Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/01023

 

 

 

 

2023 05 19 210/МА2023/01023

 

 МУХБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2023/00611 дугаар шийдвэртэй, МУХБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Н-т холбогдох эд хөрөнгийн үнэлгээний зарим хэсгийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Н-т Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2021/03280 дугаар шийдвэр, 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ГХ2022/00601 дугаар гүйцэтгэх хуудастай төлбөр төлөгч Э ХХК-д холбогдох иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд тус ажиллагаанд МУХБ ХХК төлбөр авагчаар оролцож байгаа болно. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр авагч МУХБ ХХК, төлбөр төлөгч Э ХХК нарт хөрөнгийн үнэлгээний тайлантай танилцах тухай мэдэгдсэний дагуу төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 524 дугаартай үнэлгээний тайлан, Ашид билгүүн ХХК-ийн мөн өдрийн ТХҮ-322-4937 дугаартай үнэлгээний тайлантай тус тус танилцсан.

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн тайланд Э ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн ** дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16103/, Эрчим хүч гудамж, ** тоотод байрлах оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 8,092 м.кв талбайтай газар эзэмших эрх, А брэндийн гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмж зэрэг хөрөнгүүдийн зах зээлийн үнэ 36,042,305,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд уг үнэлгээний А брэндийн гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмжид холбогдох 23,498,030,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээчин Г.Б нь А брэндийн гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг үнэлэхдээ Э ХХК-ийн үнийн саналд тулгуурлан үнэлгээг хийсэн байна. Ингэхдээ тээврийн зардлыг оруулан нийт худалдаж авсан үнийг 7,190,000 ам.доллараар тооцжээ. Улмаар зарах үнийн саналыг Монголбанкны 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ам.долларын хаалтын ханш болох 3,378.10 төгрөгөөр хөрвүүлэн 24,288,540,000 төгрөг болсон ба гааль, нэмэгдсэн өртгийн албан татварыг нэмсэн дүнгээс элэгдэл тооцож 23,498,030,000 төгрөг гэж гаргасан байна. Банкнаас тус тоног төхөөрөмжүүдийн үнийг тогтоохдоо анх худалдаж авсан үеийн ам.долларын ханшаар хөрвүүлж төгрөгөөр илэрхийлэгдсэн байх ёстой гэж үзэж байна. Улмаар тухайн төгрөгөөр илэрхийлэгдсэн үнэ цэнээс элэгдэл хорогдол, татвар суутгал зэргийг тооцож үнэлэх нь илүү бодитой байна. Учир нь тоног төхөөрөмжийг худалдан борлуулах тохиолдолд Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу төгрөгөөр үнэ цэнийг тодорхойлох шаардлагатай болно.

Тухайн хөрөнгөнд үнэлгээ хийхдээ үнэлгээчний нэр, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл, хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл, хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, горим, тэдгээрийн нийцтэй байдал зэргийг үнэлгээний тайланд тусгасан байх шаардлагатай. Гэвч дээрх 7,190,000 ам.долларын тооцооллыг хаанаас, ямар баримтад тулгуурласан нь тодорхойгүй. МУХБ ХХК-иас Э ХХК-д нийт 9,825,000 ам.долларыг олгосноос дээрх гурилын үйлдвэрт зориулж 6,575,000 ам.доллар олгосон нь мемориалын баримтаар нотлогдоно. Үлдсэн 3,250,000 ам.долларыг улаан буудайн санхүүжилтэд зориулж олгосон. Э ХХК тус гурилын үйлдвэрийг цогцоор нь барьж байгуулах буюу тоног төхөөрөмж болон барилга, байгууламжтай нь худалдаж авсан. Өөрөөр хэлбэл, дээрх үнийн дүнд тоног төхөөрөмжөөс гадна барилга, байгууламж, бусад зардал шингэсэн юм. Гэтэл тоног төхөөрөмжийн болон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тус тусад нь гаргасан байна. Иймд тоног төхөөрөмжийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Дээрх тоног төхөөрөмжүүдийг МУХБ ХХК-ийн захиалгаар Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 597 дугаар үнэлгээгээр 18,718,210,000 төгрөгөөр, 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 220 дугаар үнэлгээгээр 16,944,660,000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Мөн банкнаас Э ХХК-тай байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн БГ-ЭИ-ТТ 2018-185 дугаар барьцааны гэрээ (тоног төхөөрөмж), 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн БГ-ЭИ-ТТ 2018-185/1 дугаартай БГ-ЭИ-ТТ 2018-185 дугаар барьцааны гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ-ээр тус тоног төхөөрөмжүүдийг 12,791,582,320 төгрөгөөр харилцан тохиролцон үнэлж барьцаанд авсан байдаг. Дээрх гурван үнийн дүн шинжээчийн дүгнэлтэд дурдсан тоног төхөөрөмжийн үнэлгээнээс хэт доогуур байгаа нь тус үнэлгээг бодит байдалд нийцээгүй болохыг харуулж байна. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээний тайланд тоног төхөөрөмжийн элэгдлийг ашигласан хугацаагаар буюу хоёр жилээр тооцохдоо үйлдвэр баригдсан 2018 оноос эхлэн 2019, 2020 онуудад тоног төхөөрөмжийг ашигласан, үлдсэн хугацаанд ажиллуулаагүй тул элэгдэл тооцох шаардлагагүй гэж үзжээ. Гэвч ажиллагаагүй тоног төхөөрөмж холбогдох засвар үйлчилгээ, хадгалалтын горимыг барьж ажиллаагүй бол ажиллагаанд байгаа тоног төхөөрөмжөөс илүүтэй элэгдэж хорогддог тул 2021, 2022 онуудад мөн элэгдэл тооцох шаардлагатай. Мөн 3 үнэ гаргаж дундаж үнийг нь боловсруулж, зохицуулж буюу тохируулга хийж үнэлдэг. Тухайн хөрөнгийг бодитой биш жишигдэхгүй байх хэт өндөр үнэтэй жиших үнэд оруулаад тэдгээрийн дундаж үнэд оруулаад дундаж үнэ маш их өссөн гарч ирдэг. Үүнийг 2021 оны үнэлгээнээс нотолж болно.

Иймд Э ХХК-ийн өмчлөлийн Өсөг гурилын үйлдвэрийг үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 524 дугаартай хөрөнгийн үнэлгээний А брэндийн тоног төхөөрөмжүүдэд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 3280 дугаар шийдвэрээр Э ХХК-иас 31,971,680,401 төгрөгийг гаргуулж МУХБ ХХК-д олгох, хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16103/, Эрчим хүчний гудамж 44/2 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-22050*** дугаарт бүртгэлтэй 187.2 м.кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөллөх хөрөнгө, мөн ** тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-220506**** дугаарт бүртгэлтэй 673 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай барилга байгууламжийн цогцолбор, тус хаягт байрлах нэгж талбарын 168190**** дугаартай 8,092 м.кв талбайтай аж ахуйн зориулалттай эзэмших эрхтэй газар, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн БГ-ЭИ-ТТ 2018-185 дугаартай барьцааны гэрээний хавсралтад заасан үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд, КВТА-Т маркийн пүү 5 ширхэг, МСЗА120-120 маркийн олон үрийн ялгагч 2 ширхэг, КГ3178/24 маркийн фильтр 4 ширхэг, К2К1330 маркийн гинжит 6 ширхэг, КВЕА315- 140 маркийн норий 12 ширхэг, КН\/А150 маркийн шнек 14 ширхэг, ТСЗИ 00/150 маркийн сеператор 3 ширхэг, ТКТй-80 маркийн чулуу ялгагч 1 ширхэг, ТТРА63/200/2 маркийн хос триер 1 ширхэг, ТТРА 5010 Р маркийн хос триер 1 ширхэг, ТТРА 520 I маркийн хос триер 1 ширхэг, й\/31/100 маркийн хальслагч машин 2 ширхэг, ТОСА 30 маркийн авточийглэгч 1 ширхэг, ТСТ8 350 маркийн холигч 2 ширхэг, КВТА-Т 120 маркийн затвор 20 ширхэг, ОА\/324*250*100 маркийн тээрэмдэх машин 12 ширхэг, РРАК828, 424 маркийн шигших машин 2 ширхэг, ТТРА 8020Р-1- маркийн хийсгэн шигшигч 1 ширхэг, йКМА 55 маркийн өндөр даралтын сэнс 4 ширхэг, КТМА 31 маркийн нам даралтын сэнс 4 ширхэг, йКГЗ 4010 маркийн хивэгний машин 6 ширхэг, Хэнтий аймаг, Өмнөдэлгэр сум 7 дугаар баг Гурванбаянд байрлах нэгж талбарын 231400****, 231400****, 231400****, 231400****, 231400****, 231400****, 231400****, 231400****, 231400****, 231400****, 231400****, 231400****, 231400****, 231400****, 231400****, 231400****, 231400****, 231400****, 231400****, 231400****, 231400****, 231400****, 231400****, 231400****, 231400**** дугаартай үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай нийт 25 ширхэг эзэмших эрхтэй газрыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэн, хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу албадан дуудлага худалдааны дуудах доод үнийг тогтоох ажиллагаа явуулсан боловч төлбөр төлөгч, төлбөр авагч талууд үнэлгээг харилцан тохиролцож тогтоож чадаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгож, үнэлгээг талуудад мэдэгдсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан тул МУХБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч МУХБ ХХК-ийн хариуцагч Н-т холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн үнэлгээний тайлан /хавсралт 1-д дурдсан 202 төрлийн/-гийн А брэндийн гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг 23,498,030,000 төгрөгөөр үнэлсэн хэсгийг хүчингүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 3280 дугаар шийдвэрээр хариуцагч Э ХХК-иас 31,971,680,401 төгрөг гаргуулах үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж МУХБ ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-ийн тайлбарт ...тус гурилын үйлдвэрийн үл хөдлөх хөрөнгүүдийг Үнэлгээний Олон Улсын стандартад заасны дагуу зах зээлийн хандлагын нийтэд арилжаалагддаг жиших зүйлсийн жиших арга болон өртгийн хандлагын орлуулалтын өртгийн аргыг ашиглан гүйцэтгэсэн, зах зээлийн хандлагын нийтэд арилжаалагддаг жиших зүйлсийн жиших аргаар тодорхойлсон үнэ цэнийг сонгон авч үнэлгээний эцсийн үр дүнг тодорхойлсон.

Э ХХК-ийн гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг тус үйлдвэрт тусгайлан зориулж угсарч, суурилуулсан, А брендийн тоног төхөөрөмж тул А-аас явуулж байсан үнийн саналд үндэслэх нь зөв бөгөөд үнэлгээний өдрөөр валютын ханшаар хөрвүүлж төгрөгт шилжүүлж үнэлгээг хийсэн. 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар хөрөнгийн үнэлгээг хийсэн тул тус үйлдвэрийн тоног төхөөрөмжийг анх худалдаж авсан үеийн валютын ханшаар хөрвүүлж тооцох нь буруу юм. Өөрөөр хэлбэл, Э" ХХК-ийн гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг өнөөдөр худалдаж авахад А-ийн үнийн саналд бичигдсэн ам.доллараар тооцож авах бөгөөд ам.долларыг өнөөгийн валютын ханшаар хөрвүүлж үнэлгээг хийх нь зөв юм.

4.1. Э ХХК-ийн өмчлөлийн А гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг Монгол Улсад барьж, суурилуулах нөхцөл байдал, цаг уур, орчны нөхцөл, газар зүйн байрлал, компанийн ажиллах хүчин чадал зэргийг харгалзан тусгайлан угсарч суурилуулсан тоног төхөөрөмж юм. Үнэлгээний олон улсын стандартын Хөрөнгийн Стандарт-ҮОУС 300 Үйлдвэрийн шугам ба тоног төхөөрөмж стандартын 50.1, 70.1-д заасны дагуу А үйлдвэрийн тоног төхөөрөмжийн зах зээлийн мэдээлэл байхгүй тул үнэлгээг өртгийн хандлагаар хийж гүйцэтгэсэн /хөрөнгийн үнэлгээний тайлангийн 28 талд/

4.2. Тоног төхөөрөмжийг өртгийн хандлагаар үнэлэхдээ дахин үйлдвэрлэлтийн өртгийн аргыг ашиглан үнэлгээний өдрөөр ижил хувилбарыг бий болгоход гарах зардлаас биет элэгдлийг хасаж үнэ цэнийг тодорхойлсон. Энэ талаар Үнэлгээний Олон Улсын стандартын ҮОУС 105-Үнэлгээний хандлагууд ба аргууд стандартын 70.6, 70.7 дахь хэсэгт заасны дагуу А гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үнэлгээг хийж гүйцэтгэсэн. /хөрөнгийн үнэлгээний тайлангийн 28 дугаар тал/

4.3. А гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үнэлж буй хөрөнгийн яг ижил хувилбарыг бий болгохоор эрмэлзэж буй нийтлэг оролцогчийн гаргах байсан бүх зардлыг тооцоолох-доо хөрөнгийн үнэлгээ хийсэн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ам.долларын ханшаар хөрвүүлж тооцохдоо Үнэлгээний олон улсын стандарт-ын ҮОУС 105-Үнэлгээний хандлагууд ба аргууд" стандартын 70.11-д заасныг үндэслэл болгосон.

4.4. Тус үйлдвэрийн тоног төхөөрөмжийг анх худалдаж авсан үеийн ханшаар хөрвүүлж тооцох нь Үнэлгээний олон улсын стандартын түүхэн өртөг-ийг тохируулга хийж, үнэлгээний өдрөөр хувиргаж үнэлгээнд ашиглах ёстой юм. Үнэлгээний Олон Улсын стандарт-ҮОУС 300 Үйлдвэрийн шугам ба тоног төхөөрөмж стандартын 70.2.а, 70.2.б-д заасны дагуу үнэлгээний өдрөөр вальютын ханшийг ашигласан. Иймд зах зээлийн үнийн өөрчлөлт, инфляци болон бусад хүчин зүйл Үнэлгээний Олон Улсын стандарт зэргийг харгалзан үнэлгээний өдрөөр валютийн ханшийг үнэлгээнд ашигласан. Хөрөнгийн үнэлгээг Үнэлгээний Олон Улсын стандартын дагуу хийж гүйцэтгэсэн талаар тэмдэглэсэн /тайлангийн 5 дугаар тал/, тус үнэлгээний тооцоолол стандартын дагуу хийгдсэн болно.

Иймд анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, МУХБ ХХК-ийн Э ХХК-ийн өмчлөлийн Өсөг гурилын үйлдвэрийг үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 524 дүгээр бүхий хөрөнгийн үнэлгээний А брэндийн тоног төхөөрмжүүдэд холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: МУХБ ХХК-иас тухайн үнэлгээг зах зээлийн, өртгийн болон орлогын гэх 3 хандлагаар үнэлдэг. Мэдээллүүд байгаа тохиолдолд зах зээлийн хандлагаар үнэлгээг хийх нь илүү зохимжтой. Зах зээлийн хандлагаар үнэлэх боломжгүй тохиолдолд тухайн барилга, объект үл хөдлөх эд хөрөнгийг өртгөөр нь элэгдэл, хорогдлыг тооцох хандлагаар үнэлэх боломжтой байна. Харин өртгийн хандлагаар үнэлэх боломжгүй тохиолдолд орлогоор үнэлэх буюу тухайн объект болон үл хөдлөх эд хөрөнгийг яаж ашиглах, ямар хугацаанд хэр их ашиг олох боломжит хэмжээнд нь үнэлэх ёстой. Хамгийн боломжит хувилбар нь зах зээлийн хандлагын арга байдаг.

Анхан шатны шүүхэд Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээчин Г.Б А брэндийн гурилын үйлдвэрийн талаар бодитой мэдээлэл олдохгүй байна гэх тайлбарыг хэлсэн. Зах зээлийн хандлагаар үнэлнэ гэдэг нь тухайн үл хөдлөх эд хөрөнгөтэй ижил объект эд хөрөнгийн зах зээлийн үнийг харьцуулан жишиж тогтоодог. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг ялгаатай талуудыг тогтоохдоо үнэлгээнд нөлөөлөх хүчин зүйлсийг авч үзэн, холбогдох зохицуулалтыг хийж, үнэлгээг тогтооно. Уг тоног төхөөрөмж нь заавал А брэндийнх байх албагүй гэж үзэж байна. Харин хэвтээ болон босоо тэнхлэгээрээ ялгагддаг бөгөөд хоногт хэдэн тонн улаан буудай тээрэмдэх хүчин чадал гэх мэт зүйлсээр нь харьцуулж үзэх боломжтой. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн 2019, 2021 онуудад уг тоног төхөөрөмжийг үнэлсэн үнэлгээнүүдийг Хөрөнгийн үнэлгээний төв ХХК хийж өгч байсан. 2021 оны үнэлгээг хийхдээ Бүгд Найрамдах Хятад Ард Улсад худалдан борлуулагдаж буй адил хүчин чадалтай, гурилын үйлдвэрүүдийг харьцуулж үнэлсэн. Харин 2019 оны үнэлгээнд өртгийн хандлагын аргыг ашигласан. Уг үйлдвэрийг 2019 онд 18,700,000,000 төгрөг, 2021 онд 16,900,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна. Зах зээлийн хандлагын аргаар үнэлсэн үнэлгээ нь өртгийн аргаар үнэлсэн үнэлгээнээс илүү бодитой бөгөөд бага үнэлгээтэй байна. 2021 оны үнэлгээнд биет элэгдлийг 12 жилээр тооцож, 1 жилийн элэгдлийг 8,33 гэж авч үзэн 3 жил буюу 25 хувиар тооцсон байна. Гэтэл уг үнэлгээг хийснээс хойш 1 жилийн дараа үнэлгээг хийхдээ хасаж тооцсон нь үндэслэлгүй байна.

Хариуцагч талаас тухайн тоног төхөөрөмжийг 2 жил ашигласан бөгөөд 2 жил ашиглаагүй гэх тайлбарыг гаргасан. Гэтэл Олон улсын үнэлгээний стандартад 12 жил гэж тогтсон хугацааг зааж өгсөн учраас ажилласан эсхүл ажиллаагүй байх нь хамаагүй. Нэхэмжлэгчээс зах зээлийн хандлагаар үнэлэх боломж байхад үнэлэх ёстой байсан гэх байр суурийг баримталсан. Тухайн ханшийн асуудал нь анх худалдаж авсан үеийн үнэд өртгийн хандлагыг ашигласан тохиолдолд ач холбогдолгүй гэж үзэж байна. Өмнө хийгдсэн үнэлгээнүүдийг үзэхэд зах зээлийн хандлагын арга нь ач холбогдолтой байна гэжээ.

 ХЯНАВАЛ:

 1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

 2. Нэхэмжлэгч МУХБ ХХК нь хариуцагч Н-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээний зарим хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2021/03280 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э ХХК-аас 31,972,680,401.15 төгрөг гаргуулж нэхэмжлэгч МУХБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нт даалгахаар шийдвэрлэжээ. Хариуцагч Н нь дээрх шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, барьцаа хөрөнгүүдийг битүүмжлэн хураах, төлбөр төлөх хугацаа тогтоох зэрэг ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасан журмын дагуу явуулсан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналд тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг шинжээчээр гаргуулдаг.

Хариуцагч хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаагаар худалдах доод үнийн санал ирүүлэхийг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт мэдэгдсэн бөгөөд барьцаа хөрөнгийн үнэлгээний талаар талууд тохиолцоогүй тул 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10/333, 10/334 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилжээ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон шинжээч 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 524 тоот үнэлгээний тайлангаар А брэндийн гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зах зээлийн хандлагын аргаар 23,498,030,000 төгрөгөөр үнэлсэн байна.

 4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болно гэж, 43 дугаар зүйлийн 43.4.2-т урьд нь хийсэн шинжилгээ, түүний үндсэн дээр гарсан дүгнэлт уг ажиллагааны үндэс болсон бол шинжээч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцохыг хориглоно гэж тус тус заажээ.

 Хэрэгт Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний гурван тайлан авагдсан байх ба Э ХХК-ийн барьцаа хөрөнгийн үнэлгээний 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 597 дугаартай тайланд 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар Э ХХК-ийн бүрэн автомат гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийн өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 18,718,210,000 төгрөг болохыг, 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 220 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар тоног төхөөрөмжийн өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 16,944,660,000 төгрөг болохыг, 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 524 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд А брэндийн гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмж зэрэг хөрөнгүүдийн зах зээлийн үнэ цэнэ 23,498,030,000 төгрөг болохыг тус тус тогтоожээ. Өөрөөр хэлбэл, Э ХХК-ийн барьцаа хөрөнгийн үнэлгээг урьд нь хийж байсан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээчээр томилж дахин үнэлгээ хийлгэсэн нь шинжээч тухайн хэрэг, маргаанд хамааралгүй байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.

Иймээс анхан шатны шүүхийн үнэлгээг бодитоор гаргасан нь эргэлзээтэй гэсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

 5. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2023/00611 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурсугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 Д.БЯМБАСҮРЭН