Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2020/ШЦТ/245

 

                        

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ундрах

Улсын яллагч Н.Дүүрэнжаргал

Хохирогч Ж.Нандин-Эрдэнэ

Хохирогчийн өмгөөлөгч Д.Энхбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Чинзориг

            Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ад холбогдох эрүүгийн 1925006900001 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.А

Орхон аймгийн Прокуророос шүүгдэгч Б.Аг иргэн Ж.Нандин-Эрдэнийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон Засгийн газрын дэмжпэгийн сангаас зээл авах гэж байгаа, дансандаа мөнгө байршуулах шаардлагатай гэх нэрийдлээр хуурч 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 60.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Агийн мэдүүлсэн “мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээж байна. 21,000,000 төгрөг төлнө гэх мэдүүлэг,

“Хохирогч Ж.Нандин-Эрдэний шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн “2018 оны 7 дугаар сард дэлгүүрээ түрээслүүлж танилцсан. Дэлгүүрээ зарах гээд зар өгөөд байтал 2018 оны 11 сараас А нь 60,000,000 төгрөг 7 хоногийн хугацаатай өгөөч, Засгийн газрын дэмжлэгийн сангаас зээл авах гэж байгаа байршуулчихаад өгнө гэж гуйж эхэлсэн. Тэгээд 12 дугаар сарын 14-ний өдөр 60 сая төгрөг авсан. Нотариат хамт орж гэрээ байгуулаад өгсөн. Хамт Хаан банк орсон, би итгэсэн. 7 хоноход “Уянгаа эмч бид 2 зээл авах гэж байгаа хугацаа сунгаач гэсэн. Тэгээд 7 хоногийн хүү 2,1 сая төгрөг өгсөн. Гэрээний ард 14 хоног сунгалаа гэж тэмдэглэсэн. 14 хоноод нэхэхэд зугатаад байсан. 2019 оны 5 сар хүрсэн. Зээл бүтэх гэж байгаа л гэдэг байсан. 5 сараас хойш алга болсон. Нөхөр нь Агийн ярьж байгаа худлаа шүү гэсэн. Сүүлдээ намайг сүрдүүлж та яаж харьцана, би тэгж харьцана гэх болсон. 39,000,000 төгрөг төлсөн. Одоо 21,000,000 төгрөг нэхэмжилж байна. Эд хөрөнгө эрүүл мэнд сэтгэл санаагаар маш их хохирсон. Гомдолтой байна” гэх мэдүүлэг,

-Хохирогч Ж.Нандин-Эрдэний мөрдөн байцаалтад мэдүүлсэн“....Миний бие Оюут баг 2-4 байрны урд талд үйл ажиллагаа явуулдаг 8-н нэрийн хүнсний дэлгүүрийг ажиллуулж байгаад 2019 оны 12 сарын 13-ний өдөр Гэрэлтбаатар гэх хүнд 80.000.000 төгрөгөөр зарахаар болсон юм. Тухайн үед Гэрэлтбаатар 20.000.000 нэмээд зээл авмаар байна энэ мөнгөөрөө бараагаа авна гэсний дагуу 2019 оны 12 сарын 13-ны өдөр миний дансанд 100.000.000 төгрөг ороод би тухайн өдөр Гэрэлтбаатарт 20.000.000 төгрөгийг өгөөд өөрөө 80.000.000 төгрөгтэй үлдсэн юм. Ингээд байж байтал манай дэлгүүр зарагдахаас өмнө манай дэлгүүрийг түрээсэлж байсан А гэх эмэгтэй манай дэлгүүрийг зарагдах гэж байгааг мэдэж байсан ба дэлгүүр зарагдахаас өмнө би Засгийн газрын дэмжлэгийн сангаас зээл авах гэж байгаа юм дансандаа мөнгө байршуулах шаардлагатай байна гээд надад банканд таньдаг хүн байгаа шуү гээд надаас гуйгаад байдаг байсан юм. Мөн миний өмнөөс дэлгүүр худалдан авах гэж байсан хүмүүсийг цуг дагуулж яваад намайг газрынхаа асуудлыг шийдэж бай би нотариат ороод бичиг баримтыг нь хөөцөлдөж байя гэж хэлээд миний өмнөөс хөөцөлдөөд гүйгээд байсан. Тэгээд 2018 оны 12 сарын 13-ны өдөр манай дэлгүүр зарагдсаныг мэдээд эгчээ надад дэмжлэгийн сангаас мөнгө авахад дансандаа мөнгөтэй харагдах шаардлагатай байна гээд өдөр шөнөгүй гуйгаад байхаар нь чи яг өөрийнхөө дансанд байршуулна биз дээ өөр дансруу хийхгүй биз дээ гэхэд тэгэлгүй яах вэ гэхээр нь би итгээд нөхөртэйгөө ярилцаж байгаад 7 хоногийн хугацаатай зээлэхээр болсон юм. 2018 оны 12 сарын 14-ний өдөр би Голомт банкнаас бэлнээр 60.000.000 төгрөгөө аваад нотариатын газар дээр ороод тоолж өгөөд гэрээ хийсэн. Тэгээд нотариатын газраас гараад Хүрэн булаг багийн Хаан банк руу ороод \/1Р өрөө рүү А ороод би хажууд нь дансандаа мөнгөө хийх нь үү гээд хараад зогсож байтал намайг та виза картаа захиалчих гэсэн тэгээд би дансандаа мөнгөө хийчих байлгүй дээ гэж бодоод картаа захиалчихаад буцаад ороод иртэл теллертэй нь инээчихсэн би мөнгөө хийчихлээ гэж хэлээд өөдөөс гараад ирсэн. Үүнээс хойш 7 хоногийн хугацаа өнгөрөөд мөнгөө авъя гэхэд Нандиа эгчээ бид хоёрын зээл бүтэх гээд байна Дэмжлэгийн сангийн зээл сар бүрийн 15, 30-ны өдрүүдэд хуралддаг гэж байна та түр хүлээчих би 7 хоногийнхоо хүүг өгчихнө дахиад 14 хоногоор сунгая гэхээр нь би итгэхгүй нотариат ороод гэрээгээ хийе гэхэд би нотариатаас асуучихсан гэрээнийхээ ар талд гараар сунгалт хийж болно гэж хэлэхээр нь итгээд өмнө хийсэн гэрээнийхээ ар тал дээр нь сунгалт хийж гарын үсэг зурсан. Үүнээс хойш 14 хоног өнгөрөөд мөнгөө авъя гэхэд цугтаа зээл хөөцөлдөж байгаа Уянга эмч бид хоёрын зээл авах гэсэн чинь зээлийн материал очертой байгаа гэнээ дараа 2019 оны 01 дүгээр сарын 15 юм уу 30-ны өдрийн хурлаар ороод шийдэгдэнэ гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би тэгвэл Уянга эмч дээр очиж уулзъя гээд очиж уулзахад Уянга эмч А бид хоёрын зээл бүтэхээр болсон бат араанд нь хийчихсэн хахуульд нь 20.000.000 төгрөг өгчихсөн байгаа асуудалгүй гэж хэлэхээр нь дахин итгэж 2019 оны 02 сарын 11- ний өдөр хүртэл гэрээгээ сунгаж Уянгаа эмч болон А нар гарын үсэг зурж баталгаажуулсан. Үүнээс хойш 2019 оны 02 сарын 11-ний өдөр болоод Уянгаа эмч А нараас мөнгөө авъя гэхэд 2019 оны 02 сарын 15-ны өдөр хурлаар орно гэж байна, хэдхэн өдөр хүлээчих гэхээр нь би 15-ны өдөр хүртэл хүлээгээд зээл чинь гарсан уу гэж асуухад бүтсэнгүй, 2019 оны 02 сарын 30-ны өдрийн хурлаар орохоор болсон гэж надад хэлсэн. ...Сүүлд 2019 оны 05 сарын дундуур А төслөө ч банканд өгөөгүй манай нөхрөөр төслөө хүртэл засуулж янзлуулж байсан удаа бий анхнаасаа л намайг залилах санаа зорилготой байсан. Мөн өөрөө бөө шүтээнтэй гээд намайг байнга айлган сүрдүүлдэг, дарамталсан утга бүхий мессеж явуулдаг...”гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р хуудас/

-Гэрч Г.Алтансүхийн мэдүүлсэн “....Танина. Манай банкаар үйлчлүүлдэг байсан юм тэр талаар нь л мэднэ, найз нөхдийн ямар нэгэн холбоогүй. 2018 оны 12 сард өдрийг нь сайн мэдэхгүй байна ямар ч байсан А, Уянгаа нар манай банкин дээр ирж зээлийн мэдээлэл авч уулзаж байсан. Анх ирэхэд нь би А, Уянгаа нарын регистрээр нь Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаанаас шүүж үзэхэд Уянгаа гэх эмэгтэй муу ангиллын зээлтэй байсан. Тэгээд би тэд нарт муу ангиллын зээлтэй учир зээлд хамрагдах боломжгүй гэж хэлсэн. Үүнээс хойш 2019 оны 03 сард А, Уянгаа хоёр дахин ирээд Худалдаа хөгжлийн банкин дээр муу ангиллын зээлтэй байсан зөрчлийг нь арилгаад хэвийн болгочихсон гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би дахин Монгол банкны зээлийн нэгдсэн мэдээллийн сангаас шүүж үзэхэд Уянгаагийн зээл муу ангилалтай хэвээрээ байсан. Үүнээс хойш 2019 оны 05 сард дахин ирсэн. зээлийн сангаас мэдээллийг шүүж үзэхэд зээл нь хэвийн зөрчилгүй болчихсон зээл бүрэн төлөгдөж дуусаагүй байсан. Ингээд А, Уянгаа хоёр бүрдүүлэх материалын жагсаалт авч яваад 2019 оны 05 сарын сүүлээр төслөө бичээд материалаа надад авчирч өгсөн. Өгсөн материалыг нь Улаанбаатар хот Засгийн газрын батлан даалтын сан руу энэ материалыг судалж болох уу гэсэн хүсэлт явуулахад А, Уянгаа нарын нэр дээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр өр төлбөртэй учир материал судлагдах боломжгүй гэсэн хариу ирсэн. Энэ хариуг А, Уянгаа нарт хэлсэн тэгээд надаас буцааж материалаа аваад явсан. 2018 оны 11 сард бол албан ёсоор зээл хөөцөлдөж материал өгсөн зүйл байхгүй. Яг албан ёсоор материал өгсөн хугацаа нь 2019 оны 05 сард л өгсөн юм. Мөнгө байршуулах ямар ч шаардлагагүй. Байгаль орчинд ээлтэй, Монгол банкны зээлийн мэдээллийн санд муу зээлийн түүхгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр ямар нэгэн өр төлбөргүй, барьцаа хөрөнгийн дутагдалгүй гэсэн шаардлагуудыг хангасан байх ёстой байдаг юм. Уянгаа эмчийн төлбөрийг санахгүй байна харин А ч ямар байсан 20.000.000 орчим төгрөгийн өртэй гэж өөрөө хэлж байсан. Булган аймгийн Хангал сумын Галтай гэх газар хүүхдийн амралт сувиллын газар ажиллуулна гэж төсөл бичсэн юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 12-13-р хуудас/

-Гэрч Д.Уянгаагийн мэдүүлсэн“....Засгийн газрын зээлийн батлан даалтын сангаас Атай нийлж амралт сувилал байгуулах зорилгоор уг зээлийг хөөцөлдөж байсан. Төсөл бичиж, банкны шаардлагын дагуу холбогдох бичиг баримтыг бүрдүүлж өгөөд эхний ээлжинд Орхон аймгийн Капитрон банкны хурлаар ороод дэмжигдвэл Улаанбаатар хотын төв Капитрон банкны хурлаар ороод мөн дэмжигдвэл Засгийн газрын Зээлийн батлан даалтын сангаас зээл олгодог юм байна лээ. 2019 оны 01 сарын эхээр зээлийн материал болон төслийн хамт Оюут багт байрлах Капитрон банкны салбарт эдийн засагч Алтансүх гэдэг хүнд өгсөн. Судлагдаж явж байгаад 2019 оны 05 сарын сүүлээр Капитрон банкнаас зээл бүтэхээргүй болсон гэсэн хариуг эдийн засагч Алтансүх надад хэлсэн. Ингээд зээл маань бүтээгүй. Барьцаа хөрөнгө хүрэхгүй мөн хүссэн хэмжээнд зээл хүрэхгүй байна гэх шалтгаанаар татгалзсан хариу гарсан. Тэгээд энэ зээлийг хөөцөлдөхөө больсон. А надад хэлэхдээ зээл хаах гэж Нандин-Эрдэнээс 60.000.000 төгрөг зээлж байгаа юм гэж надад хэлээд над дээр цугтаа ирж байсан. Тухайн үед зээл хөөцөлдөж байгаа нь үнэн юм уу гэж надаас Нандин-Эрдэнэ асууж байсан тэгэхээр нь би хөөцөлдөж байгаа гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх- ийн 14-15-р хуудас/

- Гэрч О.Сарангэрэлийн мэдүүлсэн“....Ш.Одончимэг нь манай нөхөр Ширмэнбаатарын Оросоогийн төрсөн дүү нь байгаа юм. 2017 оны зун БНСУ-д суралцаж амьдардаг. 2019 оны 10 сард өөрийнх эмээ нас бараад буяныхаа нь ажпаар ирээд 10 хоночхоод буцаад явсан. Ш.Одончимэг нь манай нөхрийн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “Топ Гранд” барилга угсралт, барьцаалан зээлдүүлэх газарт менежерээр ажиллаж байх хугацаандаа манай байгууллагатай холбоотой уг дансыг нээлгэж байсан юм. 2017 оны зун БНСУ-руу явахдаа ахдаа Ш.Оросоод итгэмжлэл хийж уг дансыг ашиглуулахаар үлдээсэн юм. Базарын А бид хоёр Орхон аймагт арван жилдээ нэг ангид сурч байсан найз нөхдийн холбоотой юм. 2019 оны 09 сард анх надаас 48.000.000 төгрөг зээлсэн мөн үүнээс хойш 2019 оны 09 сарын 18-ны өдөр дахин надаас 49.000.000 төгрөг зээлсэн үүнээс хойш увуулж 44.000.000 төгрөг надаас зээлсэн. Тэгээд 2018 оны 12 сарын 14-ний өдөр А над руу залгаад найз нь нийт зээлсэн мөнгөнөөсөө 47.000.000 төгрөгөө буцааж өгөх гэсэн юм гэхээр нь манай нөхрийн Төрийн банкны дансруу хийчих гэсэн чинь банк хооронд явуулахад хүндрэлтэй байна Хаан банкны данс байхгүй юу гэхээр нь би нөхрөөсөө Одончимэгийн дансыг аваад Ад өгсөн тэгээд удалгүй Одончимэгийн дансруу 47.000.000 орж ирсэн юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 16-р хуудас/

-Гэрч Д.Ариунзаяагийн мэдүүслэн...“ Миний бие Хаан банкны 5090522785 тоот дансыг 2010 онооос эхлэн эзэмшиж байна. Би Аг сайн танихгүй 2018 оны 11 сарын 15-ны өдөр манай дүү Нандин-Эрдэнэ надаас мөнгөний хэрэг болоод байна 10.000.000 төгрөг зээлээч эргүүлээд 2-3 хонуулаад өгчихье гэсэн. Тэгээд би ямар данс руу шилжүүлэх юм бэ гэж асуухад надад дээрхи Хаан банкны 5127025028 дугаартай Б.Агийн дансруу 10.000.000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш байж байгаад А гэх эмэгтэй 2018 оны 12 сарын 14-ний өдөр миний дансруу 5.700.000 төгрөгийг шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/

-Гэрч М.Сайнтөгсийн мэдүүлсэн “...Миний бие Хаан банкны 5127049899 тоот дансыг 2010 оноос эхлэн эзэмшиж байна. Би Аг танина. Бид нар гэр бүлийн найзууд байгаа юм. Би энэ мөнгийг яг юуны мөнгө гэдгийг сайн санахгүй байна. Тухайн үед А Зэст  багт Эдом дэлгүүрийг ажиллуулдаг байсан юм. Тэгээд дэлгүүрийнхээ барааг татах гэсэн юм гээд мөнгө төгрөг надаас зээлээд тэгээд эргүүлээд өгчихдөг л байсан юм. Яг юуны мөнгө гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Надаас зээлсэн мөнгөө л эргүүлж өгсөн байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/

- Гэрч Э.Содбаярын мэдүүлсэн...“ Миний бие Хаан банкны 5281114261 тоот дансыг 2017 онооос эхлэн эзэмшиж байна. Би Аг зүс мэднэ. Манай эхнэр Оюундэлгэр Агийн ажиллуулж байсан Зэст багт байрлах Эдом дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан юм. Энэ утгаараа бие биенийгээ танидаг юм. А манай эхнэрээс 1.800.000 төгрөг тухайн үед зээлсэн юм зээлсэн мөнгөө энэ өдөр миний дансруу шилжүүлсэн юм. Тухайн үед бид хоёр хөдөөнөөс мал оруулж ирж зараад мөнгөтэй байсан юм. Би энэ талаар сайн мэдэхүй байна. Манай эхнэр нарийн зүйлсийг нь мэдэж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/

-Гэрч Б.Оюундэлгэрийн мэдүүлсэн “...Танина. Би Агийн ажиллуулдаг байсан Эдом нэртэй 8 нэрийн дэлгүүрт ажиллалдаг байсан юм. 2018 оны 11 сарын 29-ний өдөр А надаас дэлгүүрийнхээ захиалгат барааны мөнгөө төлөх гэсэн чинь мөнгө дутчихлаа 2.000.000 төгрөг зээлээч гэхээр нь би түүнд 2.000.000 төгрөг зээлсэн Хэд хонгийн дараа А манай нөхрийн дансруу 350.000 төгрөг шилжүүлсэн үлдэгдэл мөнгийг бэлнээр авсан. Би дээрх мөнгийг өөрийнхөө Хаан банкны данснаас шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/

-Гэрч Г.Саруулын мэдүүлсэн“....2018 оны 11 сарын 22-ны өдөр Б.Ад би 2 удаагийн зээлийн гэрээгээр нийт 14.000.000 төгрөг зээлүүлсэн юм.2018 оны 12 сарын 15-ны өдөр орсон 737.100 төгрөг бол зээлийн үндсэн мөнгө болон хүүнээс хасалт хийж төлсөн төлөлт юм. Надаас зээлсэн мөнгөө бусдад хүүтэй зээлүүлэх гэж байгаа л гэж хэлж байсан. Яг зээлж байхыг нь би сайн мэдэхгүй байна. Надаас зээлсэн мөнгөө бүрэн төлж барагдуулаагүй үлдэгдэл төгрөгийг төлж барагдуулаагүй байгаа энэ асуудлаар би Орхон аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлахаар ороод эвлэрлийн гэрээ байгуулчихсан байгаа. Надад холбогдох бичиг баримтууд нь байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 -р хуудас/

-Гэрч Ө.Мягмаржавын мэдүүлсэн... Миний бие Хаан банканд 5096157759 тоот дансыг ашиглаад 10-аад жил болж байна. А нь манай найз Одончимэгийн хамаатан юм. 2017 оны 05 сард манай найз Одончимэг дүү А дэлгүүртээ бараа татах гээд байна мөнгөний хэрэг гарчихаад байна зээлэх мөнгө байна уу гэж асуухаар нь би сарын 4%-ийн хүүтэй 2.000.000 төгрөг зээлсэн. Зээлсэн мөнгөнөөсөө 2018 оны 12 сарын 14-ний өдөр  төгрөгийг миний данс руу хийсэн юм. А надаас зээлсэн 2.000.000 төгрөгөөс 800.000 төгрөгийг нь буцаан өгсөн. Үлдэгдэл мөнгөө төлөөгүй байгаа би энэ асуудлаар Иргэний хэргийн Шүүхэд нэхэмжлэлээ гаргах гэж байгаа. Би Ад мөнгөө бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/

-Шүүгдэгч Б.Агийн ХААН банкаар үйлчлүүлсэн тухай орлогын мэдүүлгийн хуулбар, 5096157759, 5753575657 тоот дансны хуулга /хх-ийн 40-42, 43-115-р хуудас/

-2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Голомт банктай Б.Агийн байгуулсан 50,000,000 төгрөгний зээлийн гэрээний хуулбар,мөн 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 10,000,000 төгрөгний зээлийн гэрээ /хх-ийн 120-134-р хуудас/

-2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Худалдаа хөгжлийн банктай Б.Агийн байгуулсан 50,000,000 төгрөгний зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 137-148-р хуудас/

-Б.Агийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн О.Сарангэрэлтэй байгуулсан 97,000,000 төгрөгний Зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 207-р хуудас/

-2018 оны 11 сарын 22-ны өдрийн Г.Саруултай байгуулсан 3,000,000 төгрөгний зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 219-р хуудас/

-2018 оны 11 сарын 29-ний өдрийн Г.Саруултай байгуулсан 11,000,000 төгргөний зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 220-р хуудас/

-Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 4305 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 221-р хуудас/

-2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 367 дугаартай эвлэрлийн гэрээний хуулбар /хх-ийн 222-р хуудас/

-Хохирогч Ж.Нандин-Эрдэний Голомт банкны 4025105886 дугаар дансны хуулга /хх-ийн 225-226-р хуудас/

- Голомт банкны 60,000,000 төгрөгний зарлагын мэдүүлэг /хх-ийн 227-р хуудас/

- Хохирогч Ж.Нандин-Эрдэний ХААН банкны 5094745073 тоот дансны хуулга /хх-ийн 231-238-р хуудас/

-2018 оны 12 сарын 14-ний өдрийн 60,000,000 төгрөгний зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 243-244-р хуудас/

-Яллагдагч Б.Агийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 23-24, 2-р хавтас хэргийн 144-145-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоодлоо.

 Шүүгдэгч Б.А нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Ж.Нандин-Эрдэнээс “Засгийн газрын дэмжлэгийн сангаас мөнгө авах гэж байгаа, мөнгө байршуулах хэрэгтэй байна, 7 хоноод эргүүлж өгнө” гэж гуйж итгүүлэн 60,000,000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж аваад Засгийн газрын дэмжлэгийн сангаас мөнгө авахаар ямар нэг банкинд мөнгө байршуулаагүй, зээлийн гэрээ байгуулаагүй ба 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр О.Сарангэрэлд 47,000,000 төгрөг, Д. Ариунзаяад 5,700,000 төгрөг, Ө.Мягмаржавт 290,000 төгрөг ,12 дугаар сарын 15-ны өдөр М.Сайнтөгст 450,000 төгрөг, Э.Содбаярт 350,000 төгрөг, Г.Саруулд 737,100 төгрөг тус тус дансаар шилжүүлэх зэргээр Ж.Нандин-Эрдэнээс авсан 60,000,000 төгрөгөөр бусдад төлөх өрөө хааж, өөрийн хэрэгцээнд зарцуулсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи хохирогчийн мэдүүлэгүүд, гэрчүүдийн мэдүүлэгүүд болон бусад бичмэл нотлох нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн хууль ёсны, үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч  Б.А нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Ж.Нандин-Эрдэнээс 60,000,000 төгрөг бичгээр гэрээ байгуулж 7 хоногийн хугацаатай авсан болох нь Голомт банкны 60,000,000 төгрөгийн зарлагын мэдүүлэг /хх-ийн 227-р хуудас, 2018 оны 12 сарын 14-ний өдрийн 60,000,000 төгрөгний зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 243-244-р хуудас/ яллагдагчийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар, мөн Б.А нь 2018 оны 12 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд О.Сарангэрэлд 47,000,000 төгрөг, Д.Ариунзаяад 5,700,000 төгрөг, М.Сайнтөгст 450,000 төгрөг, Э.Содбаярт 350,000 төгрөг, Г.Саруулд 737,100 төгрөг, Ө.Мягмаржавт 290,000 төгрөг, нийт 54,527,000 төгрөг шилжүүлсэн ба эдгээр хүмүүсээс авсан зээлийн төлбөртөө мөнгө шилжүүлсэн болох  нь гэрч О.Сарангэрэл, Д.Ариунзаяа, М.Сайнтөгс, Э.Содбаяр, Г.Саруул, Ө.Мягмаржав нарын мэдүүлгүүд,  2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн О.Сарангэрэлтэй байгуулсан 97,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 207-р хуудас/, 2018 оны 11 сарын 22-ны өдрийн Г.Саруултай байгуулсан 3,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 219-р хуудас/, 2018 оны 11 сарын 29-ний өдрийн Г.Саруултай байгуулсан 11,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 220-р хуудас/, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 4305 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 221-р хуудас/, 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 367 дугаартай эвлэрлийн гэрээний хуулбар /хх-ийн 222-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон. Түүнчлэн, Б.А нь Засгийн газрын дэмжлэгийн сангаас  зээл авахаар  банкинд мөнгө байршуулаагүй болох нь гэрч Г.Алтансүхийн мэдүүлсэн “ 2018 оны 12 сард өдрийг нь сайн мэдэхгүй байна ямар ч байсан А, Уянгаа нар манай банкин дээр ирж зээлийн мэдээлэл авч уулзаж байсан. Анх ирэхэд нь би А, Уянгаа нарын регистрээр нь Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаанаас шүүж үзэхэд Уянгаа гэх эмэгтэй муу ангиллын зээлтэй байсан. Тэгээд би тэд нарт муу ангиллын зээлтэй учир зээлд хамрагдах боломжгүй гэж хэлсэн. Үүнээс хойш 2019 оны 03 сард А, Уянгаа хоёр дахин ирээд Худалдаа хөгжлийн банкин дээр муу ангиллын зээлтэй байсан зөрчлийг нь арилгаад хэвийн болгочихсон гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би дахин Монгол банкны зээлийн нэгдсэн мэдээллийн сангаас шүүж үзэхэд Уянгаагийн зээл муу ангилалтай хэвээрээ байсан. Үүнээс хойш 2019 оны 05 сард дахин ирсэн. Зээлийн сангаас мэдээллийг шүүж үзэхэд зээл нь хэвийн зөрчилгүй болчихсон зээл бүрэн төлөгдөж дуусаагүй байсан. Ингээд А, Уянгаа хоёр бүрдүүлэх материалын жагсаалт авч яваад 2019 оны 05 сарын сүүлээр төслөө бичээд материалаа надад авчирч өгсөн. Өгсөн материалыг нь Улаанбаатар хот Засгийн газрын батлан даалтын сан руу энэ материалыг судалж болох уу гэсэн хүсэлт явуулахад А, Уянгаа нарын нэр дээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр өр төлбөртэй учир материал судлагдах боломжгүй гэсэн хариу ирсэн. Энэ хариуг А, Уянгаа нарт хэлсэн тэгээд надаас буцааж материалаа аваад явсан. 2018 оны 11 сард бол албан ёсоор зээл хөөцөлдөж материал өгсөн зүйл байхгүй. Яг албан ёсоор материал өгсөн хугацаа нь 2019 оны 05 сард л өгсөн юм. Мөнгө байршуулах ямар ч шаардлагагүй. Байгаль орчинд ээлтэй, Монгол банкны зээлийн мэдээллийн санд муу зээлийн түүхгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр ямар нэгэн өр төлбөргүй, барьцаа хөрөнгийн дутагдалгүй гэсэн шаардлагуудыг хангасан байх ёстой байдаг юм...” гэх мэдүүлэг, гэрч Д.Уянгаагийн мэдүүлсэн “... 2019 оны 01 сарын эхээр зээлийн материал болон төслийн хамт Оюут багт байрлах Капитрон банкны салбарт эдийн засагч Алтансүх гэдэг хүнд өгсөн. Судлагдаж явж байгаад 2019 оны 05 сарын сүүлээр Капитрон банкнаас зээл бүтэхээргүй болсон гэсэн хариуг эдийн засагч Алтансүх надад хэлсэн. Ингээд зээл маань бүтээгүй. Барьцаа хөрөнгө хүрэхгүй, мөн хүссэн хэмжээнд зээл хүрэхгүй байна гэх шалтгаанаар татгалзсан хариу гарсан. Тэгээд энэ зээлийг хөөцөлдөхөө больсон...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдож байна.

 Б.А нь бусдад их хэмжээний зээлийн төлбөртэй байсан болох нь 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Голомт банктай Б.Агийн байгуулсан 50,000,000 төгрөгний зээлийн гэрээний хуулбар, мөн 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээ /хх-ийн 120-134-р хуудас/, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Худалдаа хөгжлийн банктай байгуулсан 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 137-148-р хуудас/, 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн О.Сарангэрэлтэй байгуулсан 97,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 207-р хуудас/, 2018 оны 11 сарын 22-ны өдрийн Г.Саруултай байгуулсан 3,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 219-р хуудас/, 2018 оны 11 сарын 29-ний өдрийн Г.Саруултай байгуулсан 11,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 220-р хуудас/, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 4305 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 221-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон ба энэ үедээ, мөн Капитрон банкинд Засгийн газрын дэмжлэгийн сангаас зээл авахаар зөвшөөрөгдөөгүй, хөөцөлдөж эхлээгүй байхдаа 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Ж.Нандин-Эрдэнээс “Засгийн газрын дэмжлэгийн сангаас зээл авах гэж байгаа, мөнгө байршуулах шаардлагатай байна” гэж гэрээний харилцааг ашиглан хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 60,000,000 төгрөг шилжүүлэн авсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийн шинжтэй,өмчлөх эрхийн эсрэг, санаатай үйлдэл мөн байна. Шүүгдэгч А нь банк болон хувь хүмүүст их хэмжээний зээлийн төлбөрийн  үүрэг хүлээсэн, Засгийн газрын дэмжлэгийн сангаас зээл авахаар зөвшөөрөгдөх эсэх нь тодорхойгүй тухай бодит байдлыг нууж хохирогчоос их хэмжээний мөнгө авсан нь зорилго сэдэлтийн хувьд 60 сая төгрөгийг эргүүлэн төлөх бодолгүй, хэзээ яаж төлөхөө мэдэхгүй, бусдад төлөх өр төлбөртөө өгөх л зорилготой байжээ гэж дүгнэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.А нь бусдын эд хөрөнгийг их хэмжээтэй залилж авсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон, түүний шууд санаатай үйлдлийн улмаас Ж.Нандин-Эрдэнэд их хэмжээний хохирол учирсан шалтгаант холбоотой байдал хангалттай бүрэн нотлогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны  дагуу шүүгдэгч Б.Аг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргаагүй.

 Хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй, хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй, шүүгдэгчийн хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.    

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч: Шүүгдэгч 2018 оны 12 дугаар сарын 14-ниы өдөр Ж.Нандин-Эрдэнээс 60,000,000 төгрөгийг Засгийн газрын дэмжлэгийн сангаас мөнгө авах гэж байгаа гэж залилж авсан үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дэхь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, 21 сая төгрөг гаргуулж хохирогчид олгуулах саналтай гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд, гэм буруугийн асуудлаар марахгүй. А нь хангалттай хууль зүйн мэдлэггүй тул би залилаагүй гэсэн бодолтой байсан. Одоо бол үйлдлийнхээ арга нь гэмт хэрэг гэдгийг ойлгож гэм буруугаа хүлээж байгаа. Энэ хүн хохирогчтой мөнгөний асуудлаар хамтарч байсан. Хууль зүй мэдлэггүй байдлаас гэмт хэрэгт холбогдсон. 39 сая төгрөг төлсөн байгаа, нэмж 3 сая төгрөг төлсөн. Хохирогчийн хохирлыг барагдуулах эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан торгох ял оногдуулж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авна уу гэж, хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгчийн энэ үйлдлээс болж Нандин-Эрдэнэ маш их хохирсон. Одоо ч төлбөр барагдаагүй, эрүүл мэндийн хувьд өвчтэй болсон, гэр бүлийн байдал асуудалтай маш их хохирлоо гэж тус тус мэтгэлцсэн.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж гэмт хэргийн улмаас учирсан нийгмийн хор аюулын хэр хэмжээ, анх удаа гэмт хэрэг үйлдсэн  шүүгдэгчийн хувийн байдал, асрамжинд нь бага насны хүүхэд байгаа,хохирол бүрэн барагдаагүй байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял сонгон оногдуулж,гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэж шийдвэрлэлээ.

Хохирол төлбөрийн тухайд,хохирогч Ж.Нандин-Эрдэнэ шүүх хуралдаанд оролцож 21,000,000 төгрөг нэхэмжилсэн ба шүүх хуралдаанд завсарлага авч 3,000,000 төгрөг төлсөн байх тул 18,000,000 төгрөг гаргуулж хохирогчид олгуулахаар заалаа.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгэгч  цагдан хоригдоогүй,  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                                                                                                                       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Б.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.Аг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан 10,000,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 30 сарын хугацаанд сард 333,333 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад 3 сарын хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг хугацаанд нь биелүүлээгүй, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол хорих ялаар сольсугай.

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Агаас 18,000,000 төгрөг гаргуулж хохирогч Ж.Нандин-Эрдэнэд олгосугай.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлан өгч, шүүх хуралдааныг хаасныг мэдэгдэв.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.АРИУНЦЭЦЭГ