БГД-ийн 197-р ц-ийн нэхэмжлэлтэй,
НДАГ-ын СХШ-ын УАБ-ид холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Д.Мөнхтуяа,
Шүүгчид: Х.Батсүрэн,
Г.Банзрагч,
Ц.Цогт,
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ,
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,
Нэхэмжлэлийн шаардлага: НДАГ-ын СХШ-ын УАБ-ийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 38/08-16 дугаар болон 38/08-17 дугаар актыг тус тус хүчингүй болгуулах,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2020/0567 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: хариуцагч Н.Н-ийг оролцуулж,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
- Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2020/0567 дугаар шийдвэрээр: Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 13 дугаар зүйлийн 13.6, 13.7, 20 дугаар зүйлийн 20.1.4-д заасныг тус тус баримтлан НДАГ-ын СХШ-ын УАБ- Н.Наранчимэгийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 38/08-16 дугаар болон 38/08-17 дугаар актыг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч БГД-ийн 197-р ц-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
- Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 567 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч БГД-ийн 197-р ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Хяналтын гомдлын үндэслэл:
- Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэнсмаагийн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Ажил, гүйлгээ гарсан тухай бүрт анхан шатны баримтыг бүрдүүлэн, баталгаажуулах, анхан шатны баримтгүйгээр ажил, гүйлгээг хийхгүй байх, ...аливаа хуулийн этгээдийн үүрэг байх тул БГД-ийн 197-р ц-ийн эрхлэгч, нягтлан бодогч нь хуульд заасан үндсэн үүргээ биелүүлээгүй байна, “дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ” гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд хүлээн зөвшөөрөхгүй.
- Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч байгууллагыг санхүүгийн анхан шатны баримт бүрдэлгүйгээр ажил, гүйлгээ хийсэн, ажил гүйлгээ гарсан тухай бүрт анхан шатны баримтыг бүрдүүлэн, баталгаажуулах, анхан шатны баримтгүйгээр ажил, гүйлгээг хийхгүй байх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн. Харин бодит байдал дээр уг маргаан бүхий 16, 17 тоот актад дурдагдсан асуудал нь огт анхан шатны баримт бүрдэлгүй ажил, гүйлгээ биш бөгөөд бодит байдал дээр бүгд тус цэцэрлэгт бодитоор хийгдсэн ажил, гүйлгээ, эд зүйлс юм. Хөдөлмөрийн тухай хуулиар байгууллага нь ажилтнаа сургах, хөгжүүлэх мэдлэг ур чадварыг нь дээшлүүлэх чиглэлээр ажиллах эрх, үүрэг байгаа. Үүнийхээ дагуу тус цэцэрлэгийн ажилтан С.Мөнхгэрэлийг цэцэрлэгийн туслах багшийн мэргэжил олгох сургалтад сургаж төгсгөсөн бөгөөд энэ нь 2019 онд “Potential” сургалтын төвөөс С.Мөнхгэрэлд олгосон цэцэрлэгийн туслах багшийн мэргэжил олгох сургалтад суралцаж төгссөн болох нь “Сертификат”-аар нотлогддог. Мөн маргаан бүхий актуудад дурдагдсан ажил, гүйлгээний зарим нэг дутуу санхүүгийн баримт бүрдлийг нэхэмжлэгч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдох байгууллагуудаас гаргуулан авч баримтын бүрдлийг бүрэн хангасан байдаг. Энэ талаарх нотлох баримтууд бүгд хэрэгт авагдсан. Албан байгууллага нь тодорхой сургалтад ажилтнаа суулгаж, шаардлагатай тоног, төхөөрөмж, эд зүйлс худалдан авч төлбөр төлсөн нь төсвийг буруу, үр ашиггүй зарцуулсан асуудал биш юм. Зарим баримт дутуу гэж байгаа ч эдгээр нь бүгд зохих шаардлага хангаж байгаа.
- Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч байгууллагад ажил, үйлчилгээ үзүүлсэн холбогдох байгууллагын хүмүүс гэрчийн мэдүүлэг өгсөн бөгөөд тус гэрч нарын мэдүүлгүүдээр 197-р цнь ажил, үйлчилгээ авч байсан, мөн зарим ажил, үйлчилгээ үзүүлсэн байгууллагуудын буруугаас болж нэхэмжлэгч байгууллагад санхүүгийн анхан шатны баримт дутуу олгогдсон болох нь тодорхой байдаг.
- Маргаан бүхий 38/08-17 тоот актад “...иргэнээс ном худалдан авсан нийт 249,3 мянган төгрөгийн гүйлгээнээс 24,9 мянган төгрөгийн ХХОАТ суутгаж аваагүй байна...” гэсэн байдаг бөгөөд нэхэмжлэгч байгууллага нь иргэн Д.Ганболдоос 2015 оны 201,8 мянган төгрөгөөр, 2016 онд 27,5 мянган төгрөгөөр тус тус байгууллагад ном худалдан авсан. Энэ нь нийт 229,3 мянган төгрөгийн номыг орлогод авсан ХХОАТ нь 10% буюу 22,93 мянган төгрөгийн болж байгаа бөгөөд нэгэнт ном борлуулсан хүнээс мөнгийг нь буцааж авах боломжгүй тул зөвхөн ХХОАТ болох 22,93 мянган төгрөгийг цэцэрлэгийн нягтлан Г.Урангоо төрийн сангийн 100200051088 тоот дансанд шилжүүлсэн болно. Нэхэмжлэгч байгууллага уг зөрчлийг арилгаж, ХХОАТ болох 22,93 мянган төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх энэ баримтыг нотлох баримтаар үнэлээгүй. Нэгэнт нэхэмжлэгч байгууллагад бодитоор ажил, үйлчилгээ хийгдсэн, уг ажил үйлчилгээний төлбөрийг нэхэмжлэгчээс холбогдох байгууллага руу шилжүүлсэн, тухайн үед зарим нэг санхүүгийн баримт бүрдэл дутуу байсан хэдий ч нэхэмжлэгчийн зүгээс авсан ажил, үйлчилгээнийхээ зарим нэг дутуу санхүүгийн баримтуудыг нөхөн бүрдүүлэлт хийж, бүх баримт бүрдсэн байхад шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн гүйцэт үнэлж дүгнээгүй алдаатай шийдвэр гаргасан. Одоо 2 шатны шүүхийн шийдвэрээр бол нэхэмжлэгч байгууллага нь бусад байгууллагаас авсан ажил, үйлчилгээнийхээ мөнгийг холбогдох байгууллагад нь төлөөд ажил, үйлчилгээгээ авчихсан хэрнээ маргаан бүхий улсын байцаагчийн актын дагуу улсын төсөвт дахин уг ажил үйлчилгээний мөнгийг төлөх ёстой болж байгаа юм. Нэг ажил үйлчилгээн дээр нэг байгууллага 2 удаа төлбөр төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.
- Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна”, 25.1.1-д “ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах”, 25.1.2-т “оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах” гэж заасан. Хариуцагчийн хувьд анхнаасаа энэ хуульд заасан үүргээ огт биелүүлээгүй, хууль зөрчсөн.
- Байгууллагын хувьд үндсэн чиг үүргээ биелүүлэх, байгууллагаас үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай зардлыг гаргаж ажиллаж ирсэн, зарим анхан шатны баримт дутуу гэсэн зүйл нь үндэслэл муутай дүгнэлт бөгөөд шаардлагатай бол зарим баримтын талаар тодруулга авах, нэмэлт баримт цуглуулах, тайлбар, санал гаргах боломжоор хангаж энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой байсан. Гэтэл хариуцагч НДАГ-ын СХШ-ын УАБ- нь анхнаасаа энэ талаарх нэмэлт нотлох баримт материал, тайлбар, санал аваагүй, бидний зүгээс зарим дутуу баримтыг холбогдох этгээдээс тодруулж, нэмж нотлох баримт гаргаж өгөх талаар хэлж, тайлбарласан боловч хэт нэг талыг баримталж, үндэслэлгүй акт тогтоосон.
- Анхнаасаа захиргааны байгууллагын алдаатай, сонсох ажиллагаа хийгдээгүй, тайлбар нотлох баримт гаргаж өгөх хуулийн хугацаа олгоогүй шийдвэрийн улмаас нэхэмжлэгч байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна гэж үзэх үндэслэлтэй байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийн бодит нөхцөл байдлыг дүгнээгүй, хуульд заасан сонсох ажиллагаа хийгдээгүй, процессын алдаатай шийдвэрийг залруулаагүй, зөв үнэлж дүгнээгүй, байгууллагад нэгэнт хийгдсэн, зарцуулагдсан мөнгийг дахин төлөх нь шударга ёсны зарчимд нийцэхгүй, байгууллагад зарцуулсан мөнгийг иргэнээс гаргуулах нь хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, нөгөө талаараа төр буюу төрийн байгууллага нь үндэслэлгүй хөрөнгөжиж байгаа асуудал үүснэ, уг мөнгө нь байгууллагад зарцуулагдсан, гэтэл нэгэнт зардал, мөнгө гаргаад хийсэн ажлын мөнгийг дахин иргэнээс гаргуулна гэдэг нь бодит байдалд нийцэхгүй бөгөөд нотлох баримтыг дутуу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, алдаатай шийдвэр гаргасан гэж үзэж байна. Бид хариуцагчийг шийдвэр гаргахдаа хэт нэг талыг барьж, нэхэмжлэгчийг сонсохгүй, яаран дүгнэлт хийж, шийдвэр гаргасан, шударга шийдвэр гаргаагүй юм.
- Иймд, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
- Анхан болон давж заалдах шатны шүүхээс Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул хяналтын шатны шүүхээс дараах үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.
- Нэхэмжлэгч БГД-ийн 197-р ц-ээс “НДАГ-ын СХШ-ын УАБ-ийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 38/08-16 дугаар болон 38/08-17 дугаар актыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд маргаан бүхий актаар “анхан шатны бүрдэл дутуу гүйлгээг шууд зардлаар бүртгэж, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан” гэж, нэхэмжлэгчээс “бодитоор хийж гүйцэтгэсэн ажил гүйлгээ байсан, холбогдох баримтыг гаргаж өгөх боломжоор хангаагүй” гэж маргажээ.
- Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7-д “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно”, 20 дугаар зүйлийн 20.1.4-т “хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар, эсхүл анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил, гүйлгээг бүртгэхгүй байх үүрэгтэй” гэж заасан.
- Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, 197-р ц нь туслах багш, хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтныг сургалтад хамруулах, цэвэр бохир усны шугам засуулах, гадна талбайн засвар үйлчилгээ, хөргөгчний мотор засах зэрэг ажил, гүйлгээг бодитоор хийсэн боловч холбогдох санхүүгийн анхан шатны баримтыг бүрдүүлээгүй, харин шүүхэд маргах явцад дээрх ажил, гүйлгээ бодитоор хийгдсэн байж болзошгүй талаарх баримтууд хэрэгт цугларчээ.
- Тухайн тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээд нь анхан шатны санхүүгийн баримтыг бүрдүүлээгүй буруутай болох нь тогтоогдсон боловч хариуцагчаас хяналт шалгалтын явцад холбогдох баримтыг гаргаж өгөх эрхээр хангаагүй, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан эсэх эргэлзээтэй байх тул маргаан бүхий актыг хэвээр үлдээх боломжгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй байна.
- Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 24 дүгээр зүйлийн 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”, 27 дугаар зүйлийн 27.5-д “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна” гэж заасан, хэрэв хяналт шалгалтын үед нэхэмжлэгчийг холбогдох нотлох баримт гаргах эрхээр хангасан бол хэргийн нөхцөл өөрчлөгдөх байсан болох нь хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан “...тухайн үед өгсөн бол холбогдох материалыг аваад боломж байсан” гэх тайлбараар тогтоогджээ.
- Иймээс нэхэмжлэгчийн “зөрчилд нотлох баримт гаргаж өгөх эрхээр анхнаасаа хангаагүй, хугацаа олгоогүй” гэх гомдол үндэслэлтэй байна. 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “шалгалтын тэмдэглэл” гэх баримтад шалгалт хийсэн хугацааг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн ажлын 5 хоног гэсэн боловч нэхэмжлэгчээс “2 хоног шалгасан” гэж маргасан, хариуцагчаас “нотлох баримт гаргаж өгөхийг удаа дараа шаардсан” гэх тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.
- Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан, энэ тохиолдолд шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн, захиргааны байгууллага хэргийн нөхцөл байдлыг шалгаж тогтоох үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй тул уг зөрчлөө арилгаж, дахин шинэ акт гаргах шаардлагатай.
- Ийнхүү дахин шийдвэр гаргахдаа холбогдох санхүүгийн баримтыг хянан үзэж, эрх хэмжээнийхээ хүрээнд акт үйлдэх замаар шүүхийн шийдвэр биелэгдэх ба хэрэв дахин шинэ акт гаргахгүй бол маргаан бүхий актууд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д “Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана” гэж зааснаар хүчингүй болох үр дагавартай.
- Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, маргаан бүхий 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 38/08-16 дугаар болон 38/08-17 дугаар актуудыг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2020/0567 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг “1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасныг баримтлан НДАГ-ын СХШ-ын УАБ-ийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 38/08-16 дугаар болон 38/08-17 дугаар актуудыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй. 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан хариуцагч нь шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол уг актууд хүчингүй болохыг дурдсугай” гэж өөрчлөн, бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Х.БАТСҮРЭН
Ц.ЦОГТ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ