Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2023/00998

 

 

2023 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2023/00998

 

 

 

“А банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2023/00535 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “А банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: “Б” ХХК, Э-ад холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Улсын Ерөнхий прокурорын газар,

Зээлийн гэрээний үүрэгт 202,948,213,458 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Зээлийн гэрээний зарим заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж 757,703,934 төгрөгийг гаргуулах, хууль бусаар суутган авсан 12,963,678 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гүрбазар, Г.Санжаадорж, Э.Саранболор, хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э-, хариуцагчийн өмгөөлөгч С.Ялалт, Б.Цэнгэл, Г.Чинбат, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.ГБмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. “А банк” ХХК нь “Б” ХХК-тай 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 3-БҮК-ХО 2013-143 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 14,000,000 ам.долларын зээлийг жилийн 8 хувийн хүүтэй, 96 сарын хугацаатай олгосон. Зээлийн гэрээнд 2015 оны 06 дугаар сарын 24, 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр үндсэн гэрээний холбогдох заалт болон үндсэн төлбөр төлөх хугацаа болон зээлийн эргэн төлөлтийн хуваарьт нэмэлт өөрчлөлт оруулсан. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Б-БУК-ХО 2013-144 дугаартай барьцааны гэрээ байгуулж эрхийн улсын бүртгэлийн Ү-2206007260, Y-2206007262, Y-2206007233 Y-2206007263, Y-2206010927 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг болон зам талбай, дулааны шугам, цэвэр усны шугам, бохирын шугам, ЕВА WE БУК тоног төхөөрөмж, шинээр худалдан авах тээврийн хэрэгслүүд, БҮК-1 эргэлтийн хөрөнгө /бараа материал/, дансны авлага, борлуулалтын орлого, “Б” ХХК-ийн банк дахь харилцах данс, дансны орлого, МУХБ-ны зээлээр санхүүжсэн БҮК-1 төслийн үр дүнд бий болох эд хөрөнгүүдийг тус тус барьцаалсан.

Зээлдэгч нь зээл авснаас хойш өнөөдрийг хүртэл 6 удаагийн төлөлтөөр зээлийн үндсэн хүүд 709,334.75 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүд 9,521.02 ам.доллар, нийт 718,854.35 ам.доллар төлсөн.

1.2. 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 3-БҮК-ХО2014-49 дугаартай "Аккредитивийн зээлийн эрх нээх" гэрээ, 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр А-БҮК-ХО 2014-50 дугаартай "Эх үүсвэргүй аккредитив нээх үйлчилгээ үзүүлэх гэрээ"-г тус тус байгуулж 13,115,000 еврогийн зээлийг жилийн 4.4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай олгохоор шийдвэрлэж зээлдэгчид 13,047,123.50 еврогийн гадаад худалдааны санхүүжилт олгосон. “Аккредитивийн зээлийн эрх нээх гэрээ”-нд 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр болон 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр, “Эх үүсвэргүй аккредитив нээх үйлчилгээ үзүүлэх гэрээ”-нд 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр холбогдох заалтад нэмэлт, өөрчлөлт тус тус оруулсан.

Энэ гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Б-БҮК-ХО 2014-52 дугаартай барьцааны гэрээ байгуулж EBAWE Anlagentechnik GmbH компанитай байгуулсан 24130043 тоот “Худалдах, худалдан авах гэрээ"-ний дагуу худалдан авч байгаа БҮК-1 төслийн бүх тоног төхөөрөмж, шинээр худалдан авах хүнд даацын 10 тээврийн хэрэгсэл, БҮК-1 төслийн эргэлтийн хөрөнгө, Хөгжлийн банк дахь 3600000850, 3600000449 тоот дансны мөнгөн хөрөнгүүд,

2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр “Зээлдэгчийн харилцах данс барьцаалах тухай гурван талт гэрээ"-г байгуулж “Б” ХХК-ийн Төрийн банк дахь төгрөгийн 106000026462 дансны мөнгөн хөрөнгө, ам.долларын 106000026470 дансны мөнгөн хөрөнгө, орлогуудыг,

2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б-БҮК-ХО 2014-51 дугаартай "Ипотекийн гэрээ”-гээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2206007260, Y-2206007262, Y-2206007233, Y-2206007263, Y-2206010927 бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг, Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо, Үйлдвэр /17061/ Чингисийн өргөн чөлөө 112 хаягт байрлах, нэгж талбарын 1780200073 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Э-2206000982 дугаарт бүртгэгдсэн 1,489 м.кв талбай бүхий газар, Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо, нэгж талбарын 1780200074 дугаартай, эрхийн улсын Э-2206000987 дугаарт бүртгэгдсэн 17,347 м.кв талбай бүхий газрыг тус тус барьцаалсан.

Э- нь аккредитивийн зээлийн эрх нээх гэрээний үүргийг гүйцэтгэхээр Хөгжлийн банктай 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Б-БУК-ХО 2014-54 дугаартай "Батлан даалтын гэрээ"-г байгуулсан. Зээлдэгч нь зээл авснаас хойш үндсэн зээл болон хүүгийн төлбөрөөс төлөлт хийгээгүй.

1.3. 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 3-БҮК-ХО 2015-82 дугаартай "Зээлийн гэрээ"-г байгуулж 9,000,000 ам.долларыг жилийн 8.17 хувийн хүүтэй, 80 сарын хугацаатай олгосон. Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Б-БҮК-ХО 2015-83 дугаартай "Барьцааны гэрээ"-г байгуулж Хөгжлийн банкнаас БҮК-1 төсөлд зориулан олгосон зээлийн хөрөнгөөр худалдан авсан болон гүйцэтгүүлсэн ажлын үр дүнд бий болсон хөрөнгө зэрэг уг санхүүжилтээр ирээдүйд бий болох бүх хөрөнгүүд, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б-БУК-ХО 2015-84 дугаартай “Зээлдэгчийн харилцах дансны орлого барьцаалах тухай гэрээ”-г байгуулж “Б” ХХК-ийн Ариг банк дахь ам.долларын 2104000268 дугаартай дансны мөнгөн хөрөнгө, орлогуудыг мөн 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б-БҮК-ХО 2017-218 дугаартай "Газар эзэмших эрх барьцаалах гэрээ”-нд тусгагдсан Хан-Уул дүүрэг 3 дугаар хороонд байрших эрхийн улсын Э-2206000987 дугаарт бүртгэгдсэн 17347 м.кв талбай бүхий газар, Хан-Уул дүүрэг 3 дугаар хороонд байрших эрхийн улсын Э-22060001064 дугаарт бүртгэгдсэн 8,303 м.кв талбай бүхий газар, Хан-Уул дүүрэг 3 дугаар хороонд байрших эрхийн улсын Э-2206000990 дугаарт бүртгэгдсэн 1166 м.кв талбай бүхий газар, Хан-Уул дүүрэг 3 дугаар хороонд байрших эрхийн улсын Э-2206000982 дугаарт бүртгэгдсэн 1489 м.кв талбай бүхий газар, Хан-Уул дүүрэг 3 дугаар хороонд байрших эрхийн улсын Э-2206000985 дугаарт бүртгэгдсэн 300 м.кв талбай бүхий газруудыг тус тус барьцаалсан. Зээлдэгч нь үндсэн зээл, зээлийн хүүд төлбөр төлөөгүй.

1.4. “Б” ХХК нь Засгийн газраас гаргасан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтод хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор иргэдийг орон сууцжуулах ажлын хүрээнд БҮК-1 төслийг хэрэгжүүлэн, үйлдвэрийг албан ёсоор ашиглалтад оруулсан, зээлдүүлэгчийн зүгээс зээлийн төлбөрийг төлөх талаар удаа дараа мэдэгдэл өгсөн боловч өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлээгүй.

1.5. Иймд “Б” ХХК-тай байгуулсан 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 3-БҮК-ХО 2013-143 дугаартай зээлийн гэрээг шүүхийн журмаар цуцлуулж, үндсэн зээл 14,000,000.00 ам.доллар, зээлийн хүү 9,930,665.25 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 717,815.19 ам.доллар, нийт 24,648,480.44 ам.доллар,

“Б” ХХК-тай байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 3-БҮК-ХО 2015-82 дугаартай зээлийн гэрээг шүүхийн журмаар цуцлуулж, үндсэн зээл 9,000,000 ам.доллар, зээлийн хүү 5,365,078.32 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 447,225.80 ам.доллар, нийт 14,812,304.12 ам.доллар,

“Б” ХХК-тай байгуулсан 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 3-БҮК-ХО 2014-49 дугаартай зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээл 13,047,123.50 евро, зээлийн хүү 4,659,305.78 евро, нэмэгдүүлсэн хүү 566,444.28 евро, коммитмент хүү 8,938.04 евро, аккредитивийн үйлчилгээний шимтгэл зардал 14,317.15 евро, нийт 18,296,128.75 еврог тус тус хариуцагчаас гаргуулна.

Нийт нэхэмжлэлийн шаардлагыг Монголбанкны 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ханшаар тооцвол 39,460,784.56 ам.доллар буюу 135,878,081,719 төгрөг, 18,296,128.75 евро буюу 67,070,131,739 төгрөг, нийт 202,948,213,458 төгрөгийг “Б” ХХК-аас гаргуулж өгнө үү.

1.6. Зээлийн төлбөрийг мөнгөн хөрөнгөөр сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд барьцаа хөрөнгөөр буюу барьцааны гэрээнд тусгагдсан:

1.6.1. Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө 200/11д байрших 17,360 м.кв талбайтай төв цехийн барилга /Y-2206007260/

1.6.2. Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө 200/14д байрших 8,310 м.кв талбайтай бэлэн бүтээгдэхүүний агуулахын барилга /Y-2206007262/

1.6.3. Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө 200/10д байрших 1,905 м.кв талбайтай конторын барилга /Y-2206007233/

1.6.4. Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө 200/17д байрших 1,490 м.кв талбайтай төмрийн агуулахын барилга /Y-2206007263/

1.6.5. Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө ЦТП112 байрших 30 м.кв талбайтай дулаан дамжуулах барилга /Y-2206010927/

1.6.6. Зам талбай, дулааны шугам, цэвэр усны шугам, бохирын шугам-Бүгд

1.6.7. EBA WE БУК тоног төхөөрөмж-Бүгд

1.6.8. Шинээр худалдан авах тээврийн хэрэгслүүд-Бүгд

1.6.9. БҮК-1 эргэлтийн хөрөнгө /Бараа материал/-Бүгд

1.6.10. Дансны авлага, борлуулалтын орлого, Ариг банк дахь харилцах данс, дансны орлого-төгрөгийн 2104001307, ам.долларын 2104001306

1.6.11. БҮК-1 төслийн үр дүнд бий болох эд хөрөнгө

1.6.12. Хөгжлийн банк дахь харилцах данс-Төгрөгийн 3600000850, Ам.долларын 3600000449

1.6.13. Иргэн Э-ын өөрийн эд хөрөнгө, данс дахь мөнгөн хөрөнгө

1.6.14. Төрийн банк дахь харилцах дансны мөнгөн хөрөнгө, дансны орлогууд- Төгрөгийн 106000026462, Ам.долларын 106000026470

1.6.15. Хөгжлийн банкнаас БҮК-1 төсөлд олгосон зээлийн хөрөнгөөр худалдан авсан болон гүйцэтгүүлсэн ажлын үр дунд бий болсон хөрөнгө зэрэг уг санхүүжилтаар ирээдүйд бий болох бүх хөрөнгүүд-Худалдан авч буй бүхий л хөрөнгүүдийн худалдан авалттай холбоотой гэрээ, нэхэмжлэх, төлбөрийн даалгавар, болон бусад холбогдох баримт бичгүүд

1.6.16. Ариг банкны харилцах дансан дахь мөнгөн хөрөнгө, дансны орлогууд- Ам.доллар 2104000268

1.6.17. Хан-Уул дүүрэг 3-р хороонд байрших 17,347 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газар /Э-2206000987/

1.6.18. Хан-Уул дүүрэг 3-р хороонд байрших 8,303 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газар /Э-2206001064/

1.6.19. Хан-Уул дүүрэг 3-р хороонд байрших 1,166 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газар /Э-2206000990/

1.6.20. Хан-Уул дүүрэг 3-р хороонд байрших 1,489 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газар /Э-2206000982/

1.6.21. Хан-Уул дүүрэг 3-р хороонд байрших 300 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газар /Э-2206000985/ бүхий үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрх, хөдлөх эд хөрөнгө болон бусад эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. 2013 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Засгийн газрын 180 дугаар "Орон сууцны үйлдвэрлэлийг дэмжих тухай" нэртэй тогтоол гарсан. Тогтоолоор иргэдийг орон сууцжуулах ажлын хүрээнд “Байшин үйлдвэрлэх комбинат-1” /цаашид БҮК-1 гэх/ төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах 14,000,000 хүртэл ам.доллартой тэнцэх төгрөгийг Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс Хөгжлийн банкаар дамжлуулан шууд зээлийн гэрээ хийж, 2013 онд санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Эдийн засгийн хөгжлийн сайдад даалгаж, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрсөн.

Үүний дагуу “А банк” ХХК-аас дурдсан 14,000,000 ам.доллартой тэнцэх хэмжээний төгрөгийн зээлээ авахаар хүсэлт гаргахад барьцаа, баталгаа шаардсан. Засгийн газраас буюу Барилга, хот байгуулалтын сайдаас “А банк” ХХК-д 2013 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 1/2009 дугаар "БҮК-1"-ийн тухай албан бичгээр баталгаа гаргаж өгсөн тул  тус банктай “Б” ХХК нь 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 3-БҮК-ХО 2013-143 дугаартай зээлийн гэрээг байгуулсан.

Монгол улсын засгийн газрын тогтоол 14,000,000 ам.доллартой тэнцэх хэмжээний төгрөг зээлэхийг зөвшөөрсөн ч тогтоолыг зөрчин бидэнд ам.долларын зээл олгосон. Түүнчлэн 14,000,000 доллар манай дансанд бүтэн орж ирээгүй бөгөөд бидний зөвшөөрөл, гарын үсэггүйгээр 42,000 ам.долларыг суутган авсан.

2.2. 2012 оны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тогтоолоор төслийн гуравны нэгтэй тэнцэх хэмжээний санхүүжилтийг Хөгжлийн банкнаас гаргана гэж заасан гэсний дагуу бид үлдэх санхүүжилтийг олох шаардлага гарсан тул ХБНГУ-ын Коммерзбанк /Commerzbank/-аас зээл хүсч олон удаа хандаж,  төлөөлөгч нар очиж уулзалт хийж, тоног төхөөрөмж худалдан авахаар тохирсон. Улмаар ХБНГУ-ын Ибави /EBAWE/ компани мөн Коммерзбанк-д хүсэлт гаргасны дагуу Коммерзбанк “Б” ХХК-д 13,115,000 еврогийн зээл олгохоор болсон. Коммерзбанкны зүгээс Худалдаа хөгжлийн банк, Голомт банкаар дамжуулан зээлийг өгнө гэхэд “А банк” ХХК-аас нэг төслийн хяналтыг 2 тусдаа банк хийж болохгүй, өөр банкаар дамжуулан зээл авах бол бид олгосон 14,000,000 ам.долларын зээлийн гэрээг цуцлах болно гэсэн. Тиймээс “А банк” ХХК-аар зээлийг дамжуулан олгосон.

Ингээд 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Монгол улсын засгийн газрын 113 дугаар "Зээл авах тухай зөвшөөрөл олгох тухай" тогтоол гарсан. “А банк” ХХК өөрийн дансаар дамжуулан зээлдүүлэхдээ Коммерзбанктай “Б” ХХК-ийн тохиролцсон байсан зээлийн хүүг 2.5 дахин нэмэгдүүлсэн гэрээ байгуулахыг тулган аргагүй байдалд оруулан 3-БҮК-ХО 2014-49 дугаартай гэрээг 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гэрээ байгуулан зээлийг дамжуулан олгосон.

2.3. Төсөл хэрэгжих шатанд БҮК-1 төслийн анхны төсөвт өртөг болох 43,2 сая ам.доллар нь 68,6 сая ам.доллар болж нэмэгдсэнтэй холбогдуулан Хөгжлийн банкнаас зээлийн эх үүсвэр нэмж олгуулахаар арилжааны банкны гаргасан хүсэлтийг Монгол улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд 2015 оны 01 дүгээр сарны 07-ны өдөр шийдвэрлэсэн. Барилга хот байгуулалтын яамнаас 2015 оны 01 дүгээр сарын 10-ны 2/33 дугаартай төсөвт өртгийн дүгнэлтийг Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлд хүргүүлсэн ба нийт төслийн төсөвт өртөг 68.6 сая ам.доллар болж нэмэгдсэн. “Б” ХХК-ийн зүгээс Олон улсын Хөрөнгө оруулалтын банкинд хүсэлт тавьсны дагуу зээл олгох зөвшөөрөл олгосон.

Мөн л “А банк” ХХК-аар зээлийг дамжуул гэсэн шаардлагын дагуу дамжуулахаар болсон. 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Монгол улсын засгийн газрын 319 дүгээр "Зээлийн шугам нээх зөвшөөрөл олгох тухай" тогтоол гарсан. Тогтоолыг үндэслэн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 3-БҮК-ХО 2015-82 дугаартай гэрээ байгуулан 9,000,000 ам.долларыг зээлсэн.

2012 оны Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийн дагуу 68,600,000 ам.долларын төсөвт өртөгтэй төслийн гуравны нэг буюу 22,900,000 ам.долларын санхүүжилтийн асуудлыг Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс буюу “А банк” санхүүжүүлэх үүрэг хүлээсэн байсан. 22,900,000 ам.доллароос 14,000,000 ам.долларыг хасаж үлдсэн 8,900,000 долларын санхүүжилтийн “А банк”-аас авч байж төсөл БҮК-1 төсөл дуусах байв. 2016 оны 05 дугаар сарын 09-ны өдөр Монгол улсын Засгийн газрын 254 дугаар "Төслийн нэмэлт санхүүжилтийн тухай" тогтоол гарч төслийн нэмэлт санхүүжилтэд зориулж 6,300,000 хүртэлх ам.доллартой тэнцэх хэмжээтэй зээл олгохыг зөвшөөрсөн.

Энэ тогтоолыг өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй бөгөөд “А банк” ХХК нь “Б” ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ зөрчсөнөөс үйлдвэр эргэлтийн хөрөнгөгүй болж үйл ажиллагаа явуулах боломжгүй болоод байгаа талаар 2016 оноос хойш удаа дараа бид Монгол улсын Ерөнхийлөгч, Улсын их хурлын дарга, Засгийн газар, Хөгжлийн банканд мэдэгдсээр ирсэн.

Тиймээс “Б” ХХК-ийн зүгээс үүргээ биелүүлээгүй “А банк” ХХК-ийн өмнө үүрэг хүлээхгүй. “А банк” ХХК болон “Б” ХХК-уудын хооронд байгуулсан 3-БҮК-ХО 2013-143, 3-БҮК-ХО 2015-82, дугаартай зээлийн гэрээг тус тус цуцлуулж, 3-БҮК-ХО 2013-143, 3-БҮК-ХО 2015-82, 3-БҮК-ХО 2014-49 дугаартай гэрээнүүдийн үндсэн төлбөр, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү, коммитмент хүү, үйлчилгээний шимтгэл зэрэг нэхэмжилснээс хүү, нэмэгдүүлсэн хүү, үйлчилгээний шимтгэл зэргийг үл зөвшөөрч байна.

2.4. 2017 онд Хөгжлийн банкны тухай хууль шинэчлэгдэж гарснаар Банкны тухай хуульд мөн нэмэлт орсон. Энэ нь А банкны тухай хуульд тусгайлан заагаагүй асуудлаар банкны тухай хуулийг үйл ажиллагаанд хэрэглэж болно гэсэн агуулгатай нэмэлт өөрчлөлт орсноор Хөгжлийн банк Монгол банкны хяналтанд орж, тусгай зөвшөөрөл авсан. Тэгэхээр тухайн үед хэрэгжиж байсан хуулиар бол Арилжааны банк буюу банкны эрхтэй этгээд биш.

Тийм учраас зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй этгээд биш байсан тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн харилцаа үүсээгүй. 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хүү тооцож орж байгаа нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш арилжааны банкны эрхгүй бол хүү тооцох эрхгүй байхад хүү тооцож байгаа асуудал байгаа. Мөн дараагаар нь валютаар зээл олгох эрх нь арилжааны банканд байх бөгөөд бусад этгээд бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр төлбөр тооцоонд оролцох үүрэгтэй, тэр үүргээ биелүүлээгүй бол Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар гэрээ хэлцэл хүчин төгөлдөр бус болох үр дагавартай.

Нэхэмжлэгч анх 2020 оны 10 дугаар сарын 16-нд нэхэмжлэл гаргаснаас хойш нийт нэхэмжлэлийн шаардлагаа 8 удаа нэмэгдүүлж өөрчилсөн. Өөрчилж байгаа үндэслэл нь бол ханшийн зөрүү байх бөгөөд анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 1 ам.долларыг 2,854.92 төгрөг гээд, 1 еврог 3,346.68 төгрөг гэж тооцож нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байсан хэдий ч одоо бол 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн албан ханшаар тооцож нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

2.5. 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хоёр хариуцагч буюу “Б” ХХК болон Э- хоёрыг хариуцагчаар тодорхойлсон. 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө “Б” ХХК-аас шаардаж байсан З-БҮК-ХО 49 тоот еврогийн зээлийн гэрээний үүргээс татгалзаад зээлийн гэрээний үүрэг шаардахаа болиод батлан даалтын гэрээний үүргийг шаардсан. Улмаар 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагаар Э-аас татгалзаж, зөвхөн “Б” ХХК-аас үүргийн гүйцэтгэлийг шаардсан. Тиймээс евротой холбоотой нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан учир евротой холбоотой асуудлыг шүүх шийдвэрлэх шаардлагагүй.

2.6. З-БҮК-ХО 2014-143 дугаартай 14,000,000 ам.долларын гэрээний хугацаа 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр дуусгавар болохоор байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс 2020 оны 10 дугаар сарын 16-нд нэхэмжлэл гаргасан бөгөөд зээлийн гэрээний хугацаа дуусахаас 5 сарын өмнө нэхэмжлэгч уг гэрээг цуцалсан. Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсантай холбоотой гэрээ дуусгавар болсноос хойш хүү, алданги тооцох ёсгүй. 2020 оны 10 дугаар сарын 16-нд гэрээ цуцлагдсанаар энэ өдрөөс хойших үр дагавар яригдахгүй учир нэмэгдүүлсэн шаардлага нь тооцогдох нь хуульд нийцэхгүй.

Мөн 9,000,000 ам.долларын хувьд зээлийн гэрээ нь 2022 оны 06 дугаар сарын 14-нд дуусах байтал нэхэмжлэгчийн зүгээс 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр буюу 1 жил 6 сарын өмнө цуцалсан тул үүнээс хойших үр дагаврыг ярих боломжгүй. Еврогийн зээлийн  гэрээний хувьд хугацаа нь 2019 оны 04 дүгээр сарын 28-нд дууссан. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 8 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Бидний хувьд нэхэмжлэгч талыг төрийн өмчит  хуулийн этгээд гэж үзэж байгаа учир Иргэний хуулийн 281 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ хугацаа дууссанаас хойш хүү тооцохгүй эрх байхгүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

3.1. 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 3-БҮК-ХО 2013-143 дугаартай 14,000,000 ам.долларын зээлийн гэрээний дагуу 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдөр “Б” ХХК-ийн харилцах дансанд Хөгжлийн банкны зүгээс гүйлгээ хийхдээ 13,958,000 ам.долларыг шилжүүлсэн.

Зээлдүүлэгч жилийн 8 хувийн хүү гэж жилд 1,120,000 ам.доллар буюу 3,157,481,600 төгрөгийг төлүүлэхээр гэрээнд заасан атлаа зээл олгосны шимтгэл хэмээн гэрээний үнийн дүнгийн 0.3 хувь буюу 42,000 ам.доллар буюу 119,664,720 /2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Монголбанкнаас зарласан ханшаар 1 ам.доллар нь 2,849.16 төгрөг/ төгрөгийг суутган авсан.

Иймд 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 3-БҮК-ХО 2013-143 тоот Зээлийн гэрээний 2.1.12 дах заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж, 119,664,720 төгрөг гаргуулж өгнө үү.

3.2. 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 3-БҮК-ХО-2013- 143 дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахад төлөх шимтгэл хэмээн 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 0.3 хувь буюу 15,561 ам.доллар буюу 44,335,778.76 /2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Монголбанкнаас зарласан ханшаар 1 ам.доллар нь 2,849.16 төгрөг/ төгрөгийг суутган авсан.

Иймд 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 3-БҮК-ХО-2013-143-1 дугаартай 3-БҮК-ХО-2013-143 тоот Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ"-ний 2.1.3. дах заалт, 3.1 дах заалтуудыг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж, 44,335,778.76 төгрөг гаргуулж өгнө үү.

3.3. 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 3-БҮК-ХО 2015-82 тоот 9,000,000 ам.долларын зээлийн гэрээний дагуу 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гүйлгээ хийхдээ 7,333,932 ам.доллароор нэг удаа, 1,639,068 ам.доллароор нэг удаа нийт 8,973,000 ам.долларыг шилжүүлсэн.

Зээлдүүлэгч жилийн EURIBOR 3M+8.17 хувийн хүү төлүүлэхээр гэрээнд заасан атлаа зээл олгосны шимтгэл хэмээн гэрээний үнийн дүнгийн 0.3 хувь буюу 27,000 ам.доллар буюу 76,927,320 /2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Монголбанкнаас зарласан ханшаар 1 ам.доллар нь 2,849.16 төгрөг/ төгрөгийг суутган авсан.

Иймд, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 3-БҮК-ХО 2015-82 дугаартай зээлийн гэрээний 3.1.9 дэх заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж, 76,927,320 төгрөг гаргуулж өгнө үү.

3.4. Нэхэмжлэгч тал нь “Б” ХХК-ийн МУ-ын хөгжлийн банкинд эзэмшдэг 3600000449 тоот данснаас "хуулийн зардал" гэх нэрийдлээр хууль бусаар 4,550 ам.доллар (1ам.доллар 2,849.16 төгрөг) буюу 12,963,678 төгрөгийг суутган авч үндэслэлгүй хөрөнгөжсөн байна. Данс эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн гүйлгээ хийж, суутгал хийсэн байгаа нь холбогдох хууль тогтоомжид нийцэхгүй байна. Иймд, Нэхэмжлэгчээс хууль бусаар суутан авсан 12,963,678 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэсэн.

3.5. Мөн 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 3-БҮК-ХО 2014-49 дугаартай “Аккредитивийн зээлийн эрх нээх гэрээ"-ний 3.1.10-т "Үйлчилгээний шимтгэл Гэрээний 3.1.1-т заасан зээлийн үнийн дүнгийн 1.2 хувьтай тэнцэх хэмжээний шимтгэлийг нэг удаа Зээлдэгчээс урьдчилан авна" гэж зааснаар  157,380 евро буюу 516,776,116 төгрөг /2022 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Монголбанкнаас зарласан ханшаар 1 евро нь 3,283.62 төгрөгтэй тэнцүү байна/ суутгаж, 13,115,000 еврогийн зээлийн гэрээний дагуу 12,957,320 евро шилжүүлсэн нь хууль зөрчсөн.

Иймд 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 3-БҮК-ХО 2014-49 дугаартай "Аккредитивийн зээлийн эрх нээх гэрээ"-ний 3.1.10 дах заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж, 157,380 евро буюу 516,776,116 төгрөг гаргуулж өгнө үү.

 

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд өгсөн тайлбарын агуулга:

Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу хоёр тал тухайн үед харилцан тохиролцож зээлийн гэрээний шимтгэл, бүх зүйлийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр гэрээ байгуулсан. Мөн зээлийн шимтгэл тогтоохыг хуулиар хориглоогүй учир шимтгэл тогтоосон нь хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан ба хариуцагч нь сөрөг нэхэмжлэлд дурдсан асуудлаар шаардлага гаргах хугацааг хэтрүүлжээ.

Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Гуравдагч этгээд Улсын Ерөнхий прокурорын газрын татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж, сөрөг нэхэмжлэлийг дэмжихгүй байна. Хариуцагч хуульд зааснаар хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан тул нэхэмжлэлийг нэмэгдүүлсэн нь үндэслэлтэй.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 449 дүгээр зүйлийн 449.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Б” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт нийт 171,277,769,821 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “А банк” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 31,670,443,637 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хариуцагч “Б” ХХК-ийн нэхэмжлэгч “А банк” ХХК-нд холбогдуулан гаргасан Зээлийн гэрээний зарим заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах, 757,703,934 төгрөгийг гаргуулах, хууль бусаар суутган авсан 12,963,678 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч “А банк” ХХК-ийн хариуцагч Э-ад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Б” ХХК нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол хариуцагчийн барьцааны гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эргэлтийн хөрөнгө, дансны авлага, борлуулалтын орлого, ирээдүйд бий болох хөрөнгө зэргийг албадан худалдаж, түүний үнээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.16-д зааснаар нэхэмжлэгч “А банк” ХХК нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг тул хариуцагч “Б” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,993,688 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 856,553,799 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

7. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

7.1. Анхан шатны шүүх ам.долларын болон еврогийн валютын ханшийг нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа тооцсон Монголбанкны 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хаалтын ханш болох 1 ам.доллар=3,443.37, 1 евро 3,665.81 төгрөгөөр тооцсон нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх эрхийг зөрчсөн.

Үүргийн эрх зүйн нийтлэг үндэслэлээр гэрээгээр тохиролцсон үүргийг гүйцэтгэх ёстой байдаг нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт туссан. Үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй тул ам.долларын ханшийн өөрчлөлт нь зээлдэгчийн хүлээх хариуцлага юм.

Иймд, анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн өөрчлөх тухай шаардлагад бодитой дүгнэлт өгөөгүй байх тул дээрх үндэслэлийн дагуу нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг Монголбанкны 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хаалтын ханш 1 ам.доллар=3,443.37, 1 евро 3,665.81 төгрөгөөр тооцох нь хуульд нийцэхээр байна.

“А банк” ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхдээ нэмэгдүүлсэн өдрийн Монголбанкны ханшаар тооцсон нь хууль зөрчсөн үйлдэл биш. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхдээ тухайн үеийн (тухайн өдрийн) Монголбанкны ханшаар тооцно гэж зааснаас нэхэмжлэл гаргах өдрийн буюу 3 жилийн өмнөх ханшаар тооцно гэж заагаагүй.

“Б” ХХК нь зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу нэг ч төлөлт хийгээгүй, мөн ам.доллароор авсан зээлийг ам.доллароор гүйцэтгэх ёстой байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргахад ам.доллароор нэхэмжлэх хууль эрх зүйн зохицуулалт байхгүй бөгөөд тухайн үеийн Монголбанкны ханшаар тооцсон. Төлөлт хийгээгүйтэй холбоотой үндсэн зээл, хүү, алданги нь өсөж байгаа учир доллароор авах ёстой зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн өдрийн ханшаар тооцож нэхэмжилсэн нь үндэслэлтэй.

Иймд, анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн өөрчлөх тухай шаардлагад бодитой дүгнэлт өгөөгүй байх тул дээрх үндэслэлийн дагуу “А банк” ХХК-ийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг Монголбанкны 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ханш 1 ам.доллар=3,443.37 төгрөг, 1 евро 3,665.81 төгрөгөөр тооцох нь хуульд нийцэхээр байна.

7.2. Нэмэгдүүлсэн хүүг хасч тооцсон нь үндэслэлгүй.

Анхан шатны шүүхээс 2019-2021 онд дэлхий нийтэд гарсан цар тахалтай холбоотойгоор нэмэгдүүлсэн хүү болох 2,610,901,400 төгрөгийг хасч тооцохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй шийдвэр болсон.

Учир нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай 22 дугаар зүйлийн 3, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй “Б” ХХК-ийн төлөх ёстой нэмэгдүүлсэн хүүгээс 2,610,901,400 төгрөгийг гаргуулах ёстой байтал хасч тооцсон нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашигт сөргөөр нөлөөлсөн.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасны дагуу “А банк” ХХК болон “Б” ХХК нь харилцан тохиролцож зээлийн гэрээг байгуулахдаа зээлдэгч зээл, хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй аливаа шалтгаан (үүнд байгалийн гамшиг, байлдааны ажиллагаа, хорио цээрийн дэглэм, гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал зэрэг) нь гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, Зээлдэгч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй байх үндэслэл болохгүй гэж тохиролцсон.

Мөн үйлдвэрийг ашиглалтад оруулах, түүний ашиглалтыг хангах, бэлэн бүтээгдэхүүний борлуулалтыг хангах замаар зээл хүүг төлөх ажиллагаа нь дэлхий дахинд учирсан цар тахлын нөхцөл байдлаас өмнө үүсэж, үргэлжилсэн үйлдэл тул цар тахалтай холбон тайлбарлаж нэмэгдүүлсэн хүүг хасч тооцсон нь үндэслэлгүй шийдвэр болсон.

7.3. Батлан даагч болох иргэн Э-ад холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй шийдвэр болсон.

Иргэн Э- нь МУХБ-аас зээл аваагүй ч “Б” ХХК нь “А банк” ХХК-аас зээл авахад түүнийг Б-БҮК-ХО 2014-54 дугаартай “Батлан даалтын гэрээ”-ээр батлан дааж үүрэг хүлээсэн. “Б” ХХК нь зээлийн эрх нээх гэрээгээр тогтоосон хугацаанд төлөх хүүгийн төлбөр шимтгэлийн хамт бүрэн төлнө гэдгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол батлан даагч өөрийн эд хөрөнгө, данс дахь мөнгөн хөрөнгөөр хариуцахаар үүрэг хүлээснийг шүүхээс харгалзан үзээгүй байна.

Өөрөөр хэлбэл “Б” ХХК нь үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг хугацаанд нь бүрэн төлөөгүй тохиолдолд батлан даагч болох иргэн Э- нь хамтран хариуцахаар гэрээ байгуулсан ба үүнийг шүүхээс нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй.

Иймд шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Э-ыг уг мөнгөн дүнг хамтран хариуцахаар шийдвэрлэж өгнө үү.

 

8. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

8.1. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ” гэж зүйлчилсэн.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан "Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ”-ний нэг талыг тусгай субьект буюу “Банк эсхүл Зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд” байхыг хууль шаарддаг. Гэтэл “А банк” ХХК нь дээр дурдсан “Зээлийн гэрээ”-г байгуулах хугацаанд буюу 2013-2015 оны хооронд Банкны тухай хуульд заасны дагуу Монголбанкнаас тусгай зөвшөөрөл авсан банкны статустай хуулийн этгээд биш байсан. Харин 2017 онд "А банк” ХХК нь Монголбанкнаас “Төрийн төрөлжсөн банкны тусгай зөвшөөрөл”-г анх удаа авч, тэр цаг хугацаанаас эхлэн банкны статустай болсон. Уг зээлийн харилцаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэх ёстой байсан.

8.2. Шүүхээс талуудыг зээлийн тооцоололд маргаагүй гэж дүгнэснийг эс зөвшөөрч байна.

“Б” ХХК болон "А банк” ХХК нь 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 3-БҮК-ХО 2013-143 тоот “Зээлийн гэрээ”-г байгуулсан бөгөөд зээлийн гэрээний хавсралтаар үндсэн зээл төлөх хугацааг 15 сараар буюу 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд хойшлуулахаар тохиролцсон. Түүний дараа 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 3-БҮК-ХО 2013-143-1 дугаар “3-БҮК-ХО 2013-143 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ”-ний хавсралтаар үндсэн зээл төлөх хугацааг дахин хойшлуулж 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн төлөхөөр нэмэлт өөрчлөлт оруулсан.

Харин “Б” ХХК болон “А банк” ХХК нь 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан 3-БҮК-ХО 2014-49 дугаар “Аккердитивийн зээлийн эрх нээх гэрээ”-ний хавсралтаар үндсэн зээл төлөх хугацааг 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гэж тохирсон. Түүний дараа 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 3-БҮК-ХО 2014-49-1 дугаар 3-БҮК-ХО 2014-49 гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ”-ний хавсралтаар үндсэн зээл төлөх хугацааг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр болгон хойшлуулсан.

Гэтэл нэхэмжлэгч “А банк” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс зээл хүүгийн тооцооллын талаарх баримтыг шүүхэд гарган өгч мэтгэлцсэн бөгөөд тус тооцооллыг харахад 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 3-БҮК-

ХО 2013-143-1 дугаар, 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 3-БҮК-ХО 2014-49-1 дугаар зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийг оруулалгүйгээр зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг хийж, зээлийн эргэн төлөлтийн хуваариас өөрөөр тооцоолол хийж, уг асуудлаар хариуцагч зүгээс тооцооллын талаар маргасан байхад шүүх маргаагүй гэж дүгнэн шийдвэр гаргаж нэхэмжлэгч “А банк” ХХК-ийн алдаатай буруу тооцоолол хийсэн баримтыг үнэлэн дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

Түүнчлэн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 3-БҮК-ХО 2015-82 дугаар “Зээлийн гэрээ”-ний дагуу олгосон 9,000,000 ам.долларыг дутуу олгосон, “Зээлийн гэрээ”-ээр хүлээсэн үүргээ зээлдүүлэгч буюу “А банк” ХХК дутуу гүйцэтгэсэн, бүрэн биелүүлээгүй гэж хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс маргасан байхад уг асуудалд огт эрх зүйн дүгнэлт өгөхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгчийн зүгээс зээлийг дутуу олгосон талаарх баримтуудыг нотлох баримт шинжлэн судлах явцад судлуулан маргасан. Уг асуудлыг бүрэн тодруулах үүднээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асуулт, хариултын шатанд илүү тодруулж асуусан бөгөөд шүүх хуралдааны эцэст нь өмгөөлөгч нар нь дүгнэлт хэсэгтэй мөн л дурдсан ба хэрэгт баримтууд авагдсан.

Ийнхүү Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны 319 дүгээр тогтоол, ‘А банк” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 84 дүгээр тогтоолын дагуу 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 3-БҮК-ХО 2015-82 дугаар “Зээлийн гэрээ”-г байгуулсан. Гэрээний дагуу зээлдэгч буюу нэхэмжлэгчид олгох ёстой 9.0 сая ам.доллароос хариуцагч “Б” ХХК-ийн хүсэл зоригийг үл харгалзан, түүнд мэдэгдэхгүйгээр, дур мэдэн суутгал хийж авсан. Энэхүү шууд суутгал хийж авсан нотлох баримтууд хэрэгт бүрэн авагдсан бөгөөд энэ талаар анхан шатны шүүхэд хариуцагчийн зүгээс бүрэн тайлбарласан.

“А банк” ХХК-ийн депозит дансны харилцагчийн монгол хуулганд 7,356.000 ам.доллар олгосон бөгөөд үлдсэн зээлийг дор дурдсан агуулга, дүнгээр суутган авсан. Үүнд:

-22,066 ам.доллар зээл олголтын шимтгэл бүртгэв,

-328,718.58 ам.долларыг хэлцлийн дагуу арилжаа хийв,

-4,550 ам.долларыг хуулийн үйлчилгээний зардал бүртгэв,

-4,932 ам.долларыг зээлийн үйлчилгээний шимтгэл бүртгэв,

-1,639,730 ам.долларыг төслийн санхүүжилт;

Зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчийн зүгээс зээлдэгчид “Зээлийн гэрээ”-ний дагуу олгох ёстой 9,000,000 ам.долларын зээлийг олгохдоо өмнө олгосон зээлийн зөрчлийг арилгах нэрээр хариуцагч “Б” ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр зээлээс суутган авч зээлийг дутуу олгож байгаа дээрх нотлох баримтад шүүхээс дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

8.3. “Б” ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлээ хугацаандаа төлөөгүйд нэхэмжлэгч ‘А банк” ХХК-ийг буруутай гэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн тухайд:

Монгол Улсын Их Хурлын 2010 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 36 дугаар тогтоолоор батлагдсан “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр”, Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл /Цаашид “ҮАБЗ” гэх/-ийн 2012 оны 12 сарын 03-ны өдрийн 28/20 дугаар зөвлөмж, Монгол улсын засгийн газрын 2012 оны 171 дүгээр тогтоол, 2013 оны 180 дугаар тогтоол, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Барилга, хот байгуулалтын сайдын 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 1/2009 дугаар А банкинд гаргасан захиалга, худалдан авалтын баталгааг үндэслэн “Б” ХХК нь нийтийн төлөө хариуцлагатай хөрөнгө оруулалт хийж Улаанбаатар хотын утаа, агаар, хөрсний бохирдлыг бууруулах зорилгын хүрээнд “БҮК-1” гэх төслийг хэрэгжүүлнэ үү гэсэн Засгийн газрын 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Хөгжлийн банкны түншлэл, нийгмийн хариуцлагатай хөрөнгө оруулалтын урилгыг хүлээн авч итгэл үзүүлж, зориг гарган, нийгэм нийтийн өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлан төслийг хэрэгжүүлэх шийдвэр гаргасан юм.

Өөрөөр хэлбэл, дээрх УИХ, Засгийн газрын шийдвэр баталгаа гараагүй бол "Б” ХХК нь анхнаасаа улирал харгалзахгүй 24 цагаар ажиллаж, иж бүрэн хот тосгон, хороолол барьж байгуулах, агаар, хөрс. усны бохирдлыг төгс арилгах уг төслийг хэрэгжүүлэхгүй бөгөөд “А банк” ХХК-аас зээл авах шаардлага, шалтгаан үүсэхгүй байсан.

Монгол Улсын ҮАБЗ-н Зөвлөмжийн 2 дугаар зүйлийн 4-т “Засгийн газрын хүлээх эрсдэлийг багасгах, хөрөнгө оруулалтын орчинг дэмжих үүднээс нэг төсөл, хөтөлбөрт хийх санхүүжилт нь тухайн төслийн нийт санхүүжилт 1/3-ээс хэтрэхгүй байх” гэсний дагуу төсөл нь 3 эх үүсвэрээс бүрдэж, төсөл бүрэн хэрэгжиж байж зээл эргэн төлөгдөх боломж бүрдэхээр зохицуулалт хийсэн.

Тодруулбал, ҮАБЗ-н уг Зөвлөмж нь “Б” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Байшин үйлдвэрлэх компанит-1” төсөлд зарцуулагдах хөрөнгө оруулалтын 3/1-г “Б” ХХК өөрөө хариуцах. 3/1-г “А банк” ХХК хариуцаж зээл олгох, үлдсэн 3/1-г гадны хөрөнгө оруулалт, зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх гэх агуулга бүхий чиглэл юм.

“Б” ХХК-ийн хэрэгжүүлж буй БҮК-1 төслийн техник эдийн засгийн үндэслэл нь 2013 онд батлагдахдаа 42,300,000 ам.доллар, 2014 оны 12 дугаар сард БҮК-1 төслийн төсөвт өртөг 68,600,000 ам.доллар болон нэмэгдсэн. Энэхүү БҮК-1 төслийн төсөвт өртөг болох 68,600,000 ам.доллар дээр дурдсан ҮАБЗ-ийн 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 28/20 дугаар зөвлөмжийн дагуу дор дурдсан байдлаар санхүүжүүлсэн байдаг. Үүнд:

Монгол Улсын Засгийн Газар /Цаашид “МУЗГ” гэх/-н 2013 оны 180 дугаар тогтоолоор “А банк” ХХК нь 14,000,000 ам.долларын зээлийг олгосон,

Монгол Улсын Засгийн Газрын 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 113 дугаар тогтоолоор ХБНГУ-ын Коммерз банкнаас 13,115,000 еврогийн зээлийг олгосон;

Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны 08 дугаар сарын 03-ний өдрийн 319 дугаар тогтоол20-оор Олон улсын хөрөнгө оруулалтын банкнаас 9,000,000 ам.долларыг олгосон. Үлдсэн санхүүжилтийг “Б” ХХК өөрийн хөрөнгөөс санхүүжүүлсэн.

Харин үлдсэн 3/1-г санхүүжүүлэх үүрэгтэй “А банк” ХХК нь үүргээ дутуу биелүүлсэн. Энэ тухай Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдааны 1 дүгээр тэмдэглэлд тодорхой тусгагдсан.

Гэвч “А банк” ХХК-ийн зүгээс уг нэмэлт санхүүжилтийг олгох үүргээ огт хэрэгжүүлээгүй бөгөөд ямагт үндэслэлгүйгээр татгалзаж, аль болох олгохгүй байх чиглэлийг баримталж, нэмэлт санхүүжилтийг олгохгүй байгаа шалтгаанаа “Б” ХХК руу буруутгаж ирсэн. Хэрэв “А банк” ХХК-ийн зүгээс Монгол Улсын Засгийн Газар болон холбогдох яамны зүгээс ирүүлсэн тогтоол, шийдвэрийн дагуу нэмэлт санхүүжилтийг хугацаандаа олгосон бол “Б” ХХК нь төлөвлөгөө ёсоор 2015 онд “Байшин Үйлдвэрлэх Компанит-1” төслийг хугацаандаа ашиглалтад оруулж, үйл ажиллагаагаа бүрэн хэрэгжүүлж улмаар зээлийн төлөлтийг графикийн дагуу төлөх байсан.

Харамсалтай нь “А банк” ХХК-ийн зүгээс ҮАБЗ-н зөвлөмж,  Монгол Улсын Засгийн Газрын шийдвэрийг биелүүлээгүйгээс БҮК-1 төсөл хугацаандаа ашиглалтад ороогүйгээс “Б” ХХК-ийн үйл ажиллагаа доголдож, цаашид хэвийн үргэлжлэх боломжгүй нөхцөлд хүрсэн.

“А банк” ХХК-ийн энэхүү олгосон бүхий л зээл, санхүүжилт нь эцсийн дүндээ БҮК-1 төслийг бүрэн хэрэгжүүлж, үйлдвэрийг ашиглалтад оруулж үйлдвэр ажиллаж байж эргэн төлөгдөх учиртай Гэтэл нэмэлт санхүүжилт олгоогүйгээс үйлдвэр ашиглалтад орох боломжгүй болж, зээл, хүүгийн хуримтлал үүссэн нь хариуцагчийн гэм буруугаас гэж үзэхээс илүүтэйгээр нэхэмжлэгч “А банк” ХХК-аас шалтгаалсан гэж үзэх хангалттай нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан байхад шүүгч уг асуудлыг нотлох баримтын эсрэг дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

Иймд хариуцагчийн зүгээс Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2, 224.2.3-т заасныг тус тус үндэслэн БҮК-1 төслийн нэмэлт санхүүжилтийг олгох үүргээ хэрэгжүүлээгүй, биелүүлээгүй хугацаа болох 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Монгол Улсын Засгийн Газрын хурлын тэмдэглэлийн дагуу гарсан шийдвэрийг биелүүлээгүй хугацаанаас хойшхи хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлгүй гэж үзэж маргаж байгаа болно.

Өөрөөр хэлбэл, Монгол улсын засгийн газрын 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Монгол улсын засгийн газрын тэмдэглэл гарсан өдөр хүртэл зээл түүний хүүгийн үлдэгдлийг хүлээн зөвшөөрч тухайн өдрийг хүртэл 14,000,000 ам.долларын үндсэн зээл түүний хүү 2,398,666.6 ам.доллар, 9,000,000 ам.долларын үндсэн зээл түүний хүү 420,185.82 ам.доллар, 13,100,000 еврогийн үндсэн зээл түүний хүү 161,962.33 еврогийн хүү, 506.76 еврогийн нэмэгдүүлсэн хүүг нийт нэхэмжлэл гаргасан үеийн ам.долларын ханш 2,854.92 төгрөг, еврогийн ханш 3,346.68 төгрөгөөр бодож тооцож үзэхэд 53,358,553,334  төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

8.4. Нэхэмжлэгчийн зүгээс 3-БҮК-ХО 2013-143 дугаартай “Зээлийн гэрээ"-г шүүхийн журмаар цуцлуулж, үндсэн зээл 14,000,000 ам.доллар, хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулах, 3- БҮК-ХО 2015-82 тоот “Зээлийн гэрээ”-г шүүхийн журмаар цуцлуулж, үндсэн зээл 9,000,000 ам.доллар, хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулах, БҮК-ХО 2014-49 тоот “Зээлийн гэрээ”-ний дагуу үндсэн зээл 13,047,123.5 евро, хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулах шаардлагыг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр анхан шатны шүүхэд гаргасан. Үүнээс үзэхэд 3-БҮК-ХО 2013-143 дугаартай “Зээлийн гэрээ” болон 3-БҮК-ХО 2015-82 дугаартай “Зээлийн гэрээ”-г 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр цуцлагдсан гэж үзнэ. Ийнхүү гэрээний хугацаа дуусаагүй байхад тухайн гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан нөхцөлд цуцалснаас хойш хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох нь хуульд нийцэхгүй.

Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээ нэгэнт цуцлагдсан байхад үндэслэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, цуцлагдсан гэрээний дагуу хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардаж байна.

Ийнхүү хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс хууль зүйн үндэслэл бүхий хариу тайлбар гаргасан байхад энэ талаар шүүх огт дүгнэлт өгөөгүй.

8.5. Анхан шатны шатны шүүх шийдвэртээ “нэхэмжлэгчийг батлан даалтын гэрээнээс татгалзаагүй” гээд батлан даалтын гэрээний үүргийг хожим нэхэмжилж болох мэтээр ноцтой алдаатай дүгнэлтийг хийсэн байна. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Э-аас батлан даалтын гэрээний дагуу шаардаж байсан шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан бөгөөд тухайн үед хэргийг хариуцан ажиллаж байсан шүүгч Ж.Сэмжидийн зүгээс нэхэмжлэгчийн тухайн татгалзлыг баталсан талаар захирамжийг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гаргаж байсан.

Энэхүү захирамж нь хүчин төгөлдөр байсаар байтал хэргийг шийдвэрлэсэн шүүгч Д.Хулангийн зүгээс шүүхийн шийдвэртээ батлан даалтын гэрээний шаардлагаас татгалзаагүй, хожим нэхэмжлэл гаргах эрхтэй мэтээр дүгнэлт өгсөн нь үндэслэлгүй болно. Энэ нь Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн” гэх үйлдэлд хамаарах юм.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хангасан нэхэмжлэлийн үнийн дүнгээс 53,358,553,334 төгрөгийг хасч шийдвэрлэж өгнө үү.

 

9. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

9.1. Нэхэмжлэлийг төгрөгөөр тооцож гаргасан тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт заасны дагуу гадаад валютад хөрвүүлэхдээ тухайн үеийн ханш буюу анх шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тодорхойлуулж, шүүхэд төгрөгт хөрвүүлэх байдлаар нэхэмжлэлээ тодруулсан. Үүнийг шүүх зөв тайлбарлаж хэрэглэсэн. Мөн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг ихэсгэх, багасгахыг тухай хүсэлтийг шүүх тухай бүрд нь хүлээн авч шийдвэрлэсэн байхад юуг үндэслээд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах эрхийг зөрчсөн гэж үзэж гомдол гаргасан нь үндэслэлгүй.

9.2. Талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 14,000,000 ам.доллар, 2014 оны 9,000,000 ам.доллар, 2015 оны 13,100,000 евро зээлийн гэрээнүүдийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйл эсвэл 281 дүгээр зүйлээр зүйлчлэх эсэхийг тогтоосны дараа нэмэгдүүлсэн хүү тооцох эрхтэй болох талаар яригдана. Нэхэмжлэгч нь “нэр нь “А банк” гэдэг нэртэй боловч банкны статустай банкны нэгж биш, зүгээр л “А банк” ХХК-ийн статустай, Хөгжлийн банкны тухай хуулийн чиг үүргийг хэрэгжүүлэх, үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигч нь Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хуралд байх зохицуулалтай аж ахуйн нэгж байна. Гэтэл үүнийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлээр зүйлчлэх нь буруу байсан. Бидний хувьд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зохицуулалт гэж үзэж байгаа тул нэмэгдүүлсэн хүү бодох үндэслэлгүй байсан.

Мөн анхан шатны шүүх хуралдаанд ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай холбоотой зохигч мэтгэлцсэн. Дэлхий нийтийг хамарсан цар тахал нь 2019-2021 онд аж ахуй нэгж бүх байгууллагад үүссэн асуудал. Иймээс анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

9.3. “А банк” ХХК нь 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 8 удаа нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, нэмэгдүүлсэн. 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө батлан даалтын гэрээ болох Э-тай байгуулсан батлан даалтын гэрээнээс нэхэмжлэхгүй зөвхөн “Б” ХХК-аас 161,985,495,629 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид нь 1321 тоот шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч “А банк” ХХК-аас хариуцагч Э-аас татгалзсаныг баталсан.

Ингээд нэхэмжлэлийн шаардлагаа дахин өөрчлөгдөхгүй нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ нь нэмэгдэж явцаар байгаад хэрэг шийдэгдсэн. Нэхэмжлэгч “А банк” ХХК-аас хамтран зээлдэгч, батлан даагчийн хувьд Э-аас нэхэмжлэхгүй гэж татгалзсан атлаа давж заалдах гомдолдоо батлан даагч болон хамтран зээлдэгчийн хувиар нэхэмжилж байсан хэмээн тайлбарлаж, юу нэхэмжилж байгаа эсэх нь тодорхойгүй үндэслэлээр гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү. 

 

10. Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

10.1. А банкны тухай хуульд Хөгжлийн банкийг байгуулах өөрчлөх, татан буулгах асуудлыг Засгийн газраас тогтооно. Засгийн газар өөрөө үүсгэн байгуулсан банканд өөрөө зөвшөөрөл олгож байгаа нь логикийн хувьд үндэслэлгүй. Засгийн газар нь хуулийг биелүүлэх чих үүрэгтэй төрийн эрх барих байгууллага. Тиймээс “А банк” ХХК нь тусгай зөвшөөрөл аваагүй гэж байгаа нь өрөөсгөл ойлголт.

“А банк” ХХК нь бие даасан хуультай. Тус хуулинд зээл олгох эрх бүхий байгууллагаа мөн болохыг нэгэнт заасан учраас банк “мөн, биш” эсэх үйл баримтын дахин ярьж судлах хэрэггүй. Нэмэгдүүлсэн хүүг үүрэг гүйцэтгүүлэгчид учирсан хохирол алдагдлыг нөхөн төлөх учиртай болохоор үүрэг гүйцэтгүүлэгчийн өнгөрсөн 10 жилийн хугацаанд зээлээ төлөөгүй байсан хохирлыг банканд нөхөж өгч байгаа нь чухал ач холбогдолтой тул нэмэгдүүлсэн хүү авах нь зүйтэй.

10.2. Хариуцагч талаас “А банк” ХХК-аас зээл дутуу олгосон гэж маргадаг. Талуудын харилцан тохиролцон гэрээнд зээлийн олголтыг түр зогсоох тухай тусгай өгсөн. Мөн төслийн нөхцөл байдал зээлдэгч компанийн нөхцөл байдалтай холбоогдуулаад зээл олголтыг хэсэгчлэн болон түр зогсоох эрх нь банканд олгогдсон. Уг эрхээ нэхэмжлэгч хэрэгжүүлсэн. Мөн нэхэмжлэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээг шүүхийн журмаар цуцалж, талуудын хүлээх ёстой үүргийг тогтоолгохоор шүүхэд хандсан.  

 А банкны тухай хуульд зээл олгох шийдвэрийг зээлийн удирдлагын хороо гаргадаг. Зээлийн удирдлагын хороо нь ямар мөнгөн тэмдэгтээр олгох эсэхийг өөрөө шийдвэрлэж олгодог ашгийн төлөө хуулийн этгээд процессын журмынхаа дагуу явуулдаг учраас хууль зөрсөн гэж үзэхгүй.

10.3 Засгийн газраас нийт 4 тогтоол гарсан. Түүний 3 нь тогтоолын дагуу 3 зээлийн гэрээг байгуулсан. Засгийн газрын 2016 оны 08 дугаар сард гарсан 4 дэх тогтоолоор 6,3 сая ам.долларын хөрөнгийг “А банк” ХХК-д өөрийнхөө хууль журмын дагуу судалж шийдвэрлэх тухай тусгаж өгсөн. Зээлийг судлахад өмнөх 3 зээлийн гэрээний төлбөр төлөгдөөгүй, барьцаа хөрөнгө бүртгээгүй гэх асуудлаас болж  4 дэх зээлийн гэрээ нь шаардлага хангагдаагүй.

Зээлийн гэрээний дагуу дутуу санхүүжилт гэж тайлбарлаад байгаа. Гэтэл 2015 оны 10 дугаар сард 9,000,000 ам.долларыг бүтэн олгосон.

“А банк” ХХК-аас болон Засгийн газраас тус төслийн  3/1 хувь буюу эхний 14,000,000 ам.долларыг олгох ёстой байсан. “Б” ХХК нь гаднын хөрөнгө оруулалтаар 3/1 хувийг, мөн үлдэх хэсгийг зээлдэгч өөрөө олгох ёстой байтал “А банк” ХХК-аас тухайн 2 санхүүжилтийг олгосон.

            Мөн 2 зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахдаа тооцооллын алдаа гаргасан гэж тайлбарлаад байна. 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 2 зээлийн гэрээнд өөрчлөлт оруулсан. Шүүхээс зээл хүүгийн тооцооллыг ойлгомжтой байдлаар гаргаж өгөхийг даалгасны дараа 1 хоногийн хүүгээр тооцож 3 удаагийн эргэн төлөлтийг тооцоосон. Учир нь 9,000,000 ам.долларын гэрээнд хүү тооцохын тулд өмнөх гэрээнд ямар байснаа харуулсан ба өөрчлөлт оруулсан зүйл байхгүй. Эргэн төлөлтийн хуваариас зээлийн хүү тооцдоггүй. Зээлийн хүүг авсан зээлийн үлдэгдлээс тооцдог.

            Нэхэмжлэгчийг Засгийн газар болон ТУЗ, зээлийн удирдлагын хорооны шийдвэрийг хэрэгжүүлээгүй гэж тайлбарлаад байгаа боловч 2016 онд ТУЗ-ийн тогтоол, зээлийн удирдлагын хорооноос гарсан шийдвэр, тогтоол байхгүй.   

 

11. Зохигчийн давж заалдах гомдолд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байгаа. Нэхэмжлэлийн үнийн талаар тухай өдрийн нэхэмжлэл гаргасан үеийн тооцоолж гаргах тухай анхан шатны шүүхэд тайлбарласан. Нэмэгдүүлсэн хүүг 50 хувиар буруулсанд нэхэмжлэгчтэй нэг байр суурьтай байна. 

Ковид-19 цар тахлын нөхцөл байдлын үед “Б” ХХК-ийн үйл ажиллагаа нь тасалдаагүй. “А банк” ХХК нь банк мөн тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлээр зүйлчлэгдэх үндэслэлтэй.

“Б” ХХК-аас гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймээс анхан шатны шүүх нэмэгдүүлсэн хүүг 50 хувь бууруулсан талаар үндэслэлгүй шийдвэр гаргасан. Түүнийг давж заалдах шатны шүүхээс залруулан засах боломжтой байна.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийн бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав. 

 

2. Нэхэмжлэгч “А банк” ХХК нь хариуцагч “Б” ХХК, Э- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 202,948,213,458 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага анх гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э- болон түүнд холбогдох шаардлагаасаа татгалзсан байна.

Хариуцагч тал дээрх шаардлагыг эс зөвшөөрч, зээлийн гэрээний зарим заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж 757,703,934 төгрөгийг гаргуулах, хууль бусаар суутган авсан 12,963,678 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоожээ. 

 

3.1. “А банк” ХХК болон “Б” ХХК, Э- нь 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдөр З-БҮК-ХО 2013-143 дугаартай зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч нь 14,000,000 ам.долларыг “Байшин үйлдвэрлэх комбинат-1” төслийн санхүүжилтийг олгох зориулалтаар жилийн 8,0 хувийн хүүтэй, 96 сарын хугацаатай зээлдэгчид зээлдүүлсэн /1хх 11-15/,

дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Б-БҮК-ХО 2013-144, Б-БҮК-ХО 2013-145 дугаартай барьцааны гэрээ байгуулж, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, ирээдүйд бий болох эд хөрөнгө, дансны мөнгөн хөрөнгө барьцаалсан /1хх 16-32/.

Мөн 2015 оны 06 дугаар сарын 24, 08 дугаар сарын 20-ны өдөр З-БҮК-ХО2013-143-1 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, үндсэн зээл, хүүгийн төлбөрийн хуваарь, зээлийн шимтгэлд өөрчлөлт оруулсан /1хх 33-35/.

 

3.2. “А банк” ХХК болон “Б” ХХК 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр З-БҮК-ХО 2014-49 дугаартай “Аккредитивийн зээлийн эрх нээх гэрээ” байгуулж,  зээлдэгчийн ХБНГУ-ын EBAWE Anlagentechinik GmbH компанитай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний нийт үнийн дүнгийн 70 хувийг, EULER HERMES компанид төлөх экспортын зээлийн даатгалын шимтгэлийг хамт санхүүжүүлэхээр банк нь ХБНГУ-ын Коммерзбанкнаас зээл авах замаар зээлдэгчид дамжуулан зээлдүүлэхээр харилцан тохиролцсон.

Дээрх гэрээнд зээлийн эрхийн хэмжээ 13,115,000 евро, коммитмент хүү жилийн 1 хувь байна, зээлийн эрхийн зохицуулалт нь аккредитив нээх, нээсэн аккредитивийн дагуу санхүүжилт хийх, экспортын агентлагийн даатгалын төлбөрийг төлөх, зээлийн хэмжээ нь 13,115,000 евро, зээлийн хүү 6 сарын EURIBOR хүү дээр жилийн 4,4 хувь нэмсэнтэй тэнцүү байна, зээлийн хугацаа 60 сар гэж заасан /1хх 37-42 /.

Энэхүү санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор банк нь ХБНГУ-ын Коммерзбанктай 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 716/003 дугаартай зээлийн ерөнхий гэрээ /Basic Loan Agreement/, 716/003/001 дугаартай зээлийн тусгай гэрээг /Individual loan Agreement/ байгуулсан.

2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр А-БҮК-ХО 2014-50 тоот “Эх үүсвэргүй аккредитив нээх үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г “А банк” болон “Б” ХХК байгуулж, банк нь үүрэг гүйцэтгэгчийн EBAWE Anlagentechinik GmbH компанитай 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан 24130043 дугаартай тоног төхөөрөмж нийлүүлэх, угсрах тухай гэрээг үндэслэн тохиролцсон нөхцөлийн дагуу эх үүсвэргүй аккредитив нээх үйлчилгээ үзүүлэхээр, 12,145,000 евро хүртэл дүнгээр аккредитивийг бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн нээхээр, аккредитивийн хүчинтэй байх хугацаа нь нээснээс хойш 16 сар байхаар харилцан тохиролцсон /1хх 43-44/.

Аккредитивийн зээлийн эрх нээх гэрээнд 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр З-БҮК-ХО2014-49-1, 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр З-БҮК-ХО 2014-49-1 дугаартай гэрээгээр нэмэлт өөрчлөлт оруулж, шимтгэл, хуримтлуулсан, нэмэгдүүлсэн хүүгийн зохицуулалтыг өөрчилсөн /1хх 36, 45-46/.

2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр А-БҮК-ХО 2014-50-2 дугаартай гэрээгээр “Эх үүсвэргүй аккредитив нээх үйлчилгээ үзүүлэх гэрээ”-нд өөрчлөлт оруулж, аккредитивийн хүчинтэй байх хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл байхаар өөрчилсөн /1хх 47/.

Аккредитивийн зээлийн эрх нээх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Б-БҮК-ХО 2014-51, Б-БҮК-ХО 2014-52, Б-БҮК-ХО 2014-53/762 дугаартай барьцааны гэрээ байгуулж, үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрх, хөдлөх эд хөрөнгө, эргэлийн хөрөнгө, дансны мөнгөн хөрөнгийг барьцаалсан /1хх 48-49, 51-55/.

2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Б-БҮК-ХО 2014-54 дугаартай “Батлан даалтын гэрээ”-г “А банк” болон Э- байгуулж, Э- нь “Аккредитивийн зээлийн эрх нээх гэрээ”-ний дагуу үүрэг гүйцэтгэгчийг нийт 13,115,000 еврогийн зээл, үүн дээр нэмж зээлийн эрх нээх гэрээгээр тогтоосон хугацаанд төлөх хүүгийн төлбөр, шимтгэлийн хамт хугацаанд нь бүрэн төлнө гэдгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрийн эд хөрөнгө, дансны мөнгөн хөрөнгөөр хариуцахаар үүрэг хүлээсэн /1хх 50/.

 

 3.3. “А банк” ХХК болон “Б” ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан З-БҮК-ХО 2015-82 дугаартай зээлийн гэрээгээр, банк нь “Б” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Байшин үйлдвэрлэх комбинат-1” төслийн ажлыг санхүүжүүлэхээр 9,000,000 ам.долларын зээлийг EURIBOR 3M+8,17 хувийн жилийн хүүтэй, 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн хүртэлх хугацаатайгаар зээлсэн /1хх 56-61/,

дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Б-БҮК-ХО 2015-83, Б-БҮК-ХО 2015-84 дугаартай барьцааны гэрээг байгуулж, ирээдүйд бий болох хөрөнгө, дансны мөнгөн хөрөнгө, 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Б-БҮК-ХО 2017-218 дугаартай барьцааны гэрээ, 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр №Б-БҮК-ХО 2017-01 дугаартай өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, газар эзэмших эрхийг тус тус барьцаалсан /1хх 62-67, 78-84/.

 

4. Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, 449 дүгээр зүйлийн 449.1 дэх хэсэгт заасан аккредитивийн зээлийн эрх нээх гэрээний харилцаа тус тус үүссэн, гэрээ хүчин төгөлдөр, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хувь хэмжээг талууд тохиролцсон гэж зөв дүгнэжээ.

Мөн нэхэмжлэгч нь хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй гэж  анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

4.1. Хариуцагч тал нь гэрээ байгуулах үед нэхэмжлэгч нь Монголбанкнаас банкны тусгай зөвшөөрөл аваагүй байсан тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж маргасан.

А банкны тухай хууль /2011 он/-ийн 3 дугаар зүйлийн 3.1 “Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна”, 4 дүгээр зүйлийн 4.1 “Хөгжлийн банк нь энэ хуулийн 8.1-д заасан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилго бүхий энэ хуульд заасан үйл ажиллагааг эрхлэх тусгайлсан чиг үүрэгтэй ашгийн төлөө төрийн өмчит хуулийн этгээд байна”, 7 дугаар зүйлийн 7.1.1 “Хөгжлийн банк зээл олгох үйл ажиллагааг эрхэлнэ”, 12 дугаар зүйлийн 12.5 “Хөгжлийн банкны төлбөр тооцооны үйл ажиллагааг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасан журмын дагуу зохицуулна” гэж тус тус заажээ.

Дээрхээс үзвэл “А банк” ХХК-нд тусгайлсан хуулиар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгогдсон байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

4.2. “Б” ХХК нь нэхэмжлэгчийг З-БҮК-ХО 2015-82 дугаар зээлийн гэрээнд заасан 9,000,000 ам.доллароос 1,644,000 ам.долларыг суутгаж, бодитоор 7,356,000 ам.доллар олгосон гэж маргасан боловч хууль болон гэрээг зөрчиж суутгал хийгдсэн болохыг баримтаар нотлоогүй. Харин хэрэгт авагдсан дансны хуулгаар 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 7,356,000 ам.доллар, 10 дугаар сарын 28-ны өдөр 1,644,000 ам.доллар, нийт 9,000,000 ам.долларын зээлийн санхүүжилтийг нэхэмжлэгчээс “Б” ХХК-нд гэрээнд зааснаар олгосон гэж үзэв /1хх 108/.

Түүнчлэн зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг евро болон ам.доллароор шилжүүлэх, зээлийн шимтгэл, зардлын талаар гэрээгээр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт “иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хуулиар хориглоогүй буюу хуульд шууд заагаагүй эрх, үүргийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж болно”, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасанд нийцжээ.

 

4.3. Хариуцагч “Б” ХХК нь Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 28/20 дугаар зөвлөмж, Монгол улсын Засгийн газрын 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 254 дүгээр тогтоолд зааснаар нэмэлт санхүүжилтийг “А банк” ХХК бүрэн олгоогүйн улмаас “Байшин үйлдвэрлэх комбинат-1” төсөл хугацаанд ашиглалтад ороогүй, үүнээс шалтгаалан “Б” ХХК-ийн үйл ажиллагаа доголдож зээл төлөх боломжгүй болсон гэж маргаж, мөн агуулгаар давж заалдах гомдол гаргасан.

“А банк” ХХК нь Монгол улсын Засгийн газрын 2013 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 180, 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 113, 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 319 дугаартай тогтоолуудын дагуу “Б” ХХК-нд 13,047,123.50 евро болон 23,000,000 ам.долларын зээлийн санхүүжилт олгосон.

Монгол улсын Засгийн газрын 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 254 дүгээр тогтоолд “Б” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Байшин үйлдвэрлэх комбинат-1” төслийн нэмэлт санхүүжилтэд зээл олгох асуудлыг судалж, уг төсөлд зориулж олгосон зээлийн зарцуулалтын тайлан болон бусад материалыг бүрдүүлсний дараа шийдвэрлэхийг “А банк” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд даалгажээ.

А банкны тухай хууль /2011 он/-ийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт Хөгжлийн банкнаас олгох зээлд тавигдах шалгуурыг, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зээл олгох гэрээ байгуулах эсэх нь зээлдүүлэгчийн эрхийн асуудал болохыг тус тус заасан.

Иймд “А банк” ХХК нь “Б” ХХК-нд байгуулсан гэрээнд зааснаар евро болон ам.долларын зээлийг бүрэн олгосон, харин дахин зээл олгоогүй асуудалд нэхэмжлэгчийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй, зээлдүүлэгчийг Иргэний хуулийн 223 дугаар зүйлд зааснаар хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй.

 Үүнтэй холбогдуулан “Б” ХХК-ийн гаргасан нэхэмжлэгч нь нэмэлт санхүүжилтийг олгоогүй тул хүү, нэмэгдүүлсэн хүү 53,358,553,334 төгрөгийг төлөхгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

4.4. “Б” ХХК нь зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө зээлийн гэрээг цуцалж үүргээ шаардаж байгаа тохиолдолд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү бодогдох ёсгүй гэх үндэслэлийг давж заалдах гомдолдоо заасныг хүлээн авахгүй.

Нэхэмжлэгч нь шүүхэд 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргасан ба тухайн өдрийн байдлаар 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн З-БҮК-ХО 2013-143 дугаартай, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн З-БҮК-ХО 2015-82 дугаартай 2 зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй байжээ.

Дээрх 2 зээлийн гэрээний хавсралтад заасан үүрэг гүйцэтгэх хугацааг “Б” ХХК нь 2017 оноос зөрчсөн байх тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээг цуцалж шүүхэд хандсан нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.1, 225.2 дахь хэсэгт нийцсэн байна.

Хэдийгээр 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн З-БҮК-ХО 2013-143, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн З-БҮК-ХО 2015-82 дугаартай гэрээ цуцлагдсан үйл баримт тогтоогдож байх боловч энэ нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 он/-ийн 24 дүгээр зүйлийн 3, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /2021 он/-ийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас зээлийг эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах нэхэмжлэгчийн эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй.   

Нэхэмжлэгч нь 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр сүүлийн байдлаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн ба энэ хэмжээнд анхан шатны шүүх хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон нь хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ.

 

4.5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар тооцно гэж заасан. Тухайн үеийн гэдэгт нэхэмжлэл гаргах үеийг ойлгоно.

Анхан шатны шүүх евро болон ам.доллароор гүйцэтгэх үүргийг шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн буюу Монголбанкны 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зарласан ханш болох 1 ам.доллар 2,854.92 төгрөг, 1 евро 3,346.68 төгрөгөөр тооцсон нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн, энэ үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

4.6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал нь зохигчийн байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болсон, цуцлагдсанаас хойших хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох эсэх, зээлийн мөнгөн хөрөнгийг дутуу олгосон, олгох ёстой санхүүжилтийг олгоогүй зэрэг үндэслэлээр маргасан ба зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоололд тодорхой мэтгэлцээний байр суурь илэрхийлээгүй.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох хүрээнд 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн З-БҮК-ХО 2013-143 дугаартай, 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн З-БҮК-ХО 2014-49 дугаартай, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн З-БҮК-ХО 2015-82 дугаартай гэрээнүүдийн дансны хуулга, зээл, хүүгийн тооцооллыг гаргаж өгсөн ба үүнийг хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар няцаагаагүй.

 

4.7. Иймд  2013 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн №З-БҮК-ХО 2013-143 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 14,000,000 ам.доллар, зээлийн хүү 9,930,665.25 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 717,815.19 ам.доллар, нийт 24,648,480.44 ам.доллар,

2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №З-БҮК-ХО 2015-82 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 9,000,000 ам.доллар, зээлийн хүү 5,365,078.32 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 447,225.80 ам.доллар, нийт 14,812,304.12 ам.доллар,

2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн №З-БҮК-ХО 2014-49 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 13,047,123.50 евро, зээлийн хүү 4,659,305.78 евро, нэмэгдүүлсэн хүү 566,444.28 евро, коммитмент хүү 8,938.04 евро, аккредитивийн үйлчилгээний шимтгэл зардал 14,317.15 евро, нийт 18,296,128.75 еврог гаргуулах буюу зээлийн гэрээний үүрэгт 39,460,784.56 ам.доллар, 18,296,128.75 еврог нэхэмжлэгчийн шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа баримталсан Монголбанкны 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зарласан ханш болох 1 ам.доллар 2,854.92 төгрөг, 1 евро 3,346.68 төгрөгөөр тооцож хариуцагч “Б” ХХК-аас 173,888,671,221 төгрөг гаргуулж “А банк” ХХК-нд олгох үндэслэлтэй гэж анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцсэн дүгнэлтийг хийжээ.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь заалтыг тогтоох хэсэгт баримтлаагүй алдаа гаргасныг залруулна.

 

4.8. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүү 2,610,901,400 төгрөгийг үндэслэлгүйгээр хасч тооцсон алдаа гаргасныг залруулна.    

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь нэмэгдүүлсэн хүүг зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй хугацаанд шаардах эрхтэй бөгөөд нэмэгдүүлсэн хүүг бууруулах хуулийн зохицуулалт байхгүй.

Түүнчлэн, Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд талуудын гэрээгээр харилцан тохиролцсон нэмэгдүүлсэн хүүг бууруулах талаар зохицуулалт тусгагдаагүйгээс гадна гэрээний үүргийн зөрчил нь цар тахлын нөхцөл байдлаас өмнөх цаг хугацаанд хамаарч байна. Энэ талаарх хариуцагч талын тайлбар, татгалзал үндэслэлгүй.

Ийнхүү хууль болон гэрээгээр нэмэгдүүлсэн хүүг бууруулах үндэслэлгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүү 2,610,901,400 төгрөгийг Ковид-19 цар тахалтай холбоотойгоор хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцээгүй.

Иймд анхан шатны шүүхийн хасч тооцсон нэмэгдүүлсэн хүү 2,610,901,400 төгрөгийг нэмж хариуцагч “Б” ХХК-аас 173,888,671,221 төгрөг гаргуулж “А банк” ХХК-нд олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулж, нэмэгдүүлсэн хүүгийн талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангана.

 

5. Зохигчдын байгуулсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байх ба анхан шатны шүүхээс хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

6. Хариуцагч “Б” ХХК-ийн гаргасан гэрээний зарим заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах, 757,703,934 төгрөг гаргуулах, хууль бусаар суутган авсан 12,963,678 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Шийдвэрийн энэ хэсэгт хариуцагч “Б” ХХК нь давж заалдах гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмын дагуу давж заалдах шатны шүүхээс сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдэлд эрх зүйн дүгнэлт өгөхгүй.

 

7. Нэхэмжлэгч “А банк” ХХК нь

2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Э-ыг хамтран хариуцагчаар тодорхойлж шүүхэд нэхэмжлэл гаргасан /1хх 1-9/,

2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө Э-аас батлан даалтын гэрээний дагуу 55,999,111,009 төгрөг гаргуулахаар шаардсан /1хх 167-170/,

2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ Э-аас батлан даалтын гэрээний дагуу 57,503,619,901.6 төгрөг гаргуулахаар шаардсан /2хх 38-40/,  

2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө Э-ад холбогдох 57,503,619,901.6 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан /2хх 53-55/,

2022 оны 03 дугаар сарын 16, 06 дугаар сарын 09, 08 дугаар сарын 29, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрүүдэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ Э-ад холбогдуулан шаардлага гаргаагүй /3хх 83-85, 4хх 59-61, 140-142, 207-209/.

Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э-ад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх ба батлан даагч Э-ад холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй гэх нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг хангахгүй.

 

7.1. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч нь хариуцагч Э-ад холбогдуулан түүнээс батлан даалтын гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийн зохицуулалтад нийцээгүй байна. Энэ талаарх хариуцагч “Б” ХХК-ийн гомдлыг хангах нь зүйтэй.

Учир нь 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б-БҮК-ХО 2014-54 дугаартай “Батлан даалтын гэрээ”-ээр Э- нь “Аккредитивийн зээлийн эрх нээх гэрээ”-ний дагуу үүрэг гүйцэтгэгчийг нийт 13,115,000 еврогийн зээл, үүн дээр нэмж зээлийн эрх нээх гэрээгээр тогтоосон хугацаанд төлөх хүүгийн төлбөр, шимтгэлийн хамт хугацаанд нь бүрэн төлнө гэдгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрийн эд хөрөнгө, дансны мөнгөн хөрөнгөөр хариуцах үүрэг хүлээжээ.

Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1, 460.2 дахь хэсэг болон батлан даалтын гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь батлан даагчийн үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн  нөхөх хариуцлагын хүрээнд, түүнчлэн гэрээнд зааснаар хамтран хариуцагчийн хувиар Э-ад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Эдгээр үндэслэлээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа “А банк” ХХК нь татгалзсан тул батлан даагчаас нөхөх хариуцлагын хүрээнд болон хамтран хариуцагчийн хувиар мөнгөн хөрөнгө шаардах эрхээ алдсан гэж үзнэ.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр зохигчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2023/00535 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “451.1” гэсний дараа “452 дугаар зүйлийн 452.2” гэж нэмж, “171,277,769,821” гэснийг “173,888,671,221” гэж, “31,670,443,637” гэснийг “29,059,542,237” гэж,

5 дахь заалтын “856,553,799” гэснийг “869,601,306” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.16-д зааснаар нэхэмжлэгч “А банк” ХХК нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266,950,717 төгрөгийг “Б” ХХК-д шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ЦОГТСАЙХАН

 

                                           ШҮҮГЧИД                                       Д.НЯМБАЗАР

 

                                                                                                 Т.БАДРАХ