Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2023/00888

 

 

 

 

 

 

2023 04 28 210/МА2023/00888

 

 

 

 

 

 

    2023          04           28                                         210/МА2023/00888

 

 

 

Ж.Х-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2023/01284 дугаар шийдвэртэй

Ж.Х-ын нэхэмжлэлтэй, О.Ө, Ц.О нарт холбогдох,

Улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах, уг гэрчилгээг хүчингүй болгуулах, дахин гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Зүрх уулын  тоот хашаа, байшин, газар бол Ж.Х-ын өмч бөгөөд тэрээр 2006 оны 07 дугаар сард н.Наранжаргалаас худалдаж авсан. н.Наранжаргал уг хашаа байшинд 1970 оноос хойш амьдарч байгаад 2004 оны 06 сард Засаг даргын шийдвэрээр хувьчилж аваад 2006 оны 7 сард нь Ж.Х-т худалдсан. Ж.Х нь дээрх газар, хашаа байшинг 2006 оны 7 сараас одоог хүртэл өмчилж байсан.

1.2. 2010 оны 09 сарын 21-ний өдөр хариуцагч О.Өийн эгч Ц.Х-д орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээгээр хөлслүүлсэн. Ц.Х нь 2011.02.16-ны өдөр манайд ирээд хашаа байшингаа надад зарчих гэсэн тул худалдах, худалдан авах гэрээ байгуулж төлбөрийг 2 хувааж төлөхөөр тохиролцож түүнд гэрчилгээг өгсөн. Гэтэл зээл бүтэхгүй байна гэснээ сүүлдээ утсаа авахгүй байж байгаад утасны дугаараа өөрчилсөн. Улмаар Ц.Х-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээг 2011 оны 6 дугаар сарын 13-ны өдөр цуцалсан.

1.3. Ц.Х нь гэрчилгээг 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Ж.Д, Ж.Д нь 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр О.Өт өгсөн байсан. Ц.Х нь нөхрийн хамт гэрчилгээг аваад алга болсон тул гэрийн хаягаар хайгаад олоогүй. Гэтэл 10 сарын сүүлээр Хаан банкнаас зээлээ төл хашаа, байшинг барьцаанд тавьсан байна гэсэн тул бид цагдаад шалгуулсан.

1.4. Хашаа байшин, газрын гэрчилгээг О.Ө-ийн нэр дээр шилжүүлээд “Вишнфанд ББСБ” ХХК-ийн барьцаанд тавьж зээл аваад зээлээ төлөхгүй алга болсон. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.02.02-ны өдрийн 1253 тоот шийдвэрээр хашаа байшин, газрыг Ж.Х-т буцааж олгох шийдвэр гарсан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж хашаа байшинг Ж.Х-т 2016.04.03-ны өдөр хүлээлгэж өгсөн.

1.5. Уг газар, байшин нь одоо О.Ө-ийн нэр дээр байдаг. Ц.О нь гэрчилгээ өгөхгүй байгаа бөгөөд зарын дагуу 22,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Би Ц.Х, н.Д нарыг танихгүй гэсэн. Ц.О нь 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс хойш Ж.Х-ынхашаа байшинг харж хамгаалж байсан хүмүүсийг хөөж гаргасан. Шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандан гэрчилгээ авъя гэхэд гэрчилгээний асуудлыг шийдвэрлээгүй тул О.Өийг олж ир эсхүл О.Өтэй гэрээ хэлцэл хийж гэрчилгээг эх хувиар нь авчир гэсэн.

1.6. О.Ө болон Ж.Д нарын хооронд хийсэн гэрээг хүчингүй болгож, О.Өийн нэр дээрх 000443505 дугаартай Ү дугаарт бүртгэлтэй 45 м.кв хувийн сууцны 000363932 дугаар гэрчилгээ, Y-220200 дугаарт бүртгэлтэй, 186403-18401481 дугаар нэгж талбартай 700 м.кв талбай газрын Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Зүрх уулын 2 тоот хашаа байшингийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, Ж.Хт шинээр улсын бүртгэлийн гэрчилгээ бичүүлж авах эрхийг бүртгэлийн байгууллагад даалгаж өгнө үү гэжээ.    

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Би Ж.Х-ын нэхэмжлэлд хариуцагчаар татагдаж буйг эсэргүүцэж байна. Би болон Ц.О нар дээрх хүмүүстэй ямар нэгэн холбогдол байхгүй, өр төлбөр, гэрээ хэлцэл, гарын үсэг зуралцсан, зөвшилцсөн, тэдэнтэй ярилцаж тохиролцсон зүйл байхгүй. Ц.Х, Ж.Д нарын хооронд үүссэн маргаан тул тэднийг хариуцагчаар татах ёстой. Тэдний хоорондын үл ойлголцол, өс хонзон, залилан, мэхлэлтийн дунд төлбөр тооцоо бүрэн барагдуулсан би цаг зав, эд мөнгө, сэтгэл санаагаар маш их хохирч байна.

2.2. Дээрх хашаа, байшинг Ж.Хаас бус Ж.Д-оос 2015.10.15-ны өдөр 15,000,000 төгрөгөөр худалдан авсан. Энэхүү үйлдлийг нотолсон нотариатын гэрээ, төлбөр тооцоо дууссан талаарх баримтыг гаргаж өгсөн. Би Ц.Хишигдалайтай эрх зүйн харилцаанд ороогүй бөгөөд хуулийн дагуу худалдаж авсан болохоос Ц.Хишигдалайг залилж гэрчилгээ аваагүй. 

2.3. Би хувийн сууцанд 6,800,000 төгрөгөөр засвар үйлчилгээний зардал гаргасан. Хашаа, байшинг худалдаж аваад засвар хийсний дараа анхны өмчлөгч Ж.Х, худалдан авсан Ц.Х нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний төлбөр дутуу төлөгдсөн гэдэг маргаан үүссэн тул 2011 оноос хойш шүүхээр явсан. Гэтэл энэ 2 хүний хоорондох маргааныг шүүх шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан. Гэтэл өмнөх шийдвэрийг нуун дарагдуулж, гомдол гарган уг маргаанд хамаагүй шударга өмчлөгч миний өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн.

2.4. Би Ж.Д-ын дарамтаас болж хашаа, байшинг Ш.А-т худалдсан. Иймд одоо надад хашаа байшин, газрын гэрчилгээ байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн татгалзал, тайлбарын агуулга:

3.1. Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Зүрх-Уулын 2 дугаар гудамжны  тоот 45 м.кв талбайтай хувийн сууц болон 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгчөөр Ж.Х бүртгэлтэй байсан бөгөөд 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр худалдах худалдан авах гэрээгээр Ц.Х-гийн өмчлөлд, 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр Ж.Д-жийн өмчлөлд, 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр худалдах худалдан авах гэрээгээр О.Өийн өмчлөлд, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр Ш.А-ын өмчлөлд тус тус шилжүүлэн бүртгүүлсэн. Эдгээр өмчлөх эрх шилжсэн бүртгэл нь холбогдох хууль тогтоомжийн дагуу хийгдсэн бөгөөд худалдах худалдан авах гэрээнүүд нь нотариатаар баталгаажсан тул бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй. Иймд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн үйлдэл нь хуулийн дагуу бүртгэгдсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч О.Өт холбогдох, Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Зүрх Уулын 2 гудамж, 574 тоот хаягт байрлах, Г-2202004577 дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын 18640318401481, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв талбайтай газар, мөн хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Y-22 дугаарт бүртгэгдсэн, 45 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах, уг гэрчилгээг хүчингүй болгуулах, дахин гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.Х-ыннэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг баримтлан хариуцагч Ц.О т холбогдох, нэхэмжлэлийнхээ шаардлагаас нэхэмжлэгч татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: 

5.1. Талуудын хооронд 2010 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр гэрээ байгуулагдаж, маргаан үүссэн тул шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 1253 дугаар шийдвэрээр эд хөрөнгийн асуудлыг шийдвэрлэсэн боловч улсын бүртгэлийн гэрчилгээний асуудал шийдвэрлэгдээгүй. 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Ш.Ариунболорт гэрчилгээ шилжсэнийг мэдээгүй. Харин Ц.О, О.Ө нар төрсөн ээж, охин хоёр юм. О.Ө, Ж.Д, Ш.Анар надтай гэрээ хэлэлцэл хийгээгүй бөгөөд миний газар, хашаа байшинг бие биедээ шилжүүлсэн.

Шүүх Ц.Хишигдалай, Ж.Д нарын эрх ашиг нь хөндөгдөж байхад гуравдагч этгээдээр татан оруулаагүй, шийдвэр гарах үед О.Өийн нэр дээр гэрчилгээ шилжсэнийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан. О.Оюунчимэгээс улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулъя гэхэд уг гэрчилгээ О.Өийн нэр шилжсэн. О.Ө нь 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хашаа байшингийн гэрчилгээг Ш.Ариунболорт шилжүүлсэн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар Ш.Ариунболор, “Прогресс капитал ББСБ” ХХК-ийг оролцуулж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарыг агуулга:

6.1. Хэрэг маргаан олон жил шүүхээр явж байгаа бөгөөд улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэл илэрсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч Ж.Х нь хариуцагч О.Ө, Ц.О нарт холбогдуулан улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах, уг гэрчилгээг хүчингүй болгуулах, дахин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага түүнийг нотлох баримт нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрт хамаарахаар заасан бөгөөд мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасан. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн тохиолдолд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулах ажиллагааг хийх ёстой.

 

Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

 

3.а. Учир нь Ж.Х-ынтөлөөлөгч Ж.Днь Ц.Х-тай 2011 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу Ж.Х нь Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх уулын 2-574 тоот хаягт байрлах, 45 м.кв талбай бүхий хувийн сууц, хашааны газрыг Ц.Х-д худалдахаар тохиролцжээ.

 

Дээрх гэрээг үндэслэж Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх уулын тоот хаягт байрлах, 45 м.кв талбайтай хувийн сууц, 700 м.кв хашааны газрын өмчлөх эрх Ж.Х-аас Ц.Х нэр дээр шилжиж  улмаар түүний нэр дээр өмчлөгчөөр бүртгэж улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байна.

 

Ц.Х нь  гэрээгээр тохирсон хувийн сууц болон хашааны газрын үнийг Ж.Хт төлөөгүй тул тэрээр гэрээг цуцалж, хувийн сууц болон газар өмчлөх гэрчилгээг хүчингүйд тооцуулж, газар болон хувийн сууцны гэрчилгээг гаргуулах шаардлага гаргасныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2016/01253 дугаар шийдвэрээр Ц.Х-гаас Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх уулын тоотод байрлах хувийн сууц болон хашааны газрыг  Ж.Х-т буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн.

 

Тус шүүхийн шийдвэрийн дагуу 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх уулын  тоот хаягт байрлах, 45 м.кв талбайтай хувийн сууц болон 700 м.кв хашааны газрыг Ц.Хишигдалайн эзэмшлээс буцаан гаргуулж Ж.Х-ынэзэмшилд шилжүүлснээр 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болжээ.

 

Хэдийгээр шүүхийн шийдвэрээр Ц.Х-гаас Ж.Хт дээрх хувийн сууц болон хашааны газрын эзэмшлийг шилжүүлж шийдвэрлэсэн боловч  уг хувийн сууц болон хашааны газрын өмчлөгч улсын бүртгэлээр Ц.Х хэвээр үлдсэн  байна.

Маргааны зүйл болох хувийн сууц болон хашааны газрыг 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Ц.Х нь Ж.Д той худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Ж.Дийн өмчлөлд шилжүүлсэн.

 

Үүний дараа Ж.Д  нь О.Өтэй 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр О.Ө-ийн өмчлөлд маргаан бүхий хувийн сууц болон хашааны газрыг шилжүүлсэн.

 

Үүнээс хойш О.Ө нь Ш.А-той 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр худалдах, худалдах авах гэрээ байгуулж, уг гэрээгээр О.Ө-ийн өмчлөлөөс Ш.А-ын өмчлөлд маргаан бүхий хувийн сууц болон хашааны газрыг   шилжүүлсэн байна.

 

3.б. Нэхэмжлэгч Ж.Х нь хариуцагч О.Ө-т холбогдуулан Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, 2 дугаар гудамж, 574 тоот хаягт байрлах, 45 м.кв талбай бүхий хувийн  сууц болон хашааны, газрын улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах, уг гэрчилгээг хүчингүй болгуулах, дахин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тодруулах шаардлагатай байна. Учир нь нэхэмжлэгч нь  маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, үр дагаврыг арилгуулахаар шаардсан  эсвэл  бусдын хууль бус эзэмшлээс өөрийн хөрөнгийг шаардсан эсэх талаар талуудыг мэтгэлзүүлээгүй тул давж заалдах шатны шүүх эрх зүйн дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч нь Ш.А-ыг хариуцагч болон гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасныг  шүүх удаа дараа хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн  нь учир дутагдалтай болжээ. Хэргийн баримтаар маргааны зүйлийн өмчлөгч Ш.Аболсон байхад нэхэмжлэгч нь хариуцагчаар өмчлөгч бус этгээдийг тодорхойлж түүнд холбогдуулан гэрчилгээ гаргуулах, уг гэрчилгээг хүчингүй болгуулах, дахин гэрчилгээ гаргуулах шаардлага гаргаж буй нь ойлгомжгүй байгааг тодруулах байжээ.

 

4. Шүүх хариуцагч болон гуравдагч этгээдээр Ш.А-ыг оролцуулах нэхэмжлэгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх журмыг зөрчсөн байна. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ш.А бүртгэгдсэн,  түүний эрх ашиг сонирхол хөндөгдөхөөр байх тул Ш.А-ын эрх зүйн байдлыг тодруулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах шаардлагатай.

 

Иймд дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2023/01284 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.ЦОГТСАЙХАН

 

     ШҮҮГЧИД                                     Д.ЗОЛЗАЯА

 

                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ