Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2023/01044

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2023/01044

 

  

С.Б, Т.Ө нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2023/00515 дугаар шийдвэртэй, С.Б, Т.Ө нарын нэхэмжлэлтэй Н-т холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2020/02926 дугаар шийдвэрээр С.Б, Т.Ө нараас 148,160,130 төгрөг гаргуулж Ө.А-д олгохоор шийдвэрлэсэн. Уг иргэний хэргийн гүйцэтгэх хуудсанд гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, битүүмжилж, хураасан. Т.Ө-ын өмчлөлийн Ү-220503**** дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн ** дугаар хороо, үйлдвэрийн баруун бүс 1, Москвагийн гудамж, ** дүгээр байр ** тоот, 47.3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө албадан дуудлага худалдаанд оруулахдаа төлбөр төлөгч бидэнд албан ёсоор мэдэгдэж, мэдэгдэх хуудас өгөөгүй, 2 өрөө орон сууцыг худалдан борлуулсан байна.

2022 оны 03 дугаар сард орон сууцны үнэлгээний талаар гомдлыг 3 шатны шүүх шийдвэрлэсэн. Улсын Дээд шүүх хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан тогтоолыг 2022 оны 06 дугаар сард гарсныг дээд шүүхээс бид нарт мэдэгдээгүй. Бид Дээд шүүх дээр очиход шийдэгдээгүй байгаа гэдэг хариуг өгдөг байсан. Бид Улсын Дээд шүүхийн тогтоолыг хүлээж байхад шийдвэр гүйцэтгэгч С.Ө архиваас тогтоолыг шүүлгэн аваад дуудлага худалдаанд оруулан зарсан байдаг. Бид энэ талаар огт мэдээгүй бөгөөд дуудлага худалдаа болсны дараа буюу 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Улсын Дээд шүүхийн 2022 оны 7 сарын 06-ны өдрийн тогтоолыг хүлээн авч, танилцсан болно.

Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй тул 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны бидэнд холбогдох хэсгийг буюу Баянгол дүүрэг ** дугаар хороо Үйлдвэрийн баруун бүс-1, Москвагийн гудамж ** дүгээр байр ** тоотод байршилтай 47.3 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-220503**** дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2020/02926 дугаар шүүхийн шийдвэрээр С.Б, Т.Ө нараас 148,160,130 төгрөг гаргуулж Ө.А-д олгож, шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд Баянгол дүүрэг ** дугаар хороо Үйлдвэрийн баруун бүс-1, Москвагийн гудамж ** дүгээр байр ** тоотод байршилтай 47.3м2 талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2205037832 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч нар тухайн шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 600 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын Дээд шүүхийн тогтоолоор тус хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн.

Ингээд анхны албадан дуудлага худалдаа явуулахыг 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр тогтоолыг гаргаж төлбөр төлөгч нарт мэдэгдлийг Монгол шуудангаар хүргүүлж, баталгаажуулсан. Т.Ө-ын холбогдох утсанд албадан дуудлага худалдааны тогтоолыг болон С.Б-тэй холбогдох талаар тэмдэглэл хөтөлж мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Б, Т.Ө нарын хариуцагч Н-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангаж, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр явагдсан улсын бүртгэлийн Ү-2205037832 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүрэг, ** дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс-1, Москвагийн гудамж ** дүгээр байр, ** тоотод байршилтай, 47.3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2023/00515 дугаар шийдвэрээр үл хөдлөх хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2926 дугаар шийдвэрээр С.Б, Т.Ө нараас нийт 148,160,130 төгрөгийг гаргуулж Ө.А-д олгох шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Т.Өын өмчлөлийн Баянгол дүүргийн ** дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс-1, Москвагийн гудамж ** дүгээр байр ** тоотод байршилтай эрхийн улсын Ү-22050**** дугаарт бүртгэлтэй 47,3 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэжээ.

С.Б, Т.Ө нар 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт заасан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2022/00600 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 820 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Монгол Улсын дээд шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 001/ШХТ2022/00805 дугаар тогтоолоор гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4, 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт тус тус заасан тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2023/00515 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 2. С.Б, Т.Ө нар нь Н-т холбогдуулан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.

3. Хариуцагч С.Б, Т.Ө нараас 147,196,000 төгрөгийн гаргуулж Ө.А-д олгохоор шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2020/02926 дугаар шийдвэр, гүйцэтгэх бичиг баримтад иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн ** дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс-1, Москвагийн гудамж, ** дүгээр байр, ** тоотод байршилтай, 47.3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг битүүмжилж, хурааж, албадан дуудлага худалдаанд оруулахаар үнийн санал авахад талууд тохиролцоогүй үндэслэлээр шинжээч томилоход 118,724,150 төгрөгөөр үнэлсэн, анхны албадан дуудлага худалдааг 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийг 85,200,000 төгрөгөөр худалдан борлуулсан үйл баримт тогтоогдсон байна.

 4. Анхан шатны шүүх дуудлага худалдаа явуулах тогтоолыг төлбөр төлөгчид хүргүүлээгүй, мэдэгдээгүй гэсэн үндэслэлээр анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг ... төлбөр төлөгчид хүргүүлнэ гэж, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт ...мэдэгдэх хуудсыг утас ... -аар дамжуулан мэдэгдэж болно гэж тус тус зохицуулжээ.

 5.1. Шийдвэр гүйцэтгэх байгууллага анхны албадан дуудлага худалдааны тухай мэдэгдлийг төлбөр төлөгч С.Бд мэдэгдэхээр 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр утсаар залгасан боловч ...тийм хүн байхгүй, саяхан надад дугаараа зарсан... гэсэн хариуг өгсөн, мөн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр баталгаат шуудангаар илгээсэн боловч ...удаа дараа очиход хүнгүй, мэдэгдэлд хариу өгөөгүй... гэсэн шалтгаанаар буцсан болох нь хэргийн баримтаар тогтоогдож байна.

Төлбөр төлөгч С.Б нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт зааснаар оршин суугаа газрын хаягийг өөрчилсөн бол шийдвэр гүйцэтгэгчид даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй байна.

Иймд шийдвэр гүйцэтгэх байгууллагыг анхны албадан дуудлага худалдааны тухай мэдэгдлийг хүргүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.

 5.2. Шийдвэр гүйцэтгэх байгууллага анхны албадан дуудлага худалдааны тухай мэдэгдлийг төлбөр төлөгч Т.Ө-д 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр утсаар мэдэгдсэн болох нь холбогдох шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр нотлогдож байх ба энэхүү ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт ... мэдэгдэх хуудсыг утас ...-аар дамжуулан мэдэгдэж болно гэж заасантай нийцжээ.

6. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2023/00515 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар Н-т холбогдох анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч С.Б, Т.Ө нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 Д.БЯМБАСҮРЭН