.49 төгрөг гаргуулж, зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

ИН-ХХК-аас зээлсэн 6 удаагийн үйлдлээр нийт 136,800,000 төгрөгийг зээлж барьцаанд Л.Х-гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан талаар маргаагүй. Зээлийн гэрээний үүргийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Дэлхийн нийтийг хамарсан цар тахлын улмаас зээлийн төлбөрийг төлөх боломжгүй болсон. Монгол банкны ерөнхийлөгчийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 100 дугаартай зээлдэгч нарын зээлийн хүүг багасгах хугацааг зогсоох

тухай журам гарсан. Зээлийн төлбөрийг төлөх хугацааг хойшлуулах хүсэлт гаргасан. Гэтэл энэ хүсэлтийг шийдэхгүй, гагцхүү зээлийн хүү бодсон. 6 удаагийн зээлийн гэрээний дагуу 136,800,000 төгрөг зээлсэн бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 50 удаагийн төлөлтөөр 97,181,532 төгрөгийг төлсөн. Гэтэл ИН-ХХК нь үндсэн зээлээс хасаж тооцолгүйгээр зээлийн хүүд тооцсон. Иймд үндсэн зээл 102,324,596 төгрөг, хүү 24,827,556 төгрөгийг зөвшөөрөхгүй байна. Зээлдэгч нар цар тахлын үед ч зээлийн төлбөрийг төлж байсан. Үүргийн зөрчил нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй тул зээлийн хүү 24,827,556 төгрөгөөс чөлөөлөх үндэслэлтэй. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасны дагуу 97,181,532 төгрөгийг үндсэн зээл болох 136,800,000 төгрөгөөс хасаж тооцож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.А, Д.О, Л.Х-нараас зээлийн гэрээний үүрэгт 128,224,914 төгрөгийн мөнгөн хөрөнгийг гаргуулж нэхэмжлэгч ИН-ХХК-д олгож,

3.2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Л.Х-, Ж.А- нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204038454 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол/13381/, Энхтайваны өргөн чөлөө 44 дүгээр байрны 57 тоот хаягт байршилтай, 105.7 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

3.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 999.276 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.А-, Д.О-. Л.Х- нараас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 799,075 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Ж.А, Д.О, Л.Х-нар нь ИН-ХХК-аас нийт 6 удаагийн зээлийн гэрээний дагуу 136,800,000 төгрөгийг зээлсэн бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгчид нийт 50 удаагийн төлөлтөөр 97,181,532 төгрөг буюу үндсэн зээлийн 60 хувийг төлж барагдуулсан байтал нэхэмжлэгчийн зүгээс үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү байдлаар дахин нийт 139,225,115.49 төгрөгийг шаардсан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хариуцагч нарын эрх зүйн байдлыг дордуулсан. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас Улсын Их хурлаас 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10.10-т цар тахлын үед банкнаас цахим хэлбэрээр төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл болон бусад зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахтай холбоотой журмыг Монгол банк батална гэсний дагуу Монгол банкны Ерөнхийлөгчийн 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 100 тоот тушаалаар түр журмыг баталсан.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолоор банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан, нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги төлөхгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулахаар даалгасан.

Ж.А- зээлийн хүү зогсоох, багасгах хүсэлтийг удаа дараа ИН-ХХК-д бичгээр гаргасныг шийдвэрлээгүй, зээлдэгчийн эрх ашгийг хохироосон. Зээлийн хүүг зогсоох хүсэлт гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хүлээн зөвшөөрсөн.

Гэтэл анхан шатны шүүх дээр дурдсан үйл баримтыг үнэлж дүгнэлгүйгээр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй. Дэлхий нийтэд тархсан цар тахлын улмаас цар тархлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Монгол улсын хил хаагдаж, бүх нислэгүүд цуцлагдаж, удаа дараа улс орон даяар хөл хорио тогтоосонтой холбоотойгоор зээлдэгчийн санхүүгийн байдалд хүндрэл учирсан.

Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний дагуу зээл төлөх хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй нөхцөл байдлыг шүүх харгалзан үзээгүй.

Мөн нэхэмжлэгч нь 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 16189/01/1С-2018 тоот цалингийн барьцаат зээлийн гэрээний 12-д дор дурдсан нөхцөл байдлыг аль нэг нь үүсвэл зээлдүүлэгч зөрчил үүссэн талаар зээлдэгчид мэдэгдэх эрхтэй, барьцааны гэрээний 11 дүгээр зүйлд зөрчил үүссэн тохиолдолд барьцаалагч нь зээлийн өр төлбөрийг төлөхийг шаардаж, зээлдэгч барьцаалагчид бичгээр мэдэгдэл хүргүүлнэ. Зээлдэгч, барьцаалуулагч нь мэдэгдэл хүргүүлснээс хойш 5 хоногийн хугацаанд хариу өгөөгүй бол барьцаалагч энэ тухай улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх ба барьцаалагчид үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулах тухайгаа бичгээр мэдэгдэнэ гэж тус тус заасан байхад банк гэрээнд заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй байна. ИН-ХХК нь цалингийн барьцаат зээлийн гэрээ болон барьцааны гэрээний дагуу зээлдэгч болон барьцаалагч нарт зээлийн зөрчил арилгах тухай мэдэгдэл хүргүүлээгүй нь ИН-ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдол гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хуульд нийцсэн гэж үзэж байна. Ж.А-, Л.Х- нар удаа дараа ирж уулзаж зээлийн төлөлтийг бэлнээр хийх болгондоо хүүгээ зогсоох хүсэлтэй байна, Ковид 19 цар тахлаас шалтгаалж хүүгээ хасуулах хүсэлтээ амаар тайлбарлаж байсан. Тодорхой шийдвэрлэсэн зүйл байхгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч ИН-ХХК нь хариуцагч Ж.А-, Д.О- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 102,324,796.39 төгрөг, зээлийн хүүд 45,827,556.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 6,072,762.73 төгрөг нийт 154,225,115.49 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг, хариуцагч Ж.А-, Л.Х- нарт холбогдуулж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл тус тус шүүхэд гаргасан.

 

2. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 21,000,000 төгрөгөөр багасгаж хариуцагч нараас 133,225,115.49 төгрөгийг гаргуулахаар шаардаж, хэрэв хариуцагч нар сайн дураараа үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2204038454 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол /13381/, Энхтайваны өргөн чөлөө 44 дүгээр байрны 57 тоот хаягт байршилтай,105.7 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн. (хх-ийн 56-57, 120)

 

3. Хариуцагч тал зээлийн гэрээний үүрэгт нийт 50 удаагийн үйлдлээр 97,181,532 төгрөгийг төлсөн тул уг төлсөн төлбөрийг үндсэн зээл болох 136,800,000 төгрөгөөс хасч тооцохыг хүссэн тайлбар гаргаж маргасан.

 

4. Зээлдүүлэгч ИН-ХХК болон зээлдэгч Ж.А-, Д.О- нарын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр №16189/01/IC-2018 дугаартай Цалингийн барьцаат зээлийн гэрээг байгуулгадаж, уг гэрээгээр 50,000,000 төгрөгийг, жилийн 24 хувь, 24 сарын хугацаатай хувийн хэрэглээний зориулалттай зээлдүүлэх, зээлдэгч нар зээлийг хүүгийн хамт гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу буцаан төлөх, зээлийг хугацаанд төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээхээр харилцан тохиролцсон байна. (хх-ийн7-9)

Дээрх зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 40,000,000 төгрөгийг, 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 6,800,000 төгрөгийг, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 40,000,000 төгрөгийг тус тус нэмж зээлдүүлж, нийт зээлийн хэмжээ 136,800,000 төгрөг болсноос гадна эргэн төлөлтийн хуваарь, хугацаанд өөрчлөлт оруулсан, зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлсэн үйл баримтыг шүүх зөв тогтоосон ба зээлийн гэрээ байгуулагдсан болон зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан үйл баримтад хариуцагч тал маргаагүй байна.

 

5. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Л.Х-гээс Ж.А-д 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр олгосон итгэмжлэлийн үндсэн дээр 2018 оны 11 сарын 14-ний өдөр байгуулсан Барьцааны гэрээгээр Л.Х-гийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204038454 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол /13381/, Энхтайваны өргөн чөлөө 44 дүгээр байрны 57 тоот хаягт байршилтай,105.7 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалжээ. (хх-ийн10-14)

 

6.1. Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх зохицуулалтад заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний шинжийг агуулсан, эдгээр гэрээ бичгээр байгуулагдсан, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.3, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1-д заасан шаардлагыг хангасан байна.

Зээлийн гэрээ хүчин төгөлдөр бөгөөд хариуцагч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн, зээлийн гэрээний хугацаа 2021 оны 11 сарын 14-нд дууссан тул нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар хариуцагч нарын гүйцэтгэвэл зохих үүргийг үндсэн зээлийн үлдэгдэл 102,324,796.39 төгрөг, зээлийн хүү 45,827556.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,072,762,73 төгрөг, нийт 154,225,115.49 төгрөг гэж тодорхойлсон.

6.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал 21,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд анхан шатны шүүх хариуцагч нараас үндсэн зээл 97,324,596 төгрөгийг, зээлийн хүүд 24,827,556 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүд 6,072,762 төгрөгийг, нийт 128,224,914 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ИН-ХХК-д олгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

7. Хариуцагч Л.Х-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204038454 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол /13381/, Энхтайваны өргөн чөлөө 44 дүгээр байрны 57 тоот хаягт байршилтай,105.7 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц нь барьцааны зүйл болсон, хариуцагч нар зээлийн төлбөрийг гүйцэтгээгүйгээс уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй. Иймд анхан шатны шүүх энэ нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх зээлийн гэрээний үүрэгт төлсөн 97,181,532 төгрөгийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар үндсэн зээлээс хасч тооцуулна гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна. Дээрх төлсөн төлбөрүүд нь зээлийн гэрээний явцад төлөгдсөн байхаас гадна зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хариуцагчийн төлсөн 7,200,000 төгрөгийг нэхэмжлэгч үндсэн зээлээс хасч тооцсон, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн 21,000,000 төгрөгийг мөн үндсэн зээлээс хасч тооцсон байна.

 

9. Хариуцагч тал ...дэлхийн нийтийг хамарсан цар тахлын улмаас зээлийн төлбөрийг төлөх боломжгүй болсон. Зээлийн төлбөрийг төлөх хугацааг хойшлуулах хүсэлт гаргасан. Үүргийн зөрчил нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй тул зээлийн хүү 24,827,556 төгрөгөөс чөлөөлөх үндэслэлтэй... гэж тайлбарласан боловч хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд уг нөхцөл байдал тогтоогдохгүй, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлт гаргаж байгаагүй байна. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, зохион байгуулалтын асуудлаар Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрүүдээр өмчийн хэлбэр үл харгалзан зарим хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоосон хэдий ч зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлсөн хууль гараагүй байна.

 

10. Ковид-19 цар тахал нийтэд илэрхий үйл баримт, үүнийг нотлох шаардлагагүй боловч хариуцагч тал зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах талаар хүсэлт гаргаж байсан гэх байдлыг нотлох баримтыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-д зааснаар нотлох эрхээ хэрэгжүүлээгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна. Ийм учраас хүү зогсоолгох хүсэлтийг шийдвэрлээгүй нь хариуцагч нарын эрх ашгийг хохироосон гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2023/01354 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчйн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн урьдчилан төлсөн 312,451 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Н.БАТЗОРИГ