Б.Б-ы нэхэмжлэлтэй,
НМХГД-д холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Д.Мөнхтуяа,
Шүүгчид: Х.Батсүрэн,
Г.Банзрагч,
Ц.Цогт,
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ,
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,
Нэхэмжлэлийн шаардлага: НМХГД-ын 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/201 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, тус газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын Эм, био бэлдмэлийн хяналтын улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2020/0716 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 18 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Д нарыг оролцуулж,
Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
- Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2020/0716 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.1.7, 48 дугаар зүйлийн 48.1.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, 18, 19 дүгээр зүйлд заасныг баримтлан Б.Б-ы НМХГД-д холбогдуулан гаргасан НМХГД-ын 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/201 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, тус газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын Эм, био бэлдмэлийн хяналтын улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
- Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 18 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2020/0716 дугаар шийдвэрийн хэсгийн 1 дэх заалтын “... 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.1.7, 48 дугаар зүйлийн 48.1.3” гэснийг “37 дугаар зүйлийн 37.1.17” гэж, “... 18, 19 дүгээр зүйлд” гэснийг “... 18 дугаар зүйлийн 18.1, 20 дугаар зүйлийн 20.1, 29 дүгээр зүйлийн 29.2.4-д” гэж; 2 дахь заалтын “...үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэснийг “... үлдээсүгэй” гэж тус тус өөрчлөн, нэхэмжлэгч Б.Б-ы давж заалдах гомдлыг хангахгүй орж шийдвэрлэжээ.
Хяналтын гомдлын үндэслэл:
- Нэхэмжлэгч Б.Б- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “хариуцагч шалгах үүрэггүй” гэх гомдол үндэслэлгүй байна” хэмээн дурджээ. Гэвч нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч НМХГД-ыг сахилгын шийтгэл оногдуулах эрхгүй гэж маргаагүй бөгөөд харин ХАСХОМ-д хууль зүйн дүгнэлт буюу дүн шинжилгээ хийх эрх олгогдоогүй хэмээн мэтгэлцсэн юм. Тухайбал, Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Авлигатай тзмцэх газар энэ хуулийн 11.1.2-т зааснаас бусад албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтэд хяналт тавьж, дүн шинжилгээ хийнэ” гэж заасны дагуу хөрөнгө орлогын мэдүүлгийг хянан шалгах, дүн шинжилгээ хийх эрх бүхий байгууллага нь гагцхүү Авлигатай тэмцэх газар юм.
- Гэтэл НМХГД нь Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийг зөрчиж, өөрт олгогдоогүй эрхийг эдэлж, нэхэмжлэгчийн 2018, 2019 оны хөрөнгө орлогын мэдүүлэгт дүн шинжилгээ буюу хууль зүйн дүгнэлт хийж, 2018 болон 2019 оны хөрөнгө орлогын мэдүүлэгт давхар ажил эрхэлттэй холбоотой хязгаарлалтыг зөрчсөн хэмээн дүгнэж, ажлаас халах шийдвэр гаргасан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Авлигын эсрэг хуульд заасны дагуу хөрөнгө орлогын мэдүүлгийг хянан шалгах цор ганц эрх бүхий этгээд нь Авлигатай тэмцэх газар атал НМХГД Авлигтай тэмцэх газрын эрхийг эдэлж, 2018, 2019 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг хянан шалгасан нь хууль зүйн үндэслэлгүй юм.
- Нөгөөгтэйгүүр магадлалын үндэслэл болоод буй Авлигатай тэмцэх газрын 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 05/3078 тоот “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай” албан бичиг нь: 1. Нэхэмжлэгч Б.Б-ыг Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн Эм, био бэлдмэлийн хяналтын улсын байцаагчийн албан тушаалд нэр дэвшүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх талаар гаргасан дүгнэлт болохоос биш, хуучин ажиллаж байсан нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын Эм, био бэлдмэлийн хяналтын улсын байцаагчийн албан тушаалын хувьд гарсан дүгнэлт биш юм. 2. Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаал болох Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын Эм, био бэлдмэлийн хяналтын улсын байцаагч албан тушаалын 2018 болон 2019 оны ХАСХОМ-т дүн шинжилгээ хийж хувийн ашиг сонирхол үүсэх болон давхар ажип эрхлэлттэй холбоотой хязгаарлалтыг зөрчсөн гэх дүгнэлтийг тухайн жилүүд /2018, 2019 он/-д хийгээгүй байдаг. Өөрөөр хэлбэл, 2018 болон 2019 оны ХАСХОМ-д хийсэн дүн шинжилгээгээр нэхэмжлэгчийн хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн гэх дүгнэлт хийгдэж байгаагүй болно.
- Гэтэл давж заалдах шатны шүүх Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан зохицуулалтыг хэрэглэлгүйн улмаас хариуцагч байгууллагад олгогдоогүй эрхийг эдлүүлж, Авлигатай тэмцэх газрын эрхийг хэрэгжүүлэх боломж олгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтан /ажил олгогч/ нь ХАСХОМ-д өөрийн санаачилгаар дүн шинжилгээ хийж, уг дүн шинжилгээгээ үндэслэн төрийн албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулж болох буруу жишгийг тогтоож байна.
- Гэвч төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халах, төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэл, журмыг Төрийн албаны тухай хуулийн 47 болон 48 дугаар зүйлд зохицуулсан атал нийслэлийн Мэргэжпийн хяналтын газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/201 дүгээр тушаалаар Б.Б-ыг нийтийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулахдаа Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэл, журмыг баримтлаагүй.
- Ийнхүү, Төрийн албан тухай хуулийг хэрэглэхгүйгээр төрийн жинэхэнэ албан хаагчийг ажлаас халж буй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл “Захиргааны үйл ажиллагааны зарчим”, 4.2.1-д “Хуульд үндэслэх”, мөн хуулийн 40 дүгээр зүйлд “Захиргааны актыг бичгээр гаргах”, 40.2.3-т “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах”, 40.3-т “Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана” гэж заасныг тус тус зөрчсөн.
- Учир нь маргаан бүхий акт ч тэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд ч тэр нэхэмжлэгчийг Төрийн албан тухай хуулийн 47 эсхүл 48 дугаар зүйлийн аль заалтаар нийтийн албанаас халсан талаар дүгнэлт хийгээгүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийг хэрэглэлгүйгээр зөвхөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халж болдог жишиг тогтоосон дүгнэлтийг хийгээд байна.
- Төрийн албаны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь ..., төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан ба төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг зохицуулж буй нарийвчилсан хууль нь Төрийн албаны тухай хууль атал тус хуулийг баримтлалгүйгээр салбарын бусад хуулийг шууд баримтлан төрийн албан хаагчийг төрийн албанаас халах хууль зүйн үндэслэл байхгүй ба Төрийн албаны тухай хуулийн үндсэн зарчимд нийцэхгүй юм.
- Тухайлбал, нэхэмжлэгч нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-т заасан зохицуулалтыг зөрчөөгүй бөгөөд тус хуулийн зохицуулалт нь нэхэмжлэгчид хамааралгүй атал давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарласан хэрэглэсэн, 2-т нэхэмжлэгчийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29.2.3-т заасан зөрчлийг удаа дараа гаргасан гэж үзэх хууль зүйн үндэслэл бүрдээгүй болно.
- Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл оногдуулж болохгүй” гэж заасан тул нэхэмжлэгчийг Нийтийн албанд нийтийн болон хувиин ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3-т заасан зөрчлийг удаа дараа гаргасан гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй болно. Учир нь дээрх хуулийн 23.3-т заасны дагуу нэхэмжлэгч Б.Б- нь 2018 оны мэдүүлгийг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор, 2019 оны мэдүүлгийг 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор тус тус эрх бүхий албан тушаалтанд мэдүүлсэн бөгөөд Төрийн албан тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т заасны дагуу 2018 оны мэдүүлгийн зөрчилд сахилгын шийтгэл оногдуулах хугацаа 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болсон байдаг.
- Гэтэл хариуцагчийн зүгээс 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр /1 жил 2 сар 15 хоногийн дараа/ маргаан бүхий Б/201 дүгээр тушаалыг гаргаж нэхэмжлэгчийг сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан хэмээн дүгнэж нийтийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан ба ийнхүү сахилгын шийтгэл оногдуулсан нь Төрийн албан тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т заасныг зөрчсөн юм.
- Нөгөөтэйгүүр давж заалдах шатны шүүх “Мөн Б Билэгсайханы зөрчил нь Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн албан бичгийг хүлээн авснаар илэрсэн байх тул Төрийн албан тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т “... зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар” гэж заасан хугацаа өнгөрөөгүй байхад арга хэмжээ авсан байх тул...” хэмээн дүгнэж, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь Төрийн албан тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т заасны дагуу “сахилгын зөрчил гарснаас хойш 12 сарын хугацаанд сахилгын зөрчлийг илрүүлээгүй эсхүл илрүүлсэн боловч 6 сарын дотор сахилгын шийтгэл оногдуулаагүй бол сахилгын шийтгэл оногдуулж болохгүй байхаар хуульчилсан бөгөөд уг хуулийн зохицуулалт нь нэг талаас нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, нөгөө талаас төрийн захиргааны байгууллагын албан тушаалтныг үүрэгжүүлсэн хуулийн зохицуулалт юм.
- Иймд, Төрийн албан тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т заасны дагуу нэхэмжлэгчийн 2018 оны мэдүүлгийн зөрчилд сахилгын шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэл байхгүй тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасан “... энэ хуулийн 25 2.3-т заасан зөрчлийг удаа дараа гаргасан” гэх хуулийн урьдчилсан нөхцөл үгүйсгэгдэх бөгөөд улмаар маргаан бүхий Б/201 дүгээр тушаалыг үндэслэлгүй гаргасан болох нь тогтоогдох юм. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нь өөрийн гаргасан зөрчилд хуульд заасан хариуцлага хүлээх ёстой атал давж заалдах шатны шүүх Төрийн албан тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т заасны дагуу нэхэмжлэгчийг нийтийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэл бүрдээгүй бөгөөд харин нэхэмжлэгч нь хуульд заасан бусад хариуцлага /сануулах, цалин бууруулах гэх мэт/ хүлээх ёстойгоо бүрэн ухамсарлан ойлгож байгаа болно.
- Гэтэл НМХГД ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан нь буруу бөгөөд давж заалдах шатны шүүх мөн дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2, 29.2.3-т заасныг зөрчсөн нь төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халах үндэслэл болохгүй атал давж заалдах шатны шүүх тус хуулийн 29.2.2, 29.2.3-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж, ажлаас халсан шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэжээ. Мөн тус хуулийн 29.2.2-т заасан зөрчлийг удаа дараа гаргасан тохиолдолд 29.2.3-т заасны дагуу албан тушаал бууруулах сахилгын арга хэмжээ авахаар хуульчилсан боловч НМХГД болон давж заалдах шатны шүүхийн зүгээс хуулийн дээрх “удаа дараа” урьдчилсан нөхцөлд дүгнэлт хийлгүй орхигдуулсан.
- Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс Б.Б-ы нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт авагдсан хариуцагчаас гаргасан бүхий л баримтуудтай бүрэн танилцаагүй, мөн нөлөөллийн мэдүүлэгт гарын үсэг зуруулалгүйгээр хэргийг хэлэлцэн шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Өөрөөр хэлбэл, хэргийн материалд авагдсан баримтуудтай бүрэн танилцаагүй тул мэтгэлцэх зарчим бүрэн хэрэгжсэн гэж үзэх боломжгүй юм. Давж заалдах шатны шүүх хэргийг хянахдаа дээрх байдлаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн бөгөөд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйн улмаас нэхэмжпэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан ба магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй юм.
- Иймд, шийдвэр, магадлалыг хучингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
- Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
- Нэхэмжлэгч Б.Б нь нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/201 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, тус газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын эм био бэлдмэлийн хяналтын улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
- Маргаан бүхий тушаалаар “давхар ажил эрхлэлттэй холбоотой хязгаарлалтыг зөрчсөн, хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ үнэн зөв гаргаагүй, удаа дараа худал мэдүүлсэн” гэх үндэслэлээр нийтийн албанаас халах шийтгэл оногдуулсан, нэхэмжлэгчээс “ямар нэг ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргаагүй, компанийн үйл ажиллагаанд оролцоогүй, ажлаас халах хэмжээний ноцтой зөрчил гаргаагүй” гэж маргажээ.
- Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.11-д “төрийн жинхэнэ албан хаагч холбогдох хуульд заасан журмын дагуу ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг зохих байгууллагад мэдүүлэх үүрэгтэй”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “Мэдүүлэг гаргагч хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ өөрөө үнэн зөв гаргах үүрэгтэй” гэж тус тус заасан байна.
- Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, нэхэмжлэгч Б.Б нь өөрийн хамаарал бүхий компани болох төрсөн эх А.О нь үүсгэн байгуулж, захирлаар ажилладаг эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, оношлуур ханган нийлүүлэх, импортлох үйл ажиллагаа эрхэлдэг “Ти Эс Эн” ХХК, эм барих, эм найруулах, эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх “Билэгбат” ХХК-ийн талаар хөрөнгө орлогын мэдүүлэгт мэдүүлээгүй, мөн 2018, 2019 оны хөрөнгө орлогын мэдүүлэгт өөрийн үүсгэн байгуулсан, гүйцэтгэх захирлаар бүртгэлтэй, гадаад худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг “Тэнүүн кастле” ХХК-ийг мэдүүлэхдээ, “захирлаар эхнэр О ажилладаг” гэж худал мэдүүлсэн үйл баримтууд тогтоогджээ
- Нэхэмжлэгч Б.Б нь нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын эм, био бэлдмэлийн хяналтын улсын байцаагчаар ажилладаг нь эмнэлгийн тоног төхөөрөмж, эмийн сангийн үйл ажиллагаа явуулах хуулийн этгээдтэй ашиг сонирхлын зөрчил үүсэж болохуйц нөхцөл байдал мөн бөгөөд дээрх хуульд зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох хязгаарлалтыг тусгасан байх тул заавал бодитоор ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан байхыг шаардахгүй, зөрчилтэй шийдвэр гаргаагүй гэдэг нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
- Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “албан тушаалтан энэ хуулиар зөвшөөрснөөс өөр ажил, албан тушаал давхар эрхлэхийг хориглоно” гэж, 20 дугаар зүйлийн 20.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол албан тушаалтан энэ хуулийн 18.6-д зааснаас бусад аж ахуйн үйл ажиллагаа гардан эрхлэх болон аж ахуй нэгжийн удирдах бүтцэд ажиллахыг хориглоно” гэж, 29 дүгээр зүйлийн 29.2.3-т “энэ хуулийн ...18 дугаар зүйл, 20.1, 20.4-т заасныг зөрчсөн, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг худал гаргасан ... бол албан тушаал бууруулах сахилгын шийтгэл хүлээлгэнэ” гэж заасан.
- Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3-т заасан зөрчлийг удаа дараа гаргасан гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Учир нь 2018 оны болон 2019 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг үйлдэхдээ “Тэнүүн кастле” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар “эхнэр О” гэж мэдүүлсэн, мөн албан тушаалд нэр дэвших үедээ мөн дээрх байдлаар худал мэдүүлсэн тул нэг удаагийн зөрчил гэж үзэх боломжгүй.
- Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т “...энэ хуулийн 29.2.3-т заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол нийтийн албанаас халах” гэж заасан, нэхэмжлэгчийн тухайд “энэ хуулийн 29.2.3-т заасан зөрчлийг удаа дараа гаргасан” гэх хуулийн урьдчилсан нөхцөлийг хангаж байгаа тул нэхэмжлэгчийн “хариуцлага хүндэдсэн, халах хэмжээний зөрчил гаргаагүй” гэх гомдлыг хангах үндэслэлгүй.
- Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “нийтийн албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалт, ёс зүйн шаардлагын үндэслэл, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, албан тушаалтан хувийн ашиг сонирхлын байдлаа мэдүүлэх болон түүнийг шалгах ажиллагаа, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар зохицуулна” гэж заасан тул нэхэмжлэгчийн “төрийн албаны хуулийг хэрэглэхгүйгээр ажлаас халж болдог буруу жишиг тогтоолоо” гэх гомдол үндэслэлгүй.
- Нэхэмжлэгчийн “зөрчилд хариуцлага тооцох хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх гомдлын тухайд: Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасан, энэ тохиолдолд нэхэмжлэгчийн үйлдсэн зөрчил арилаагүй, үргэлжилж байсан буюу маргаан бүхий захиргааны акт гарах үед зөрчил хэвээр үргэлжилж байсан тул хөөн хэлэлцэх хугацааг 2018 оноос эхэлж тооцох боломжгүй, энэ талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.
- Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 18 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Х.БАТСҮРЭН
Ц.ЦОГТ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ