Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 18

 

Б.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, хохирогч Ж.Н-, түүний өмгөөлөгч Д.Энхбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Чинзориг, Б.Бат-Ерөөлт, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 245 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 80 дугаар магадлалтай, Б.А-д холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Чинзориг, Б.Бат-Ерөөлт нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ***, ял шийтгэлгүй, Б овогт Б-н А-.

Б.А- нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “Засгийн газрын дэмжлэгийн сангаас зээл авах гэж байгаа, дансандаа мөнгө байршуулах шаардлагатай” гэх нэрийдлээр Ж.Н-г хуурч 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 60,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.А-г бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б А-г 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б А-д оногдуулсан ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 30 сарын хугацаанд сард 333,333 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн 7 2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д 3 сарын хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг хугацаанд нь биелүүлээгүй, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол хорих ялаар сольж, Б.А-д оногдуулсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, хохирогч Ж.Н-н давж заалдах гомдлыг хүлээн авч, хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Чинзориг, Б.Бат-Ерөөлт нар хамтран гаргасан гомдолдоо “...Давж заалдах шатны шүүх хэргийг үндэслэлгүй шийдвэрлэсэн.

Учир нь Анхан шатны шүүх нь өөрт олгогдсон эрх, хэмжээний хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор Б.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр байсан бөгөөд энэ талаараа шүүгч Д.Ариунцэцэг нь шийтгэх тогтоолдоо тов тодорхой, ойлгомжтойгоор дүгнэн бичсэн байдаг. Тухайн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг “Хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэж үзэх ямар ч үндэслэл байгаагүй.

Харин ч хохирогчийн зөрчигдсөн эрхийг бодитойгоор сэргээх хууль зүйн боломжийг ашиглаж, 3 сарын хугацаанд үлдсэн хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь зөв, тохиромжтой шийдэл байсан юм.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3-т заасан үндэслэлүүдийн аль нэг байвал анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчлөх эрхтэй хэмээн хуульчилж өгсөөр байтал ...өөрт олгогдоогүй эрхийг хэтрүүлэн анхан шатны шийдвэрийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

...хохирогч гомдол гаргасан гэдгээр анхан шатны шийдвэрийг хүчингүй болгодог хуулийн зохицуулалт байхгүй.

Нэг ёсны шүүхийн хэлэлцүүлгээр хэргийг тал бүрээс нь шүүн хэлэлцээд хэргийн үйл баримт юу байсан эсэх, хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлууд зэргийг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид эрүүгийн хариуцлага сонгон хүлээлгэх эрх нь анхан шатны шүүхийн хуулиар олгогдсон эрх хэмжээ байдаг. Харин давж заалдах шатны шүүхийн хувьд дээр дурдсан 3 зөрчил байгаа эсэхийг хянадаг. Түүнээс биш анхан шатны шүүхэд хуулиар олгогдсон эрхэнд нь дураараа халдах хууль зүйн боломжгүй.

Иймд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөөгч Д.Чинзориг хэлсэн саналдаа “...Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй буюу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг оногдуулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Гэтэл давж заалдах шатны шүүх хуульд заасан үндэслэлээс гадуур шийтгэх тогтоолыг хүчингүй болгож байгаа нь давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлагын зорилго нь “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан. Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж шийдвэрээ гаргасан. Давж заалдах шатны шүүхийн магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан хэм хэмжээг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Д.Чинзориг өмгөөлөгчийн гомдлыг дэмжиж байна” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Д.Энхбаяр хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Магадлалд “анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэсэн үндэслэлийг” дурдсан. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон хууль зүйн дүгнэлтийг тодорхой дурдсан. Б.А- торгуулийн ялыг төлөх боломж байхгүй бөгөөд нийт банк болон иргэдэд 200,000,000-д төгрөгийн өр төлбөртэй. Нийт 60,000,000 төгрөгөөс 21,000,000 төгрөгийг төлөөгүй байсан бөгөөд шүүх хуралдаан болох өдөр 4,000,000 төгрөгийг, давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө 4,000,000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байна. Анхан шатны шүүх төлбөрийн чадваргүй хүнд торгуулийн ял оногдуулсан. Шүүх шударга байх ёстой” гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.А-д анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд заасан хөрөнгө, цалин, хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ял оногдуулахаар хуульчилсан заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Б.А- нь хохирлыг төлөх боломжгүй буюу торгуулийн ялыг төлөх боломжгүй байхад торгох ял оногдуулсан байх бөгөөд ял хөнгөдсөн үндэслэлээр дүгнэлт хийсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Чинзориг, Б.Бат-Ерөөлт нарын гаргасан гомдлыг үндэслэн Б.А-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагад нийцжээ.

Шүүгдэгч Б.А- нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “Засгийн газрын дэмжлэгийн сангаас зээл авах гэж байгаа, дансандаа мөнгө байршуулах шаардлагатай” гэх нэрийдлээр Ж.Н-г хуурч 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 60,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо тухайн хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх Б.А-д холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж хэргийг шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.А-гийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, түүний үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Мөн эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, хэмжээ, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан торгох ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

Гэтэл давж заалдах шатны шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулах зорилго, төрөл нь дан ганц гэм хорын асуудлаас хамааралтай мэт өрөөсгөл дүгнэлт хийж, улмаар хуульд заасан үндэслэл журамд нийцүүлэн, өөрийн эрх хэмжээний хүрээнд шүүгдэгчийн гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд анхан шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан хохирол төлөгдөх нөхцөл боломжийг харгалзан үзэж хэргийг шийдвэрлэсэн байна.

Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.А-д торгох ял оногдуулсан атлаа гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ тэдгээрийг биелүүлэх хугацааг зөрүүтэй тогтоосон байгаа нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд нийцээгүй, ял болон албадлагын арга хэмжээний зохилдолгоог зөв тооцоолоогүй, нэг гэмт хэрэгт нэг ял оногдуулах зарчимд харшлах үр дагавар үүсгэж болохоор байх тул Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарч байна.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг шүүхээс оногдуулсны дараагаар түүнийг зөрчсөн тохиолдолд мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг шийдвэрийг өөрчилж ял оногдуулах үр дагавар үүсдэг. Гэтэл гэмт хэрэг үйлдсэн хүнд тодорхой төрлийн ял сонгон оногдуулахын зэрэгцээ үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ давхар хэрэглэсэн тохиолдолд тухайн хүн шүүхээс оногдуулсан ялыг нэгэнт биеэр эдэлсэн, эсхүл биелүүлсний дараагаар албадлагын арга хэмжээг зөрчсөн гэх үндэслэлээр ял оногдуулах эсэх асуудал нь дээр дурдсан эрүүгийн эрх зүйн суурь зарчимтай зөрчил үүсгэхээр байна. Энэхүү агуулгын үүднээс авч үзвэл эрүүгийн хариуцлагын төрөл болох үүрэг хүлээлгэх арга хэмжээг гагцхүү тухайн шүүгдэгчид ял оногдуулалгүйгээр тэнссэн тохиолдолд хэрэглэх, ингэхдээ хэрэгжих хугацааг тэнссэн хугацаатай ижил, эсхүл тэрхүү хугацааны дотор байхаар тооцох ёстой гэж тайлбарлаж хэрэглэх нь Эрүүгийн хуулийн зорилго, түүний нийтлэг зарчмуудад нийцэх болно.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах талаар үүрэг хүлээлгэсэн заалтыг хүчингүй болгосон өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын “...давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул магадлалыг хүчингүй болгуулах” гэсэн хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2, 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 80 дугаар магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 245 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 5 дахь заалт, мөн 4 дэх заалтын “...шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн...” гэснийг тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Чинзориг, Б.Бат-Ерөөлт нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг зарим хэсгийг хангаж шийдвэрлэсүгэй.

 

                                       ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                      ШҮҮГЧ                                                          С.БАТДЭЛГЭР

                                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН