Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2023/00971

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2023         05           08                                          210/МА2023/00971

 

 

 

Т ХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2023/00710 дугаар шийдвэртэй,

Т ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.М, Н.Ц нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 89,041,259.88 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч Н.Ц-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, Ж.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Зээлдэгч Б.М, Н.Ц нар Т ХХК-тай 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 100,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн, сарын 2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар зээлж авсан. Талууд мөн өдөр барьцааны гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 19 байр, 252 тоот хаягт орших 56 м.кв талбайтай, Ү-2201003829 дугаартай 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан.

1.2. Зээлдүүлэгчээс гэрээний дагуу зээлдэгч Б.М-ы Төрийн банк дахь 102100487930 тоот харилцах дансанд 2018 оны 08 дугаар сарын 02-ний өдөр 100,000,000 төгрөгийг шилжүүлэн олгосон.

1.3. Зээлдэгч нар гэрээ байгуулсан өдрөөс хойш үндсэн зээлээс 42,524,672.76 төгрөг, хүү 38,287,609.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,456.41 төгрөг, нийт 80,823,738.86 төгрөг төлсөн.

1.4. Зээлдэгч Б.М нь 2018 оны 08 дугаар сарын 02-ний өдрийн зээлийн гэрээний хавсралт 1-д заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж байсан тул банкнаас 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээний үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа олгох мэдэгдлийг зээлдэгчид удаа дараа хүргүүлсэн боловч зээлдэгчид нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул тухайн гэрээг цуцлах үндэслэл болсон.

1.5. Зээлдэгч Б.М, Н.Ц нараас зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 57,475,327.24 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 18,946,001.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 676,812.90 төгрөг, нийт 77,098,142.02 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

1.6. Нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш хугацааны үндсэн хүү 10,317,214.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,603,402.96 төгрөг, нийт 11,920,617.86 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Иймд хариуцагч нараас үндсэн зээл 57,475,327.24 төгрөг, үндсэн хүү 29,263,216.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,280,215.86 төгрөг, нотариатын зардал 22,500 төгрөг, нийт 89,041,259.88 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Б.М, Б.Ц нарын тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Бид 2018 оны 08 сарын 02-ны өдөр Төрийн банкнаас 100,000,000 төгрөгийн зээл авч, 155,804,118 төгрөг болгон буцаан төлөх үүргийг хүлээсэн.

2.2. Зээл аваад импортоор жимсний дарс европын холбооны улсуудаас оруулж ирэхээр болсон. Гэтэл 2019 онд дэлхий нийтийг хамарсан цар тахал дэгдэж хил, гааль, боомтууд хаагдан хүмүүс хөл хорионд орж, улс орон даяараа онцгой нөхцөл байдал бий болсон.

2.3. Зээлийн гэрээний үүргээ өөрсдийн санхүүгийн боломжоор биелүүлж, 70 гаруй сая төгрөгийг төлсөн. Энэ хугацаанд европоос татан авсан бараа бүтээгдэхүүний чанар байдал алдагдаж хадгалалтын хугацаа нь хэтэрч 60 гаруй сая төгрөгийн барааны хохирол төлсөн.

2.4. Нэхэмжлэлийн шаардлагыг бол бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Бид зээлийн хүүг багасгаж хугацааг сунгах хүсэлтэй байна. Бизнес эрхлэхэд учирсан давагдашгүй хүчин зүйлсийн нөлөөгөөр бидний амьдрал ч бас хүнд байдалд орсон. Иймд уг маргааныг шүүхээр хуулийн дагуу шударгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Н.Цэцэгбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга:

3.1. Нэхэмжлэгч Т ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн хүлээн зөвшөөрөхгүй байна. Н.Ц нь Б.М-тай хамтран 2018 оны 08 сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн Төрийн банкнаас зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулан 100,000,000 төгрөгийн зээл авсан.

3.2. 2018, 2019 онуудад зээлийн гэрээний графикийн дагуу хэвийн төлж явсаар 2020 оны ковидын эдийн засаг зогсонги байдалд орж хүндрэл үүсч байсан боловч боломжоороо өөрийн зээл болон зээлийн хүүг барагдуулж байсан. Манайхаас зээл эргэн төлөлтийг хойшлуулах талаарх хүсэлтийг утсаар болон биеэр 2, 3 удаа тавьж байсан боловч зөрчлийг арилгасны дараа зээл хойшлуулах боломжтой гэсэн шаардлагыг тавьсан.

3.3. Нэхэмжлэгч 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 77,120,642.2 төгрөгийг нэхэмжилсэн. Үүний дараа 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 11,920,617.80 төгрөгийг нэмж нэхэмжилсэн. Нийт 89,041,259.88 төгрөгийг нэхэмжилсэн. Тус нэхэмжилж буй үнийн дүнгээс нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийн хангаж өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.М, Н.Цнараас үндсэн зээл 57,475,327.24 төгрөг, үндсэн хүү 29,263,216.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,280,215.86 төгрөг, нотариатын зардал 22,500 төгрөг, нийт 89,041,259.88 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.М, Н.Ц нар энэхүү шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө Сонгинохайрхан дүүрэг, 15-р хороо, 19 байр, 252 тоот, 56 метр квадрат талбайтай, Ү-2201003829 дугаартай, 4 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч Т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 819,302.59 төгрөгөөс 673,356.59 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлсөн 145,963 төгрөгийг, хариуцагч Б.М, Н.Ц нараас улсын тэмдэгтийн хураамжид 673,356 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч Н.Ц итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүхийн шийдвэрт хариуцагч нар нь зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлт гаргаж байсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн. Гэтэл хариуцагч нар банкнаас утсаар холбогдох үед болон банкны мэдэгдэл авахаар биеэчлэн очихдоо удаа дараа хүсэлт гаргасан. Энэ банкны мэдэгдлийн дор бичиж, хүсэлтээ гаргасан нь мэдэгдлийн хуулбараар тогтоогдож байхад нотлох баримтыг үнэлж дүгнээгүй.

4.2. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байхаар заасан боловч хэрэгт авагдсан зээлийн дансны хуулгаас үзэхэд нэхэмжлэгчид 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 100,000,000 төгрөгийг зээл олгов гэж шилжүүлсэн атлаа буцаан зарлага гэж 1,000,000 төгрөгийг зээлийн шимтгэл авсан. Тухайн буцаан авсан шимтгэлийг үндсэн зээлээс хасуулж тооцуулах тайлбарт шүүх дүгнэлт хийхдээ хуулийг буруу хэрэглэсэн. Хариу төлбөртэй буюу хүү тогтоосон зээлийн гэрээний төлбөр дээр нэмж өөр хураамж, шимтгэл авахаар тогтоосон нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.5-д зааснаар хүчин төгөлдөр бус юм. Зээлийн гэрээний шимтгэл гэж урьдчилан авсан 1,000,000 төгрөгийг зээлийн төлөлтөөс хасч тооцох нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт нийцнэ.

4.3. Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад тус нэхэмжлэлтэй холбоотой шүүх хурал нь 10 сарын хугацаанд товлогдоогүй тул анх нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотаритын зардал нийт 89,041,259.88 төгрөг болсон гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь хариуцагч нарын буруу байхгүй. Банк гэрээний 4.2.2-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй  банк нь зээлдэгчийн хүсэлтээр тухайн гэрээний төлбөр тооцоо, эргэн төлөлтийн талаар болон бусад шаардлагатай мэдээллээр хангах, дээрх мэдээллийг цаг хугацаанд нь мэдээлэх, хүсэлтийг нь шийдвэрлэж өгөөгүйгээс авсан зээлээ 4 жилийн хугацаанд 155,804,118.24 болгож буцаан төлөх байсныг өнөөдөр 169,864,998.74 төгрөг буюу авсан үндсэн зээл дээрээ дахин 70 хувийн хүүг нэхэмжилж байна.

Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 он/-ийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан. Өөрөөр хэлбэл зээл олгосон шимтгэл буюу зээлдүүлэгчийг өөрийн үндсэн үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх зээлийн судалгаа, шинжилгээ, хяналтын зардлыг зээлдүүлэгчээс авах эрхийг хуулиар банкинд олгоогүй. Хариу төлбөртэй буюу хүү тогтоосон зээлийн гэрээний төлбөр дээр нэмж өөр хураамж, шимтгэл авахаар тогтоосон гэрээний уг заалт Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.5-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэж байна.  Иймд хариуцагч нарын хүлээн зөвшөөрсөн үнийн дүнгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

5.1. Хариуцагч талын давж заалдах гомдлыг зөвшөөрөхгүй. Т ХХК хариуцагч нарт холбогдуулан 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд банк болон харилцагч талаас ямар нэгэн хүндрэл байгаагүй. Хариуцагч талаас банкинд зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай хүсэлт гаргасан. Хариуцагч тал орлого багассан, бизнесийн үйл ажиллагаа доголдсон талаар бичгээр гаргасан хүсэлтээс гадна дансны хуулга, бусад баримт бичгийг ирүүлээгүй. Мөн хуримтлагдсан хүүг төлснөөр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулан хугацааг хойшлуулах боломжтой байсан боловч хариуцагч нарын зүгээс санал санаачилга гаргаагүй. 1,000,000 төгрөгийн шимтгэлийн тухайд банкны хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлөөр суутгасан дүн болно гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Т ХК нь хариуцагч Б.М, Н.Ц нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 57,475,327.24 төгрөг, зээлийн хүү 29,263,216.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,280,215.86 төгрөг, нотариатын зардал 22,500 төгрөг, нийт 89,041,259.88 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талууд 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч Т ХК нь 100,000,000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, бизнесийн зориулалтаар зээлдүүлэх, зээлдэгч Б.М, Н.Ц нар зээл, түүний хүүг хавсралтаар баталсан хуваарийн дагуу төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ. /хх 12-14/

 

3.а. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талууд мөн өдөр барьцааны гэрээ байгуулж, Б.Б-ны өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201003829 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, 19 дүгээр байр, тоот, 56 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх15-19/

 

3.б. Нэхэмжлэгч Т ХХК, хариуцагч Б.М, Н.Ц нар нь зээл болон барьцааны гэрээг бичгээр үйлдэж, хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлж, гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасны дагуу хэлцэл хийгдсэн, уг хэлцэл хүчин төгөлдөр гэж үзнэ. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээлийн гэрээ болон барьцааны гэрээний харилцаа тус тус үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

4. Зээлдүүлэгч Т ХК нь 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр зээлдэгч Б.Мы эзэмшлийн Төрийн банк дахь 102100487930 тоот данс руу 100,000,000 төгрөгийг шилжүүлж, гэрээний үүргээ биелүүлсэн болох нь зээлийн мемориалын баримт, зээлийн дансны хуулгаар тус тус тогтоогдсон бөгөөд хариуцагч нар энэ талаар маргаагүй.  /хх18, 24/

 

4.а.Хариуцагч нараас зээлийн төлбөрт 42,524,672.76 төгрөг, зээлийн хүүнд 38,287,609.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 11,456.41 төгрөг, нийт 80,823,737 төгрөг төлсөн болох нь 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хүү тооцооллын хүснэгт, Т ХК дахь 104500918184 тоот зээлийн дансны хуулгаар тус тус тогтоогджээ. /хх23-28/

 

4.б. Хэргийн 23 дугаар талд авагдсан хүү тооцооллын хүснэгтээр хариуцагч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс хойш зээлийн төлбөр төлөөгүй байна.

 

4.в. Хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээг цуцалж, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу зээлийн мөнгөн хөрөнгө, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг  шаардах эрхтэй.

 

5. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Т ХК-д хариуцагч Б.М, Н.Цнараас зээлийн гэрээний үүрэгт зээл 57,475,327 төгрөг, зээлийн хүү 29,263,216 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,280,215 төгрөг, нийт 89,018,759 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

5.а. Учир нь нэхэмжлэгч гэрээний хугацаа дуусахаас өмнө 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүргийг шаардсан тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хангах үндэслэлгүй.

 

Иймд нэхэмжлэгч зээлийн гэрээг цуцалсан тул хариуцагч нараас зээлд 57,475,327.24 төгрөг, хүүнд 18,946,001 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 676,812 төгрөг нийт 77,098,142 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй.

 

5.б. Нэхэмжлэгч зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргасан тул шийдвэрт Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг нэмж баримтална.

 

5.в. Мөн шүүх барьцааны гэрээ, талуудын тайлбар зэрэг нотлох баримтыг үндэслэн хариуцагч нар төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох Б.Баярсайханы өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201003829 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, 19 дүгээр байр, 252 тоот, 56 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

5.г. Түүнчлэн, анхан шатны шүүх хариуцагч нарыг зээлийн гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор нэхэмжлэгчид 22,500 төгрөгийн хохирол учирсныг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар гаргуулж шийдвэрлэсэн нь зөв байна.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “зээлийн гэрээний шимтгэл гэж урьдчилан авсан 1,000,000 төгрөгийг зээлийн төлөлтөөс хасч тооцуулан” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

6.а. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт зааснаар зохигчид зээлийн гэрээг хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулсан байх ба зээлийн гэрээний 2.1.7 дахь заалтад заасан нэг хувиар тооцож шимтгэл авахаар тохирсон нь хуульд нийцсэн гэж дүгнэсэн нь буруу.

 

Учир нь талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.1.7-д зээлийн судалгаа, шинжилгээ, хяналтын зардалд зориулан нэг удаагийн зээлийн дүнгийн 1 хувиар тооцож шимтгэл авна гэж заасан боловч нэхэмжлэгч тухайн зээлийг олгоход 1,000,000 төгрөгийн зардал гаргасан гэх нөхцөл байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй байна. Иймд хариуцагч буюу зээлдэгчийг шимтгэл төлөх үүрэггүй гэж үзэн зээл олгох үед хариуцагч нараас зээлийн шимтгэлд авсан 1,000,000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцох нь зүйтэй. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “банкны мэдэгдлийн доод хэсэгт зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлт гаргасан бөгөөд анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлээгүй...гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

7.а. Анхан шатны шүүх хариуцагч нар зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай хүсэлт гаргаж байсан болох нь баримтаар тогтоогдохгүй гэж дүгнэснийг буруутгахгүй.

 

Учир нь хэргийн 22 дугаар талд авагдсан нэхэмжлэгч Т ХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн мэдэгдлийн доод хэсэгт бичсэнийг хариуцагч нар зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлт гаргасан гэж үзэхгүй. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

8. Шийдвэр гарах үед Т ХХК зохион байгуулалтын төрөл, хэлбэрээ өөрчилж Т ХК болсон нь нийтэд илэрхий үйл баримт тул шийдвэрийн тогтоох хэсэгт Т ХХК гэснийг Т ХК гэж өөрчлөх нь зүйтэй. 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Н.Цэцэгбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2023/00710 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.М, Н.Ц нараас 76,120,642 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 12,920,617 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж,

3 дахь заалтын “...673,356” гэснийг “...538,553” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Ц-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр урьдчилан төлсөн 315,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.    

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.НЯМБАЗАР

 

               ШҮҮГЧИД                                     Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ