Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 679

 

Ж.Н-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоол, Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 29 дүгээр магадлалтай, Ж.Н-д холбогдох 2016000000064 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын гаргасан эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Ж.Н

Ж.Н  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б овогт Ж.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “хулгайлах” гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан шүүгдэгч Ж.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Н-д оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 3.500.000 төгрөгийг шүүгдэгч Ж.Н аас гаргуулан улсын орлого болгож, 63-45 ГАҮ улсын дугаартай “Хьюндэй портер” авто машиныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч М.А-д буцаан олгож,

Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Н-с гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна.

Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар” гэснийг “17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт” гэж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан” гэснийг хасч, уг заалтын “17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих” гэснийг, “17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар” гэж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг бүхэлд нь ”Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Н ын цагдан хоригдсон 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, нийт цагдан хоригдсон 37 хоногийг эдлэх ялаас нь хасч тооцсугай” гэж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг бүхэлд нь “Шүүгдэгч Ж.Н ыг шүүх хуралдааны танхимаас сулласугай” гэж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтаас: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 3.500.000 төгрөгийг шүүгдэгч Ж.Н аас гаргуулан улсын орлого болгож” гэсэн хэсгийг хасч шийтгэх тогтоолын бусад зүйл заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд прокурор Б.Оюунцэцэг бичсэн эсэргүүцэлдээ “...Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгч Ж.Н-н зүйлчлэлийг өөрчилж, хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

“Машин механизм” гэдэгт хүн, ачаа тээвэрлэх зориулалттай бүх төрлийн автомашин, мотоцикль, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх, буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зориулалттай машин механизмууд хамаарах бөгөөд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн үйлдлийг хөнгөвчлөх, түргэтгэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгийг зөөж тээвэрлэх зорилгоор эдгээр машин механизмуудыг зориудаар ашигласан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар “учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж” үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчлэхээр зохицуулсан байна.

Хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэргийн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хар цаасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Н  нь баригдаж дуусаагүй барилгын хаалган дээр машиныг тулгаж зогсоож байгаад чулуутэй, чулуугүй нийлсэн 9 ширхэг нийт 386,6 килограмм жинтэй хар цаасыг зөөж ачин, гэмт хэргийн газраас холдсон үйл баримт хангалттай нотлогдсон байдаг.

Давж заалдах шатны шүүх магадлалдаа “Хулгайн гэмт хэрэг нь хулгайн эд хөрөнгийг гэмт этгээд эзэмшилдээ авч өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үеэс төгссөнд тооцдог” гэж тодорхойлосон байна.

Ж.Н ын нь 9 ширхэг боодол хар цаасыг өөрөө биеэр авч явж чадахгүй болохоор машин ашиглах зорилготой байсан, М.А гаас машиныг нь гуйхаар зөвшөөрөөгүй, М.А  өөрөө машинаа жолоодож явсан, Ж.Н  нь өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлээгүй байхдаа худалдах талаар тохирч жижиг оврын ачааны машины тусламжтайгаар гэмт хэргийн газраас зөөж, барааны үнийг авсан үйл баримт тогтоогдсон байдаг.

Шүүгдэгчийн захиран зарцуулах боломж нь тээврийн хэрэгсэлд 386,6 килограмм ачааг ачиж гэмт хэргийн газраас зөөснөөрөө төгссөн гэж үзэх үндэслэлтэй.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Ж.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар гэм буруутайд тооцсон үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, давж заалдах шатны шүүхийн шийдвэрт заасан үндэслэл хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна.

Иймд шүүгдэгч Ж.Н-д холбогдох Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 29 дугаартай магадлалыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар прокурорын эсэргүүцэл бичив.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Давж заалдах шатны шүүх прокурорын зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасныг мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсөн. Тухайн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан автомашиныг улсын орлого болгосон 3.500.000 төгрөгийг шийтгэх тогтоолоос хасч шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан автомашиныг улсын орлого болгосныг үндэслэлгүй гэж үзсэн бөгөөд үүнийг үндэслэлгүй гэж үзэж прокурор эсэргүүцэл бичснийг үндэслэлтэй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх зүйлчлэл өөрчилснийг хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Машин механизам ашигласан үйлдэл нь бол шүүгдэгч өөрийн үйлдлийг хөнгөвчлөх, түргэтгэх, биеэр авч явах чадахгүй зүйлд машин механизам ашигласан. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т  зааснаар учрах саадыг арилгах зорилгоор машин ашигласан нь хүндрүүлэх нөхцөл байдлаар зүйлчилсэн. Ж.Н  нь 9 ширхэг хар цаасыг өөрийн биеэр авч явж чадахгүй учраас машин ашиглах зорилготой байсан. Машин механизам ашиглаж гэмт хэргийн газраас бараа материал авснаар Ж.Н ыг үйлдэл төгссөн байна. Тээврийн хэрэгсэл ашиглаж зөөсөн 9 ширхэг хар цаас нь нийт 387 кг жинтэй. Ийм учраас тухайн хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ машин механизам ашигласан нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон. Ийм учраас магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Ж.Н-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад заасан “... хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх, түүнчлэн шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос яллагдагч Ж.Н-д 2020 оны 05 дугаар сарын 30-наас  31-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Бигэр сумын төвийн ерөнхий боловсролын сургуулийн хашаанд “Аз өрнөх” ХХК-ийн сургуулийн барилгын ажил гүйцэтгэж байгаа барилга дотроос 63-45 ГАҮ улсын дугаартай, “Хьюндэй портер” маркийн, бага оврын ачааны машин ашиглан чулуутай хар цаас 4 ширхэг, чулуугүй хар цаас 5 ширхэг нийт 9 боодол хар цаасыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, мөн өдрөө иргэн М.А д 270.000 төгрөгөөр худалдаж, хохирогч “Аз өрнөх” ХХК-д 492.000 төгрөгний хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

“Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүйгээр эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдэл бөгөөд энэ үеэс төгссөнд тооцдог.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд тогтоогдсон үйл баримтад үндэслэлтэй эрх зүйн дүгнэлт хийлгүй, шүүгдэгч Ж.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар ял оногдуулсан нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна, өөрөөр хэлбэл, гэмт хэрэг төгссөн цаг хугацааг буруу тогтоосноос гэмт хэргийн хүндрүүлэх шинжийн талаар алдаатай дүгнэлт хийжээ.

Хулгайлах үйлдэл төгссөний дараа хулгайлсан эд зүйлээ тээвэрлэх, хэргийн газраас зайлуулах зэрэгт машин механизмыг ашигласныг хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулан үздэггүй.

Давж заалдах шатны шүүхээс “... уг хар цааснуудыг хадгалагдаж байсан газраас нь зөөж М.А гийн машинд ачиж өгснөөр Ж.Н ын үйлдэл төгссөн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд М.А нь гэмт хэрэг үйлдэгдэж байгааг мэдээгүй, Ж.Н-с худалдаж авсан эд зүйлээ өөрийн автомашинаар авч явсан, Ж.Н  нь хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ авто машин ашигласан болох нь тогтоогдоогүй ... “ гэж дүгнэн, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ж.Н нь бусдын эзэмшлийн нийт 9 ширхэг хар цаасыг зарж мөнгө болгох зорилгоор иргэн М.А-н эзэмшлийн 63-45 ГАҮ дугаартай “Хьюндэй портер” маркийн автомашинд ачиж, улмаар түүнд худалдсанаар хулгайлах гэмт хэрэг төгссөн бөгөөд М.А-н хувьд тухайн хар цаасыг өөрийн автомашинаар гэр рүүгээ зөөвөрлөн авч явахдаа гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэдгийг мэдээгүй тус хулгайн гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй учир давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Ж.Н-г хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан гэж үзэхгүй гэж дүгнэн, хэргийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилснийг буруутгах үндэслэлгүй гэж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 29 дүгээр магадлалыг эс зөвшөөрч, тус магадлалыг хүчингүй болгуулах талаар гаргасан прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 29 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, прокурор Б.Оюунцэцэгийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                       ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                          С.БАТДЭЛГЭР

                                                                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН