Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2023/00953

 

 

 

 

 

 

 

 

    2023          05           05                                         210/МА2023/00953

 

 

Ё.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2023/01047 дугаар шийдвэртэй,

Ё.М-ын нэхэмжлэлтэй Б.Х-д холбогдох

Дутуу төлсөн хүүгийн төлбөрт 150,000 төгрөг, алданги 1,105,000 төгрөг, нийт 1,225,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ё.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.У, хариуцагч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 20,000,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 3,000,000 төгрөг, нийт 23,000,000 төгрөгийн барьцаа өгч Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, 53 дугаар байр, 174-тоот хаягт байршилтай 2 өрөө орон сууцыг 12 сарын хугацаатай, орон сууц хөлслөх гэрээ байгуулсан.

1.2. 2022 оны 08 дугаар сарын 20-ний өдөр хариуцагч Б.Х-гийн орон сууцыг чөлөөлж байрнаас гарсан.

1.3. Барьцаа 23,000,000 төгрөгөөс 10,000,000 төгрөг авсан. Бид 2022 оны 09 дүгээр сарын 04 ний өдөр нотариат орж 13,000,000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 30-ний өдөр хүртэл 3 сар, 26 хоногийн хугацаатай 250,000 төгрөгийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан. Хариуцагч Б.Х нь тус хугацаандаа мөнгөө төлөөгүй бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 13,100,000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Хариуцагч гэрээний дагуу бол 13,250,000 төгрөг шилжүүлэх ёстой байхад хүү болох 150,000 төгрөг, хугацаандаа төлөөгүй алданги 1,105,000 нийт 1,255,000 төгрөгийг төлөөгүй байна.

1.4. Иймд 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн гэрээг үндэслэн 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл алданги тооцсон нэг өдрийн 65,000 төгрөгийн алданги буюу нийт 1,250,000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгчтэй байгуулсан нэг жилийн гэрээ нь 2022 оны 10 дугаар сард дууссан ба хугацааг сунгах талаар очиж уулзахад гэрээг нэг жилээр сунгаад 3,000,000 төгрөг нэмж өгье гэхэд нь зөвшөөрсөн.

2.2. Нэхэмжлэгч нь 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр байрандаа орох боллоо гэсэн тул 10,000,000 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдлийг нь яах вэ гэхэд нэмэлт гэрээ хийе гээд нотариат дээр орж хүү 500,000 төгрөгөөр тохирохгүй бол танай байрны түлхүүр өгөхгүй гэсэн тул харилцан ярилцаж 250,000 төгрөгөөр хүү тохиролцсон. 

2.3. Нэхэмжлэгч руу 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр яриад манай нөхөр ирэх асуудал нь хойшлогдсон тул 18 хоног хүлээх талаар гуйхад нь хуулиараа явна гээд утсаа тасалсан. Улмаар 13,100,000 төгрөг шилжүүлэн өгсөн тул алданги төлөх үндэслэлгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Х-гаас 1,005,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ё.М-д олгож, үлдэх 250,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,670 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Х-гаас 28,670 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаадлагыг хангаагүй.

4.1. Шүүхэд нэхэмжлэгч нь 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний үндсэн төлбөр болох 13,000,000 төгрөгөөс дутуу төлсөн хүү болох 150,000 төгрөг, алданги 1,105,000 төгрөг, нийт 1,225,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэсэн. Харин нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байгаа талаар ямар ч тайлбар гаргаагүй. Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт нэхэмжлэгч талын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд үнийн дүн өөрчлөгдөөгүй, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн гэрээг үндэслэн 18 хоногийн алданги, хүү 150,000 төгрөгийг гаргуулна гэж тодруулсан гэж шаардлагаа өөрчилж бичсэн.

4.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажилланы шатанд өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж асуусны үндсэн дээр 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 13,000,000 төгрөгийг зээлээгүй, уг зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үнэдслэлийн талаар тайлбарласан. Анхан шатны шүүх зохигчийн тайлбар, татгалзлын талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй байдлаар үнэлж дүгнээгүй. Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

5.1. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Хариуцагч шүүх хуралдаанд худал тайлбар гаргасан. 2020 оны гэрээг хэрэгт сүүлд гаргаж өгсөн бөгөөд хариуцагч тал 09 дүгээр сард гэрээ байгуулсан мэт ярьж байна. Гэтэл талуудын гэрээний үүрэг 2020 оны 10 дугаар сард эхэлсэн.

Анх нэхэмжлэлийн шаардлагадаа 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн гэрээг үндэслэж шаардсан. Нэхэмжлэгч хууль зүйн мэдлэг дутмагаас болж нотлох баримтаа дутуу бүрдүүлж өгсөн. Шүүх хуралдааны явцад 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн болон 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн гэрээний үүргийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1 дэх хэсэгт заасны дагуу шаардсан гэжээ. 

 

 

ХЯНАВАЛ:

 

1.  Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаж, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Ё.М нь хариуцагч Б.Х-д холбогдуулан дутуу төлсөн хүүгийн төлбөрт 150,000 төгрөг, алданги 1,105,000 төгрөг, нийт 1,225,000 төгрөг гаргуулахыг шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талууд 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зээл болон орон сууц хөлслөх гэрээг тус тус байгуулсан, уг гэрээнүүдэд Ё.М нь Б.Х 20,000,000 төгрөгийг 12 сарын хугацаагаар зээлдүүлсэн байх ба сар бүрийн хүү 400,000 төгрөгт Б.Х-гийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 98 дугаар байрны 62 тоот, 44,3 м.кв 2 өрөө орон сууцыг мөн хугацаагаар хөлсөлж суух, суусан хугацааны орон сууцны сар бүрийн хөлсийг зээлийн хүүд харилцан тооцох, үндсэн зээлийг хугацааны эцэст төлмөгц  орон сууцыг хүлээлгэн өгөхөөр тохиролцжээ.  /хх 32-34/

 

3.а. Дээрх 2 гэрээ нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5 дахь хэсэгт заасан зээл болон орон сууц хөлслөх холимог гэрээ байх боловч талуудын тохиролцооны агуулга, нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл шаардсан нөхцөл байдлаас дүгнэвэл мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй. Эдгээр гэрээнд зохигчид хүсэл зоригоо илэрхийлж, хэн аль нь гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1заасан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.

 

3.б. Гэрээний хугацаа 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дууссан боловч нэхэмжлэгч Ё.М нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр өөрийн Хаан банкны 5057108026 тоот данснаас хариуцагч Б.Хгийн Хаан банкны 5025669524 тоот данс руу 3,000,000 төгрөгийг орон сууцны нэмэлт барьцаа гэсэн гүйлгээний утгаар нэмж шилжүүлснээр гэрээний хугацааг нэг жилээр сунгасан болох нь нэхэмжлэгчийн дансны хуулга болон талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх-8/

 

3.в. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээс 10,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банк дахь 5025669524 тоот данснаас нэхэмжлэгчийн Хаан банк дахь 5057108026 тоот данс руу 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр шилжүүлсэн болох нь хариуцагчийн дансны хуулгаар нотлогджээ. /хх-36/

 

3.г. Үүний дараа зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр дээр талууд 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр “зээлийн гэрээ” нэртэй гэрээ хийж, уг гэрээнд нэхэмжлэгч Ё.М нь 13,000,000 төгрөгийг 250,000 төгрөгийн нэг удаагийн хүүтэй, 3 сар 26 хоногийн хугацаатай зээлдүүлэх, хариуцагч Б.Х нь зээл, түүний хүүгийн хамт төлөх, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэж тохиролцсон байна.

 

4. Анхан шатны шүүх 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж буруу дүгнэснийг дараах байдлаар залруулж дүгнэнэ.

 

4.а. Талуудын хооронд 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хийсэн зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө бодитойгоор шилжээгүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй. Харин энэ гэрээгээр талуудын хооронд 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан зээл болон орон сууц хөлслөх гэрээнд нэмэлт оруулж гэрээний хугацааг сунгасан, алдангийн талаар тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

4.б. Хариуцагч нь зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрт 13,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 100,000 төгрөг, нийт 13,100,000 төгрөгийг өөрийн Хаан банк дахь 5025669524 тоот данснаас нэхэмжлэгчийн Хаан банк дахь 5057108026 тоот данс руу 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр шилжүүлсэн, нэхэмжлэгч нь 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хариуцагчид орон сууцыг хүлээлгэн өгсөн болох нь хариуцагчийн дансны хуулга, талуудын тайлбараар тус тус тогтоогдсон бөгөөд талууд энэ талаар маргаагүй. /хх37/

 

4.в. Талуудын хооронд байгууулагдсан 2020 оны 10 дугаар сарын 30ы өдрийн зээлийн гэрээний 3.7, 2022 оны 9 дүгээр сарын 04ий өдрийн зээлийн гэрээний 3.7-д тус тус зааснаар зээлдэгч алдангийг хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

5. Анхан шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний 3.6-д зааснаар талууд хүү тохиролцсон боловч хүүг орон сууцны хөлсөнд тооцохоор харилцан тохирсон тул хүү шаардах эрхгүй, харин 18 хоногийн алданги 1,105,000 төгрөгөөс 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн илүү төлсөн 100,000 төгрөгийг хасч, хариуцагчаас 1,005,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн зөв болжээ. Энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2023/01047 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр урьдчилан төлсөн 28,670 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.БЯМБАСҮРЭН

 

       ШҮҮГЧИД                                  Д.ЗОЛЗАЯА

 

                                                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ