Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 119/2018/0038/З |
Дугаар | 221/МА2019/0234 |
Огноо | 2019-04-24 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2019/0234
“Н ө т” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э нарыг оролцуулан хийж, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э-ын гаргасан давж заалдах гомдлоор, “Н ө т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 11 дүгээр шийдвэрээр:
Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 27.5, 48 дугаар зүйлийн 48.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 27.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “Н ө т” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “Газар эзэмшүүлэх шийдвэр хүчингүй болгох тухай” А/672 дугаартай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э давж заалдах гомдолдоо: “... 1. “Н ө т” ХХК нь Орхон аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/440 дүгээр захирамжаар газар эзэмшүүлэх шийдвэр гарснаас хойш Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасныг зөрчсөн. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу газраа 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй зэрэг зөрчлүүд гаргасан.
Иймд аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/672 дугаар захирамжаар газар эзэмшүүлэх шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг гаргахдаа “...сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэж үзлээ” хэмээн анхан шатны шүүхээс дүгнэсэн.
Монгол Улсын Дээд шүүхийн Газрын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2008 оны тогтоолын 1.11 дэх хэсэгт “...мэдэгдэнэ гэдэг нь Засаг даргын захирамж эсхүл түүний утгыг бүрэн илэрхийлсэн мэдээллийг эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу барьцаалсан этгээдэд биечлэн гардуулах, түүний оршин суугаа болон ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэх, утас, факс, и-мэйл, цахилгаан зэргээр холбогдох этгээдэд мэдэгдэж түүнийгээ баталгаажуулсныг хэлнэ” гэж заасны дагуу Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 625 тоот албан бичгээр “Н ө т” ХХК-д мэдэгдэж тайлбар, санал гаргах боломжоор хангасан болно.
“Н ө т” ХХК-аас 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 28 дугаартай албан бичгээр хариуг ирүүлсэн боловч уг албан бичигт дурдсан ажлууд нь нотлогдохгүй, шаардлага хангахгүй байсан тул энэ талаар утсаар мэдэгдэж, нотлох баримт ирүүлэхийг шаардсан боловч ирүүлээгүй. Иймд аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 29- ний өдрийн А/672 дугаартай захирамжаар газар эзэмшүүлэх шийдвэрийг хүчингүй болгож, 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 869 дугаартай албан бичгээр “Н ө т” ХХК-д хүргүүлсэн. Хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагааг хийсэн байтал хийгээгүй гэж анхан шатны шүүх дүгнэж байгаа нь хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн.
2. Аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/440 дүгээр захирамжаар “Н ө т” ХХК-д орон сууцны зориулалтаар төсөл сонгон шалгаруулалтаар олгосон газарт нэхэмжлэгч “Н ө т” ХХК нь өнөөдрийг хүртэл 3 жил 6 сарын хугацаанд хашаа тойруулж барьснаас өөр хийж гүйцэтгэсэн ажил байхгүй болно.
Энэ талаар нэхэмжлэгч анхан шатны шүүхэд тайлбарлахдаа тухайн газар дээр барилга барих бэлтгэл ажлаа хангаж байсан. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, инженер геологийн судалгааны дүгнэлт гаргуулж явсаар өнөөдрийг хүрсэн мэтээр тайлбарладаг.
Яг энэ маргаан бүхий үйл явдлыг анхан шатны шүүхээс дүгнэхдээ шүүхийн шийдвэрийн 8 дугаар хуудас 14-20 дугаар мөрөнд “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд: Нэхэмжлэгч “Н ө т” ХХК нь Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль, орчин аялал жуулчлалын газарт “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ” хийлгэх хүсэлт гаргасны дагуу тус газраас 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 199 дугаартай албан бичгээр “Ерөнхий үнэлгээний дүнгээр тус төслийг нөхцөл болзолтойгоор хэрэгжүүлэх боломжтой гэж үзэв” гэсэн дүгнэлтийг ирүүлжээ” хэмээн дүгнэсэн.
Гэтэл энэ нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ”, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д заасны дагуу “Төсөл хэрэгжүүлэгч нь холбогдох эрх бүхий байгууллагаар баталгаажсан техник-эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны өнөөгийн төлөв байдлын тодорхойлолт, тухайн сум, дүүргийн Засаг даргын санал болон холбогдох бусад баримт бичгийг бүрдүүлэн энэ хуулийн хавсралтад заасан ангиллын дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл байгаль орчны албанд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэнэ” гэж заасныг тус тус зөрчиж анх 2015 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн А/440 дугаартай захирамжаар газар эзэмшүүлэх шийдвэр гарснаас хойш Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасныг зөрчиж, 1 жил 10 сарын дараа хийгдсэн ажиллагаа болно.
Мөн анхан шатны шүүхээс шүүхийн шийдвэрийн 8 дугаар хуудас 21-29 дугаар мөрөнд “...орон сууцны зориулалттай барилгын талбайд инженер-геологийн судалгааны дүгнэлт гаргуулахаар “Инженер-хайгуулын ажил гүйцэтгэх гэрээ”-г Э Т П ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр байгуулж, дүгнэлтийг гаргуулан, 106 айлын орон сууцны эскиз зургийг 2018 онд шинэчлэн гаргасан байх бөгөөд үүнийг маргаан бүхий эзэмшил газраа зориулалтын дагуу эзэмшихээр бэлтгэл ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байсан гэж үзэж, тус компанийг гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж шүүх дүгнэв” хэмээн хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн.
Учир нь Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолын 1.10-т “газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно” мөн зүйл хэсэгт “...зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан.
Засгийн газрын 2009 оны 204 дүгээр тогтоолоор батлагдсан Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрмийн 3.9.1-д “инженер геологийн судалгаа хийх даалгаврыг барилга байгууламжийн байршилд тохируулан зураг төсөл зохиогчтой хамтран захиалагч, хөрөнгө оруулагч өгнө. Инженер геологийн судалгааны дүгнэлтийг уг үйл ажиллагааг гүйцэтгэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллага гаргана”, мөн дүрмийн 4.1.1-д зааснаар “Зураг төслийг боловсруулах бэлтгэл ажлыг гүйцэтгэсний дараа барилга байгууламжийн зураг төслийн техник-эдийн засгийн үзүүлэлт, хүчин чадал, зориулалт, овор хэмжээ, байгаль, цаг уурын болон техникийн нөхцөл, архитектур төлөвлөлт, бүтээц, инженерийн хангамжийн үндсэн шийдлийг тодорхойлсон эх загвар зураг (эскиз) боловсруулж барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаар хянуулсан байна” гэж заасан.
Гэтэл “Н ө т” ХХК-аас дээрх ажиллагаанууд хийгдээгүй. Энэ нь Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолын 1.10-т заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй болно. Улсын Дээд шүүхийн тайлбарт хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарах асуудлуудыг нарийн тусгаад өгчихсөн байхад анхан шатны шүүхээс барилга байгууламжийн баримт бичгийг бүрдүүлж байх хугацаанд 2 жилийн хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэв хэмээн хэргийг шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь барилга байгууламжийн баримт бичгийг бүрдүүлэх ажиллагаа нь дээр дурдсаны дагуу хуулиар нарийвчлан зохицуулсан хугацаатай болно. Хуулийн хугацаанд холбогдох баримт материалыг “Н ө т” ХХК бүрдүүлээгүй явдал нь Төрийн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа биш болно.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад хэвээр үлдээж шийдвэрлэв.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд “Н ө т” ХХК нь газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтад оролцож ялагчаар шалгарсан тул Орхон аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/440 дүгээр захирамж[1]-аар Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, 2-28 дугаар байрны хойд талд байрлах 2107 м.кв газрыг “Орон сууц”-ны зориулалтаар эзэмших эрхтэй болж, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “газар эзэмшүүлэх гэрээ”[2] байгуулж, улмаар 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ[3] авчээ.
Гэтэл Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/187 дугаар захирамж[4]-аар “Газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу ашиглаагүй, газар эзэмших гэрээгээ дүгнүүлээгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх эрх олгосон Орхон аймгийн Засаг даргын 2015 оны А/440 дүгээр захирамжийн “Н ө т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, “4.2.5-т зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, “4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж тус тус заасны дагуу захиргаанаас бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах, ялангуяа сөрөг нөлөөлөл бүхий шийдвэр гаргах тохиолдолд уг этгээдэд захиргааны холбогдох үйл ажиллагааны талаар урьдчилан мэдэгдэж, шалтгаан нөхцөлийг тодруулж, нөхцөл байдлыг тогтоосны эцэст шийдвэр гаргах хуулиар тогтоосон журмыг мөрдөх үүрэгтэй.
Анхан шатны шүүх хариуцагчийн шийдвэр хууль бус, тус хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн талаар зөв дүгнэсэн байна.
Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас газар эзэмших эрхийг цуцлах талаарх мэдэгдлийг 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 625 дугаар албан бичиг[5]-ээр нэхэмжлэгчид мэдэгдсэн, мэдэгдлийн хариуг нэхэмжлэгч 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 29 дүгээр албан бичиг[6]-ээр хуулийн хугацаанд өгч, эзэмшиж буй газруудаа зориулалтын дагуу ашиглаж байгаа гэдгээ илэрхийлсэн байхад хариуцагч “Н ө т” ХХК тухайн газруудаа хэрхэн эзэмшиж, ашиглаж байгаа, газар ашиглахтай холбогдуулан тодорхой үйл ажиллагаа явуулж байсан эсэх талаарх нөхцөл байдлыг тогтоогоогүй, мөн шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг бүрэн олголгүйгээр “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа зориулалтын дагуу ашиглаагүй” гэж үзэж, газар эзэмших эрхийг хүчингүй болгох шийдвэр гаргасан нь хууль бус тус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн байна.
Зүй нь, хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасны дагуу “Н ө т” ХХК-ийг маргаан бүхий газрыг эзэмших эрхтэй болсноос хойш газраа зориулалтын дагуу ашигласан эсэхийг хөтөлбөргүйгээр тогтоосны эцэст энэ талаарх баримт нотолгоог танилцуулж, тайлбар саналыг сонссоны үндсэн дээр шийдвэр гаргах байжээ.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох”-оор хуульчилсан.
Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь орон сууцны зориулалттай 2107 м.кв газрыг зориулалтын дагуу ашиглахаар үйл ажиллагаа явуулсан буюу орон сууц барих суурийг ухаж, тухайн газраа хашаалсан, Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэж байсан болох нь хэрэгт авагдсан Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 199 дүгээр албан бичиг[7], 2018 онд “Э” ХХК-аар Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, 2 дугаар хороололд баригдах “Н ө т” ХХК-ийн 9 давхар 2 орон сууцны барилгын талбайн инженер-геологийн судалгааны дүгнэлт, “Б Б” ХХК-аар “Н ө т” ХХК-ийн 106 айлын орон сууцны хотхоны эскиз зураг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг эзэмшил газраа зориулалтын дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй, маргаан бүхий захирамжийн үндэслэл няцаагдаж байна.
Эдгээр болон бусад асуудлаар анхна шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэж, хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
[1] ХХ-ийн 22, 23 дугаар хуудас
[2] ХХ-ийн 7, 8, 51, 52 дугаар хуудас
[3] ХХ-ийн 4 дүгээр хуудас
[4] ХХ-ийн 6 дугаар хуудас
[5] ХХ-ийн 24 дүгээр хуудас
[6] ХХ-ийн 62 дугаар хуудас
[7] ХХ-ийн 10 дугаар хуудас