Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 218/МА2023/00013

 

 

Т нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.О даргалж, шүүгч Р.М, Ш.Т нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Г даргалж шийдвэрлэсэн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 139/ШШ2023/00... тоот шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Т Дундговь салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч С.Эт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6.338.129,57  төгрөг гаргуулах тухай хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Тын илтгэснээр хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагч С.Э, нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: “... Т ХХК-ийн Дундговь дахь салбар нь харилцагч С.Этэй 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 6.880.000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 14.4 хувийн хүүтэй, цалингийн зээл олгож, сар бүрийн 02-ны өдөр хуваарийн дагуу төлөхөөр гэрээ байгуулсан...2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр, 6.019.360 төгрөг, хуримтлагдсан хүү 313.742 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5026 төгрөг, нийт 6.338.129,57 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

2.  Хариуцагч С.Эийн хариу  тайлбарын   агуулга:   Тны 6.338.129,57 нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч С.Эээс нэхэмжлэгч “Т” ХХК-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Цалингийн зээл авахад ямар ч үндэслэлгүй 1 хувийн шимтгэлийг авдаг. 2017 оны 7 дугаар сараас эхлэн цалингийн зээлийг 6 удаа хийсэн. Бодож үзэхэд 80.000 төгрөгийг авсан. 80.000 төгрөгөө Таас нэхэмжилж байна гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ...Банкны тухай хуульд нийцүүлэн Монгол банкны Ерөнхийлөгчийн 2018 оны А -203 тушаалын хавсралтаар батлагдсан “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-д тодорхойлон заасны дагуу Төрийн банк нь “хүү”, “шимтгэл”, “хураамж” болон бусад ойлголтыг тус журамд нийцүүлэн холбогдох мэдээллийг бүтээгдэхүүн тус бүрээр харилцагчдад үнэн зөв, ил тод нээлттэй мэдээлж, гэрээний дагуу тооцож байгаа болно...

Иргэний хуулийн 189 дүгээр зүйл, 200 дугаар зүйлүүдэд гэрээний талуудын чөлөөт байдлын талаар тусгасан бөгөөд тус хуулийн зохицуулалтын талаар  Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хуулийн тайлбарт “.. гэрээ байгуулах эсэх болон хэнтэй гэрээ байгуулж гэрээгээр үүсэх үүргийн эрх зүйн харилцааг бий болгох эсэхээ өөрөө чөлөөтэй шийдвэрлэнэ гэсэн үг” хэмээн тайлбарласан байдаг бөгөөд өөрөөр хэлбэл Т нь харилцагчтай харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээг байгуулж зээл олгосны шимтгэл 1 хувийг авсан нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд зээлдэгчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэжээ.

4. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

4.1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Эээс зээлийн гэрээний үүрэгт 6.338.129 /зургаан сая гурван зуун гучин найман мянга нэг зуун хорин есөн/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож,

4.2 Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар “Т” ХХК- аас 80.000 төгрөгийг гаргуулж, хариуцагч С.Эт олгож,

4.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Т” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116.360 /нэг зуун арван зургаан мянга гурван зуун жаран/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 116.360 нэг зуун арван зургаан мянга гурван зуун жаран/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч С.Э нь сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж, нэхэмжлэгч “Т” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 4550 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбарын агуулга: ... анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэх үндэслэлээр Таас 80,000 төгрөгийг гаргуулж С.Эт олгуулахаар шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх дараах үндэслэл байна.

С.Э нь Ттай 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр МШ80034220000453941 тоот зээлийн гэрээ байгуулж 6,880,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 14.4 хувийн хүүтэйгээр цалингийн зээлийн зориулалтаар зээлийг авсан бөгөөд С.Э Т нарын хооронд зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн.

Монгол банкны Ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А-203 дугаар тушаалаар батлагдсан “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн ил тод байдлын журам” шинэчлэгдэн, батлагдсан бөгөөд шимтгэл, хураамжийг санхүүгийн үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх зорилгоор банкнаас тогтоож, харилцагчаар төлүүлж буй үнийн дүнгийн тодорхой хувь буюу дүн байхаар илүү нарийвчлан тусгасан. Өөрөөр хэлбэл шимтгэл, хураамжийг зөвхөн санхүүгийн үйлчилгээтэй холбоотойгоор банкнаас тогтоож болох агуулгаар өөрчлөлт оруулсан байна. Мөн уг журмын:

4.1-т “харилцагчаас авах шимтгэл, хураамжийн төрөл хэмжээг банк өөрөө тогтооно”

4.2-т “банк харилцагчаас авах шимтгэл, хураамжийн гэрээнд заавал тусгана”

4.3-т “Зээл, хадгаламжийн гэрээнд тусгаагүй шимтгэл, хураамжийг харилцагчаас шууд болон шууд бусаар төлүүлэхийг хориглоно” гэж тус тус заасан байна.

Эдгээр зориулалтаас харахад банк шимтгэл, хураамжийг тогтоож, харилцагчаар төлүүлэх эрхтэй бөгөөд ийнхүү тогтоохдоо шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг үндэслэлтэй тогтоосон байх шаардлагыг Улсын Их Хурлаас 2021 онд баталсан Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасан.

Эдгээр үндэслэлүүдээс харахад Төнь Иргэний хууль, Банкны тухай хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль болон хуульд нийцүүлэн гаргасан журам, зааварт заасны дагуу харилцагчаар зээл олгосны шимтгэлийг төлүүлдэг бөгөөд Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 06-ны  өдрийн 139/ШШ2023/00... тоот шүүхийн шийдвэр нь хуулийг буруу тайлбарласан, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн тул Төрийн банканд үүрэг  ногдуулсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

80.000 төгрөгийн шимтгэл авсан гэх асуудал нь анх 2017 оны 07 сарын 18-ны өдрийн гэрээ байгаа. 8.200.000 төгрөгийн цалингийн зээлээс 1 хувийн шимтгэл авсан гэв.

6. Хариуцагч С.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Би ажлаасаа гэнэт халагдсан. Ажилгүй байх 6 сарын цалингийн зээл хоцрогдсон. 2023 оны 03 сарын 27-ны өдөр ажилдаа орсон. Одоо 627.000 төгрөгийн цалинтай, сарын 500.000 төгрөгийг тог цахилгааны ч мөнгө үлдээлгүй бүгдийг банк авдаг. 2017 оны 08 сард 8.200.000 төгрөгийн цалингийн зээл хийсэн. Түүний шимтгэл болох 80.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Ямар ч үндэслэлгүйгээр цалингийн зээлээс 1%-ийн хүү авдаг. Жоохон хугацаа хэтрэхээр алданги тооцдог, гүйлгээ хийхэд байнга суутгал авдаг. Тийм байж миний цалингийн зээлээс 1%-ийн шимтгэл авах ямар ч үндэслэл байхгүй учир 80.000 төгрөг нэхэмжилж байгаа гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар ТХХК-ий нэхэмжлэлтэй хэргийг хянав.

Т ХХК-ний хариуцагч С.Эээс 6.338.129,57 төгрөг гаргуулахаар шаардсан ба шүүх хянан үзээд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан байна.

Хариуцагч С.Э нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаар Таас зээл олгосон шүүхийн шийдвэрлэлтийг үндэсгүй хэмээн үзэж давж заалджээ.

С.Эийн шаардсан 80000 төгрөгийн тухайд Т нь урьд зээл олгохдоо шимтгэл гэж суутган авснаа хавтаст хэрэгт болон давж заалдах шатны шүүх хуралдаан дээр зөвшөөрч мэдүүлсэн ба мөнгийг олгосон асуудлаар хэн аль нь маргаагүй байна гэж үзэх үндэстэй байна.

С.Э нь уг 80000 төгрөгийг банк зээл олгохдоо шимтгэл нэрээр суутган авсан бөгөөд зээл олгохдоо шимтгэл авах болон шимтгэл авах шаардлага зориулалтын талаар тайлбарлаагүй атлаа зээлийг олгох үедээ шимтгэлийг авсан гэдгийг тайлбарлан шаарджээ. Тны тухайд уг шимтгэлийг ямар зориулалтаар авсан болон зээлдэгч С.Эт зээл олгоход шаардлагатай ямар үйл ажиллагааг санхүүжүүлж зарцуулснаа тодорхой нотолж тайлбарлаагүй байна.

Иргэний хуульд гэрээний  талуудад тэгш эрхийн зарчим үйлчлэх ёстой бөгөөд зээлдүүлэгч тал өөрт байгаа давуу эрхээ ашиглан зээлдэгч талд хуульд зааснаас өөр нэмэгдэл хариуцлага үүрүүлж болохгүй. Энэ талаар хариуцагч С.Эийн шүүх хуралдаан дээр гаргаж буй тайлбар нь үндэслэл бүхий байна.

Монгол Улсын Иргэний хуулийн 281-р зүйлд зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлсэн бол зээлдэгч нь шилжүүлэн авсан...-тай ижил тоо хэмжээний мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг хүлээдэг байхыг заасан.

Нэгэнт Т зээл болон шимтгэлд мөнгөө бүрэн буцааж авсан /шүүхийн шийдвэрээр/ байх тул С.Эт шимтгэл нэрээр авсан гэх 80000 төгрөгийг буцаан олгохоор шийдвэрлэсэн нь талуудын шударга байх зарчимд нийцнэ.

Иймд сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 06-ны өдрийн 139/ШШ2023/00... тоот шийдвэр нь хэрэглэх ёстой хуулийг зөв сонгон тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон оролцогчийн эрхийг зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийж гарсан байна гэж үзэв.

Шүүхийн шийдвэр нь Монгол Улсын Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Гомдол гаргагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 139/ШШ2023/00... тоот шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсгийг баримтлан давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

4. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын  журмаар  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ                                   Ц.О

 

                             ШҮҮГЧИД                                   Р.М

 

                                                                      Ш.Т