Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2021/0084

 

“НВ” ХХК-ийн гомдолтой,

ТЕГ-ын ТХШАЗГ-ын ТУБ-ид холбогдох

зөрчлийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:                Д.Мөнхтуяа,

Танхимын тэргүүн, шүүгч:  Ч.Тунгалаг

Шүүгчид:                              М.Батсуурь,

                                             Х.Батсүрэн,

Илтгэгч шүүгч:                     П.Соёл-Эрдэнэ,

Нарийн бичгийн дарга:      Т.Даваажаргал,

      Гомдлын шаардлага: ТЕГ-ын ТХШАЗГ-ын ТУБ- нарын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 0302858 дугаар шийтгэлийн хуудасны 3 дахь хэсгийг хүчингүй болгуулах,

     Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2020/0391 дүгээр шийдвэр,

      Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 81 дүгээр магадлалтай,

      Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2020/0391 дүгээр шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн /2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлчилж байсан/ 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсгийн 74.1.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2015 оны/ 14 дүгээр зүйлийн 14.3, 14.5, Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2, 1.3 дугаар зүйлийн 1, 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “НВ” ХХК-ийн “татварын улсын байцаагч нарын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 0302858 дугаар шийтгэлийн хуудасны 3 дахь хэсгийг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
  2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 81 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 391 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын хуулийн зүйл, заалт баримталсан хэсгээс “...Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2, 1.3 дугаар зүйлийн 1, 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2...” гэснийг хассан өөрчлөлтийг оруулж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаярын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын гомдлын үндэслэл:

  1. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “ТХ" ХХК-аас манай компани 2016 оны 03 дугаар сарын 19-нөөс 06 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 11 удаа, нийт 94 төрлийн бараа, тоног төхөөрөмжийг худалдан авч, өөрийн компанийн үндсэн үйл ажиллагаа болох мэдээлэл технологи, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн худалдаа, программ хангамжийн үйлчилгээ үзүүлж, сүлжээ байгуулах, гал, хулгайн дохиолол, хяналтын камер суурилуулах үйл ажиллагаандаа ашигласан бөгөөд үүнтэй холбоотой санхүүгийн анхан шатны баримтуудаа хэрэгт нотлох баримтаар өгсөн.
  2. Үүнээс нэмэгдсэн өртгийн албан татвартай дүнгээр 900,100,472.00 төгрөгийн худалдан авалт хийгдсэн бөгөөд “ТХ” ХХК-аас хууль журмын дагуу бараа материал худалдан авахдаа холбогдох нягтлан бодох бүртгэлийн баримтаар хүлээлцэн авч, хариуд нь төлбөрийг барагдуулан “ТХ” ХХК нь төлбөр тооцоо, борлуулалт хийгдсэн нь нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөрийн баримтаар нотлогдоно.
  3. Мөн Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 3/765 дугаартай албан бичиг, “ТХ” ХХК-ийн 2016 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 2016 онд 201,112,916 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөр тайлагнасан, түүнийгээ төлөөгүй өртэй, борлуулалтын бүртгэлийн жагсаалтад 270 сая, 360 сая, 270 сая төгрөгийн “НВ” ХХК-ийн 3 удаагийн худалдан авалтыг тусгасан байна. Өөрөөр хэлбэл, дээрх худалдан авалтад холбогдох нэмэгдсэн өртгийн албан татварыг “ТХ” ХХК төлөхөө хүлээн зөвшөөрсөн, нэмэгдсэн өртгийн албан татварыг төлсөн худалдан авалт хийгдсэн болох нь тогтоогдож байна. Түүнчлэн “ТХ” ХХК-ийг хууль зөрчсөн болохыг тогтоосон аливаа шийдвэр, шалгаж тогтоох аливаа ажиллагаа байхгүй тухай цагдаа болон прокурорын байгууллага тодорхойлсон.
  4. “НВ” ХХК худалдан авч байгаа бараа нь гаалиар хэзээ орж ирсэн, эсвэл борлуулж байгаа компани хаанаас худалдан авсан болохыг худалдан авч байгаа этгээд заавал тодруулах шаардлагагүй бөгөөд ийм үүрэггүй болно. Хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргаж байгаа тайлбаруудаас үзэхэд тухайн компани болон удирдлага нь олдохгүй байгаа учраас үйл ажиллагаагаа явуулж байгаа татвар төлөх боломжтой гомдол гаргагчаар татварын өрийг төлүүлэх нь гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шударга бус шийдвэр болсон. Иймд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

  1. Давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
  2. Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар “бодитоор ажил гүйлгээ хийгдээгүй, хуурамч падаан ашиглан нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогыг бууруулсан” гэх үндэслэлээр 906,514,233.80 төгрөгийн зөрчилд 90,651,42.30 төгрөгийн нөхөн татвар, 27,195,427.00 төгрөгийн торгууль, 16,535,884.70 төгрөгийн алданги, нийт 135,382,735.00 төгрөгийн төлбөр тогтоосон байна.
  3. Гомдол гаргагч хуулийн этгээдээс “нэмэгдсэн өртгийн албан татвартай дүнгээр 900 сая төгрөгийн худалдан авалт хийсэн, баримтууд нь байхад төлбөр тогтоосон” гэх үндэслэлээр шийтгэлийн хуудасны 3 дахь хэсэг болох 818,181,818.30 төгрөгийн зөрчилд 81,818,181.80 төгрөгийн нөхөн татвар, 24,545,454.50 төгрөгийн торгууль, 16,363,636.40 төгрөгийн алданги, нийт 122,727,272.70 төгрөгийн төлбөрийг эс зөвшөөрч гомдол гаргажээ.
  4. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Албан татвар суутган төлөгч хоорондын бараа, ажил, үйлчилгээний борлуулалтыг баталгаажуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг үндэслэн албан татварын хасалтыг хийнэ” гэж, 14.5-д “албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж заасан.
  5. Энэ тохиолдолд “ТХ” ХХК-иас гүйлгээ гарсныг нотлох төлбөрийн нэхэмжлэл, худалдах, худалдан авах гэрээ, дансны дебет, кредитийн бүртгэл гэх зэрэг санхүүгийн анхан шатны баримт байхгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон байх тул гомдол гаргагч “НВ” ХХК-ийг “ТХ” ХХК-иас “нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн” бараа худалдан авсан гэж шүүх дүгнэх боломжгүй.
  6. Иймд, “бодитой худалдан авалт хийгээгүй буюу хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаан ашиглаж, төсөвт төлөх албан татварыг бууруулсан” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдсэн шүүхүүдийн шийдэл зөв болжээ.
  7. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 3/765 дугаартай албан бичиг, “ТХ” ХХК-ийн 2016 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар “НВ” ХХК-ийн 3 удаагийн худалдан авалтыг тусгасан байна” гэх гомдлын тухайд: Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 3/765 дугаартай албан бичигт “... “ТХ” ХХК нь 2016 оны нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн цахим тайландаа ямар ч худалдан авалт тайлагнаагүй ...” гэсэн байх тул дээрх гомдол няцаагдаж байна.
  8. Гомдол гаргагчийн “3 удаагийн худалдан авалтад холбогдох нэмэгдсэн өртгийн албан татварыг “ТХ” ХХК төлөхөө хүлээн зөвшөөрсөн” гэх гомдол нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, “Борлуулалтын бүртгэлийн жагсаалт” гэх баримтыг хэзээ, хэн үйлдсэн нь тодорхойгүй, бусад нотлох баримтаар нотлогдоогүй тул маргааны үйл баримтыг эргэлзээгүй нотолж чадахгүй юм.
  9. Шүүхээс нэхэмжлэгч хуулийн этгээдийг “94 төрлийн бараа, тоног төхөөрөмж худалдан авсан” гэдгийг үгүйсгээгүй, гагцхүү “ТХ” ХХК-иас нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авалт хийсэн гэдэг нь тогтоогдохгүй байгаа тухай дүгнэж, шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээсэн нь хуульд нийцжээ.  
  10. Иймээс магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-т хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 81 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гомдол гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.МӨНХТУЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН, ШҮҮГЧ                      Ч.ТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                                         М.БАТСУУРЬ

         Х.БАТСҮРЭН

         П.СОЁЛ-ЭРДЭНЭ