Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2021/0083

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Оюуны өмчийн газар, тус газрын

хяналтын улсын байцаагчид  

холбогдох захиргааны

хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:                  Б.Мөнхтуяа    

Танхимын тэргүүн, шүүгч Ч.Тунгалаг        

Шүүгчид:                                    П.Соёл-Эрдэнэ                        

                                                       Ц.Цогт                                   

Илтгэгч шүүгч:             Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “...Монгол Улсын Оюуны өмчийн газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 165 дугаар тушаалын холбогдох хэсэг, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 534 тоот Улсын байцаагчийн албан шаардлага, 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Улсын байцаагчийн 1004 дугаар дүгнэлтийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох”     

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2020/0686 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 28 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, Э.Э-Э, гуравдагч этгээдийн төлөөлөгч Э.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Н нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2020/0686 дугаар шийдвэрээр: Барааны  тэмдэг газар зүйн заалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 29 дүгээр зүйлийн 29.1.12, 30 дугаар зүйлийн 30.4-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Э” ХХК-иас Оюуны өмчийн газар, Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч С.Г-т тус тус холбогдуулан гаргасан “Монгол Улсын Оюуны өмчийн газрын  даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 165 дугаар тушаалын холбогдох хэсэг, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 534 тоот Улсын байцаагчийн албан шаардлага, 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Улсын байцаагчийн 1004 дугаар дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 28 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 686 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 686 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 28 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Учир нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн. Оюуны өмчийн газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 165 дугаар тушаал гарч Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-т “Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгоно” гэж зааснаар “Э Ж Э м г” ХХК /иргэн Б.Л/-д барааны тэмдгийн №13278, №13279 дугаар гэрчилгээ олгож гуравдагч этгээдэд эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг бий болгосон.

5. Харин нэхэмжлэгч “Э” ХХК-ийн хувьд www.z... .com веб сайтыг, з…/z... барааны тэмдгийг хамгийн түрүүнд хэрэглээнд нэвтрүүлж, хэрэглэгч олонд танил болгосон, тухайн домэйн нэрийн дор үйл ажиллагаа явуулж байхад Оюуны өмчийн газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 165 дугаар тушаал гарснаар тус компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хязгаарлаж, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д заасан сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гарсан. Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж зааснаар гуравдагч этгээдэд з…/z… барааны тэмдгийг олгосноор “Э” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаж байгаа бөгөөд нөгөөтэйгүүр “Э” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хууль зүйн үндэслэл байхгүй байхад хориглосон хэм хэмжээг зөрчиж илт хууль бус актыг гаргасан.

6. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд Оюуны өмчийн газрын дарга, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар /хуучин нэрээр/-ын улсын байцаагч халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж маргасан. Хэргийн оролцогчдоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны явцад зөвхөн үйл баримтын талаар маргаагүй бөгөөд хууль хэрэглээ, Монгол Улсын олон улсын гэрээний талаар маргасан. Гэвч анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ зөвхөн үйл явдлыг он, цагийн дараалалд оруулан бичсэнээс нотлох баримтыг үнэлж, эрх зүйн дүгнэлт өгөөгүй шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн маргаж байгаа захиргааны актуудыг ямар үндэслэлээр илт хууль бус гэж үзэхгүй байгаа талаар хууль хэрэглээ, Монгол Улсын олон улсын гэрээнд нийцүүлэн огт дүгнэлт өгөөгүй байна.

7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т заасан “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэснийг зөрчиж хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэж хууль зүйн дүгнэлт өгөлгүй хэргийн үйл баримтыг он, цагийн дараалалд оруулан дүгнэсэн. Анхан шатны шүүхээс маргааны үндэслэлд дүгнэлт өгөөгүй бол түүнийг давж заалдах шатны шүүх нөхөн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй. Гэвч давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн дүгнэлт өгөөгүй маргааны үндэслэлд нөхөн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг үүсгэсэн. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

8. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулалгүй хэргийн үйл баримтыг дутуу дүгнэсэн, давж заалдах шатны шүүх уг алдааг залруулаагүйгээс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

9. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “... “Э” ХХК нь 2008 онд байгуулагдаж, зар сурталчилгаа интернетийн www.z... .com сайтын үйл ажиллагааг явуулж эхэлсэн, гэтэл Оюуны өмчийн газрын даргын 2014 оны 165 дугаар тушаалаар 13278 тоот “Z…” барааны тэмдгийн гэрчилгээ, 13279 тоот “З...” барааны тэмдгийн гэрчилгээг “Э Ж Э м г” ХХК-д олгосон нь илт хууль бус, учир нь хариуцагч Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.5, 5.2.8-д заасны дагуу шүүлт хийж, давхцал байгаа эсэхийг шалгалгүйгээр олгосон нь хуулийн заалтыг зөрчсөн, гуравдагч этгээдийн Z… .mn сайт нь анх 2007 оны 10-р сарын 31-ний өдөр нээгдсэн ч 2007-2014 он хүртэл үйл ажиллагаа явуулаагүй, харин 2014 онд з.../z… гэх нэршлийг барааны тэмдгээр бүртгүүлснээс хойш шинэлэг мэдээллийн хөтөч z… .mn нэршлээр манайхтай ижил төрлийн үйл ажиллагааг буюу сайтын үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Хариуцагчаас дээрх байдлыг мэдсээр байж з.../z… гэх барааны тэмдгийг бүртгэснээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцоор худалдаанд хамаарах Оюуны өмчийн эрхийн хэлэлцээрт холбогдох заалтууд тусгасан, энэ заалтын 16.2 дахь хэсэг 1967 оны Парисын конвенцын 6 bis зүйлийг үйлчилгээнд дараах байдлаар хэрэглэнэ. Барааны тэмдгийн танил хэсгийг тодорхойлохдоо тухайн барааны тэмдгийн сурталчилгааны үр дүнд гишүүн улсад нийгмийн тодорхой хэсэгт танил болсон эсэх талаар харгалзан үзэхээр заасан. “З...” гэдэг барааны тэмдгийн гэрчилгээг олгохдоо олон нийтэд танил болсон эсэхийг зайлшгүй харгалзан үзэх хэрэгтэй. Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцын 10 bis зүйлийн 1 дэх хэсэгт “холбооны оролцогч орны харьяаллыг шударга бус өрсөлдөөний эсрэг үр нөлөөтэй хамгаалалтаар хангах эрхтэй” гэж заасан. Шударга бус өрсөлдөөнтэй холбоотой z… .com веб сайт олон нийтийн хэрэглээнд орсон гэдгийг хүмүүс хэдийнээ мэддэг болсон. Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцын 6 bis зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу адил төрлийн бүтээгдэхүүн хэрэглэдэг тухайн улсад нийтэд мэддэг болсон тэмдэгтээр бусдад төөрөгдөл үүсгэж болохуйц барааны тэмдгийг дуурайлган үйлдсэн, орчуулсан барааны тэмдгийг сонирхогч этгээдийн хүсэлтийн дагуу эсхүл тухайн орны хууль тогтоомжоор хэрэглэхийг зөвшөөрч байвал бүртгэлийг хүчингүй болгох, бүртгэхээс татгалзах үүргийг дотоодын Оюуны өмчийн байгууллага хэн түрүүлж олонд танигдсан бэ гэдгийг судлан үзэж шийдвэрлэх ёстой. Оюуны өмчийн газрын даргын 2014 оны 59 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Барааны тэмдгийн нийтэд түгээмэл болсонд тооцох” журам нь 2014 оны 165 дугаар тушаалаар гуравдагч этгээдэд барааны тэмдгийн гэрчилгээ олгохоос өмнө батлагдаж хүчин төгөлдөр болсон байдаг...” гэжээ.

10. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь 2008 оноос интернетийн www.z... .com цахим хуудасны үйл ажиллагааг явуулж, олон нийтэд түгээмэл болсон байхад хариуцагч 2014 онд гуравдагч этгээдэд ижил, төстэй барааны тэмдгийн гэрчилгээг олгосон нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.8-д “бараа, үйлчилгээний төрлөөс үл хамаарч нийтэд түгээмэл болсон барааны тэмдэгтэй ижил, эсхүл төсөөтэйгөөс хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах, шударга бус давуу эрх эдлэх, ашиг олох, хохирол учруулах, нэр хүндийг гутаахаар” бол барааны тэмдгийг бүртгэхгүй байх хуулийн хориглосон заалтыг зөрчсөн, энэ утгаараа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгч маргасан байна.

11. Гэтэл шүүхүүд дээрх нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэлд дүгнэлт хийлгүйгээр, “маргаан бүхий акт нь холбогдох хуулийн зүйл, заалтыг үндэслэсэн тул илт хууль бус акт болохгүй” гэсэн өнгөц дүгнэлтээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай. Зүй нь маргаан бүхий акт илт хууль бус эсэхийг дүгнэхдээ тухайн акт нь хэлбэрийн хувьд хуулийн ямар нэгэн зүйл, заалтыг баримталсан байна гэдгээр хязгаарлалгүйгээр, харин агуулгын хувьд баримталсан хуулийн зүйл, хэсэг, заалт нь тэрхүү харилцааг зохицуулсан, хариуцагчид асуудлыг шийдвэрлэх тодорхой эрх олгосон, хуулийн хориглосон зохицуулалтыг зөрчсөн эсэх зэргийг дүгнэх хэрэгтэй.

12. Нэхэмжлэгчийн маргаж байгаачлан, шүүхээс “Э” ХХК нь 2008 оноос  www.z... .com цахим хуудсаар дамжуулан үйл ажиллагаа явуулж, олон нийтэд танигдан тухайн нэр нь нийтэд түгээмэл болсон эсэх, гуравдагч этгээд нь хэдийнээс ижил төсөөтэй үйл ажиллагааг явуулж эхэлсэн, хариуцагчаас гуравдагч этгээдэд маргаан бүхий барааны тэмдгийг олгохдоо Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.8-д заасан нөхцөл байдлыг тогтоосон эсэх, хэрэв уг заалтад хамаарахгүй гэж үзсэн бол түүний үндэслэл, тайлбар, тухайн тохиолдолд нэхэмжлэгчийн үндэслэл болгож буй олон улсын гэрээ конвенц үйлчлэх эсэх, хэрэв үйлчлэхгүй гэвэл түүний үндэслэл буюу нэхэмжлэгч олон улсын гэрээ болон Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн дээрх зүйл, заалтыг үндэслэн маргах эрхтэй эсэхийг холбогдох нотлох баримтыг цуглуулж, дүгнэсний үндсэн дээр хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй.

13. Иймд, “...нэхэмжлэгч нь www.z... .com цахим хуудсыг, з…/z… барааны тэмдгийг хамгийн түрүүнд хэрэглээнд нэвтрүүлж, хэрэглэгч олонд танил болгосон, тухайн домэйн нэрийн дор үйл ажиллагаа явуулж байхад хариуцагч хуулийн хориглосон хэм хэмжээг зөрчиж гуравдагч этгээдэд барааны тэмдэг олгосон нь илт хууль бус, хэргийн оролцогчдоос зөвхөн үйл баримтын талаар маргаагүй бөгөөд хууль хэрэглээ, Монгол Улсын олон улсын гэрээний талаар маргасан, гэвч анхан болон давж заалдах шатны шүүх зөвхөн үйл явдлыг он, цагийн дараалалд оруулан бичсэнээс нотлох баримтыг үнэлж, эрх зүйн дүгнэлт өгөөгүй, захиргааны актуудыг ямар үндэслэлээр илт хууль бус гэж үзэхгүй байгаа талаар болон Монгол Улсын олон улсын гэрээнд нийцүүлэн огт дүгнэлт өгөөгүй, иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэсэн утгатай уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 5-7-д заасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зөв байна.

14. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар тогтов.

15. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын огноог “2021” он гэхийг “2020” он гэж буруу бичсэнийг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2020/0686 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 28 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Б.МӨНХТУЯА

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН, ШҮҮГЧ                                    Ч.ТУНГАЛАГ

                    ШҮҮГЧИД                                                                           П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                                          Ц.ЦОГТ        

                                                                                                           Г.БАНЗРАГЧ